Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0221/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                  Г.Мөнхболд,

Шүүгдэгч                                                          С.Н  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н-д холбогдох 2039......... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.Н

Шүүгдэгч С.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Өндөрхаан хот тохижилтын гражийн хашаанд иргэн Д.Этэй марган улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохин Д.Эийн эрүүл мэндэд  үүдэн баруун дээд 1, 2 шүдний булгарал, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Д.Эийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1. Хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...2020 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Өндөрхаан тохижилтын газрын гражийн хашаанд хамт ажилладаг жолооч Нтай бага зэрэг маргалдаад Ныг бага зэрэг түлхсэн чинь Н зөрүүлээд миний нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиод автал миний үүдний хоёр шүд хөдөлж, нэг нь бүр оочдог дээр болсон. Нөгөө шүд нь бол бага зэрэг хөдөлгөөнтэй болсон. Ингээд эмнэлэгт очиж үзүүлтэл бага зэрэг хөдлөөд байсан шүдийг эмч авсан. Энэ шүд нэгэнт хөдөлгөөн орсон бол тогтоох ямар ч арга байхгүй гэсэн. Би Нтай хүүхэд машинд нь суулгасан асуудлаас болж маргалдсан юм.  Би Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтөөс Нэгдсэн эмнэлэг рүү явах маршруттай юм. Харин Н Шинэ Өндөрхаан хорооллоос Өгөөж худалдааны төв орох маршруттай юм. Би 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 07 цаг 40 минутын үед Нтай Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчмийн буудалд өөртөө сууж явсан 3 хүүхдийг Нын автобусанд суулгаад Шинэ Өндөрхаан хороолол руу буулгачих гэсэн юм. Тэгэхэд Н чи өөрөө явчихгүй яасан юм гэж дүргүйцсэн. Тэгэхээр нь би хүнээ буулгаад маршрутандаа явчихъя гэсэн. Тэгээд л өнгөрсөн. Ингээд бид 10 цагт граж дээр  автобусаа цэнэглэх гээд очицгоосон юм. Тэгтэл Н чи яагаад над руу хүүхэд суулгаад байгаа юм гэж уурлахаар нь би за юун сүртэй юм пязда чинь гээд түлхсэн юм. Гэтэл намайг зөрүүлээд миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Өөр намайг цохиж зодсон асуудал байхгүй. ...Тухайн үед Ганбаатар гэдэг жолооч бид хоёрыг харсан. Асуудал болсны Гансайхан жолооч ирсэн. Өөр хүн байгаагүй. ... Би гомдолтой байна...  “  гэсэн мэдүүлэг  /хх-ийн 5-6 тал /

Хохирогч  Д.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. ... Дүгнэлттэй холбоотой асуух зүйл байхгүй. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...Н миний нүүрэн тус газарт цохиход, миний дээд уруулын баруун дээд хэсэгт бага зэрэг зулгарч, үүдэн дээд хоёр шүд булгарсан. Нд цохиулах үед дээд уруулын дээд хэсэгт зулгарсан юм. ...С.Н надад эмчилгээний зардалд 100.000 /нэг зуун мянган/ төгрөг өгсөн. Би өөрөө л нэг зуун мянган төгрөг өгөхөд болно гэж хэлсэн. Намайг эмнэлгээр дагуулж хиймэл шүд хийлгэж өгөхөөр болсон. Би Наас дээрхээс гадна, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, бид хоёр хоорондоо эвлэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ... Би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 7 тал/

 

2. Гэрч Л.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд цахилгаан автобусаар иргэдэд үйлчилдэг. Манай автобус өдөрт 2 удаа цахилгаанаар цэнэглэдэг. Манай автобусны жолооч нар Хэрлэн сумын 4 дүгээр багт байдаг Өндөрхаан хот тохижилтын граж дээр автобусаа цэнэглээд ажилдаа гардаг. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед граж дээрээ манай жолооч Э, Н 2 хоорондоо маргалдсан. Тухайн үед тэр хоёр зорчигч хүүхдүүдээс болж хоорондоо маргалдаж байсан. Жолооч нар автобуснуудыг цэнэглэх хооронд нэг автобусаар цайндаа ордог юм. Гэтэл уг автобусны ойролцоо Э, Н хоёр гэнэт хоорондоо зууралдаад барьцалдаад авсан. Тэгээд намайг очиход Эийн шүднээс цус гарсан байсан. Тэгээд намайг очиж байхад салсан. Тэгээд юу болов гэхэд Э намайг Н цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд шүдийг нь харахад үүдний дээд нэг шүд нь булгараад ойчих гэж байсан. Н харин шалихгүй маргаанаас болж хэрэггүй цохилоо гэж байсан. Тухайн үед манай жолооч нар ойрхон байгаагүй. Цаана гражид байсан. Э, Н хоёр маргалдах үед надаас өөр хүн байгаагүй. Э өөрөө эмнэлэг рүү явсан. Н Эийн шүдийг гэмтээсэн нь үнэн...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 тал/

 

3. Шүүгдэгч С.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:  “... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Өндөрхаан тохижилтын газрын гражийн хашаанд хамт ажилладаг жолооч Этэй маргалдаж байгаад нүүрэнд нь нэг удаа гараараа цохисон. Надад Э цохиулснаас болж, дээд уруулын баруун хэсэгт зулгарсан, мөн үүдэн дээд хоёр шүд булгарч унасан. Би Эийг зодож биед нь гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Би Эөөс уучлал гуйж бид хоёр эвлэрсэн. Би Эийг шүд хийлгэхэд нь гарсан зардлыг нь төлөхөөр болсон. Би урьдчилж нэг зуун мянган төгрөг өгсөн. Тухайн үед бид хоёрыг маргаж байхыг Ганбаатар харсан. Би урьд өмнө гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгсөн. ...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 тал/

 

4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №523 дугаартай: “...

   1. Д.Эийн биед үүдэн баруун дээд 1, 2-р шүдний булгарал, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

   2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

   4.5. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.11.51.2-д заагдсанаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10 % алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 13-14 тал/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...   Э миний бие Нтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, С.Н нь миний хохирлыг барагдуулсан тул би гомдол саналгүй болно... ” /хх-ийн 36 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор шүүх хурлын тов мэдэгдэж дуудахад: “... гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ”  гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ныг 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар С.Нд  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 150.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ