Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0205

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Х-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Б

Нэхэмжлэгч А.Х

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 25 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, Д.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б

Хэргийн индекс: 128/2021/0737/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Х-гоос Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дүгээр захирамжийн А.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан А.Х-оос Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/369 дүгээр захирамжийн А.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

4.1. Нэхэмжлэгч нь жил бүрийн газрын төлбөрөө хуульд заасан хэмжээгээр төлж, 2015 онд 821,910 төгрөг, 2016 онд 1,095,864 төгрөг, 2017 онд 1,095,864 төгрөг, 2018 онд 1,095,864 төгрөгийг хугацаанд нь төлсөн. Харин удаан хугацааны хорт хавдарын эмчилгээ хийлгэж, нэхэмжлэгчийн гэр бүлийн орлого буурсаны улмаас 2019, 2020 оны газрын төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй. Гэсэн хэдий ч 2019 оны 6,666,506 төгрөг, 2020 оны 7,172,928 төгрөг, 2020 оны алданги 506,422 төгрөг, 2021 оны 1-р улирлын төлбөр 1,393,504 нийт 15,739,360 төгрөгийг тус тус маргаан бүхий акт гарахаас 4 сарын өмнө төлж барагдуулан хариуцагчтай тооцоо нийлсэн байсан билээ. Анхан шатны шүүхээс “...маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө нэхэмжлэгч газрын үндсэн төлбөрөө бүрэн төлсөн байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй, дүүргийн газар зохион байгуулалтын албатай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Учир нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны хооронд төрсөн эхийгээ асарсан хугацаа, нэхэмжлэгчийн 1333106932 нэгж талбарын дугаар бүхий газар Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын трасст орсон 2018-2020 он хүртэл хугацааг тус тус хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулж авч үзсэн хэрнээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа ашиглаагүй байсан дээрх хугацаанд газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж хийсэн дүгнэлтийнхээ эсрэг дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

4.3. Нөгөө талаар, нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарахаас 4 сарын өмнө газрын төлбөрөө бүрэн төлсөн, хугацаанд нь төлөөгүй үйлдэлдээ алданги төлж, талууд энэ талаар тооцоо нийлсэн байтал газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлийг газар эзэмших эрхийг цуцлах нэг үндэслэл болгож буй хариуцагчийн үйлдэл, анхан шатны шүүхийн дүгнэлт нь өөрөө Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан газар эзэмших, ашиглахад шударга ёсыг хангах зарчимтай нийцэхгүй байна гэж үзэхэд хүргэж байна.

 

5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

5.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл төрсөн эхийгээ асрах хүртэл хугацаа, 2020 оноос хойш газар эзэмших эрхийг цуцлах хүртэл хугацаа нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй бөгөөд тухайн газраа эзэмшиж, ашиглах боломжтой байсан гэж дүгнэсэн.

5.2. Харин 2017-2018 оны хооронд төрсөн эхийгээ асарсан хугацаа, нэхэмжлэгчийн 1333106932 нэгж талбарын дугаар бүхий газар Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын трасст орсон 2018-2020 он хүртэлх хугацааг тус тус хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулж авч үзсэн. Хэдийгээр гадаадад ажиллаж амьдарсан нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос хамааралтай үйл явдал боловч Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зөвлөмжид газар эзэмшигч “гадаадад ажилласан” зайлшгүй шалтгааны улмаас газраа ашиглаж чадахгүйд хүрснийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулж авч үзнэ гэж тайлбарласан. 2016 онд нэхэмжлэгч А.Х-д Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын Келлер дээд сургуульд нягтлан бодох бүртгэлийн менежментийн магистрийн хөтөлбөрт тэтгэлэгээр суралцаж, ажиллах боломж тохиосон бөгөөд төрсөн эхийгээ асрах 2017 оны 11 сар хүртэл АНУ-д ажиллаж амьдарсан юм. Энэ хугацаанд өөрийн эзэмшил газраа зохих ёсоор эзэмшиж, ашиглах боломжгүй байсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн гадаад пасспортын хуулбар болон Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар тус тус нотлогдоно.

5.3. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй гол үндэслэл болсон хариуцагчаас хоёр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байгаа асуудалд дүгнэлт өгөөгүйд туйлын гомдолтой байна. Уг асуудалд нэг талын ирүүлсэн нотлох баримтад тулгуурлан “...шинэчилсэн гэрээний нөхцөл нь өмнөх гэрээний хуулийн нөхцөлийг хэвээр үлдээсэн байх тул аль гэрээнд үндэслэсэнд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй ...” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн байдлыг тал бүрээс нь бодитой тогтоох, нотлох баримтыг харьцуулан судлах үндсэн үүргээ биелүүлээгүй, энэ талаар үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил газраа ашиглаагүй гэсэн үндэслэлээр талууд маргаж буй тохиолдолд энэ асуудалд анхан шатны шүүх заавал дүгнэлт хийх шаардлагатай байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

5.4. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд /...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг... газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй.../ байхыг ойлгохоор тайлбарласан.

5.5. А.Х нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/170 дугаар захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2015 оны 05 дугаар 18-ны өдөр 18662301448351 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 549387 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Улмаар 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 01110-2015/14665 дугаартай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулж, 126056 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус шинээр авч газар эзэмших эрхээ баталгаажуулсан юм. Ингэснээр 2015 оны өмнөх гэрээ, гэрчилгээний эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон.

5.6. Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх маргаан бүхий газартай холбоотой харилцааг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 18662301448351 дугаартай гэрээгээр, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи маргаан бүхий газартай холбоотой харилцааг тус өдөр байгуулсан 01110-2015/14665 дугаартай гэрээгээр зохицуулж байсан гэж ойлгож байгаа.

5.7. Гэтэл хариуцагч нь 2021 оны 03 дугаар сард гэрээг шинэчлэхдээ анх 2015 онд байгуулсан гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон атлаа 2021 оны 07 дугаар сард маргаан бүхий акт гаргахдаа анх гэрээ хийсэн 2015 оноос эхлэн 2 жилийн хугацааг тооцож буй нь үндэслэлгүй. Зүй нь, маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан, хамгийн сүүлд байгуулсан гэрээнээс 2 жилийн хугацаагаа тооцох ёстой байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмшүүлэх гэрээ шинэчлэн байгуулснаас шалтгаалан үүссэн үр дагаварт маргаж байгаа гэдэгт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэргийн байдлыг тал бүрээс нь тогтоосонгүй.

5.8. Шинээр гэрчилгээ авч, гэрээ байгуулсны дараа 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Газар төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт” гаргуулан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар баталгаажуулж улмаар нийслэлийн Байгаль орчны газраар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ тус тус хийлгэж ажилласан юм.

 

6. Мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулсан эсэх тухайд:

6.1. Анхан шатны шүүхээс “маргаан бүхий акт гарах үед мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулсан баримт тогтоогдохгүй байна”, “...маргаан бүхий акт нь дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй үйл баримтыг үндэслэж гараагүйг дурдах нь зүйтэй” гэж тус тус дүгнэсэн атлаа “...Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 13/724 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “...Тус газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийн төлбөрийг төлөөгүй байгаа тул 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна уу. Дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье” гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдэж байсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актад дурдаагүй үндэслэлээр, маргаан бүхий акт гарахаас 4 сарын өмнө ирүүлсэн албан бичгийг мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдсэн гэж үзэж буй нь учир дутагдалтай байна.

6.2. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан зургаан тохиолдлоос бусад тохиолдолд захиргааны байгууллага сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргахдаа заавал сонсох ажиллагаа хийх үүрэгтэй. Мөн хуулийн 28.2-т зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь А.Х-д газар эзэмших эрхийг цуцлах талаар урьдчилан мэдэгдэж, сонсох ажиллагаа хийгээгүй, энэ талаараа хариуцагч баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад анхан шатны шүүх “...сонсох ажиллагаа хийсэн ч газар эзэмших эрхийг цуцлах үр дагаварыг өөрчлөхгүй байсан” гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэнд маш их гомдолтой байна.

6.3. Хэрэв сонсох ажиллагаа хийсэн бол нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших, ашиглахад ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсан, эзэмшлийн газрын зарим хэсэг нь авто замын трасст өртсөн, зориулалтын дагуу ашиглаагүй 2 жилийн хугацааг аль гэрээнээс тооцож байгаа гэх мэт асуудлаар санал, тайлбараа гаргаж хариуцагчтай тохиролцох, үүний үндсэн дээр энэхүү маргаан шүүхийн өмнөх шатанд ч дуусгавар болох боломж байсан гэж үзэж байна.

 

7. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангасангүй. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч А.Х Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн А.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтухай нэхэмжлэл гаргасан байна.

2.2. Маргаан бүхий захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, б, г, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 49 дүгээр зүйлийн 49.1.3-д зааснаар “...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

2.3. Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/170 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорт аж ахуйн зориулалтаар А.Х-д 12453 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэжээ.

 

3. Маргаан бүхий актын үндэслэл болсон эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн гэх үндэслэлийн талаар:

3.1. Нэхэмжлэгч А.Х нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө газрын төлбөр, алдангид нийт 19,848,862 төгрөгийг газрын төлбөрт төлж газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг үйлдсэн хэдий ч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.3-т заасан газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх талаарх заалтыг зөрчиж, хууль болон гэрээнд заасан графикт хугацаанд төлбөрийг төлөөгүй талаар анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарласан байх тул  давж заалдах шатны шүүхээс энэ талаар зөвтгөсөн дүгнэлт хийх боломжгүй учраас нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй.

 

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй талаар:

4.1. Нэхэмжлэгчээс тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээ гадаад улсад суралцсан болон төрсөн эхээ асарч байсан, эзэмшил газрын зарим хэсэг автозамын трасст өртсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэжээ.

4.2. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдэгт юуг хамаатуулах талаар тайлбарласнаас үзэхэд түүний 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд АНУ-д суралцсаныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй.

4.3. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2017-2018 оны хооронд хүндээр өвчилсөн өөрийн төрсөн эхээ асарсан болон тухайн газар нь Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх түр замын трасст орсон зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох боловч нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сараас буюу газар эзэмших эрх үүссэн үеэс эхлэн 2017 оны 11 дүгээр сар хүртэл төрсөн эхээ асрах хүртэл хугацаа, 2020 оноос хойш газар эзэмших эрхийг цуцлах хүртэл хугацаанд олон удаа хилээр орж, гарч гадаадад зорчсон болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 2-4в/5013 тоот албан бичгээр түүний 2016 оноос хойш улсын хилээр нэвтэрсэн баримтаар нотлогдож байх тул тухайн газрыг дээрх хугацаанд эзэмшиж ашиглах боломжтой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

5. Түүнчлэн хашаа барьж газраа ашиглаж байсан гэдэг нь Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13/3935 тоот албан бичгээр ирүүлсэн сансарын зураг болон 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхээс хийсэн газрын үзлэгээр тогтоогдоогүй байх тул газраа газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй.

5.1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар гэр бүлийн хамтын хэрэгцээнээс бусад зориулалтаар болон хуульд заасан хэмжээнээс илүү хэмжээгээр газар эзэмшихээр хүсэлт гаргасан тохиолдолд газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр заасан. Гэтэл энэ тохиолдолд аж ахуйн зориулалтаар, тогтоосон хэмжээнээс илүү газар эзэмшихийг хүссэн байхад захиргааны байгууллага нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлжээ.

5.2. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/697 дугаар Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай захирамжийн 1.4 дэх заалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулан ажиллах-ыг Нийслэлийн газрын алба болон бусад газруудад үүрэг болгосон байна.

5.3. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13/724 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч А.Х-д ...газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ-ийн төлбөрийг төлөөгүй тул 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох болсныг мэдэгдэж байжээ.

5.4. Маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсгийг зөрчсөн гэж маргасан боловч дээрх мэдэгдлийг А.Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Я хүлээн авснаас хойш нэхэмжлэгчээс ямар нэг тайлбар, санал, хүсэлт гаргаагүй энэ тохиолдолд сонсох ажиллагаа заавал хийх байсан гэж хариуцагчийг буруутгах боломжгүй, өөрөөр хэлбэл дээрх албан бичиг хуулийн шаардлага хангаагүй гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй.

 

6. Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН