Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2015/0504/з |
Дугаар | 315 |
Огноо | 2016-10-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 315
Н.Баярхүүгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 281 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0499 дүгээр магадлалтай, Н.Баярхүүгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 281 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн "Албан тушаал бууруулах тухай" 147, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай" 170 дугаар тушаалууд хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон Н.Баярхүүг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын ажилтай дүйцэхүйц Баянгол дүүргийн Улсын бүртгэл статистикийн хэлтсийн бүртгэлийн тасгийн улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, 9 191 245 /есөн сая нэг зуун ерэн нэгэн мянга хоёр зуун дөчин тав/ төгрөгийн цалинг гаргуулж нэхэмжлэгч Н.Баярхүүд олгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 499 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 281 дүгээр шийдвэрийн "Тогтоох" хэсгийн 1 дэх заалтыг "Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн "Албан тушаал бууруулах тухай" 147, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 1707 дугаар тушаалууд хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, Н.Баярхүүг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 01 дүгээрсарын 26-ны өдрөөс2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 9 191 245 төгрөг /есөн сая нэг зуун ерэн нэгэн мянга хоёр зуун дөчин тав/-ийн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй" гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0499 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Нэхэмжлэгч Н.Баярхүү нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтийн дагуу 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст Иргэний бүртгэлийн тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
УБЕГ-ын 2014 оны сүүлийн хагаст хийх төлөвлөгөөт хяналт, шалгалтын дагуу Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хийсэн шалгалтаар нэхэмжлэгч нь албан үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа нь илэрсэн тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т заасны баримтлан УБЕГ-ын даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тушаалаар түүнийг албан тушаал бууруулан Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Э.Мөнхгэрэлийн хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гэвч нэхэмжлэгч нь УБЕГ-ын даргын тушаалыг үл зөвшөөрч тухайн албан тушаалыг хүлээн авч ажиллахгүй байсаар УБЕГ-ын даргын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1707 дугаар тушаалаар нэхэмжлэгч чөлөөлөгдсөн.
Тухайн үед нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах үед УБЕГ-т бүртгэгчийн орон тоо байхгүй байсан бөгөөд төрийн алба тасралтгүй байх зарчмын дагуу орон тоо гартал түүнийг хүүхэд асрах чөлөөтэй бүртгэгчийн оронд түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон боловч нэхэмжлзтч тушаалыг эс зөвшөөрч тухайн ажлыг хүлээн аваагүй явсаар Э.Мөнхгэрэл нь хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгон ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан. Нийслэлийн хамгийн их хүн амтай, ачаалалтай Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэгчийн үүрэгт ажлаа нэхэмжлэгч шүүхэд хандсан нэрийн дор хийхгүй нэгэнт 10 сар болсон, өөрийн алдааг зөвшөөрч байгууллагын удирдлагатай тохиролцохыг хүсээгүй,түүнчлэн шүүхийн шийдвэр гараагүй, хэргийн явц удах магадлалтай, мөн нэхэмжлэгчийг өөр албан тушаалд томилбол дахин төрийн албаны тасралтгүй байдал алдагдаж дахин нэг орон тоо сул байхаар байсан тул нэхэмжлэгчийг 1707 дугаар тушаалаар чөлөөлсөн.
2. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга бөгөөд Улсын ахлах бүртгэгчээр, цалингийн ТЗ-7 зэрэглэл, шатлал 5-р цалинжиж байсан бөгөөд хэргийг хэлэлцэх явцад Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 6.2-т "...газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй..." гэж заасны дагуу УБЕГ-ын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 387 дугаар тушаалаар аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн хэлтсүүд Иргэний болон Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга гэсэн албан тушаал хасагдаж салбар, нэгж болгонд Иргэний болон Эд хөрөнгийн эрхийн улсын ахлах бүртгэгч гэсэн албан тушаал үлдсэн. Гэвч нэхэмжлэгч зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхгүй явсаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 840 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга гэсэн хасагдсан албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргаж Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байдал үүссэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 133 дугаар магадлалаар 840 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжпэлийн шаардлагаа тодруулж Н.Баярхүүг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд томилуулах хүсэлт гаргасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 15-нь өдрийн 281 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн Улсын бүртгэл статистикийн хэлтсийн Бүртгэлийн тасгийн Иргэний бүртгэлийн улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргасан. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 499 дүгээр магадлалаар дээр дурдсан 2015 оны 840 дүгээр шийдвэрийн алдааг дахин давтаж, асууж тодруулалгүйгээр нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга гэсэн хасагдаад удаж буй албан тушаалд эгүүлэн томилох гэж 2016 оны 281 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийг өөрчилсөн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 499 дүгээр магадлалаар тогтоох хэсгийн өөрчилснөөр дараах зүйлээр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Иргэний бүртгэлийн тасгийн дарга бөгөөд Иргэний бүртгэлийн улсын ахлах бүртгэгч гэсэн албан тушаал хашиж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолын дагуу УБЕГ-н даргын 2015 оны 387 дугаар тушаалаар Иргэний болон Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн даргын албан тушаал хасагдаж Иргэний болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн улсын ахлах бүртгэгч гэсэн албан тушаал үлдсэн. Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуулийн дагуу Үндэсний статистикийн хороо татан буугдаж, чиг үүргийг нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болж өөрчлөгдсөн. УБСЕГ-ын газрын даргын 2016 оны Б/45 дугаар тушаалаар дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсүүд нь Бүртгэлийн тасаг болон Статистикийн тасаг гэсэн шинэ бүтэцтэй болж Бүртгэлийн тасаг нь дарга, Иргэний болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн улсын ахлах бүртгэгч тус бүр нэг гэсэн зохион байгуулалтта/ болж өөрчлөгдсөн. Бүртгэлийн тасгийн дарга нь Иргэний бүртгэл болон Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хариуцаж, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн.
Нэхэмжлэгч нь төрийн захиргааны албан хаагчийн зэрэглэл ТЗ-7-оор цалинжиж байсан бол дээр дурдсан УБСЕГ-ийн даргын Б/47 дугаар тушаалаар Бүртгэлийн тасгийн дарга нь ТЗ-8, Улсын ахлах бүртгэгч нар нь ТЗ-7 гэж баталсан байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Баянгол. дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд томилуулах гэсээр байтал Шүүх сайн дураар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж Иргэний бүртгэлийн тасгийн даргын, албан тушаалд эгүүлэн томилох гэж алдаатай шийдвэр гаргалаа.
Иймд Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.2.4-т зааснь дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 915 дугаар тушаалаар Н.Баярхүүг “Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Л.Бальдирмаагийн чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр томилсон, мөн даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тушаалаар “...албан тушаалын зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь ... шалгалтаар тогтоогдсон” гэх үндэслэлээр Н.Баярхүүг “... үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Э.Мөнхгэрэлийн хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэлх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр томилсон, тушаалын хууль зүйн үндэслэлийг “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, ... Засгийн газрын 2011 лгы 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.2.6, 4.6, 5.2 ...” гэж уг тушаалд заажээ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн /тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болох/”-оор заасан, уг заалтын “албан тушаал бууруулах” ойлголт нь төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын шатлал, зэрэглэлийг бууруулж, өөр албан тушаалд томилон ажиллуулах хууль зүйн агуулгатай тул хуулийн уг заалтыг үндэслэж гарсан “албан тушаал бууруулах” захиргааны шийдвэр нь төрийн жинхэнэ албан хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлөх болон өөр албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх хууль зүйн үр дагавар үүсгэх учиргүй.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.6-д “...эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсны дараа албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг нь хүлээлгэн өгч, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа эргүүлэн хүлээн авна”, 4.7-д “...албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчийг үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлох албан тушаалыг гүйцэтгүүлнэ” гэж тус тус заасыг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, тухайн тохиолдолд “албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх” харилцаа нь албан тушаал буурч өөр ажил, албан тушаалд томилогдох этгээдэд хамааралгүй, тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт хамгийн ойр хамааралтай албан хаагч эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр хугацаагаар, үндсэн ажлынхаа хажуугаар эрхлэн гүйцэтгэх агуулгатай байна.
Иймд маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тушаалаар Н.Баярхүүг албан тушаал бууруулахдаа хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр (түр хугацаагаар) томилсон нь дээрх хууль болон журмын заалтуудад нийцээгүй гэж дүгнэх үндэслэлтэй, энэ нь уг актыг шүүхээс хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болох тул нэхэмжлэгч Н.Баярхүү “ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн эсэх” талаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч Н.Баярхүү нь “Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Л.Бальдирмаагийн чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр ажиллаж байсан, уг үйл баримттай талууд маргаагүй байхад давж заалдах шатны шүүх Н.Баярхүүг “...Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож” шийдвэрлэсэн нь буруу, түүний урьд эрхэлж байсан “Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ийн албан тушаалд эгүүлэн тогтоох байжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...нэхэмжлэгч Баянгол. дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд томилуулах гэсээр байтал шүүх сайн дураар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж Иргэний бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн томилох алдаатай шийдвэр гаргасан” гэх боловч нэхэмжлэгч Н.Баярхүүгийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тохиолдолд, “Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга”-ын албан тушаалын орон тоо хасагдаагүй, хэвээр байхад, шүүх нэхэмжлэгч Н.Баярхүүгийн урьд эрхэлж байсан “Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь хууль зөрчөөгүй.
Эдгээр үндэслэлээр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 499 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний бүртгэлийн тасгийн даргын...” гэсний дараа “үүргийг түр орлон гүйцэтгэгчийн” гэж нэмэн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА