Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 1066

 

 

 

 

 

 

 

 

2020            10               05                                           2020/ШЦТ/1066

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Н.Э,  

            Улсын яллагч Р.Он,   

            Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт М-гийн Э-т холбогдох 2008 02614 1270 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт :  

Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 35 хороо Орбитын 62 дугаар гудамж 14 тоотод оршин суух оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. Б  овогт М-гийн Э  /............./

Холбогдсон хэргийн талаар : /яллах дүгнэлтэд бичсэнээр/    

Шүүгдэгч М.Э нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 126 дугаар гудамжны 1в тоотод оршин суух Э.М-ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч монел брэндийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

   

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

            Шүүгдэгч М.Э нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 126 дугаар гудамжны 1в тоотод оршин суух Э.М-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч монел брэндийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :  

- хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-04-09/,

- хохирогч Э.М-ын...2020 оны 08 дугаар сарын 13-ны орой гэрээ түгжээд Орбит руу танил дүүгийндээ очиж хоноод маргааш нь өглөө 07 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон...32 инчийн Монел брендийн зурагт алдагдсан байсан...би зурагтыг 200.000 төгрөгөөр худалдан авч байсан...гэх мэдүүлэг /хх-15/,

- гэрч У.Т-лын...2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 22 цаг болж байхад Нарангийн голын эцэс дээр Д-тай уулзаад, Э  гэх залуугийн гэрт очиж, бие засч байсан. Нойлоос гарч ирэхэд хашааны хаалгаар Э  зурагт тэврээд ороод ирэхэд Дэлгэржаргал “юун зурагт аваад ороод ирэв” гэхэд “би айлаас авчирсан юм” гэхэд аан за гэж хэлээд бид хоёр өнгөрсөн. Би Д-ын  машинд суугаад Дэлгэржаргал найз охинтойгоо уулзана гэхээр нь би Хархорин дээр буусан. Маргааш нь би утсаа ломбардад тавих гэтэл авахгүй гэхээр нь Э  луу залгаад наад зурагтаа тавьчих гэхэд за гэхээр нь бид хоёр 21-р хорооллын ломбарданд өөрийн бичиг баримтаар зурагтыг 70,000 төгрөгөөр барьцаалаад би 50,000 төгрөгийг аваад Э  20,000 төгрөг авсан...Би тухайн зурагтыг хулгайнх гэж мэдээгүй гэх мэдүүлэг /хх-18,77/,

-гэрч Б.Д-ын :...2020.08.13-ны 22 цаг болж байхад Нарангийн голын эцэс дээр Түмэнжаргалтай уулзаад, Түмэнжаргал Э ын гэрт очоод бие зассан. Түмэнжаргал 00-с гарч ирэхэд хашааны хаалгаар Э  зурагт тэврээд ороод ирсэн...Юун зурагт вэ гэхэд “айлаас авчирсан юм” гэж хэлсэн...хулгайнх гэж мэдээгүй гэх мэдүүлэг /хх-22, 80/,

- иргэний нэхэмжлэгч О.Э-ны...Би Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо Арвин нэртэй ломбардыг ажиллуулдаг бөгөөд манай ломбарданд 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 20 цаг өнгөрч байхад 2 залуу орж ирээд 32 инчийн хар өнгийн монел брендийн зурагтыг 70.000 төгрөгөөр барьцаанд У овогтой Т  гэх залуу бичиг баримтаар тавьсан гэх мэдүүлэг /хх-25/,  

- “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвин нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын эзэн О.Эрдэнэбулганаас зурагт хураан авсан тэмдэглэл, ”Арвин 2” барьцаат зээлийн гэрээ /хх-34, 35/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ий хөрөнгийн үнэлгээ :...32 инчийн Монел зурагт 200.000 төгрөг / хх-48-49/,

- “ хар өнгийн зурагтыг хохирогч Э.Мөнхзулд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-37/,  

- шүүгдэгч М.Э :… Би 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн үед найз Б.Д-тэй уулзаж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 32-ын автобусны буудлын хойд талд байдаг “Дөл” нэртэй пабад 4-5 шил пиво хувааж уугаад, ганцаараа гарч яваад шууд такси бариад Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Орбитын 62 дугаар гудамжны 14 тоот руу гэр рүү явсан…Гэрийнхээ түлхүүрийг хаана хийснээ мэдэхгүй яах учраа олохгүй байж байгаад гэрийнхээ хашаанаас гарч яваад манай гэрийн урд хашаагүй 5 ханатай Монгол гэр байхаар нь очиж хар өнгийн тамбарын хаалгыг нь татахад цагаан өнгийн зүүдэг цоож байхаар нь цоожийг нь улаан өнгийн тоосгоор цохиж хаалгыг нь эвдэж, Монгол гэрт ороод гэрийн хойморь байсан хар өнгийн 32 инчийн зурагт аваад гэрээс нь гарч шууд өөрийнхээ гэрт ороход манай 2 найз У.Түмэнжаргал, Б.Дэлгэржаргал хоёр манай хашаанд ирсэн байсан. Ингээд Б.Дэлгэржаргал “чи түрүүлээд пабаас гараад явсан хаашаа явсан бэ?, наад зурагт хэний зурагт юм бэ ? гэж надаас асуухаар нь би айлаас хулгай хийснээ хэлээгүй…ахын зурагт гэж хэлсэн...Б.Д , Түмэнжаргал нар манайхаас явсан. Тэгээд би хулгай хийсэн зурагтаа өөрийнхөө гэрийн хашааны түлээний амбаарт хийж нуусан. Маргааш буюу 2020 оны 08 дугаар сарын 14-ний…орой нь Түмэнжаргалтай уулзсан чинь чи өчигдөр хэний зурагтыг аваад явсан юм бэ ? гэж асуухаар нь манай ахын зурагт байгаа юм гэсэн чинь Түмэнжаргал ахад нь мөнгөний хэрэг гараад байна. Ломбардад тавиад буцаагаад удаахгүй аваад өгье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 21 хорооллын авто сургуулийн Арвин 2 нэртэй барьцаат зээлийн газарт Түмэнжаргалын нэр дээр 70.000 төгрөгөөр тавьсан юм. Надад Түмэнжаргал ахад нь 50.000 төгрөг хэрэг болоод байна Чи илүү гарсан 20.000 төгрөгөө ав гэсэн тухай мэдүүлэг.../х-ийн 72/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.     

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.     

Иймд шүүгдэгч М.Э ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо авсан, гомдолгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн /х-37, 87-88/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :   

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.     

Шүүгдэгч нь ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт амьдардаг, тус хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөрөнгө орлогогүй болон түүний ар гэрийн амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдан /х-53, 55, 63, 71, 86/ байна.              

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял  оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.    

Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :    

 

1. Шүүгдэгч М.Э ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Э ыг 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар М.Э ын эдлэх 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.               

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.         

5. Шүүгдэгч М.Э т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

            7.  Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Э т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР