| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0118/Э |
| Дугаар | 159 |
| Огноо | 2020-08-18 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0118/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шараади овгийн Лхагваагийн Баттөрд холбогдох 2039000490102 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Б нь Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Т-н малыг хариуцан маллаж байхдаа буюу 2019 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө бусдын итгэмжлэн хариуцуулсан Л.Т-н адуунаас 1 тооны зээрд зүсмийн гүүг завшиж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ц.Т-н өгсөн:... Би 2019 оны 11 дүгээр сарын дундуур Б-д малаа харуулаад үлдээсэн юм. Явахаас өмнө надад хэлээд 1 даага ажилласан. Тэгээд хотод байхад эхнэр лүү яриад зээл төлөх гэсэн юм нэг адуу өгөөч гээд байсан. Миний хувьд дүлий учраас өөртэй нь яриагүй. Би нэг адуу өгье, очиж байгаад больё гэж хэлүүлсэн. Ирэхэд хул азаргатай адуунаас зээрд гүү алга байсан. Ярьсан адуугаа л авсан юм байх гэж бодсон надад надад гомдол тэмцэл гэх зүйл байхгүй...Би Б-д очиж байгаад 1 адуу өгье гэж ярьсан юм. Тэрнээс биш манай адуунаас дур мэдэн зээрд зүсмийн гүүг ав гэж хэлээгүй. Б нь манай адуунаас захиран зарцуулах эрх байхгүй... Б хохирлыг маань бүрэн барагдуулсан байгаа... Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 хуу/
Гэрч М.Сарантуяагийн өгсөн:... 2019 оны 12 дугаар сард хот руу эмнэлэг явахаар болоод Б-г малаа харуулаад үлдээсэн юм. Тэгээд 12 сарын дундуур 1 адуу өгөөч зээл дарах гэсэн юм гэж гуйгаад байхаар нь очиж байгаад болъё гэж хэлсэн юм. Тэгээд 12 сарын 20-ны орчимд ирээд бүртгэхэд хул азаргатай адуунаас зээрд зүсмийн гүү алга байсан. Б-г авсан юм байна л гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуу /
Гэрч Б.Эрдэнэсайханы өгсөн:.. Б ах 2019 оны 12 дугаар сард Мөрөн сумын Т гэх хүний малыг харж байсан бөгөөд 12 сарын 11-ний орой 16 цагийн орчимд хул азаргатай алаг гүүтэй 30 гаран тооны адуу тууж авчираад хашиж байгаад тэндээсээ зээрд гүү барьж аваад ажилласан. Уг адуунууд нь Т ахын тамгатай буюу задгай 3 нүдний уйл тамгатай байсан. Тэгээд Б ах хэлэхдээ Т ах мал харах хөлсөндөө адуу ав гэж хэлсэн юм аа гэж надад хэлээд намайг хамт ажиллалцаад өг гэж гуйхаар нь би итгээд хамт ажиллалцсан. Тэгээд Б ах өөрийнхөө портер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад аймаг руу явсан. Тэгтэл сүүлд Т гуайд хэлээгүй адууг нь ажилласан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуу/
Гэрч Ц.Энхмэндийн өгсөн:..Миний нөхөр Л.Б бол хөдөө ах дүү нарынхаараа тус нэмэр болох гээд л явж байдаг. Зан аашийн хувьд даруухан, ямар нэгэн ааш авир байхгүй. Хэнэггүй хүндээ тэрнээсээ болж л ийм хэрэгт орчихсон юм шиг байгаа юм. Их дуу муутай хүн надад ч заримдаа дэлгэрэнгүй яриад байдаггүй. Асуухаар за битгий байцаагаад бай л гэж байдаг юм. Бид хоёр 2016 онд хүүтэй болсон одоо би хүүгээ гэртээ хараад манай хүн л хөдөө гадаа явж ах дүү нар гуйсан хүмүүст туслаад л явж байдаг. Надад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаатай хөдөө айлд мал хараад ирье гээд явсан. Тэгээд нэг орой гэрт ирээд цагдаа дээрээс ирлээ гэхээр нь яагаад цагдаа дээрээс ирж байгаа юм гэсэн Сарантуяагийн адуунаас нэг адуу ажиллаад явж байгаад баригдчихлаа уг нь Сарантуяа намайг аваарай гэж хэлж байсан юм. Ямар ч байсан машинаа хураалгачихаад ирлээ гэсэн. Уг нь тэр хүн нь нэг сар адуу хараад өгчих нэг адуу өгье гэж хэлсэн юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/
Л.Б-н яллагдагчаар өгсөн:... Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр нэг сар мал харах гэж Хэнтий аймгийн Мөрөн сум 1 дүгээр баг Нуруугийн ар гэх газар Ц.Т-н гэрт очсон. Тэнд мал харахаа очиход гэрийн эзэн Т эхнэр Сарантуяа хоёр охин төрөх гээд байна гээд хот явсан. Би гэрт нь ганцаараа үлдсэн. Тэр хоёр хот явахдаа мал сайн харж байгаарай бид хоёр хот явж ирээд нэг адуу өгье гэсэн. Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сарантуяа эгч рүү залгаад зээл тулчихаад байна нэг адуу ажилламаар байна гэж хэлэхэд очсон хойно болохгүй юм уу би бас хэдэн юм ажилламаар байна гэсэн. Би утсаар ярьчихаад айхтар юм ярихгүй байхаар нь Овын дэрс гэх газар байх дүү Э.Эрдэнэсайхан дээр хул азаргатай адуу тууж очоод Сарантуяа эгч ажил гэсэн юм гэж хэлээд зээрд гүүг гэрийнх нь гадаа ажилласан. Адуугаа ажиллаад дүүгийн гадаа байсан “Pronter” маркийн 77-15 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Хэнтий аймгийн Хэрлэн сум явсан. Хэрлэн суманд ирээд хорихын байрны урд явж байхад эргүүл хийж байсан цагдаагийн алба хаагч нар зогсоогоод шалгасан. Тэгээд машин, мах хоёроо журамлуулсан... Миний эзэмшлийн машин. Би 2019 онд Арслан гэх хүнээс 2.800.000 төгрөгөөр авсан...Би 2019 оны намар очиж өвлийн идшийг нь хийж өгсөн. Тэгээд намайг буцаж ирээд мал хараад өгөөрэй бид хоёр хот орох ажилтай байгаа юм гэсэн. Малаа харуулахдаа нэг адуу аваарай гэж хэлсэн...Би өөрийн гэсэн үхэр 6, хонь ямаа нийлээд 80 толгой малтай. Би 2019 онд өөрийн нэр дээрх малаа аймаг руу шилжиж байж тоолуулья гээд тоолуулаагүй...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...Хотоос ирэхээр нь харуулж байгаад авсан бол ийм юм болохгүй байсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу /
7715 хэа улсын дугаартай KAI FRONTEIR маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 2.500.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 161 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 хуу/
7715 хэа улсын дугаартай kia frontier маркийн автомашин нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар Л.Б-н эзэмшлийнх болохыг тодорхойлсон тээврийн хэрэгслийн лавлагаа / хх-ийн 34 хуу/
7715 хэа улсын дугаартай kia frontier маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 41 хуу/
Хохирогч Ц.Т-н алдсан 1 тооны адууны үнэлгээг 800.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 089 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91 хуу/
Л.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42 хуу/
Л.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 89-90 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Л.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Л.Б нь Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Т-н малыг хариуцан маллаж байхдаа буюу 2019 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Ц.Т-н адуунаас 1 тооны зээрд зүсмийн гүүг нядлаж өөрийн эзэмшлийн 7715 хэа улсын дугаартай kia frontier маркийн автомашинд махыг нь ачиж явсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Т, гэрч М.Сарантуяа, Б.Эрдэнэсайхан, Ц.Энхмэнд нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас 800.000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нь бага хэмжээний хохирлоос /300.000 төгрөгөөс/ дээш байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас Л.Б-н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 92 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 95 хуу/ гарган яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан шүүгдэгч Л.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйл, 7.5 дугаар зүйлд заасныг журамлан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7715 хэа улсын дугаартай kia frontier маркийн автомашиныг хурааж улсын орлого болгох хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Л.Баттөр нь хүлээн зөвшөөрч /хх-ийн 99 хуу/ гарын үсэг зуржээ.
Иймд шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Ц.Т нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, 7715 хэа улсын дугаартай kia frontier маркийн автомашиныг битүүмжилсэн битүүмжилсэн прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шараади овгийн Л.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан шүүгдэгч Л.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалт, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Баттөрд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7715 хэа улсын дугаартай kia frontier маркийн автомашиныг хурааж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, 7715 хэа улсын дугаартай kia frontier маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ