Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1041

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо, Б.Энхжаргал, улсын яллагч А.Тунгалагтуяа, хохирогч Ц.Н, шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн М-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05298 1701 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн М-ийн Б, Монгол Улсын иргэн, 19** оны * дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын **** хотхоны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, урьд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байна.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч М.Б нь Ц.Н-т Солонгос улс руу гарах виз гаргаж өгнө гэж итгүүлэн “Солонгос улсын элчин сайдын яаманд” ажилладаг гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны Арвайн-Үндэс компанийн доторх Хаан банкны АМТ-ээс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3,500,000 төгрөг шилжүүлэн авсан, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг бэлэн авч Ц.Н-т 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овгийн М-ийн Б нь “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” хэмээн хохирогч Ц.Н-ыг хуурч, өөрийгөө “Монгол Улс дахь тус улсын элчин сайдын яаманд ажилладаг” хэмээн зохиомол байдлыг бий болгох замаар төөрөгдөлд оруулан Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Арвайн-Үндэс” ХХК-ийн дотор байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машин (ATM)-аас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр авч, бусдад нийт 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч М.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хавтаст хэрэгтээ танилцсан. Нэгдүгээрт Э нь Н-т намайг буруу танилцуулсан мэдүүлгийн зөрүү байсан. Би инженер мэргэжилтэй, Солонгос улсын элчин сайдын яаманд ерөөсөө ажиллаж байгаагүй. Хоёрдугаарт Ц.Н-аас анх авсан 2,000,000 төгрөгийг би өөртөө буюу орон гэртээ зарцуулсан, сүүлд Э-өөс авсан 3,500,000 төгрөгийг Ц.Н-ын гэрээнд бүртгүүлж явах ажилд зарцуулсан. Гэтэл энэ талаар хэрэгт буруу мэдээлэл авагдсан байсан. Ц.Н бид хоёр 2 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Хавтаст хэрэгт 14 хоног гэж бичсэн байсан. Мөн би Э-өөс 11 дүгээр сарын 26-нд 3,500,000 төгрөг бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Ц.Н-ын шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хоймор овооны *** тоотод Э гэх хүнтэй уулзсан бөгөөд Б хамт сууж байсан. Тухайн үед Б-г таньдаг байгаагүй. Надад Солонгосын виз 11,000,000 төгрөгөөр гардаг, эхлээд 50 хувь авна гэж хэлсэн. Би бэлнээр 2,000,000 төгрөгийг энэ хоёрын ширээн дээр гаргаж тавьсан. Э манай энэ хүн визийг 11,000,000 төгрөгөөр найдвартай гаргаж өгдөг гэсэн. Тухайн үед элчинд ажилладаг гэж хэлээгүй өмнө нь утсаар хэлж байсан. Б өөрөө хүртэл элчинд ажиллаж байхад ингэдэггүй байсан юм гэж надад утсаар хэлсэн удаа бий. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үлдэгдэл 3,500,000 төгрөгийг 21 дүгээр хороолол, Их Нарангийн АТМ-аас Э-ийн дансанд шилжүүлсэн. Тэгэхэд виз 60 хоногийн дотор гарна гэсэн боловч гараагүй учир Б-тай ярьсан. Тэгэхэд элчинтэйгээ уулзсан гэсэн зүйлийг хэлсэн. Дараа нь би найдвартай юм бол хүлээе гээд 6 сар хүртэл хүлээсэн. Үүний дараа хөдөлмөрийн гэрээгээр гаргаж өгье гэсэн би дахиж хүлээсэн бөгөөд 7, 8 сар хүртэл хүлээгээд худлаа гэдэг нь мэдэгдсэн. 2019 оны 09 сард Б 500,000 төгрөгөөр хоёр удаа хувааж надад 1,000,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 онд Солонгос улс руу явах зорилготой “***” нэртэй орчуулгын төв дээр очиж визэнд зуучилдаг А.Э гэх залуутай уулзсан чинь 40 хоногийн виз гаргаж өгнө гэхээр нь 1,000,000 төгрөг өгч байсан. А.Э виз гарсангүй гээд мөнгө, бичиг баримтыг буцааж өгч байсан. Дараа нь 2018 оны 11 сарын 14-ны өдөр Э-тэй 95114345 дугаарын утсаар холбогдож уулзахад 11,000,000 төгрөгөөр 100% найдвартай виз гаргаж өгнө. Урьдчилгаа 50%-ийг авна, манай нэг найдвартай хүн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад 2,000,000 төгрөг байна, үлдсэнийг нь бичиг баримтаа үйлдэж байгаад өгье гэсэн. Тухайн үед хажуудаа байсан М.Б гэх залууг Солонгос улсын элчинд ажилдаг гэж танилцуулж байсан. Би 2,000,000 төгрөг өгөөд бичиг баримтаа өгөөд явсан. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Арвайн үндэс компанийн доторх Хаан банкны ATM дээрээс А.Э-ийн **** дугаарын данс руу 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 09 сарын эхээр Б надтай 9948**** дугаарын утсаар холбогдож 500,000 төгрөгийг 2 удаа миний данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш утсаа авахгүй мөнгө өгөхгүй болохоор цагдаад хандсан. Б-гаас 4,500,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8 дугаар хуудас);

4. Гэрч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын дундуур Ц.Н над руу залгаж би дахиад Солонгос руу визэнд орж явмаар байна гэсэн. Н хэд хоногийн дараа манай ажил дээр ирэхэд миний танил Б сууж байж таарсан. Би энэ залуу Солонгос улс руу визэнд орж явах гээд байгаа юм гэж хэлээд Н Б хоёрыг танилцуулж өгсөн. Түүнээс хойш хоёулаа холбогдоод яриад яваад байсан. Ц.Н 2019 оны 05 дугаар сард Б-д хэлээд өгөөч, визний асуудал удаад байна гэсэн. Би Б-гаас юу болж байгаа талаар асуухад юмыг нь хөөцөлдөж байгаа, Солонгос улсын виз чанга болоод байгаа юм байна, санаа зоволтгүй гэсэн. Б Солонгос хэлтэй, Солонгос улс руу зорчих гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгч, материалыг бүрдүүлж өгөхөд тусалдаг, хүмүүст зөвлөгөө өгдөг газар ажиллаж байсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас);

5. Шүүгдэгч М.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 26 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 79 дүгээр хуудас), Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын Хорих ял эдлүүлэх албаны 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3в/1155 дугаартай албан бичиг (хх-ийн 128 дугаар хуудас), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 129-131 дүгээр хуудас), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1110 дугаартай “тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоол 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон” талаарх албан бичиг (хх-ийн 158 дугаар хуудас);

6. Шүүгдэгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2017 оны өвөл А.Э-тэй танилцахдаа өөрийгөө “Солонгос, Япон улс руу явах гэж байгаа хүмүүсийн материалыг бүрдүүлж өгч элчинд оруулдаг” гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын эхээр А.Э-ийн оффис дээр яваад очсон чинь нэг үл таних залуу сууж байсан. А.Э “Энэ залуу Солонгос улс руу явах гэж байгаа гэнэ. Чи нэг зөвлөгөө өгөөч” гээд Ц.Н гэх залуутай танилцаж байсан. Би Ц.Н-т бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтуудыг хэлж өгөөд “маргааш элчингийн номер авна 5,500,000 төгрөг хэрэгтэй, 14 хоногийн хугацаанд материалаа бүрдүүлээд аваад ир” гэж хэлсэн чинь Ц.Н “5,500,000 төгрөг байхгүй 2,000,000 төгрөг байна” гэхээр нь “одоо наадахаа өгчих үлдсэн мөнгөө материалтайгаа маргааш өгчих" гэж хэлсэн. Би 2,000,000 төгрөгийг аваад байрны мөнгө, тог цахилгааны мөнгө, лизинг зэрэг өрөндөө зарцуулсан. ...Надад Хаан банкны данс байгаагүй учраас маргааш нь А.Э-ийн Хаан банкны дансаар 3,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан. А.Э-өөс 3,500,000 төгрөгийг бэлнээр аваад хувийн хэрэгцээндээ болон өрөндөө өгөөд дуусгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 86 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Б-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийн бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгох замаар төөрөгдөлд оруулж үйлдсэн” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Прокурор шүүгдэгч М.Б-г залилах гэмт хэргийг “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх “зохиомол байдлыг бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж” үйлдсэн хэмээн өөрчилсөн нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.

Шүүгдэгч М.Б нь өөрийгөө “Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг” мэтээр зохиомол байдал бийл болгосон байгаа учир анхан шатны шүүх ийнхүү зөвтгөсөн болно.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч М.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Б-г “залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгох замаар төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Залилах гэмт хэргийн улмаас биет байдлаар нийт 5,500,000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 5,500,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд шүүгдэгч М.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байгааг дурдаж, үлдэгдэл 4,500,000 төгрөгийг түүнээс гаргуулан хохирогч Ц.Н-т олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Б нь хуульд заасан эрхийн дагуу шүүхээс тогтоосон 4,500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах зорилгоор шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөр завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, түүнд боломж олгосон боловч тэрээр энэ хугацаанд хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч М.Б-гаас үлдэгдэл 4,500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Н-т олгуулахаар тогтоолд тусгав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:             

Шүүгдэгч М.Б нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх тул прокурорын саналаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад “шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон” гэж зааснаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг хойшлуулж, энэ өдөр үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 23 хоногийг нэмж нэгтгэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүнээс 4,500,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...хэлэх зүйгүй...” гэв.

Шүүгдэгч М.Б нь торгох ялыг дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар, хорих ялыг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тэрээр хохирлоо төлж барагдуулаагүй боловч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байгааг нь харгалзан шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 (найм) сар 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 (нэг) жил 2 (хоёр) сар 26 (хорин зургаа) хоногоор тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийн ялын тооцооны тодорхойлолтоор шүүгдэгч М.Б нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 5 (тав) сар 04 (дөрөв) хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн байх бөгөөд эдлээгүй үлдсэн ял нь 1 (нэг) жил 26 (хорин зургаа) хоног байжээ.

Анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар тооцож үзэхэд шүүгдэгч М.Б нь хуанлийн 120 (нэг зуун хорь) хоног /4+30+31+31+24/ буюу сард шилжүүлбэл 4 (дөрөв) сар үргэлжлүүлэн хоригдсон байх тул дээрх ялын тооцоогоор үлдсэн 1 (нэг) жил 26 (хорин зургаа) хоногийн хорих ялаас 4 (дөрөв) сарыг хасаад, түүний эдлээгүй үлдсэн хорих ялын хэмжээг 8 (найм) сар 26 (хорин зургаа) хоногоор тогтоосон болно.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  М.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, тэрээр энэ хэрэгт цагдан хоригдоогүй боловч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нь үргэлжилж байсан тул энэ тогтоол хүчин төгөлдөр болтол уг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн шинэчлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овгийн М-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгох замаар төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 (найм) сар 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 (нэг) жил 2 (хоёр) сар 26 (хорин зургаа) хоногоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сар 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-аас 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Н-т олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч М.Б-д урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн шинэчлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА