| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0264/Э |
| Дугаар | 0279 |
| Огноо | 2020-08-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 0279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,
Улсын яллагч С.Б
Хохирогч Д.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч М.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч-нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, М.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.С нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нийтийн байранд иргэн Д.О-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр сонгуулийн сурталчилгааны хичээлд суучихаад М-ийн гэрт М бид 2 пиво уусан. М О-ыг дуудаад, О, Б гэдэг нэртэй залуугийн хамт 2.5 литрийн пиво авчирсан, О-ны авчирсан пивоноос ууж байхад О хүн болгон руу уурласан зан авир гаргаад М-ийн хажуу айлын эмэгтэйг О үснээс нь зулгаагаад маргалдсан, би О-ыг салгахад над руу дайрч хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон, М бид 2 О-оос зугтаагаад М-гийн урд талын айлд ороход О араас гарч ирээд бид 2-ыг цохисон, О миний үснээс тавихгүй байсан. М-ийн гэрт байсан хогийн шүүрний ишээр О-ны толгойн тус гззар руу 1-2 удаа цохисны дараа миний үснээс зулгаахаа больсон. О-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нотлох баримтаар төлнө. О-д би аргагүй хамгаалалт хийж хогийн шүүрээр цохисон. М-ийн үснээс зулгаахаар нь салгатал О миний үснээс зулгаасан гэжээ.
-Хохирогч Д.О-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би ганцаараа М-ийнд очсон. 10 өнгөрөөгөөд С, Б-тай архинд явсан. Б араас ирсэн. Намайг дөнгөж ормогц С чи яасан гоё болсон юм гэх мэт үгээр өдөөд байсан. Ууж байхад утас алга болсон, миний утсыг гаргаж шидсэн. Утасны нүүр хагарсан байсан. Би ажилгүй байсан хугацааны цалин болон эм тарианы нийт 1.693.900 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
- Хохирогч Д.О-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед гэртээ байж байтал найз М утасдаад “манай гэрт хүрээд ир” гэхээр нь очиход С, М нар пиво ууж байсан. С намайг хэл амаар доромжилоод байсан ба С-тай маргалдаж бид 2 нэг нэгнийхээ үснээс зулгаасан. С намайг газар унагаагаад М-гийн гэрт байсан хогийн шүүрний ишээр миний толгой хэсэг рүү олон удаа цохисон. С-д цохиулснаас болж миний дух, зүүн шанаа, хацар гэх мэт газарт гэмтэл учирсан” гэсэн мэдүүлэг /хх 7-10 хуудас/,
-Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр найз С-ийн хамт сонгуулийн сурталчилгааны сургалтанд суучихаад 16 цагийн үед миний түрээслэн амьдарч байгаа түрээсийн байранд очоод С бид хоёр дэлгүүрээс 2.5 литрийн пиво аваад ууж байхад миний утас руу О залгаад нөхөртэйгээ маргалдчихлаа, сэтгэл санаа муу байна гэж хэлсэн. Би О-д хандаж найзтайгаа хамт пиво ууж байна гэж хэлэхэд яваад очих уу гэсэн. О 20 цагийн үед манай гэрт Б гэдэг нэртэй залуугийн хамт 2.5 литрийн пиво авчирсан. Бид 4 хамт пиво уугаад сууж байхад О муухай ааш гаргаад миний үснээс зулгаасан. С, Б нар салгасан. О, С-тай маргалдаж үснээс нь зулгаасан. Тэр үед хажуу талын эмэгтэй хаалга онгойлгож юу болсон юм бэ? гэж хэлэхэд О очоод тэр эмэгтэйгийн үснээс зулгаасан, би О-ыг салгахад намайг цохисон. Манай өрөөнөөс гараад гадаа хажуу талын эмэгтэйгийн найз эмэгтэйгийн үснээс зулгаагаад доошоо дарчихсан байхаар нь С бид хоёр салгасан. С бид хоёр О-оос зугтаагаад урд талын айлд ороход О араас орж ирээд С-ийн үснээс нь зулгаасан. Б, О-ыг салгаж манай өрөөнд оруулсан. Би өөрийнхөө өрөөнд ороход О, С хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаачихсан буйдан дээр хэвтэж байхаар нь С-г тэврээд О-оос салгахад О-гийн дух, шанаа, хацар хэсэг нь шалбарчихсан, дух хэсгээс нь цус гарч байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 12-13 хуудас/,
- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 449 дугаартай: 1. Д.О-ны биед дух, зүүн шанаа болон зүүн гарын эрхий хуруунд 3 тооны няцарсан шарх, нүүр, 2 гар, зүүн гуянд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Гэмтэл нь гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Гэмтэл нь 2020.06.02-нд үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх 17 хуудас/
Шүүгдэгч М.С-ийн яллагдагчаар мэдүүлсэн “....О биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн зүгээс гарах нэхэмжлэлийг төлж барагдуулна, яг одоо мөнгөний бололцоо муу байгаа тул ажил хийж байгаад бага, багаар төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх 25-26хуудас/ зэрэг
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 28 хуудас/
-М.С-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 24, 25-26 хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч М.С нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нийтийн байранд иргэн Д.О-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийг гаргуулах, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч М.С нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нийтийн байранд иргэн Д.О-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “О-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “С намайг хэл амаар доромжилоод байсан ба С-тай маргалдаж бид 2 нэг нэгнийхээ үснээс зулгаасан. С намайг газар унагаагаад М-ийн гэрт байсан хогийн шүүрний ишээр миний толгой хэсэг рүү олон удаа цохисон. С-д цохиулснаас болж миний дух, зүүн шанаа, хацар гэх мэт газарт гэмтэл учирсан” гэсэн мэдүүлэг /хх 7-10 хуудас/, гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би өөрийнхөө өрөөнд ороход О, С хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаачихсан буйдан дээр хэвтэж байхаар нь С-г тэврээд О-оос салгахад О-ийн дух, шанаа, хацар хэсэг нь шалбарчихсан, дух хэсгээс нь цус гарч байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 12-13 хуудас/, хохирогчийн биед дух, зүүн шанаа болон зүүн гарын эрхий хуруунд 3 тооны няцарсан шарх, нүүр, 2 гар, зүүн гуянд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон 449 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ажилгүй байсан хугацааны цалин болон эм тарианы нийт 1.693.900 төгрөг нэхэмжилнэ гэж байх ба шүүгдэгчээс 366.150 төгрөг гаргуулан хохирогчид олгож, 1.327.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрллээ: Учир нь хавтаст хэргийн 69 дүгээр талд авагдсан тодорхойлолтоор түүний ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүүг тооцож гаргах боломжгүй байна. Харин эм тариа, соривны эмчилгээ, үзлэг боолтны зэрэг 366.150 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд гаргаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.