Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 703

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 102/ШШ2017/00103 дугаар шийдвэртэй, “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бадамхандад холбогдох,

Зээлийн гэрээг цуцлан 97 190 012 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Б.Золжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Бадамханд нь 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай банктай 1470003919 дугаартай зээлийн гэрээ байгуулж 86 000 000 төгрөгийг жилийн 20 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдах худалдан авах зориулалтаар авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу, 13 дугаар байрны 57 тоот Улсын бүртгэлийн 2203008843 дугаар бүхий 83 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан.

Зээлдэгч Д.Бадамханд, хамтран үүрэг гүйцэтгэгч н.Бат-Эрдэнэ нар зээлийг хугацаандаа төлөх үүргийг удаа дараа хэтрүүлсэн бөгөөд одоогоор 303 хоног хугацаа хэтэрсэн ба гэрээний 6.1, 6.1.1-т заасан гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн тул гэрээг цуцалж 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 85 487 010 төгрөг, хүү 11 703 002 төгрөг, нийт 97 190 012 төгрөгийг Д.Бадамхандаас нэхэмжилж байна. Зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь Хас банкнаас зээл авсан, гэрээ байгуулсан зэрэгт маргахгүй. Харин тухайн үед Бадамханд нь орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэй байсан боловч банк 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжгүй, харин банкнаас гаргаж байгаа зээлд хамрагдах боломжтой гээд, жилийн 20 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай зээлд хамруулсан. Д.Бадамханд нь 16 сарын хугацаанд 31 удаагийн төлбөр төлөлтөөр нийтдээ 17 422 129 төгрөг төлсөн, үүнээс үндсэн зээлд 512 990 төгрөг хасагдаж, үлдэх 16 000 000 төгрөгийг банк хүүд тооцон авч, төлсөн хүүгийн хэмжээгээр ашиг олсон гэсэн үг.

Зээлээ төлөхгүй 303 хоног хугацаа хэтэрсэн гэдгийг зөвшөөрөхгүй, хамгийн сүүлд 2016 оны 6 дугаар сарын 30-нд төлөлт хийсэн. Д.Бадамхандын төлж байсан зээлийн төлбөрийг “Хас банк”-наас дансны хуулгаар 0.8 хувийн хүүгээр тооцоход хүүгийн өргүй, харин ч 4 852 127 төгрөгийн хүү илүү төлөлттэй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасныг үндэслэн зээлийн хүүг 0,8 хувь болгон багасгаж өгнө үү. Энэ тооцоогоор бол зээлдэгч 80 634 680 төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдэгдэл 17 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Бадамхандаас 97 190 012 төгрөг гаргуулж Хас банкинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203008843 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 13 дугаар байрны 57 тоот сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 643 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бадамхандаас 643 900 төгрөг гаргуулж Хас банкинд олгож шийдврлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Д.Бадамханд нь 2015 оны 02 дугаар сарын 17-нд Хас банк ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж 86 000 000 төгрөгийг жилийн 20 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай авсан. Тухайн үед Засгийн газрын 8 хувийн орон сууцны зээл хэрэгжээд эхэлсэн байсан. Анх Хас банк ХХК-д 8 хувийн зээлд хамруулах тухай хүсэлт гаргахад өөрийн эх үүсвэрээр олгож буй орон сууцны зээл бараг адилхан гэж ойлгуулсан байдаг. Зээлдэгч 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30 хүртэл 16 сарын хугацаанд 31 удаагийн төлөлтөөр нийт 17 422 199 төгрөг төлсөн байхад 16 907 928 төгрөгийг хүүд тооцсон байна.

Нэгэнт жишиг болсон жилийн 8 хувийн хүүгээр тооцоход зээлдэгч 4 852 127 төгрөгийн хүүг урьдчилан төлсөн байх бөгөөд үүнийг үндсэн үүргээс хасахад Хас банкнд 80 634 883 төгрөгийн өртэй байна. Орон сууцны талбай 80 м.кв-аас дээш хэмжээтэй бол 8 хувийн зээлд хамруулж болохгүй гэж хуульчилсан зүйл огт байхгүй бөгөөд хуулиас давсан, хүний эрхэнд халдсан үйлдэл юм.

Арилжааны банкуудын орон сууцны урт хугацааны зээлийн жилийн хүү 8 хувь байгаа ба сүүлийн 2 жил иргэдийн төлбөрийн чадвар илт доройтож, мөнгө санхүүгийн хомсдолд орж, банк санхүүгийн байгууллагын зээл хүүний дарамтад орж үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгааг шүүх анхаарч, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хүүг жилийн 8 хувиар тооцон бууруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 16 555 129 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дээрх хүүг хасч нийт дүнг 80 634 883 төгрөг болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байна.

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Д.Бадамхандад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 97 190 012 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Д.Бадамханд, Х.Бат-Эрдэнэ нар 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хас банктай 140003919 тоот зээлийн гэрээ байгуулж, 86 000 000 төгрөгийг жилийн 20 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж, уг гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 140003919-01 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 13-57 тоот орон сууцыг барьцаалж, гэрээ тус бүрийг нотариатаар гэрчлүүлэн, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Талууд гэрээ байгуулсан эсэх, тэдгээрийн хүчин төгөлдөр байдалд маргаагүй бөгөөд шүүх зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болохыг дүгнэж, эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

Зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж, үндсэн зээл, хүү төлөх хугацааг хэтрүүлсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээл, хүүгийн дэлгэрэнгүй тооцоолол, төлбөр төлөх хугацаа болсон талаарх мэдэгдэл гэх баримтуудаар тогтоогдсон, энэ нь зээлийн гэрээний 6.1.1-д зааснаар зээлдүүлэгчийн санаачлагаар гэрээг цуцлах үндэслэлд хамаарах талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох юм.

Түүнчлэн зээлдэгч тал зээлээ хугацаанд нь төлөөгүйн хариуцлагыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангах Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв гэж үзнэ.

Зээлдэгчийн хувьд зээлийн хүүг хэт өндөр тогтоосон, орон сууцны 8 хувийн зээлд хамруулах боломжтой байсан гэх үндэслэл заан маргах боловч талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох талаар зохицуулсан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд зээлийн гэрээг байгуулж, хүүг жилийн 20 хувь буюу сарын 1.6 хувь байхаар тогтоосон нь зээлдэгчийн эрх ашигт нийцэхгүй, хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Энэ талаар анхан шатны шүүх Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээ байгуулж, хүүг тохирсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг бууруулах зохицуулалт нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцаанд хамаарахгүй тул давж заалдах гомдолд дурдсанчлан зээлийн гэрээний хүүг бууруулж, 16 555 129 төгрөгийн хүүг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, зээлийн гэрээний үүрэгт нийт 80 634 883 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй юм.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Х.Бат-Эрдэнэ гарын үсэг зурсан боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардаж болох тул нэхэмжлэгч Хас банкнаас хариуцагч Д.Бадамхандад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 240 726 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА