| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0701/Э |
| Дугаар | 821 |
| Огноо | 2020-09-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 821
2020 9 10 2020/ШЦТ/821
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч Д.Даваадорж,
хохирогч Д.Э,
шүүгдэгч В.Г, түүний өмгөөлөгч С.Отгонзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хар ямаат овогт В.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009011450739 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 13-нд Хэнтий аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Уран ванчин" гэх нэртэй вакум цонхны үйлдвэрт ажилладаг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 118 тоотод оршин суудаг,
2018 оны дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Хар ямаат овогт В.Г /регистрийн дугаар ЕЙ /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр
Яллагдагч В.Г нь 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн-17 гудамжны 118 тоот хашааны гадаа байсан иргэн Д.Эгийн эзэмшлийн 52-35 УНЭ улсын дугаартай "Ниссан-эйдвон" /Nissan adwan/ маркийн авто машины цонхыг хагалж, түүнд бага хэмжээнээс дээш буюу 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч В.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2020 оны 3 дугаар сарын 21-ний орой гэртээ байж байтал эхнэр маань гар утсаа оролдоод байхаар нь би гар утсыг нь шалгах гэсэн боловч өгөхгүй байсан. Тэгтэл бид хоёр гар утас булаацалдаад байж байхад манай эгч орж ирээд салгасан. Тэгээд эхнэр цагдаа дуудна гэхээр нь би машины шилийг чинь хагална шүү гэж хэлэхэд “хагал” гэхээр нь гадаа байсан машиных нь шилийг хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-41-42/,
Хохирогч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол саналгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэв,
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн "...2020 оны 3 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчимд ажлаа тараад ирэхэд манай нөхөр Ганбаатар согтуу байсан. Тэгээд миний өөдөөс "хаагуур яваад ирж байгаа юм бэ, ажил дээрээ байгаагүй юм биш үү" гэж хэлээд утсыг маань булааж авах гээд надтай ноцолдсон. Тэгээд намайг боогоод шалан дээр унагаасан. Тэр үед хадам эгч, ах хоёр орж ирэхэд Ганбаатар намайг тавихаар нь би хадам ахын гэрт нь очиж хоносон. Гэтэл Ганбаатар гадаа гараад хашааны гадаа байсан 52-35 УНЭ улсын дугаартай авто машины бүх цонхыг хагалаад зугтаагаад яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-н 16/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-52/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-21-22/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-13/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-62-63/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч В.Г нь 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн-17 гудамжны 118 тоот хашааны гадаа байсан иргэн Д.Эгийн эзэмшлийн 52-35 УНЭ улсын дугаартай "Ниссан-эйдвон" /Nissan adwan/ маркийн авто машины цонхыг хагалж, түүнд бага хэмжээнээс дээш буюу 760.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Эгийн мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан, /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч В.Гын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч В.Гын хохирогч Д.Эгийн эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш буюу 760.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч В.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч В.Гын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, түүний хувийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.
Шүүх шүүгдэгч В.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний урьдчилан цагдан хоригдсон 31 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдэлсэнд тооцож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хар ямаат овогт В.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В.Гыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Гын цагдан хоригдсон 31 хоногийн нэг хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан ялаа эдэлж дууссанд тооцсугай.
4.Шүүгдэгч В.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч В.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол В.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР