Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 772

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: БХБС

Нэхэмжлэлийн шаардлага: “БХБС ын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 82 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцов.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т” ХХК нь аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэх, барилгын тоног төхөөрөмж нийлүүлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2006 оны 10 дугаар сард үүсгэн байгуулагдсан. Эрхлэх үйл ажиллагааныхаа чиглэлээр 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас “...Өргөх байгууламж”... 4.1 дэх заалтын дагуу ******* дугаартай тусгай зөвшөөрөл олгогдсон. Тусгай зөвшөөрөл олгогдсон 2015 оны 12 дугаар сараас хойш компанийн зүгээс 76 аж ахуй нэгжийн хэрэгжүүлсэн барилга угсралтын ажилд тусгай зөвшөөрлийн дагуу оролцож, 198 ширхэг лифтийг хууль тогтоомж, чанар стандартын шаардлагад нийцүүлэн угсарч гүйцэтгэн, дээрх 198 ширхэг лифтний засвар, техникийн үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Компанийн зүгээс шинээр гүйцэтгэж байгаа засвар, техникийн  үйлчилгээний төрлийг хийж гүйцэтгэхдээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-8.1.4-т заасан болон тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хороонд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-3.10-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласаар ирсэн.

Гэтэл БХБС  2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны *******, 2018 оны ******* дугаартай дүгнэлтүүдийг үндэслэн “...техникийн шаардлага хангахгүй лифт ажиллуулсан, сэлбэг материалын нөөцгүйгээр лифтний засварыг удаашруулсан” гэх шалтгаанаар “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.4-т “...тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасан байх бөгөөд БХБС ын 82 дугаар тушаалын 1 дэх хэсэгт “Т” ХХК-д холбогдох хэсэгт дээрх хуулийн заалтыг баримталсан болох нь тодорхой байна. Гэтэл “Т” ХХК-д тусгай зөвшөөрөл олгогдсон 2015 оны 12 дугаар сараас хойш тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн зөрчил, дутагдал гаргаж байсан зүйлгүй. Энэ талаар мэргэжлийн байгууллагаас тогтоосон акт, дүгнэлт байхгүй байхад бодит нөхцөл байдал нийцэхгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлээ тодорхойлсон байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2. БХБС ын 82 дугаар тушаалд Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-д заасныг дурдсан байх бөгөөд мөн хуулийн 20.8.1-д “...энэ хуулийн 12, 13, 14, 15, 16 дугаар зүйлд тавьсан шаардлагыг зөрчсөн”, 20.8.2-т “...тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг гурван жил дараалан эрхлээгүй”, 20.9-д “...тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагааны мэдээ, тайланг энэ хуулийн 33.1.17-д заасан барилга байгууламжийн баримт бичгийн дагуу барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүр хүргүүлнэ” гэж тус тус заасан байгаа нь “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болж чадахгүй байна. Учир нь компанийн зүгээс хийж гүйцэтгэж буй лифт, зорчигчийн ган татлагат болон чирэх замын угсралтын ажил, засвар техникийн үйлчилгээг Барилгын тухай хуулийн 12-16 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй. Хийж гүйцэтгэсэн ажил тус бүрээр ерөнхий гүйцэтгэгчийн барилга угсралтын ажилтай нэгтгэгдэн улсын комиссын дүгнэлтээр тухай бүрд баталгаажсан байдаг тул дээрх хуулийн заалт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй хууль бус дүгнэлт гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

БХБС ын 82 дугаар тушаалын хэсэгт дурдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны *******, 2018 оны ******* дугаартай дүгнэлтүүдийн аль хэсэг нь “Т” ХХК-д холбогдож байгаа нь тодорхойгүй. Дүгнэлтэд дурдсан зөрчил дутагдлууд нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хэмжээний үйл баримт болж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Мөн 82 дугаар тушаалд дурдсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-д заасан нөхцөл байдлуудыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны *******, 2018 оны ******* дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон гэж үзвэл дээрх дүгнэлтүүд нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн болон бодит нөхцөл байдлыг тодруулсан үйл баримт болж чадахгүй байна.

“Т” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн болон хийж гүйцэтгэж байгаа лифт зорчигчийн ган тулгат болон чирэх замын угсралтын ажилд тусгай зөвшөөрлөөр олгогдсон 2015 оны 12 дугаар сараас хойш гарсан ноцтой зөрчил, дутагдал байхгүй. Засвар техникийн үйлчилгээний ажлын явцад лифт хэрэглэгчийн эрх, норм, стандартыг зөрчсөн зөрчил дутагдал гаргаж байгаагүй зэрэг үйл баримтыг тушаал гаргагч анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны *******, 2018 оны ******* дугаартай дүгнэлтүүдийг “Т” ХХК-д хуульд зааснаар танилцуулаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй зэрэг шинжээрээ дээрх дүгнэлтүүд нь тушаалын үндэслэл болох боломжгүй байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дээрх  дүгнэлтүүдээр “Т” ХХК-д Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн” гэх дүгнэлтийг хийж байгаа тохиолдолд хууль зүйн утгаараа зөрчлийн шинж чанар, дахин давтагдсан байдал зэргээрээ “удаа дараа” гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болж чадахгүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар, хууль хэрэглээний практикт аливаа үйлдлийн дахин давтагдах шинж байдлыг 2 буюу түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг “давтан” буюу “удаа дараа” гэж үздэг бөгөөд дээрх байдлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтүүдийг “дүгнэлт” гэж хууль хэрэглэж байгаа нь БХБС ын тушаалын хууль зүйн үндэслэлийг алдагдуулж байна.

“Т” ХХК нь тусгай зөвшөөрлийн хүрээнд хийж гүйцэтгэж буй ажил үйлчилгээнд алдаа дутагдал байгаа тохиолдолд БХБС ын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь хуульд зааснаар шат дараалсан хэлбэртэй буюу шууд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шаардлагагүй. Зөрчлийн шинж чанарт нийцүүлэн өөр төрлийн арга хэмжээ авах хууль зүйн боломж, зохицуулалт байсаар байхад шууд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаад нь гомдолтой байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “...Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно” гэж заасан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гаргасан зөрчлөө түдгэлзүүлсэн хугацаанд арилгаагүй тохиолдолд дараагийн шатны буюу мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан зохицуулалтыг хэрэглэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахаар хуульчилсан байна.

Гэтэл БХБС ын зүгээс “Т” ХХК-д холбогдуулан гаргасан 82 дугаар тушаал Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтлан хэрэгжүүлэлгүй хэт нэг талыг барьж гаргасан болох нь тодорхой байна.

Дээрх нөхцөл байдлуудаар БХБС ын 82 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсэг хууль бус бөгөөд тушаалын хүрээнд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байх тул “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн олон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...БХБС  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны *******, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 139/459 дугаартай дүгнэлтүүдийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 82 дугаар тушаалаар “Т*******” ХХК-ийн ******* дугаартай тусгай зөвшөөрлийг  хүчингүй болгосон.

“Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг дээр дурдсан хуулиуд болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар санал, дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс “…түдгэлзүүлэх үйл ажиллагаа явуулаагүй” гэдэг. БХБС  Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын санал, дүгнэлтийг үндэслэн албажуулдаг.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр албан бичиг ирүүлсэн. “Т” ХХК-ийн зүгээс 11 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн саналын дагуу зөрчлийг арилгаагүйтэй холбоотойгоор дахин санал ирж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 82 дугаар тушаалаар хүчингүй болгосон ба 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 05 дугаар сар хүртэл 6 сарын хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч “Т” ХХК нь БХБС ад холбогдуулан “БХБС ын 2018 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 82 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...БХБС  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны *******, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 139/459 дугаартай дүгнэлтүүдийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 82 дугаар тушаалаар “Т” ХХК-ийн ******* дугаартай тусгай зөвшөөрлийг  хүчингүй болгосон” гэж тус тус маргажээ.

Шүүх хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

БХБС ын 2015 оны 253 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Т*******” ХХК-нд “Лифт, эскалатор, зорчигчийн ган татлагат болон чирэх замын угсралтын ажил, завсар, техникийн үйлчилгээ” эрхлэх тусай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс гурван жилийн хугацаатай олгож, ӨБII-1400/15 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгожээ.

            Улмаар, БХБС ын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 82 дугаар тушаалаар “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 /тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох/, 13 дугаар зүйлийн 13.1 /Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно/, 14 дүгээр зүйлийн 14.1.4/14.1.4.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн/, Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8[1], Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны *******, 2018 оны 139/459 дугаартай дүгнэлтүүдийг тус тус үндэслэн “техникийн шаардлага хангахгүй лифт ажиллуулсан, сэлбэг материалын нөөцгүйгээр лифтний засварыг удаашруулдаг” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ******* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

            Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Барилгын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 33 дугаар зүйлийн 33.1.15-д тус тус зааснаар Барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам батлах бүрэн эрхтэй бөгөөд аж ахуй нэгжид тусгай зөвшөөрөл  олгох, сунгах, түдгэлзүүлэх болон хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэхэд холбогдох хууль тогтоомж болон уг асуудлыг зохицуулсан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг баримтлах учиртай.

            Маргаан бүхий захиргааны акт болох БХБС ын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 82 дугаар тушаалаар нийт 4 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 1 компанийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

            Ингэхдээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 10.1.5 дахь заалт, Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны ******* дугаар санал дүгнэлтийг үндэслэн “техникийн шаардлага хангахгүй лифт ажиллуулсан, сэлбэг материалын нөөцгүй лифтний засварыг удаашруулдаг” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, хариуцагч БХБС  нь тус маргаан бүхий актыг гаргахдаа өөрийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 11 дүгээр тушаалаар батлагдсан /захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3841 дугаарт бүртгэгдсэн/ “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрт хяналт тавих, барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид тавих шаардлага, бүртгэх журам”-ын “Тусгай зөвшөөрлийг сунгах, нөхөн олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэсэн 6 дугаар зүйлийн 6.13-т “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн ..., Барилгын тухай хуулийн 20.8.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тохиолдолд барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагын дүгнэлт, эсхүл холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ. Ажлын хэсгийн дүгнэлтийг Барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулна.” гэсэн журмыг зөрчин улсын хяналт хэрэгжүүлэх байгууллага болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 02/01/3597 дугаар саналыг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэлгүй, тухайн маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох нэхэмжлэгч “Т” ХХК-нд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангахтай холбоотой Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг тодруулах зорилгоор хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн 03/4529 дүгээр албан бичгээр тус тус тогтоогдож байна.

            Иймд, хариуцагч БХБС ын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 82 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасан зарчмыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, БХБС ын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 82 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1. 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, болон Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.15 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, БХБС ын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 82 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан  авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МӨНХТУЛГА

 


[1] Барилгын тухай хууль. 20.8. Дараахь тохиолдолд барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагын дүгнэлтийг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ:

20.8.1.энэ хуулийн 12, 13, 14, 15, 16 дугаар зүйлд тавьсан шаардлагыг зөрчсөн;

20.2.2.тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг гурван жил дараалан эрхлээгүй.