Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01754

 

“Н ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

         2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01100 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1536 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “Н ББСБ” ХХК

         Хариуцагч: “Н” ХХК-д холбогдох        

        57 904 933 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

        Зохигч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

        Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

        Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: 2014-06-18-ны өдөр Н ХХК-д автомашин худалдан авахад нь зориулж 136 сая төгрөгийг 1.49 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай  зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 01 дүгээр сараас хойш зээлийн гэрээний үүрэг  зөрчигдөж  эргэн төлөлт хийгээгүй. Үндсэн зээлийн төлбөрт 72,999,452.95 төгрөг, хүүд 10,732,177.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 568,291.48 төгрөг, нийт 84,305,921.56 төгрөгийн тооцоо байгаа. Үүнээс 27-89 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны үнийг хасч, үндсэн зээл 55,478,301.32 төгрөг, хуримтлагдсан хүү 1,570,590.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 324,061.14 төгрөг, нийт 57,372,953.17 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527,980 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 4000 төгрөг бүгд  57,904,933.17 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг  28-79 УНВ улсын дугаартай Шевроле Каптива маркийн автомашинаар хангуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Автомашин худалдах-худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 58 500 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 0 хувийн зээлийн нөхцөлд хамрагдан 24 сарын хугацаанд Номин Юнион ББСБ-аар дамжуулан төлөхөөр харилцан тохиролцсон. Н ББСБ ХХК нь 2014-06-18-ны өдрийн гэрээгээр 136,5сая төгрөгийг Н ХХК-ийн дансанд хийгээгүй, шилжүүлээгүй. Н ХХК  3 ширхэг автомашины төлбөрт нийт 136,223,717 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01100 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 16,220,173 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 41,685,760 төгрөгийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагын хамт  хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  төлсөн 582 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70 200 төгрөгийг нэхэмжлэгчээс нэмж гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагчаас 239 051 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1536 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,   гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч  гомдолдоо: “...нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас 2015 оноос эхлэн амаар болон бичгээр …нэхэмжлэл гаргаж байсан боловч хариуцагч оршин суух хаяг дээрээ байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, ...хариуцагчийг эрэн сурвалжилсан шийдвэр гарч байсан нь нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрийг шаардаж цаг хугацааны хувьд, хөрөнгө санхүүгийн хувьд яаж хохирч ирсэн болохыг харуулж байгаа. Хариуцагч Н ХХК нь зээлийн төлбөрийг гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу хугацаанд бүрэн төлөөгүй гэдгээ ч үгүйсгээгүй ба энэ цаг хугацаанд өөрийн эзэмшил ашиглалтанд байсан автомашинуудыг бусдад түрээслүүлэн орлого олж байсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч зээлийн гэрээний хавсралт 1-д зааснаар зээлээ хугацаанд нь төлж байсан бол зээлийн гэрээний 3.1.4-д зааснаар зээлийн хүүг Номин моторс зээлдэгчийн өмнөөс төлөх байсан, гэвч хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй цагаас эхлэн хууль болон гэрээнд заасны дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болсон. Хариуцагч нь шүүх хуралдаан дээр зээлдүүлэгчид зээлийн төлбөрт зориулж 136,223,717 төгрөг төлсөн гэж маргасан. Гэтэл хариуцагч урьдчилгаа гэж Номин Трөйдинг ХХК-д худалдах-худалдах авах гэрээний дагуу 2014.06.02-ны өдөр төлсөн 18 сая төгрөг, 2014.06.16-нд төлөгдсөн 40,5 сая төгрөг нийт 58,5сая  төгрөг нь уг зээл төлсөн гэх 136,233,717 төгрөгт багтсан байсан. Зээлийн гэрээ байгуулагдаагүй зээл олгоогүй байхад зээлийн төлөлт хийсэн гэж маргаж байгаа хариуцагчийн тайлбар, нотлох баримт нь үндэслэлгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс уг тооцооллыг анхаарч үзээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 41,156,780 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Уг 58,5сая төгрөгийг зээлийн тооцооноос хасаж шийдвэрлэх ёстой байсан. Хэдийгээр Номин Трейдинг ХХК болон Н ББСБ нь нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээдүүд мөн боловч тус тусдаа өөр өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус бүр бие даасан удирдлагатай учир нэг нэгнийхээ өр, авлагыг бусдын өмнө хариуцахгүй. Хариуцагчаас шийдвэр гаргах өдрийн байдлаар нэхэмжлэгчид яг хэчнээн төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн байгааг бодитоор зөв тодорхойлж дүгнээгүй атал хариуцагчийн гаргасан дансны хуулга нь шүүхэд гаргаж байгаа тайлбартай илтэд зөрүүтэй байхад нотлох баримтын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ эргэлзээгүй үнэн зөв талаас бодитоор үнэлж дүгнээгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаагүй юм. Номин трейдинг ХХК болон Н ББСБ нарын хооронд авто машин худалдан борлуулсан гэх ямар нэгэн баримт байхгүй байхад шүүх хэрэгт авагдаагүй үйл баримт дурдаж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Хариуцагч тахойг 25 сая, каптиваг 30 сая төгрөгөөс тус тус илүү үнэтэй гэж маргах боловч гомдол шаардлагаа нэхэмжлэгчид гаргаж байгаагүй тул уг үнэлгээгээр худалдагдсан борлуулсныг зээлдүүлэгч хүлээн зөвшөөрсөн гэж үзээд зээлээс нь хасч шүүх дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нь зээлдэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй.   Иймд  нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч  гомдолдоо: “...Шүүх Н ХХК болон Н ББСБ ХХК /цаашид “Н ХХК” гэх/ нарын хооронд 136,5 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн  буруу.  Н ХХК-ийн хувьд автомашиныг Н ХХК-иас зээлийн дагуу хүлээн аваагүй. Номин Трейдинг ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр хүлээн авсан. Шүүх автомашиныг хүлээн авснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцно.  Автомашин нь мөнгөөр илэрхийлэгдэх үл хөдлөх эд хөрөнгө боловч мөнгөн хөрөнгө биш юм. Уг хуулийн заалт нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд хэрэглэх бөгөөд Банк, бус санхүүгийн байгууллагын хувьд Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ нь тус хэсэгт зааснаар “мөнгөн хөрөнгийг” шилжүүлснээр, Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ.” гэж заасан байна. Мөн хуулийн 21.4 дэх “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.” гэж заасан атал шүүх автомашиныг мөнгөн хөрөнгө гэж үзэн зээлийн гэрээг байгуулсан гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Гэтэл Н ББСБ нь манай компанид 2014-06- 18-ны өдрийн NС/ЗГ070 тоот гэрээний дагуу 136,5сая төгрөгийг манай компанийн дансанд хийгээгүй өөрөөр хэлбэл, зээл олгоогүй. Уг зээлийн Номин Трейдинг ХХК-ийн дансанд шилжүүлснээ ч батлаагүй атал  уг зээлийн гэрээний зөвхөн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 63,486,780 төгрөг авсан.  Зээл олгоогүй учир зээлийн хүү бодох үндэслэл байхгүй. Номин Трейдинг ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд автомашины үнийг Номин Юнион ББСБ-аар дамжуулан төлнө гэж заасны дагуу лизингийн төлбөрт нийт 80 сая гаруй төгрөгийг худалдан авсан 3 автомашины үнэнд нийт 136 233 717 төгрөгийг төлсөн байхад  хоёр автомашиныг 2016 оны 09 сард, 2017 оны 10 сард тус тус булаан авсан. Хэрэг хянан шийдвэрлэж дуусаагүй байхад Н ХХК нь Н ХХК-ийн гараашийн цоожыг эвдлэн орж, 60 сая төгрөгийн үнэ бүхий 28-79 УНВ улсын дугаартай автомашиныг 2018-07 -25-ны өдөр булаан авч явсан. Ашиг сонирхол нэг компанийн нийлж Н ХХК-ийн эрх ашигт ноцтой халдаж 136,233,717 төгрөгөөр хохироогоод байна. Энэ нь анхнаасаа ашиг сонирхолтой хэлцэл байгуулж, хууль бусаар автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авсантай холбоотой. Худалдан-худалдан авах гэрээний дагуу гурван автомашины өмчлөх эрх Н ХХК-д шилжих байтал Номин Трейдинг болон Н нар хоорондоо тохиролцож, Н-д шилжүүлсэн байсан. Иймд талуудын анхдагч хүсэл зориг болох автомашин худалдах-худалдан авах гэрээний хүрээнд асуудлыг шийдэх нь зүйтэй. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт зээл аваагүй гэх боловч Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор Н ББСБ-иас 136,5сая   төгрөгийн зээл авахыг зөвшөөрсөн тогтоол байна гэжээ. Шүүхийн зүгээс уг тогтоолыг үнэлэн зээл авсан гэж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Хэдийгээр Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс зээл авахыг зөвшөөрсөн тогтоол үйлдэж байсан ч уг зээл нь зөвхөн зээлдэгчийн дансанд шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         “Н ББСБ” ХХК 2018-02-02-ны өдөр шүүхэд хандан, Н ХХК-с 2014-06-18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 55,478,301.32 төгрөг, хуримтлагдсан хүү 1,570,590.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 324,061.14 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527,980 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 4 000 төгрөг бүгд 57,904,933.17 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 28-79 УНВ улсын дугаартай Шевроле Каптива маркийн автомашинаар хангуулахыг шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

       Шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       “Н ББСБ” ХХК нь Н ХХК-с зээлийн гэрээний үүрэг шаардсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө Номин трейдинг ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээг үндэслэжээ.   

        Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр  зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно. Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно. Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.  Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.             

       “Н ББСБ” ХХК-н нэхэмжлэлтэй, Н ХХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Номин трейдинг ХХК оролцоогүй байхад шүүх уг хуулийн этгээд болон хариуцагчийн хоорондын автомашин худалдах-худалдан авах гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлж зээлийн гэрээний талаар дүгнэлт хийсэн нь буруу болжээ.   

        Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл, Номин трейдинг ХХК нь  Н ХХК-д автомашин худалдаж урьдчилгаа төлбөрийг хариуцагчаас авсан, автомашины үлдэх төлбөр “Н ББСБ” ХХК-с зээл олгох хэлбэрээр төлөгдсөн, хариуцагчийн худалдан авсан автомашин нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй байна.  

       Н ХХК, Номин трейдинг ХХК-ийн хооронд автомашин худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой маргаан үүссэн эсэх, уг гэрээ дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй байгаа тохиолдолд автомашиныг зээлийн төлбөрт тооцох эсэх талаар дүгнэлт хийх нь Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд нийцэхгүй гэж үзлээ.

       Хэргийн бодит байдал тогтоогдоогүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01100 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1536 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 363,735 төгрөг, хариуцагчаас  2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 239,050.87 төгрөгийг захирамжаар тус тус буцааж олгосугай. 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ