Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0310

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Х-гийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т

Нэхэмжлэгч Ц.Х

Хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 137 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0606/З/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Х нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “... Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Ц.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд томилуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 137 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Х-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Ц.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ц.Х-г Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын даалгаж шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангахгүй байх тул эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

3.2. Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан сонсох ажиллагааны явцад сонсголын хуудас дээр хүлээн зөвшөөрөхгүй гэж бичсэн хэдий ч дараа нь Төрийн нарийн бичгийн даргатай биеэр уулзахдаа хүлээн зөвшөөрч Эрүүл мэндийн даатгалын газар руу 2021 оны 1 дүгээр сараас шилжин ажиллаж байгаа болно.

3.3. Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/130, А/135 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны албан хаагчдыг чөлөөлж, томилсон байдаг.

3.4. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нийт албан хаагчдад сонсох ажиллагааг явуулсан бөгөөд тус ажиллагаанд нэхэмжлэгч хамрагдсан болно.

3.5. Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагчаар Эрүүл мэндийн яамыг тодорхойлж, Эрүүл мэндийн сайдын төлөөлөгчөөр Д.Т миний бие томилогдсон билээ. Харин нэхэмжлэгчийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу шилжүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гаргасан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу шилжүүлэн ажиллуулахыг хүлээн зөвшөөрч биеэр очиж ажиллаж байгаа мөртлөө хүлээн зөвшөөрөөгүй мэтээр шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна.

36. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Ц.Х нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “...Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Ц.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах”-аар маргасан байна.

2.2. Маргаан бүхий Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тухай” А/136 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.Х-мааг Нийгмийн эрүүл мэндийн газарт Халдварт бус өвчин, осол гэмтлийн асуудал хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ц.Х Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчин, осол гэмтлийн асуудал хариуцсан ахлах шинжээч албан тушаалд томилогдон ажиллаж, улмаар албан тушаалын чиг үүрэг нь Засгийн газрын 2020 оны 10 дугаар 21-ний өдрийн 155 дугаар тогтоолын дагуу баталсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/118 дугаар тушаалаар Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар, нийтийн Эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт сэргийлэлтийн хэлтэст тус тус чиг үүрэг нь үлдэж, Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 231 дүгээр тогтоолын дагуу батлагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/130 дугаар тушаалаар Нийтийн Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хяналт, сэргийлэлт, эрт илрүүлэг хариуцсан шинжээч болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар Халдварт бус өвчний хэлтэс 3 орон тоотойгоор шинэчлэн батлагдсан нь Ц.Х-гийн ажиллаж байсан Халдварт бус өвчин, осол гэмтлийн асуудал хариуцсан ахлах шинжээч албан тушаалын чиг үүрэг хадгалагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Мөн маргаан бүхий актаар Ц.Х-г Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэхдээ төрийн албан хаагчийн зөвшөөрлийг авах, шилжүүлэн авч байгаа байгууллагын удирдлагатай харилцан тохиролцох нөхцлийг хангалгүйгээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 01/06 дугаар албан бичгээр нотлогджээ.

3.1. Ц.Х-г Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар эмнэл зүйн хяналтын ахлах мэргэжилтнээр томилж, 2021 оны 6 дугаар сарын 25-ны А/105 дугаар тушаалаар ТЗ-7-5-д заасан ангилал, зэрэглэлд хамруулсан нь албан тушаал болон цалин хөлс буурсан нь тогтоогдож байх тул хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

3.2. Учир нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаал нь дээрх байдлаар ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу албан тушаал хадгалагдан үлдсэн, маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасныг баримталсан байх бөгөөд энэ хуулийн тайлбар хэсэгт “.... 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гэж тодорхойлсноор, нэхэмжлэгчийн тухайд тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа гэх нөхцөл байдал байхгүй, түүнчлэн ажлын зайлшгүй шаардлага байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй энэ тохиолдолд хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4. Түүнчлэн Төрийн жинхэнэ албан хаагчийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж зааснаар өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тохиолдолд өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ. Төрийн жинхэнэ албан хаагчтай шилжүүлэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулах ёстой.

4.1. Хэдийгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга “Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай” тушаал гаргах бүрэн эрхтэй ч нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур төрийн албанаас чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах эрхийг олгоогүй.

4.2. Тодруулбал, хариуцагч албан тушаалтан дээрх ажиллагааг явуулаагүй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах тухай шийдвэрийг Ц.Х зөвшөөрсөн нь тогтоогдоогүй, маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцээгүй байна.

4.3. Нөгөөтэйгүүр, захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэрийг гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэж зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах тохиолдолд захиргааны акт чиглэгдсэн этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах учиртай. Хариуцагч албан тушаалтан энэ ажиллагааг хэрэгжүүлсэн боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбарууд болон бусад баримтуудаар Ц.Х-г шилжин ажиллахыг зөвшөөрөөгүй болох тогтоогдсон бөгөөд энэ нь хуульд заасан дээрх зарчимд нийцээгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

4.4. Өөрөөр хэблэл, хариуцагч албан тушаалтан буцааж томилогдоогүй хүн бүртэй уулзалт зохион байгуулан бичлэг хийж сонсох ажиллагаа явуулсан гэх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцээгүй.

5. Иймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ц.Х-г шилжүүлэн ажиллуулах үндэслэл бүрдээгүй байхад харилцан тохиролцолгүйгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

5.1. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч Ц.Х нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу шилжүүлэн ажиллуулахыг хүлээн зөвшөөрч биеэр очиж ажиллаж байгаа мөртлөө хүлээн зөвшөөрөөгүй мэтээр шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Эдгээр нөхцөл байдлаас үзвэл маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

                     ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

 

 

                     ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН