Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 622

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Ч.Н, Ч.Н

Хариуцагч: НЗД , СХДЗД

Гуравдагч этгээд. Г.А, Д.Т

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжийн Д.Т, Г.А нарт холбогдох хэсэг, С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/39 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “С******* дүүргийн ******* хороо, Ч*******ын 4 тоотод байрлах 489.4 м.кв газрыг Г.А, Д.Т  нарт эзэмшүүлэх шийдвэр гаргахыг СХДЗДд даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н, Ч.Н нарын өмгөөлөгч П.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээд Г.А, Д.Т нарын өмгөөлөгч Р.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Насанбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н, Ч.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Манай гэр бүлийнхэн буюу бидний аав Д.Ч маань дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжаар анх С******* дүүргийн /хуучнаар 17/ одоогийн ******* хорооны нутаг дэвсгэр дэх Ч*******ын 4-36 тоот хаягт байршилтайгаар ******* нэгж дугаар бүхий газрыг эзэмшиж, байшин хашаатай амьдарч, эзэмшиж ашиглаж ирсэн.

Газрын эзэмших эрх нь аавын нэр дээр байсан ба аав маань 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нас барсан учир бидний хүсэлтийн дагуу эзэмших эрх нь өвлөгдсөн бөгөөд дүүргийн Засаг даргын 2016 оны А/280 дугаар захирамжаар дээрх газрыг 6 нэгж талбарт хуваалган бид тус тусын эрхээр хашаагаа нэг хаалгатайгаар эзэмшиж байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд манай аавын дүү Д.Т нь эхнэр Г.А хамт манай хашаанд аавын зөвшөөрлөөр түр амьдарч байхдаа дураараа байшин барьж, уг газрыг өөрийн газар гэж маргаан үүсгэж байсан. Энэхүү маргаан нь С******* дүүргийн шүүхийн 2009 оны 659 дүгээр шийдвэрээр шийдвэрлэгдэж, Д.Т-н хууль бус эзэмшлээс Д.Ч-н газрыг чөлөөлөх нь зүйтэй гэж шийдсэн.

Харин авга ах Д.Т нь “зөвшөөрөлгүй байшин барьсан нь үнэн, Хашааг 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “...би өөрөө сайн дураар хашааг нь чөлөөлж өгнө, эс биелүүлбэл албадан нүүлгэхэд гомдолгүй” гэж хүсч байсан. Бид түүнийг хүчээр албадан нүүлгэх гэхээсээ илүү өөрөө нүүх байх гэж итгэж хүлээж байсан. Өөрөөр хэлбэл, хууль бусаар газар эзэмшиж, байшин барьсан гэдгийг шүүх тогтоосон, өөрөө ч хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл авга ах Д.Т болон түүний эхнэр Г.А нар нь “амьдарч буй газраа эзэмших хүсэлт”-ийг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасныг дүүргийн Газрын алба шууд хүлээн авч, газар дээр нь манай хашаа, байшин барилга байсаар байхад шалгаж нягтлалгүйгээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр захирамж гарган эзэмшүүлэх эрх олгожээ.

Газрын тухай хуульд зааснаар хүсэлт зоригоо илэрхийлэн хуульд заасан журмын дагуу өргөдөл гомдол гаргаж, холбогдох баримтыг хавсарган, өөрийн гарын үсгээр баталгаажуулснаар захиргааны үйл ажиллагаа хийгдэх ёстой.

2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрчилгээ нь гарч, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр кадастрын зургаа хийлгэж, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай хашааны газрыг өмчлөх хүсэлтийг гаргасныг хүлээн авч, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжаар газар өмчлүүлэх шийдвэр гарсан болохыг олж мэдлээ.

Бидний санахад 2005, 2006 оны үед манай хашааны орчмоор жалгатай, овгор товгор гадаргуутай байсан учраас орчны хүмүүс хогоо хаяж, хогийн цэг болгоод байсан учраас аав маань газрын албаны хүнтэй уулзаад энэ газрын хогийг нь цэвэрлэж, тэгшлэхдээ хөрөнгө гарган хогийг нь ачиж, шороо авчирч асгаж засаад хашаалж байсан юм. Үүнээс хойш өдийг хүртэл хашаатайгаа л байгаа.

Бид өвлөх эрхээ хууль ёсны болох хүртэл хугацаанд ямар нэгэн асуудлыг тавиагүй, мөн Монгол ёс уламжлалаа бодож жилийн хугацаанд хэрүүл маргаан үүсгэхгүй байсан юм. Энэ байдлыг маань далимдуулаад нагац ах Д.Т болон түүний эхнэр Г.А нар нь тус тусын нэр дээр хүсэлт гаргаж, манай хашаан дотор кадастрын зураг хийлгэн, өөрсдийн амьдарч буй газар хэмээн хүсэлт гаргасан байжээ.

С******* дүүргийн Газрын алба нь манай хашаан дотор газар хүссэн хүсэлтийг зохих журмынхаа дагуу шалгаж нягтлахгүйгээр ажиллагаа хийсэн байх ба энэхүү газар зохион байгуулалтын ажиллагаа дээр үндэслэн С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн А/39 дүгээр захирамжийг гаргасан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж байна.

Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар Газрын албанд гаргасан Д.Т, Г.А нарын өргөдөл нь “үнэн зөв байх” хуулийн шаардлага хангахгүй байх ба Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасны дагуу нягтлан шалгаагүй шийдвэрлэжээ.

Манай хашаан дотор Д.Т, Г.А нар эзэмших эрх авсан гэж бид дуулаад дүүргийн Засаг даргад хандахад 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар газар олгосон болохыг мэдэж, ямар нэг хэмжээгээр давхцаагүй гэсэн хариуг өгсөн. Үүнийг аваад НЗД д хандахад “...шүүхээр шийдвэрлүүл, манайх шийдвэрлэх боломжгүй” гээд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/2122 дугаар албан бичиг өгсөн.

Иймд кадастрын зургаар давхцаж байгаа болон манай хашаа байшин байгаа газрын эрхийг Д.Т болон түүний эхнэр Г.А нарт эзэмшүүлэх, өмчлүүлэх олголт хийсэн ажиллагааг шийдвэрийнх нь хамт хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас ийнхүү гомдол гаргаж, шүүхээр шалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Н, Ч.Н болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Н, Ч.Н нар нь С******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт Ч*******ын 4-36 тоотод амьдарч байсан аав Д.Ч-н газар эзэмших эрхийг өвлөн авсан. 2016 оны А/280 дугаар захирамжаар өвийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд тус захирамж нь хүчин төгөлдөр байгаа. Уг захирамжаар 6 газрын асуудал яригдсан  боловч аавынх нь газар дээр Д.Т гэж нагац ах нь олон жил амьдарсан байдаг. Гэтэл Д.Т түүний эхнэр Г.А нар хүсэлт гаргаж, Д.Ч-н хашаалсан байсан хашааны дотор хэсэгт шинээр газар авах тухай асуудал гаргаж, С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн. Уг захирамжийг олгохдоо бодит нөхцөл дээр судалгаа хийгээгүйгээс болж айлын хашаан дотор газар эзэмших эрх бий болсон. Үүнийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн А/478 дугаар захирамж гарсан. Д.Т, Г.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрын кадастрын зураглалын давхцал болон холбогдох газрын эрх нь хэрхэн яаж үүссэнтэй холбоотойгоор тайлбар, талуудын нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Мөн талууд материал бүрдүүлж байх үедээ ах дүү, хамаатан садан хүмүүс нэг хашаан дотор байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу газрыг чөлөөлүүлэх гэхээр тухайн газарт Д.Т-н амьдарч байгаа байшин байдаг. Тухайн газрын орц, гарцыг яах талаараа Ч.Н, Ч.Н болон Д.Т, Г.А нь харилцан тохиролцсон байгаа. Иймээс эргэлтийн цэгийг тодорхойлж, тэмдэглүүлж хүлээн авсан баримтыг шүүхэд өгсөн. Газар олголтын асуудал нь С******* дүүргийн Газрын албаны асуудал боловч хашаан дотор байгаа олон жил хамт оршин суусан хүмүүс хоорондоо эв зүйгээр шийдвэрлэсэн нөхцөл байдалд байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамж болон С******* дүүргийн Засаг даргын захирамжийн кадастрын зургийн байршлаас өөр газарт тохиролцоо хийгдэж байгаа. Иймээс гуравдагч этгээдүүд нь А/39 дүгээр захирамж болон А/478 дугаар захирамжуудаар газар эзэмшүүлэх өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн газрынхаа эрхээс татгалзаж, байшин доорх байрлалыг нь кадастрын зургаар өөрчлөлт хийхийг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал дээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. 

Ийнхүү тохиролцож байгаа нь талуудын хувьд ашигтай байдлаар газраа ашиглаж цаашид гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар амьдрах боломжтой нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ч.Н нь тухайн газрыг гуу жалга байхад нь тэгшилж, хашаа барьсан нь нотлох баримтаар тогтоогддог. Мөн 2015 онд тухайн үеийн газар зохион байгуулалт нь замын трасс хийх нөхцөл байдалтай байсан гэж мөн нотлогддог. Ингээд 2015 оны захирамжаар С******* дүүргийн ******* хороон дээр “гэр бүлийн хэрэгцээний” болгож газар олгох төлөвлөлт хийгдсэнээс хойш тухайн хашааны газрын асуудал шийдэгдэж эхэлсэн байдаг. Ийм учраас Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн А/478 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг захирамжид заасан Д.Т, Г.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн А/39 дүгээр захирамжийн Д.Т, Г.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгож,  хариуцагч НЗД д газрын зохион байгуулалтыг зүй зохистойгоор Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу тэгш эрхийн зарчмыг хангаж шийдвэрлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэв.

Хариуцагч С******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан болон шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “… Иргэн Д.Ч нь С******* дүүргийн Засаг даргын 2004 оны 204 дүгээр захирамжаар 3532,26 мкв газар эзэмших эрхтэй болсон төдийгүй Ч.Н, Ч.Н нар нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/280 дугаар захирамжаар өвлөх эрхийн гэрчилгээний дагуу Ч.Н *******, *******, Ч.Н , нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх авсан байна.

Иргэн Д.Т, Г.А нарын гаргасан газар эзэмших хүсэлтийг хянаж үзэхэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байсан тул, дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар 01-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгожээ.

Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд байх Д.Т *******, Г.А-н ******* нэгж талбарын дугаартай газар нь Д.Ч, Ч.Н, Ч.Н нарын газартай ямар нэг давхцал байхгүй бөгөөд дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсгийг зөрчөөгүй бөгөөд Ч.Н, Ч.Н нарын хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэх үндэслэл байхгүй байна.

Гэвч нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, нэхэмжлэгч нарын гаргасан С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/39 дүгээр захирамжийн Д.Т, Г.А-т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжийн Д.Т, Г.А нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ч.Н, Ч.Н нарын эзэмшлийн газар дээр гуравдагч этгээдүүдийн өмчлөлийн тоосгон, 1 давхар байшин байгаа газрыг тойруулж, “С” ХХК-иар 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шинээр кадастрын зураг хийлгэж, 489.4 м.кв газрыг шинээр эзэмших хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “…Иргэн Д.Т, Г.А нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан өөрсдийн өргөдөлдөө хорооны Засаг даргын тодорхойлолт хийлгэж, эрх бүхий байгууллагаар кадастрын зураг хийлгүүлж хүсэлт гаргасны дагуу дүүргийн газар зохион байгуулагч судлан үзэж С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/39 тоот захирамжаар Ч******* 4-36а тоот хаягт амины хашааны зориулалтаар 380 м.кв талбай бүхий газрыг иргэн Г.А-т эзэмшүүлж, улмаар 2016 онд Нийслэлийн Засаг даргын А/478 дугаар захирамжаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан, С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/39 тоот захирамжаар Ч******* 4-36 тоот хаягт амины хашааны зориулалтаар 400 м.кв талбай бүхий газрыг иргэн Д.Т-т эзэмшүүлж, улмаар 2016 онд Нийслэлийн Засаг даргын А/478 тоот захирамжаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу газар өмчлүүлэх тухай шийдвэрийг тус тус гаргасан байна. Дээрх маргаан бүхий эрхийн акт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг үүссэнээс хойш шүүх хуралдаан удаан хугацаагаар үргэлжилж, гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нарын хоорондын эвлэрлийн асуудлын талаар ярилцана гэсэн үндэслэлээр хэд хэдэн удаа хойшилсон байдаг. Энэ нь Д.Т, Г.А нарыг өөрсдийн амьдарч буй газрын хэсэгт шинээр кадастрын зураг хийлгэж, өөрсдийн амьдарч байгаа газраа хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал үүссэн байгаа. Тийм учраас гуравдагч этгээд нар өөрсдөө өмчлөлийн газраасаа татгалзаж байна гэж ойлгож байгаа. Гуравдагч этгээд нарыг ийм байр суурьтай байгаад нь Нийслэлийн Засаг даргын зүгээс маргах зүйл байхгүй. НЗД ас надад олгосон итгэмжлэлд эвлэрэх эрх олгогдоогүй болно. Тиймээс шүүхийн шийдвэр яаж ч гарсан гомдол санал гаргахгүй” гэв.

Гуравдагч этгээд Г.А, Д.Т болон тэдгээрийн өмгөөлөгч Р.Ж-с шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “…Д.Ч-н 2004 оны 204 дүгээр захирамжаар 2 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгогдсон, 3532.26 м.кв газрыг С******* дүүргийн тойргийн нотариатчийн баталсан 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 86-90 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээний дагуу С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/280 дугаар захирамжаар уг газрыг хувааж, Ч.Н-д С******* дүүрэг, ******* хороо, Ч*******ын 4 дүгээр гудамжны 36в, 36б тоот, Ч.Н-д С******* дүүрэг, ******* хороо, Ч*******ын 4 дүгээр гудамжны 36е, 36д тоот хаягт байрлах газрыг тус тус эзэмшүүлжээ.

Д.Т Г.А нар нь С******* дүүрэг, ******* хороо, Ч*******ын 4 дүгээр гудамжны 36, 36а тоот газарт 2000 оноос хойш амьдарч байгаа бөгөөд, Газрын тухай хуульд заасны дагуу амьдарч байгаа газраа эзэмших хүсэлт гаргасныг үндэслэж, С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар Д.Т, Г.А нарт 380 м.кв, 400 м.кв газрыг эзэмших эрх олгож, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжаар уг газрыг өмчлүүлсэн байна.

С******* дүүрэг, ******* хороо, Ч*******ын 4 дүгээр гудамжны 36, 36а тоот хаягт байрлах Д.Т Г.А нарын өмчлөлийн газар нь нэхэмжлэгч Ч.Н, Ч.Н нарын эзэмшил газартай ямар нэгэн давхцалгүй бөгөөд уг газрыг Д.Т Г.А нарт эзэмшүүлж, өмчлүүлсэн нь хэн нэгний эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

Нэхэмжлэлд дурдсан “…хогийг цэвэрлэж, газрыг тэгшилсэн” тухайд Д.Т Г.А нар нь Д.Ч-н ашиглаж газарт хамааралгүй, хажууд байсан газрын хогийг цэвэрлэж, газрыг тэгшилсэн бөгөөд ах дүү юм чинь тусдаа хашаа хатгаад хэрэггүй байх гээд, нэг том хашаа барьж, тэр цагаас хойш уг газар дээрээ амьдарсан болно.

Харин С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 659 дүгээр шийдвэрийн тухайд Д.Ч-н 2004 оны 204 дүгээр захирамжаар ашиглах эрх олгогдсон, 3532.26 м.кв газрыг бусдын эзэмшлээс чөлөөлөх асуудал байсан бөгөөд энэхүү захиргааны хэрэгтэй ямар ч хамааралгүй асуудал болно.

Иймд С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар С******* дүүрэг, ******* хороо, Ч*******ын 4 дүгээр гудамжны 36, 36а тоот хаягт байрлах газрыг Д.Т, Г.А нарт эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжаар өмчлүүлсэн нь нэхэмжлэгч Ч.Н, Ч.Н нарын газартай хамааралгүй, нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Г.А, Д.Т болон тэдгээрийн өмгөөлөгч Р.Ж-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдүүд болон нэхэмжлэгч нар хоорондоо харилцан тохиролцсон. Бодит байдал дээр Д.Т, Г.А-н өмчлөлийн байшин нь өөрсдийнх нь өмчлүүлсэн газарт биш нэхэмжлэгч нарын эзэмшлийн газар дээр байрладаг. Тохирсон асуудал нь байшинг тойруулаад 489.4 м.кв орчим газарт кадастрын зураг хийлгэж, координатуудын цэгийг тогтоосон акт үйлдсэн. Үүнийг гуравдагч этгээдүүд хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн А/39 дүгээр захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн А/478 дугаар захирамжуудын Д.Т, Г. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай  шаардлагыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдүүдийн хувьд татгалзах зүйлгүй.

Шинээр хийлгэсэн кадастрын зургийн дагуу “СХДЗДд 489.4 м.кв газрыг Д.Т, Г.А нарт эзэмшүүлж өгөхийг даалгаж өгнө үү” гэсэн бие даасан шаардлага гаргасан байгааг хангаж өгнө үү. Хариуцагч нарт эвлэрэх эрх олгогдоогүй учраас хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх боломжгүй байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н, Ч.Н нараас НЗД , СХДЗДд холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжийн Д.Т, Г.А нарт холбогдох хэсэг, С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/39 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг, гуравдагч этгээд нараас СХДЗДд холбогдуулан “С******* дүүргийн ******* хороо, Ч*******ын 4 тоотод байрлах 489.4 м.кв газрыг Г.А, Д.Т нарт эзэмшүүлэх шийдвэр гаргахыг СХДЗДд даалгах” бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэлээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд:

Анх С******* дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Шинэ суурьшлын бүсэд газар эзэмшүүлэх тухай” 204 дүгээр захирамжаар иргэн Д.Ч-т С******* дүүргийн ******* хороо /одоогийн ******* хороо/, Ч*******ын 4-36 тоот 3532.26 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний /амины хашааны/ зориулалтаар эзэмшүүлэн, 86595 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

            Улмаар Д.Ч нь 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нас барсантай холбогдуулан төрсөн охин Ч.Н хүү Ч.Н нараас Сонгинохайран дүүргийн тойргийн нотариатч Д.Э-н олгосон 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 086, 087, 088, 089, 090, 091 дүгээр “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г үндэслэн СХДЗДд хандан газар “Эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” хүсэлт гаргасныг дүүргийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/280 дугаар захирамжаар шийдвэрлэж, Ч.Н-нд С******* дүүргийн ******* хороо Ч*******ын 4-36а /700 м.кв/, 36б /700 м.кв/, 36в/700 м.кв/, Ч.Н-д С******* дүүргийн ******* хороо Ч*******ын 4-36г /700 м.кв/, 36д /700 м.кв/, 36е /615 м.кв/ байршилтай газрыг тус тус амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ хооронд С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар Д.Ч-н хашаанд амьдарч байсан[1] Д.Т-т С******* дүүргийн ******* хороо Ч*******ын 4-36 тоот /400 м.кв/,  эхнэр Г.А-д С******* дүүргийн ******* хороо Ч*******ын 4-36а тоот /380 м.кв/ байршилтай газрыг тус тус амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжаар иргэн Г.А болон Д.Т нарт уг газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлүүлсэн байна.

Хэдийгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын маргаж буй газар нь бүхэлдээ нэг хашаатай, нэхэмжлэгчийн эзэмшлийн сэлбэгийн агуулах нь гуравдагч этгээдийн өмчлөл бүхий газар дээр байрлаж байгаа, гуравдагч этгээдийн оршин сууж буй байшин нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар дээр байрлаж байгаа хийгээд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшиж, өмчилж буй гэх газар нь С******* дүүргийн ******* хороо Ч*******ын 4-36а тоот хаягтай болох нь хэргийн оролцогчдын шүүхэд гаргаж өгсөн тайлбар, эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураглал дээр тэмдэглэгдсэн хаягжилт, хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар тодорхой байх хэдий ч энэ нь зөвхөн хаягжилтын л давхцал болохоос бус бодит байдал дээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газар нь ямар нэгэн давхцалгүй болох нь маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 1/2147, 2018 оны 2/180 дугаар албан бичиг болон хариуцагч НЗД  болон С******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбараар тус тус тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлд заасанчлан Монгол Улсын иргэн аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд ... эзэмшүүлж болохоор заасан байршилт, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй газрыг хүсэлтийн үндсэн дээр шударга ёс, тэгш эрхийн үндсэн дээр эзэмших эрхтэй.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь:

1. Гуравдагч этгээд Д.Т, Г.А нь С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/39 дүгээр захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжаар эзэмшиж, өмчилсөн С******* дүүргийн ******* хороо, Ч*******ын 4-36 тоот /400 м.кв/,  4-36а тоот /380 м.кв/ байршилтай газрын эрхээсээ татгалзан, шинээр 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Сайтсүрвэй” ХХК-иар хийлгэсэн газрын байршлын кадастрын зураглалын дагуу 489.4 м.кв газрыг эзэмшихээр,

2. Нэхэмжлэгч Ч.Н, Ч.Н нар нь хариуцагч нарын зүгээс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Сайтсүрвэй” ХХК-иар хийлгэсэн газрын байршлын кадастрын зураглалын дагуу 489.4 м.кв газар болон түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох 1 давхар улаан тоосгон байшинг гуравдагч этгээд Д.Т, Г.А нарт шилжүүлэхэд шаардлагатай эрх зүйн актуудыг гаргахыг үл маргах журмаар хүлээн зөвшөөрөхөө илэрхийлж, гуравдагч этгээд Ч.Т холбогдох С******* дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 659 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж өгөх үүргийг хүлээн, “Сайтсүрвэй” ХХК-иар хийлгэсэн газрын байршлын кадастрын зураглалын дагуу гуравдагч этгээд нарт шинээр олгох 489.4 кв.м газрыг /төмрийн хог зэрэг/ чөлөөлөхтэй холбоотой ажиллагааг өөрийн хөрөнгөөр нэн даруй авч хэрэгжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон болохоо шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулахыг хүсчээ.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын энэхүү тохиролцоотой холбоотойгоор хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... талууд ийнхүү тохиролцож байгаа тохиолдолд Засаг даргын зүгээс маргахгүй. Эвлэрэх эрх олгогдоогүй учраас шүүхийн шийдвэрт тусгаж өгөх нь зүйтэй байх” гэсэн тайлбарыг, С******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... энэхүү маргаж буй газар нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдээс өөр хэн нэгний газартай давхцалгүй, талууд эв зүйгээ олсон тохиолдолд шүүхийн шийдвэрийн дагуу бид холбогдох эрх зүйн актуудыг гаргаад явах бүрэн боломжтой” гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэргийн оролцогчдын зүгээс харилцан тохиролцсоны үндсэн дээр үл маргах журмаар хүлээн зөвшөөрөхөө бичгээр илэрхийлсэн байх тул Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамж болон С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/39 дүгээр захирамжийн гуравдагч этгээд Д.Т, Г.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, С******* дүүргийн ******* хороо, Ч*******ын 4 тоотод байрлах 489.4 м.кв газрыг гуравдагч этгээд Г.А, Д.Т нарт эзэмшүүлэх шийдвэр гаргахыг СХДЗДд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус үндэслэн Ч.Н, Ч.Н нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамж болон С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/39 дүгээр захирамжийн гуравдагч этгээд Д.Т, Г.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн С******* дүүргийн ******* хороо, Ч*******ын 4 тоотод байрлах 489.4 м.кв газрыг гуравдагч этгээд Г.Алтаннар, Д.Төмөрбаатар  нарт эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг СХДЗДд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЗД ас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, СХДЗДас гуравдагч этгээд нарт тус тус олгосугай

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХТУЛГА


[1] С******* дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 659 дугаар “ Д.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй ... газрыг ...Д.Төмөрбаатарын хууль бус эзэмшилээс чөлөөлж, албадан нүүлгэн гаргах” шийдвэртэй.