Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0184/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                           Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                   Ж.Батбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Г.Баярсайхан 

Шүүгдэгч                                                            Л.Т нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон  овгийн  Лувсанзэвэгийн Төвшинбаатарт холбогдох 2039000000168 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч  Л.Т нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны  өдөр  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 02-03 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хамтран амьдрагч Х.Т-тай маргаж  зүүн бугалганд  нь 1 удаа  хутгалж  эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Х.Т-н өгсөн:...Би  хамтран амьдрагч  Т-ын  хамт Хэрлэн сумын 2 дугаар баг  Булгийн 2-3 тоотод амьдардаг юм. Тэгээд  өнөөдөр өдөр  урд  айлын  Жагаа, Жаргалмаа хоёр манайд  ороод  ирчихсэн сууж байсан  тэгэхэд  манай хүний  танил нь гээд нэг  Галшарын  хүн манайд орж ирсэн. Тэгээд  манайд  ойр зуурын  юм ярьж  байгаад  нөгөө хүн гарахдаа  манай хүнд бэлэн 20.000 төгрөг өгчихөөд  гарсан.  Тэгээд тэр хүний үлдээсэн  мөнгөөр манай  хүн болон  Жаргалмаа, Жагаа  бид дөрөв  2 шил архи  авч уусан.  Тэгээд бид дөрөв  ч архиа ууж дуусгачихаад Жаргалмаа, Жагаа хоёр  гэр лүү орсон. Тэгсэн  манай хүн ч нөгөө уусан архиндаа  согтчихоод  намайг хоол хийсэнгүй гээд хэрүүл  өдөөд байхаар нь  би хоол хийх санаатай  ширээн дээр хиам  хөшиглөчихөөд  хиам хөшиглөсөн хутгаа ширээн дээр  тавьчихаад  эргэж хараад  босох гэтэл манай  хүн миний  араас юмаар хатгачих  шиг болсон, тэгсэн ширээн дээр  байсан хутгаар миний араас  хатгачихаад зүүн орон дээр сууж байсан, тэгэхээр нь чи гар луу хатгачихлаа шүү дээ  гэсэн  чинь битгий  худлаа яриад бай  гээд  өөрөө хатгаснаа  санахгүй  байх шиг  байсан.  Тэгээд  зүүн гарын бугалга халуун оргиод байхаар нь тухай үедээ  ч нэг их  тоогоогүй, тэгээд  гэртээ байж  байхад  нөхөр бид  хоёрын  даралтыг  үздэг  баруун  хашааны  охин бид хоёрын даралтыг  үзэж өгөх гээд  орж ирсэн юм.  Тэгээд нөгөө охин маань манай хүний даралтыг үзчихээд  миний гарын цусыг харчихаад яасан юм гэхээр  нь ах  чинь  харин жоохон  согтчихоод  хутгаар хатгачихлаа  гээд  нөгөө  охинд  шархаа  харуулсан чинь, нөгөө охин маань  миний шархыг  харчихаад  боолт  тавихгүй  бол болохгүй  юм гээд  гэр лүүгээ орж  боолт  авчирч  миний шархан дээр  боолт тавьсан...Би өөрөө нөхөртэйгээ нилээд  жоохон  уучихдаг юмаа, тэрнээс бол бид хоёр  хэрэлдэж маргалдаад  байдаггүй юм. Намайг урьд  нь зодож цохиж байгаагүй...Надад гомдол гээд байх юм байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 11-12  хуу/

Гэрч Л.Жаргалсайханы өгсөн:...Би 2020 оны 06 дугаар сарын  15-ны өдөр  эхнэр Жаргалмаатай  цуг Т-нд өдөр 12 цагийн үед  очсон. Т, Т  хоёр маань даралт  ихтэй бие жоохон муу байна гээд байсан.  Бид нар  хөршүүд болохоор  нэг нэгнийдээ  орж хоол  унд идэж  уудаг. Тэгээд Жаргалмаа, Т, Т бид дөрөв 2 шил архи хувааж уусан. Тэгээд  архи ууж  дуусаад Жаргалмаа бид 2 гэр лүүгээ  явсан.  Бид нар цуг архи ууж байхад  Т  Т хоёр хоорондоо муудсан асуудал байгаагүй. Бид нар  олон жил айл хөрш болж амьдарсан. Тэгэхэд хоорондоо  муудаж   байсан асуудал  болж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/ 

Гэрч Э.Доржхандын өгсөн:...2020 оны 06 дугаар сарын 15-нд гэртээ  байж байсан чинь  даралт  үзээд өгөөч гэж дуудсан ороход Т, Т 2 байсан.  Т орон дээрээ хэвтэж байсан.  Тэгээд ороход Т-ийн өмссөн цамц нь  цус болчихсон байсан.  Тэгээд би юу болов  гээд харсан чинь гар нь  зүсэгдчихсэн тэрийгээ даавуугаар боочихсон байсан.  Юунаас болоод ийм  болов гэхэд  Т би  хутгалчихсан юм гээд сууж байсан.  Тэгээд би гарыг нь  боох гээд  гэр лүүгээ ороод хагалгааны боолт аваад  гарыг нь боож өгсөн.  Тэгээд байж байсан чинь   цагдаа ирсэн байсан.  Цагдааг  хэн дуудсанг мэдэхгүй байна.  Эд нар ер нь архи ууцгаадаг. Хааяа  хашгиралдаж л байдаг...Ер нь л их архи ууцгаадаг  хүмүүс  байгаамдаа хэлээд нэмэргүй байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

Гэрч Ц.Гантогоогийн өгсөн:...Би 2020 оны 06 дугаар сарын 15-ны үдээс  хойш  18 цагийн  үед ажлаасаа  гараад гэр лүүгээ  явж байхад нэг танихгүй  хүүхэн  гүйж  ирээд утсаараа яриулаач  цагдаа дуудах гэсэн юм гэж хэлсэн.  Би утасгүй явж байна  гэж тэр  эмэгтэй хэлсэн.  Тэр хүүхнээс юу болсон талаар асуухад Т эгчийг нөхөр нь хутгалчихлаа  гэж хэлж  байсан. Нөхөр нь согтуу  агсан тавьж  байгаа бололтой орилоод байсан. Манай хойд  талын айл болохоор  би сонссон юм. Тэгээд  би  тэр эмэгтэйг чи цагдаа руу  ярих  уу гэхэд  тэр эмэгтэй та  ярьчих  гэж хэлээд нөгөө айл руугаа ороод явсан. Тэгэхээр нь би  цагдаа руу  залгаад нөхөр  нь эхнэрийгээ хутгалчихсан байна гэнээ  гэж хэлээд  хаягийг нь зааж өгсөн...Ер нь тэр   айл руу  согтуу хүмүүс орж  гарч байдаг, байнга л  архи ууцгаадаг...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны  өдрийн 317 дугаартай дүгнэлт

  1. Х.Т-ийн  биед  зүүн бугалганд  мэс заслын  оёдол бүхий  шарх, баруун  хацар, зүүн  бугалга,  бугалга дал  хэсгийг хамарсан, баруун  бугалга зүүн  гуянд  цус хуралт  гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх шарх гэмтэл нь  ир үзүүртэй, бусад  гэмтлүүд  нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ
  3. Дээрх гэмтэл нь  хэрэг болсон  гэх цаг хугацаанд  үүсэх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ердийн  хөдөлмөрийн чадвар алдалтанд  нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 27 хуу/

                                                                                              

Л.Т-ын яллагдагчаар өгсөн:... Надад сонсгосон  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт заасан ялыг  хүлээн зөвшөөрч байна...Би өөрийн эхнэр  Х-ийн  Т-тай  2014 оноос  хойш  Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 02-03 тоот хашаанд  амьдарч байна.  Бид хоёр  дундаасаа  хүүхэдгүй Тунгалагтуяагийн хүүхдүүд тусдаа гарсан. Би өөрөө  байнга даралт ихэсдэг учраас  Хэрлэн сумын 2 дугаар  багийн өрхийн  эмнэлэг дээр  хяналтанд байдаг. Даралтны  эмийг  өдөр болгон  2 удаа  ууж  хэрэглэдэг юм.  Эмээ уухаа  больчихвол  тархинд  цус харвачих гээд  байдаг юм.  Би 2020 оны  06 дугаар сарын  15-ны өдөр  гэртээ эхнэр  Тунгалагтуяа мөн хөрш Жаргалмаа, Жаргалсайхан нарын хамт  дөрвүүлээ  архи уусан юм. Жаргалмаа, Жаргалсайхан хоёр  нэг гэр бүлийн хүмүүс  байгаа юм.  Манай гэрт бид дөрөв 2 шил 0.75 литрийн  Монгол стандарт  архи уусан. Ингээд үдээс  хойш Жаргалмаа, Жаргалсайхан хоёр  яваад  өгсөн. Ингээд би  эхнэр  Т-ийн  хамт гэртээ  үлдсэн.  Тэгээд би  эхнэрээ хоол  хийсэнгүй  гэсэн чинь  эхнэр хоол   хийх гэж   л байна шүү дээ  гэсэн. Тэгээд эхнэр гэрийн  зүүн талын орны  баруугаар  тавьсан ширээн дээр  хиам зүсээд  байж байхад  нь би  ширээн дээр  байсан хутга  аваад  төмс  арилгах  гэж байгаад  маргалдсан уурандаа  гартаа бариад  байсан хутгаар  Т-гийн  зүүн гарын бугалга  руу хутгалчихсан юм...Би эхнэрээ  хутгалсан өөрийн гэм  буруутай  үйлдлийг  хүлээн зөвшөөрч буруугаа  ойлгож байна...Би эхнэр Тунгалагтуяаг  хутгалахын өмнө  гараараа хальт  баруун бугалганд  нь  цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуу/

Л.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 хуу/

Л.Төвшинбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 41 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 60-61 хуу/

Хохирогч Х.Т-ийн гаргасан “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй”  тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт / хх-ий............./ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Л.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Т нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны  өдөр 18 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 02-03 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Х.Т-тай “хоол хийсэнгүй” гэх шалтгаанаар согтуугаар маргалдаж зүүн бугалганд  гараараа цохиж, зүүн бугалганд 1 удаа  хутгалж  зүүн бугалганд шарх, зүүн  бугалга, дал  хэсгийг хамарсан  цус хуралт  гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Л.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Х.Т, гэрч Ц.Гантогоо, Э.Доржханд, Л.Жаргалсайхан нарын  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Л.Т нь хохирогч Х.Т-ийн  зүүн бугалганд  нь 1 удаа  хутгалж, цохисоны  улмаас учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд шүүгдэгчийг дээрх гэмт хэрэгт гэм буруутай байна гэж үзлээ.    

 

   Аймгийн Прокурорын газраас Л.Т-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нь Л.Т-т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 800.000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

   Хохирогч Х.Т нь... Би эмчилгээний болон  бусад  зардал  нэхэмжлэхгүй....гэж мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан шар эрээн өнгийн бариултай, 26 см урттай, 12 см бариултай, 14 см ажлын хэсэгтэй  1 ширхэг хутгыг  устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Л-ийн Т-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-ыг  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Л.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10  /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Л.Т нь  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Л.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  шар эрээн өнгийн бариултай, 26 см урттай, 12 см бариултай, 14 см ажлын хэсэгтэй  1 ширхэг хутгыг    устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ