Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 12

 

П.Баярсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгч П.Баярсайхан, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 743 дугаар магадлалтай, 201501070333 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Пүрэв-Очирын Баярсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.Баярсайханыг согтуугаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, бусдад үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /9,792,000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч П.Сугарням болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Ж.Тэгшмандал нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн Эрүүгийн хуулий тусгай ангийн 215 дугаар зүйлий 215.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл согтуугаар зам тээврийн осол гаргасан талаар нотлох баримт байхгүй. Улсын дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 27 дугаар тогтоолын 15-д “Согтуурлын хэмжээг зориулалтын төхөөрөмж болон бусад шинжилгээгээр, мансуурлын байдлыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр заавал тогтоосон байвал зохино” гэжээ. Хавтаст хэрэгт П.Баярсайханы согтуурлыг шалгаж тогтоосон баримт авагдаагүй. Зам тээврийн осол гарах үедээ архи уугаагүй эрүүл байсан гэдгийг өөрөө мэдүүлдэг ба үүнийг нь хохирогч П.Сугарням, гэрч н.Мягмарсүрэн нар нотлодог. Түүнчлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг  тогтоолгох, 3 гэрч асуулгах зэрэг нэмэлт ажиллагаа хийлгүүлэх шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон нь үндэслэлтэй эсэхийг хянуулах хүсэлтэй байна. Зөвхөн архи уусан эсэхээ шалгуулаагүй гэх гэрчүүдийн мэдүүлэг нь “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан” гэх нотолгоо биш бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчлөх бүрэн боломжтой.

П.Сугарнямын шүүхэд гаргасан тайлбарыг нотариатаар батлагдаагүй тул хохирогчийн төлбөрийг шүүгдэгч төлсөн гэж үзэх боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн 70 хувь буюу 7,140,000 төгрөг гаргуулснаас гадна 9,792,000 төгрөгөөр торгож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хохирогч П.Сугарням нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн аваагүй нь ойлгомжгүй байх бөгөөд энэхүү нөхцөл байдлаас П.Баярсайханы эрх ашгийг ноцтой зөрчигдөж хууль бус төлбөр ноогдож байгаад гомдолтой байна.

П.Баярсайханыг анхан шатны шүүхээр шийтгүүлсний дараа Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Миний үйлчлүүлэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Гэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол болон магадлал нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар түдгэлзэх бөгөөд одоогоор хүчин төгөлдөр болоогүй байгаа. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр хэргийг хүнд хэрэг рүү нэгтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой.

Иймд Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 743 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, 201501070333 тоот хэргийг 201625021994 тоот хэрэгт нэгтгэж өгнө үү...” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “П.Баярсайханыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, бусдад үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол болон магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч П.Баярсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны орой 19 цаг 20 минутын үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт чулуун карьерийн орчим байрлах асфальтан зам дээр бусдын эзэмшлийн 08-03 УББ улсын дугаартай “Toyota harrier” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас осол гаргаж бусдын биед хүндэвтэр гэмтэл, бусдын эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс П.Баярсайханыг согтуугаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, бусдад үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Баярсайханы согтуурлын хэмжээ түүний буруутай ажиллагааны улмаас тогтоогдоогүй байх боловч гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурлын байдалтай байсан нь хохирогч П.Сугарням болон дуудлагаар очсон цагдаагийн ажилтан, эмч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон үйл баримт тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт согтуурлын хэмжээнээс үл хамааран энэ хэргийг жолооч согтуугаар үйлдсэн бол ялыг хүндрүүлэхээр заасан байх тул согтуурлын хэмжээ тогтоосон акт хэрэгт авагдаагүй нь хэргийн зүйлчлэл болон хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Баярсайхан нь дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлсний дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэрэгт холбогдон шүүхэд шилжсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөх үндэслэл байхгүй гэж үзнэ. 

Хохирогч П.Сугарням нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргахдаа хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй тухай дурдаж, нотариатаар баталгаажуулсныг харгалзан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгчээс төлбөр гаргуулсан 5 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.4 дэх хэсэгт: хяналтын шатны шүүх хуралдаан дээр зөвхөн прокурор, өмгөөлөгч санал хэлж болох зохицуулалттай тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын “хохирол төлөгдсөн болохыг гэрчлүүлэхээр хохирогч П.Сугарнямыг шүүх хуралдаанд оролцуулах” тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдаж байна.    

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар П.Баярсайханаас 7,140,000 төгрөг гаргуулж хохирогч П.Сугарнямд олгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээс үлдэх 3,060,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР