Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01695

 

 “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 447 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “Д” ХХК

         Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шт холбогдох     

         Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаа явуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Тус компани нь Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан бөгөөд тодорхой шалтгааны улмаас зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч нар Д ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах анхны болон 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Иймд анхны болон 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017-12-26-ны өдрийн 12/10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу зохион байгуулахыг Дархан-Уул аймаг дахь Шт даалгаж өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 27 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Капитал зууч ХХК-аар үнэлгээ хийлгэн дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нийт 987 705 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг төлбөр авагч, төлөгч нарт танилцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

       Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасныг баримтлан Д ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 97 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

       Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд шүүх анхнаасаа ИХШХШтХ-ийн 65 дугаар зүйлийг хэрэглээгүйн улмаас ШШГтХ- ийн 44 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгч “Д” ХХК дахин гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэхгүй нөхцөл байдал үүсэх юм. Нэгэнт нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн бол шүүх тус маргааныг хуулийн дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой боловч маргааныг эцэслэн шийдвэрлэж өгөхгүй байгаа явдал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүх хяналтын журмаар гаргасан гомдлыг минь хүлээн авч шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр  хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

         1. Д ХХК 2017-12-14-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “...албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түр түдгэлзүүлэх...”-г шаардсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа “...ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017-12-26-ны өдрийн 12/10 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу зохион байгуулахыг даалгах...” гэж нэмэгдүүлж, анхан шатны шүүх хуралдаан дээр  “...албадан дуудлага худалдаа явуулах тухай 2017-11-21, 2017-12-10-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах...” гэж тодруулжээ. /хх 1, 45, 103, 133/

        Иймд шүүх Д ХХК нь “...албадан дуудлага худалдаа явуулах тухай  тогтоолыг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу зохион байгуулахыг даалгах...” тухай нэхэмжлэл гаргасан гэж үзсэн нь зөв байна. 

         2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

         Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

         Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Худалдаа хөгжлийн банкны Дархан дахь салбарын нэхэмжлэлийг Д ХХК зөвшөөрснийг баталж, 2015-10-22-ны өдөр 1036 дугаартай захирамж гаргасан /хх 13-14, 55-59/ байх бөгөөд нэхэмжлэгч төлбөрийг төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ. 

        Хариуцагч албадан дуудлага худалдаа явуулах тухай 2017-11-21-ний өдрийн 11/03.,  2017-12-26-ны өдрийн 12/10 дугаар тогтоолыг гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзнэ. 

        3. Д ХХК нь дээр дурдсан 2015 оны 1036 дугаар захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017-03-15-ны өдөр 303 дугаартай шийдвэр гаргаж, “...үнэлгээ хүчингүй болгох, дахин үнэлгээ хийлгэх” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх 2017-05-08-ны өдрийн 70 дугаар магадлал, хяналтын шатны шүүх 2017-10-03-ны өдрийн 001/ХТ2017/01078 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна. /хх 84-92/

         Улсын Дээд шүүхийн 2017-10-03-ны өдрийн 001/ХТ2017/01078 дугаар тогтоол гарснаас хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.

        4. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заажээ. 

        Нэхэмжлэгч шүүхэд хандахдаа дээрх хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь нэхэмжлэлийг хангах үндэслэл биш юм.

        Түүнчлэн, хариуцагч дуудлага худалдаа зохион байгуулахдаа ямар зөрчил гаргасан гэж үзэж буйгаа нэхэмжлэгч тодорхой дурдаагүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 447 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ