Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 217

 

2020/ШЦТ/217

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

                Улсын яллагч: С.Батсүх

                Шүүгдэгч: Ө.Т  

                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Өын Төд холбогдох 2012002420257 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, багш мэргэжилтэй, Гост ХХК-нд хянагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, .................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Өын Т/РД:АЭ............./

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Өын Т нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар уурын зуухны гадаа Д.Хтэй маргалдаж, улмаар зүүн нүд орчим нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                  Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2012002420257 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Хийн мэдүүлсэн: ...Г.Д миний утсыг барьчихсан зогсож байхаар нь утсаа авах гэхэд Ө.Т миний хажуугаас дайраад байсан, тэгээд намайг цохисон. Г.Д намайг цохиж зодсон асуудал байхгүй, гэхдээ А.Лын утаснаас болж Г.Дтэй маргалдсан асуудал байгаа. Г.Д бид хоёрын хооронд ямар ч зодоон болоогүй. Ө.Т намайг цохих үед А.Л хажууд байгаагүй. Миний хажууд Г.Д, Ө.Т хоёр байсан, өөр хүн байгаагүй. Миний зүүн нүд огт юм харахгүй байсан, их хурц гэрлийг бүдэг мэдэрдэг байсан. Миний утсыг Г.Д барьчихсан байхад нь авахад таг, баттерей нь салсан байсан. Бүрэн бүтэн авсан боловч гэртээ хариад үзэхэд баттерейг нь хаясан байсан, хулгайд алдсан асуудал байхгүй. Г.Дг авсан байх гэж байсан, гэхдээ хэн авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Гомдолтой байна, эмчилгээний зардал төлүүлэх хэрэгтэй байгаа. Эмчилгээний зардалд гарсан баримтаа бүрдүүлж өгнө гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Лийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр би гэртээ амарч байгаад орой 17 цагаас ажилтай 16 цаг 50 минутын үед зуухан дээр ирэхэд Д.Х хүнд зодуулсан гээд уурын зуухны орон дээр зүүн талын нүдээ дараад хэвтэж байсан. Харин гадаа А.Л гар утсаа хулгайд алдлаа гээд байж байсан юу болсон талаар асуугаад цагдаа дуудаж дуудлага өгсөн. Тухайн үед би А.Л манай ажлын селисерь Д, Д.Х нар байсан, өөр хүн байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт байсан хүний гар утас алга боллоо утас авсан байна гээд хоорондоо маргалдаж байгаад зодоон үүссэн, өөр ямар нэг шалтгаан байхгүй. Тухайн гэмтлийг хэн учруулсныг би мэдэхгүй байна. Тухайн үед уурын зуухан дотор Д.Х архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түүний зүүн талын нүд улайж хөөж хавдсан гараараа нүдээ дарсан доошоо хараад сууж байсан. Өөр гаднаас харагдах шарх сорив байгаагүй, би өөрөө цагдаад дуудлага мэдээлэл дуудаж өгсөн. Тухайн үед би хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийгээгүй надтай таарамжгүй харьцаатай хүн байгаагүй. Г.Д нь Гурван тамир барилгын компанид ажилладаг гэрийн хаяг мэдэхгүй байна. Архангай аймаг Эрдэнэбулган сум 2 дугаар баг, Арслан цохионд байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/  

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Лын мэдүүлсэн: ...2020 оны 05 сарын 05-ны өглөө 09 цагаас орой 17 цаг хүртэл 7 уурын зууханд гараатай байсан. Гараатай байх хугацаандаа Д.Х ахтай 1 ширхэг 2,5 литрын пиво ажил дээрээ хувааж уусан.  Д ах гаднаас орж ирээд хамт жаахан пиво ууж байгаад гараад явсан. Тэр өдөр миний хоол хийх ээлж байсан учир дэлгүүр явж хоолны материал авах гэж байгаад Ө.Т /Т/, Г.Д хоёртой дэлгүүрийн гадаа таарсан. Г.Д тухайн үед архи уусан, халамцуу байсан учир надаас архи нэхсэн, би дэлгүүрээс 1 шил 0,5 литрын Хараа архи авч Ө.Тийн машинд уусан. Т архи уухгүй, 2 лааз пиво уусан. Г.Д бид хоёр авсан архиа хувааж уучхаад намайг ажлын гадаа хүргэж өгсөн. Би ажил руу ороод утсаа хайтал байхгүй байхаар нь буцаж гарч ирээд Тгийн машинд үзтэл байхгүй байсан. Ер нь бол дэлгүүрээс архи авахад болон машинд архи уухад миний утас байсан. Намайг утсаа авахаар буцаж гарч ирэхэд Г.Д байхгүй, яваад өгсөн байсан учир Тгөөс асуусан чинь Г.Д утсыг чинь авсан юм байгаа биз, би мэдэхгүй гэхээр нь Ттэй хамт манай ажил руу орж миний утас руу Тгийн утаснаас залгуулсан. Тэгээд байж байтал Г.Д манай ажил руу ороод ирэхээр нь утсаа асуусан чинь мэдэхгүй, аваагүй гээд Д.Х ах хажуугаас нь Лгийн утсыг гаргаж өг, та хоёроос өөр хүн байгаагүй гэж надтай хамт шаардаж, тэрнээс болж Г.Д, Ө.Т, Д.Х бид дөрвийн хооронд маргаан болсон. Хэл амаар маргалдсан боловч утас гаргаж өгөхгүй байхаар нь би гарч бие засаад, архиндаа жаахан толгой эргээд байхаар нь жаахан сууж байгаад эргээд ирж явтал Ө.Т, Г.Д 2 миний урдаас ирэхээр нь Г.Дд хандаж чамаас гарцаа байхгүй, миний утсыг өг гэж хэлээд дахин маргалдаж байтал оройн гарааны Б.Лувсанпэрлий ирээд бид гурвын маргааныг салгасан. Тэр үед Тгийн эхнэр ирсэн байсан. Утас гаргаж өгөхгүй юм байна гээд цагдаад хэлсэн нь дээр гэж бодоод уурын зуух руу яваад ортол Д.Х ах нүдээ цохиулсан байсан. Б.Лувсанпэрлий цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэрний дараа Д ах гаднаас орж ирсэн. Д.Х ахыг цохихыг би хараагүй. Харин дараа нь Т надад хэлэхдээ Г.Д өшиглөсөн, намайг салгасан гээд байсан, би зодоон цохион салгасан асуудал байхгүй, миний хажууд Г.Д Д.Хийг өшиглөөгүй. Мөн Д.Х ах надад хэлэхдээ уурын зуухнаас гараад иртэл Ө.Т, Г.Д 2 зогсож байсан, миний утсыг Днаа /Д/ барьчихсан зогсож байхаар нь утсаа авах гэсэн чинь хажуугаас нь Ө.Т /Т/ миний нүд рүү цохиж, би газар унаад ажил руу мөлхөж орсон гэж хэлсэн. Д.Х ах бид 2 нэг пиво хувааж уусан, согтоогүй байсан учир үнэн хэлж байгаа байх гэж бодож байна. Би тухайн үед жаахан халсан байсан, гэхдээ болсон асуудлыг нэг бүрчлэн мэдэж байгаа. Г.Д, Д.Х 2 миний утаснаас болж маргасан ч зодоон хийгээгүй, маргалдаад салсан. Д.Х, Г.Д нар зодоон хийгээгүй, салгасан хүн байхгүй. Г.Д, Д.Х, Ө.Т бид нар байсан, өөр хүн байгаагүй. Шинэ баригдаж байгаа 2 дугаар сургуулийн дээвэр дээр ажиллаж байсан хүн байсан бол манай уурын зуухны урд хаалганы гадаа хашаан дотор болж байгаа асуудлыг харах бүрэн боломжтой. Хүн харсан эсэхийг мэдэхгүй байна. Миний утас Ридми-7 загварын мэдрэгчтэй, ухаалаг гар утас байсан, 2020 оны 02 сарын 15-ны өдөр 450,000 төгрөгөөр худалдаж авсан утас байгаа. Утас алдсан талаараа эрүүгийн цагдаагийн тасагт өргөдөл өгсөн байгаа. Г.Д миний утсыг аваагүй гээд байсан, гэхдээ миний утасны төлбөр гэж 400,000 төгрөг надад өгч хохиролгүй болсон. Тухайн үед Д ахад Ө.Т, Г.Д нар байсан талаар хэлсэн, би Г.Д өшиглөсөн талаар бол хэлээгүй, Д ах андуурсан бололтой байна. Би Д ахад Ө.Тийн хэлсэн зүйл болон Д.Хийн өөрийнх нь хэлсэн зүйлийг хэлсэн болохоор хольж гутгасан байх, яг үнэндээ бол Г.Д өшиглөж, би салгасан асуудал байхгүй. Д.Х ахын өөрийнх нь хэлсэн Ө.Т цохисон гэдэг нь үнэн гэж бодож байна. Д.Хийн утас алга болоогүй, Г.Д барьсан байхад нь авсан гэсэн. Би тухайн үед гар Д.Х ахын утас яасан, хэн авсан талаар мэдэхгүй, асуудал болж өнгөрөх үед Д.Х ахын утас байсан. Зүүн нүд хардаг байсан эсэхийг мэдэхгүй, ямар ч байсан зүүн нүд муу гээд групп авдаг байсан. Бүрэн хардаггүй байсан эсэхийг мэдэхгүй байна. Тэр нүд рүү нь цохисон гэж байсан, тухайн үед нүднээс нь цус гарсан, улайсан, хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар тал/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Дгийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 05 сарын 05-ны өдөр ажил дээр байж байгаад харих гээд Тг дуудсан, Т машинтайгаа 13 цаг өнгөрч байхад ажил дээр ирж намайг аваад 7 дугаар уурын зуухны гадаа очиж Лтай уулзсан. Т, Л 2 нэг гудамжинд байсан гээд бие биеэ таньдаг юм байна лээ. 7 дугаар уурын зуухны гадаа Тгийн машинд 2 шил архи Л, Т бид 3 хувааж уучхаад би ажил руугаа орчхоод гараад иртэл Лгийн утас алга болсон, олохгүй байна гээд Лтай би маргалдсан, намайг авсан гэж хардаад байсан учир  тэрнээс нь болж маргалдсан. Бид 2 зодоон хийгээгүй, Лгийн утас руу залгасан чинь 2-3 удаа дуудаж байгаад холбогдохоо байсан. Д.Х тухайн үед уурын зууханд байсан, орж гарч л байсан байх, хамт архи уугаагүй, Д.Хтэй мэнд мэдээд өнгөрсөн, өөр ямар нэгэн зүйл болоогүй. Би Д.Хтэй маргалдаж, муудалцсан асуудал байхгүй. Би зодуулахыг нь хараагүй, би цохиж зодоогүй. Манай ажлын Батсайхан ах над руу утсаар яриад Д.Хийг Т машинаасаа гарч ирээд цохиж унагасан гэж ярьж байсан. Тг машинтайгаа гарах гэж явахад нь Д.Х машиныг нь араас нь өшиглөсөн чинь Т бууж ирээд цохиж унагахыг нь Батсайхан ах харсан гэж надад хэлсэн. Хэн хэн харсан талаар Батсайхан ах мэдэж байгаа. Т намайг цохисон гэж хэлээд байгаа, үнэн хэрэгтээ би гар хүрээгүй, яагаад намайг зодсон гээд байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Д.Х хамт ажилладаг хүмүүстэйгээ уусан байх, хамт Д ах, Л нар гарч байсан. Д.Х ах тухайн үед согтуу байгаагүй, жаахан халамцуу байх шиг байсан. Их согтоогүй байсан, гайгүй байсан учир болсон асуудлыг нэг бүрчлэн мэдэж байгаа гэж бодож байна. Би их согтсон байсан, гэхдээ болсон асуудлын талаар мэдэж байгаа. Д.Х маргалдаж муудалцаагүй, Т бид хоёрыг утас авсан яваад хэрэггүй, байж бай гээд байсан, Тг явах гэхээр нь байж бай гэж машиныг нь өшиглөсөн юм шиг байна лээ. Утсыг нь авсан хүн байхгүй, намайг авсан гээд байхаар нь би төлөөд өгчихсөн. Д.Хийн утасны талаар надад мэдэх зүйл байхгүй. Би Лгийн утсыг аваагүй, төл гээд дайраад байхаар нь төлөөд өгчихсөн. 400.000 төгрөг өгсөн. Ямар утас байсан гэдгийг нь мэдэхгүй, өөрөө 450.000 төгрөгөөр авсан гэж байсан. Ямар утас байсан гэдгээ хэлээгүй. Архи авах гээд хамт дэлгүүр ороход хар өнгийн утас харагдаж байсан. Зүүн нүд нь муу байсан, тэр нүд нь цохиход нь таарчихсан юм шиг байна лээ, ямар гэмтэл авсан талаар мэдэхгүй. Би уурын зуух руу Лгийн хамт орсон. Зүгээр дагаад л орсон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-39 дүгээр тал/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мын мэдүүлсэн: ...2020 оны 05 сарын 05-ны өдөр 2 дугаар сургуулийн шинэ барилгын дээвэр дээр ажиллаж байхад 7 дугаар уурын зуухны хашаанд архи уусан согтуу 3-4 хүн хоорондоо маргалдаад, хэрүүл хийгээд барьцалдаж зууралдаад байгаа харагдсан. Тэр хүмүүсийг тулж хараагүй болохоор танихгүй, ямар хувцастай байсан талаар нь санахгүй байна. Тэр хүмүүсийг хараад танихгүй, ганцхан Г.Д их согтсон хашаан дотор чирч гудчуулаад байгаа харагдсан, Г.Д жижиг биетэй, туранхай, бас согтсон харагдсан учир хүний гарын аясаар унаж тусаад байгаа харагдсан. Хашаан дотор барьцалдаж зууралдсан болохоос биш ямар нэгэн зодоон болоогүй. Тэгээд хашаанаас Приус-20 маркийн авто машины жолооч машинаа унаад гарах гэж ухарч байтал хашааны гадаа зодуулдаг залуу машин руу нь өшиглөж, цохиод байгаа харагдсан. Тэгээд машинаа хашаанаас гаргасан жолооч машинаасаа гарч ирээд зодуулдаг залуутай барьцалдаж авсан чинь нэг хар өнгийн хип хоп гэхээр саравчтай малгайтай хүмүүсийг салгаад байсан залуу араас нь гарч ирээд хашааны гадаа барьцалдаж авсан байсан жолооч, зодуулдаг залуу хоёрыг салгаад байгаа харагдсан. Тэр үед машины жолооч залуу зодуулдаг залуугийн нүүр орчимд гараараа цохих шиг болсон чинь нөгөө зодуулдаг залуу газар унасан. Тэгсэн чинь жолооч, салгадаг залуу 2 нөгөө газар унасан хүнээ тэр чигт нь хаяад машиндаа суугаад яваад өгсөн. Жолооч залуу гараараа нэг удаа нүүр орчимд нь цохих шиг болсон. Яг нарийн сайн харагдаагүй. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Зодуулдаг залуу хэсэг хэвтэж байгаад босоод явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй, сүүлд нь цагдаагийн машин ирсэн байгаа харагдсан. Өмссөн хувцас нь ямар байсан талаар санахгүй байна. Тэр хүмүүстэй тулж уулзаагүй, өмнө нь танихгүй хүмүүс байсан учир хараад танихгүй. Жолооч машинтайгаа хашаан дотор байхдаа машинаас гарч ирэхгүй байсан, хашаан дотор зодуулдаг залуу, Г.Д салгаад байсан нэг залуу гурав зөндөө зууралдсан. Тэр үед нэг нэгийгээ цохиж зодоогүй. Тэр талаар тулж хараагүй учир огт мэдээгүй. Зодуулдаг залуу их согтуу байгаа харагдсан. Салгаад байсан залуу, Г.Д, зодуулдаг залуу, бас нэг хөгшин ах гээд 4 хүн хашаанд байсан, хашаанаас гарч зодуулах үед Г.Д, хөгшин ах 2 нь гарч ирээгүй, уурын зуух руу орсон байсан. Гадаа зөвхөн машины жолооч нэг салгаад байсан залуу 3 хамт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар тал/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Аийн мэдүүлсэн: ...2020 оны 05 сарын 05-ны өдөр 2 дугаар сургуулийн шинэ барилгын дээвэр дээр ажиллаж байх үед сургуулийн баруун хойд талд байх уурын зуухны хашаанд архи уусан согтуу 3-4 хүн хоорондоо хэрүүл маргаан хийгээд барьцалдаж зууралдаад байгаа харагдсан, хэн хэн байсан гэдгийг нь таниагүй, гэхдээ тэр хүмүүсийн дунд манай ажлын Г.Д байгаа харагдаж байсан. Г.Д их согтсон бололтой хүний аясаар өнхөрч унаад байгаа харагдсан, Ер нь тэнд байсан хүмүүс согтоцгоосон байсан. Хашаан дотор байсан хүмүүс барьцалдаж зууралдсан, Г.Д рүү нэг залуу дайраад байгаа юм шиг, нэг залуу салгаад яваа гэхээр харагдаж байсан. Би тэр хүмүүсийг танихгүй болохоор ялгаж салгаж хэлж мэдэхгүй, өндөр нас, тарган туранхай, өмсөж байсан хувцас зэргээр нь ялгаж хэлж чадахгүй байна. Тэр хүмүүсийн өмсөж явсан хувцас ямар байсан гэдгийг санахгүй байна. Нэг хүн машинд суусан, машинаасаа гарахгүй байсан. Тэгж байж байгаад Г.Д, нэг хүнтэй уурын зуух руу орж байгаа харагдсан. Би тэрнээс хойш юу болсон гэдгийг хараагүй. Нөгөө талын булангийн дээвэрт юм хийж байтал надтай хамт ажиллаж байсан Батсайхан, М 2 нэг залууг нь машины жолооч цохиод унагасан, зодуулсан залуу хэвтэж байгаад босоод хашаа тойроод, зуухны цаагуур явчихлаа гэж ярьж байсан. Би нэг нь нөгөөгөө цохиж унагахыг бол хараагүй, тэр талаар мэдээгүй. Машины жолооч хүн л нэг залуугаа цохиж унагасан гэж ярьж байсан. Цохисон, зодуулсан, салгасан хүмүүсийг ялгаж салгаж танихгүй. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Ялгаж салгаж танихгүй, тулж хараагүй, хувцас нь ямар байсан гэдгийг санахгүй байна. Жолооч машинаасаа гарч ирээгүй учир хараагүй, мэдэхгүй байна. Намайг харж байхад Г.Д хүн цохиж зодсон асуудал байхгүй, хүний гарын аясаар өнхөрч унаад байсан. Маргааш Г.Д юу болсон талаар мэдэхгүй байгаа бололтой тасарсан байна гэж ярьж байсан. Салгаад байсан нэг залуу, Г.Д, зодуулдаг залуу, нэг хөгшин ах Г.Дг уурын зуух руу авч орсон, нийт 4 хүн хашаанд байсан, машинд жолооч нь байсан. Тэр үед өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр тал/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ө.Тийн мэдүүлсэн: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 99-102 дугаар тал/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 237 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Д.Хийн биед зүүн нүдний зовхи, ухархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.      Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид зүүн зовхи, ухархайн зөөлөн эдийн няцрал шинэ гэмтэл нь ерөнхий  хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.Х нь зүүн нүд 7-8 жилийн өмнө хараагүй болсны улмаас группд байдаг ба хөдөлмөрийн чадвар алдалтыг 60%-аар тогтоолгож байжээ...гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 113 дугаар тал/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар уурын зуухны гадаа хохирогч Д.Хийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

Шүүгдэгч Ө.Т нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар уурын зуухны гадаа Д.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Хийн мэдүүлсэн “Ө.Т намайг цохих үед А.Л хажууд байгаагүй. Миний хажууд Г.Д, Ө.Т хоёр байсан, өөр хүн байгаагүй. Миний зүүн нүд огт юм харахгүй байсан, их хурц гэрлийг бүдэг мэдэрдэг байсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Лийн мэдүүлсэн “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт байсан хүний гар утас алга боллоо утас авсан байна гээд хоорондоо маргалдаж байгаад зодоон үүссэн, өөр ямар нэг шалтгаан байхгүй. Тухайн гэмтлийг хэн учруулсныг би мэдэхгүй байна. Тухайн үед уурын зуухан дотор Д.Х архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түүний зүүн талын нүд улайж хөөж хавдсан гараараа нүдээ дарсан доошоо хараад сууж байсан. Өөр гаднаас харагдах шарх сорив байгаагүй, би өөрөө цагдаад дуудлага мэдээлэл дуудаж өгсөн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Лын мэдүүлсэн “Утас гаргаж өгөхгүй юм байна гээд цагдаад хэлсэн нь дээр гэж бодоод уурын зуух руу яваад ортол Д.Х ах нүдээ цохиулсан байсан. Б.Л цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэрний дараа Д ах гаднаас орж ирсэн. Д.Х ахыг цохихыг би хараагүй. Харин дараа нь Т надад хэлэхдээ Г.Д өшиглөсөн, намайг салгасан гээд байсан, би зодоон цохион салгасан асуудал байхгүй, миний хажууд Г.Д Д.Хийг өшиглөөгүй. Мөн Д.Х ах надад хэлэхдээ уурын зуухнаас гараад иртэл Ө.Т, Г.Д 2 зогсож байсан, миний утсыг Днаа /Д/ барьчихсан зогсож байхаар нь утсаа авах гэсэн чинь хажуугаас нь Ө.Т /Т/ миний нүд рүү цохиж, би газар унаад ажил руу мөлхөж орсон гэж хэлсэн. Д.Х ахын өөрийнх нь хэлсэн Ө.Т цохисон гэдэг нь үнэн гэж бодож байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Дгийн мэдүүлсэн “Манай ажлын Батсайхан ах над руу утсаар яриад Д.Хийг Т машинаасаа гарч ирээд цохиж унагасан гэж ярьж байсан. Тг машинтайгаа гарах гэж явахад нь Д.Х машиныг нь араас нь өшиглөсөн чинь Т бууж ирээд цохиж унагахыг нь Батсайхан ах харсан гэж надад хэлсэн. Хэн хэн харсан талаар Батсайхан ах мэдэж байгаа. Т намайг цохисон гэж хэлээд байгаа, үнэн хэрэгтээ би гар хүрээгүй” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мын мэдүүлсэн “2020 оны 05 сарын 05-ны өдөр 2 дугаар сургуулийн шинэ барилгын дээвэр дээр ажиллаж байхад 7 дугаар уурын зуухны хашаанд архи уусан согтуу 3-4 хүн хоорондоо маргалдаад, хэрүүл хийгээд барьцалдаж зууралдаад байгаа харагдсан. Тэр хүмүүсийг тулж хараагүй болохоор танихгүй, ямар хувцастай байсан талаар нь санахгүй байна. Тэр хүмүүсийг хараад танихгүй, ганцхан Г.Д их согтсон хашаан дотор чирч гудчуулаад байгаа харагдсан, Г.Д жижиг биетэй, туранхай, бас согтсон харагдсан учир хүний гарын аясаар унаж тусаад байгаа харагдсан. Хашаан дотор барьцалдаж зууралдсан болохоос биш ямар нэгэн зодоон болоогүй. Тэгээд хашаанаас Приус-20 маркийн авто машины жолооч машинаа унаад гарах гэж ухарч байтал хашааны гадаа зодуулдаг залуу машин руу нь өшиглөж, цохиод байгаа харагдсан. Тэгээд машинаа хашаанаас гаргасан жолооч машинаасаа гарч ирээд зодуулдаг залуутай барьцалдаж авсан чинь нэг хар өнгийн хип хоп гэхээр саравчтай малгайтай хүмүүсийг салгаад байсан залуу араас нь гарч ирээд хашааны гадаа барьцалдаж авсан байсан жолооч, зодуулдаг залуу хоёрыг салгаад байгаа харагдсан. Тэр үед машины жолооч залуу зодуулдаг залуугийн нүүр орчимд гараараа цохих шиг болсон чинь нөгөө зодуулдаг залуу газар унасан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд Э.Аийн мэдүүлсэн “тэр хүмүүсийн дунд манай ажлын Г.Д байгаа харагдаж байсан. Г.Д их согтсон бололтой хүний аясаар өнхөрч унаад байгаа харагдсан, Ер нь тэнд байсан хүмүүс согтоцгоосон байсан. Хашаан дотор байсан хүмүүс барьцалдаж зууралдсан, Г.Д рүү нэг залуу дайраад байгаа юм шиг, нэг залуу салгаад яваа гэхээр харагдаж байсан. Би тэр хүмүүсийг танихгүй болохоор ялгаж салгаж хэлж мэдэхгүй, өндөр нас, тарган туранхай, өмсөж байсан хувцас зэргээр нь ялгаж хэлж чадахгүй байна. Тэр хүмүүсийн өмсөж явсан хувцас ямар байсан гэдгийг санахгүй байна. Нэг хүн машинд суусан, машинаасаа гарахгүй байсан. Тэгж байж байгаад Г.Д, нэг хүнтэй уурын зуух руу орж байгаа харагдсан. Би тэрнээс хойш юу болсон гэдгийг хараагүй. Нөгөө талын булангийн дээвэрт юм хийж байтал надтай хамт ажиллаж байсан Батсайхан, М 2 нэг залууг нь машины жолооч цохиод унагасан, зодуулсан залуу хэвтэж байгаад босоод хашаа тойроод, зуухны цаагуур явчихлаа гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд Ө.Тийн яллагдагчаар мэдүүлсэн “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хохирогч Д.Хийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 237 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Өын Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ө.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шүүгдэгч Ө.Т нь хохирогч Д.Хтэй хохирол хор уршгийн төлбөрт 2.500.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан, мөн шүүх хуралдаанд мэдүүлж байх тул энэ талаар шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Т нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 80 тоот тогтоолоор яллагдагч Ө.Төд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Ө.Т хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Өын Тийг хүний мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тийг 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Төд оногдуулсан 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 7/долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ө.Т нь 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгой хорооллын 29-08 тоотод оршин суух хохирогч Т овогт Дийн Хт/РД:АЭ............/ төлөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ө.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ө.Тийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ