Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 98

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Н, Б.З, Б.З

Хариуцагч: НБЗД ЗД , ОӨУБЕГ ЭХЭБГ .

Гуравдагч этгээд: Д.О, Б.Ц, Ё.Д, Т.Ө

Нэхэмжлэлийн шаардлага: иргэн Ё.Д, Б.Ц, Д.О-д нарт газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/104 дүгээр захирамж, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Т.Өд хууль бусаар газар олгосон А/172 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Т.Өд олгосон 500 м.кв талбай бүхий газрыг Л.Н, харин Ё.Д, Д.Од нарт олгосон 500 м.кв, 700 м.кв бүхий газрыг Б.З, Б.З нарт олгуулах шийдвэрийг БЗД ЗД д даалгуулахыг хүссэн,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: ОӨУБЕГ ын ЭХЭБГ ын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ү-22040******* дугаар улсын бүртгэл, 00054******* дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Н, түүний өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Б.З, Б.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Ц.О, хариуцагч ОӨУБЕГ ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Ё.Д, Д.О, Т.Ө, гуравдагч этгээд Ё.Д, Д.О нарын өмгөөлөгч М.М, гуравдагч этгээд Т.Ө өмгөөлөгч Д.С,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Н болон нэхэмжлэгч Б.З, Б.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ж******* 27-6******* тоот газрыг 1991 оноос хойш өөрийн өмч болгон ашиглаж, амьдарч ирсэн. Тухайн үед газрын зөвшөөрлийг авахаар шаталсан байгууллагад хандсан боловч төмөр замын байрлалтай, зөвшөөрөл олгоогүй тул газрын зөвшөөрөл олгохгүй гээд олгоогүй.

Хариуцагч БЗД ЗД ас архивт бүртгэлгүй байна гэх боловч очоод хүсэлтээ өгье гэхэд зөвшөөрөлтэй газрын зөвшөөрсөн бичгийг авна гээд хүсэлтийг хүлээж авдаггүй байсан. Бид 2015 онд өргөдөл бичсэн байхад газар олгоогүй хирнээ зүгээр өргөдөл бичээд өгсөн иргэдэд газрын зөвшөөрөл олгосон байсан. Иймд өөрийн өмчлөлийн хашаа байшин, газрыг буцаан авахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тухайн үеийн Засаг дарга байсан н.Ж, гуравдагч этгээд Ё.Д нөхөр Ч.Б гэх хүмүүс гэрчээр асуугдаж, хүний хөрөнгийг гуйж амьдарч байсан, буцааж өгөх нь зүйтэй гэж хэлсэн талаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн үеийн кадастрын зураг, сүүлд ирүүлсэн агаарын зураг зэргээс энэ хашаанд амьдарч байсан хашаа, байшин харагдаж байгаа. Харин гуравдагч этгээдүүдийн гэр харагдахгүй байна. Би болоод миний үр, хүүхдүүд амьдарч байсан нь үнэн тул өөрийн өмчлөлийн газраа буцаан авах хүсэлттэй байна.

... 2002 онд хорооны Засаг даргад тухайн газраа эзэмшиж авах талаар хүсэлт гаргаж, түүнээс хойш буюу 2005, 2006 онд хорооны Засаг даргаар дамжуулж Баянзүрх дүүргийн Газрын албанд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч маргаан бүхий газар нь төмөр замын хамгаалалтын бүс байх тул хувьчлах боломжгүй, газар эзэмшүүлэх боломжгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээж авдаггүй байсан.

Ингээд 2015 оны 03 дугаар сараас Баянзүрх дүүргийн Газрын албанаас уг газар оршин сууж байгаагүй нэр бүхий этгээдүүдэд 20 гаруй жилийн хугацаанд манай эзэмшиж байсан газрыг хувааж өгч, бидний эрх ашгийг ноцтой хохироосон. Эдгээр хүмүүсийн тухайд нэг хүний гараар, нэг Засаг даргын тодорхойлолтоор цохолт хийлгэж, нэг өдөр өргөдөл гаргасан байна. Бид Газрын тухай хуулийн 27-32 дахь зүйлд заасан эрхийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Засаг даргын А/104 тоот захирамж, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Т.Өд газар эзэмшүүлсэн А/172 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М болон Ц.О нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Ё.Д, Д.О, Б.Ц нараас Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу гаргасан хүсэлтийг А/104 тоот Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ж******* 27-6******* тоотод байрлах 0,7 га газрыг 15 жилийн хугацаатай Ё.Дд, 6******* а тоотод байрлах 0,5 га газрыг 15 жилийн хугацаатай Б.Цд, 6******* б тоотод байрлах 0,5 га газрыг 15 жилийн хугацаатайгаар Д.От тус тус олгож шийдвэрлэсэн.

Улмаар Б.Ц нь өөрийн эзэмшил бүхий газрыг шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу А/172 тоот захирамжаар Т.Өд шилжүүлсэн. 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Л.Н нь ... миний бие уг газарт 1996 оноос хойш гэр барьж амьдарч байсан байтал 2015 оны А/104 тоот захирамжаар бусдад эзэмшүүлсэн байх тул миний эзэмших эрхийг хангаж өгнө үү гэж өргөдөл гаргасан байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/438 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ж******* 27-6*******в тоотод байрлах 387 м.кв газрыг Л.Нд олгосон. Тэгэхээр одоо Л.Нд уг талбайг хууль ёсоор эзэмших эрх байгаа бөгөөд хэн нэгэнд давхцуулж эзэмшүүлсэн асуудал байхгүй. Иймд Л.Нийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д Газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж заасан байна. Нэхэмжлэгч Б.З, Б.З нарын хувьд маргаан бүхий газрыг албан ёсоор эзэмших эрх, гэрчилгээ олгогдоогүй, тухайн газарт амьдарч байсан эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасан бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн зүйл байхгүй, Л.Нд 6******* в тоот газрыг хууль ёсоор эзэмших эрх нь нээлттэй байх тул нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/104, А/172 дугаар захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нарт олгох хууль зүйн үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ё.Д болон түүний өмгөөлөгч Б.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2 хүүхдийн хамт 2010 оны 7 дугаар сараас Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ж******* 27-6******* тоот хашаанд амьдарсаар өдийг хүрсэн. 2013 онд хашаа, байшиндаа засвар хийж, хойд талын хашааг блоколсныг эргэн тойрны хүмүүс мэднэ. Л.Н намайг газрыг нь булааж авсан мэтээр тайлбарлаж байна. Миний бие хууль, журмын дагуу Баянзүрх дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаж газраа эзэмшсэн. 2010-2015 он хүртэл Л.Н эгч энэ миний газар, миний газарт буусан байна гэж нэг ч удаа хэлж байгаагүй.

Н.Б болон манай нөхөр бид 2 хамтран ажиллаж, амьдарч байх хугацаанд жижиг тэргээ хүртэл өгч байсан. н.Б гэрчээр асуухдаа Ё.Д бид 2 уг хашаанд амьдарч байсан, бид 2-т мөнгө өгч хашааг бариулж байсан гэж худал хэлүүлсэн. Дараа нь яагаад ингэж хэлсэн юм бэ гэхэд Л.Н эгч гэрчээр ороод, ингээд хэлээд өгөөч гэж 2 жил гаруй гуйсан, та гурваасаа салсан ч ингэж хэлэх зориг байгаагүй, ямар ч аргагүй байдалд хүрсэн тул ингэж хэллээ гэсэн. Нөхөр бид хоёр 2013 онд гэрлэлтээ цуцлуулахад Ч.Н өмгөөлөгч ажиллаж байсан бөгөөд салсны дараа тэтгэмжээ өгөхгүй байсан тул Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд хандахад тэрээр би өмнө нь энд ажиллаж байсан, энэ хэргийг хэрэгсэхгүй болго гэж ярьсан байсан. Ч.Б болон Ч.Н өмгөөлөгч нар хамтдаа намайг их дарамталдаг байсан.

Уг хашаа нь задгай, хүн амьдрахааргүй байхад би засаж аваад одоог хүртэл эзэмшиж, амьдарч байгаа. Ингээд 2015 оноос Д.О, Т.Ө нар газар авсан, гэрчилгээ гарсан гэж хэлээд нүүж ирсэн. Миний нөхөр Эрдэнэт хотод ажиллаж байгаад тэндээ амьдрахаар болсон. Тэгэхдээ энэ газрын гэрчилгээг гаргуулж аваарай, ямар ч зөвшөөрөл байхгүй газар гэдгийг хэлж байсан. Би 2 хүүхдээ өсгөхийн хажуугаар арай хийж уг газар, хашаа байшинг засварласан байхад Л.Н эгч энэ талаар огт хэлж байгаагүй хирнээ газар төлөвлөлтөд орох сургаар манайд ирэхэд түүнийг анх удаа харсан..., Л.Н нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл тэрээр өөрийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж маргаагүй, зөвхөн гуравдагч этгээд Д.О, Ё.Д, Б.Ц нарт олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож, өөрийн хүүхдүүд болох нэхэмжлэгч Б.З, Б.З нартай хамтран маргаан бүхий газрыг 3 хувааж авах агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Л.Н нь газар эзэмших эрхтэй атлаа ийм шаардлага гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Тэрээр өмчилсөн газраа эзэмшиж, тэндээ амьдрах эрх нь нээлттэй байхад яагаад заавал гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. 2003 он хүртэл амьдарсан гэж тайлбарлах боловч түүнд уг газар эзэмших ашиг сонирхол байхгүй байсан. Тухайн үед Газрын тухай хууль хэрэгжээд эхэлсэн байхад газраа хаяад явсан. Уг нөхцөл байдал нь нэхэмжлэгч Б.З, Б.З нарын хувьд тодорхой харагдаж байна. 2015 онд газар эзэмшихээр хүсэлт гаргаж байсан гэх боловч түүнийг нотлох баримт Баянзүрх дүүргийн Газрын албанаас гарч ирээгүй. Тодорхой хэлбэл 2003-2015 оны хугацаанд нэхэмжлэгч нар тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байгаагүй, цаашид ч амьдрах сонирхол байгаагүй гэж үзэж болохоор байна. Иймд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зүйл байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Д.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний хувьд хууль ёсны дагуу холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлэн Баянзүрх дүүргийн Газрын албанд өргөдлөө өгч, гэрчилгээ гаргуулж, уг газрыг эзэмшсэн. Намайг ирэхэд уг газарт Ё.Д эгч амьдардаг байсан бөгөөд өөр айл, саравч байгаагүй. Маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшсэн гэж хэлмээр байна гэв.

Гуравдагч этгээд Т.Ө, түүний өмгөөлөгч Д.С нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би энэ газрыг худалдаж авсан. Бусад хүмүүс шиг үнэгүй авахыг хүсээгүй өөрийн зохих ёсны үнээр худалдаж авсан. Уг газар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд газар төлөвлөлтөд орсон юм. Тухайн газар нь хүн амьдарч байгаагүй газар байсан. Гэтэл нэхэмжлэгч нараас газраа арчилж байсан, хамгаалж байсан гэж яриад байх юм. Хог шороо цугларсан газрыг дундуур нь таслаад орсон. Хууль ёсны эзэмшигч нь би. Энэ маргааныг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Ямар нэг хууль дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/172 дугаар захирамжийн Т.Өд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан. Ц нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/172 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу шилжүүлсэн. Уг баримт нь хавтаст хэргийн 158 дугаар хуудаст авагдсан байгаа.

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар өргөдлөө гаргаж байсан гээд амаар яриад байгаа боловч яг хэдэн удаа Газрын албанд хандаж байсан, ямар хариу тайлбар бичгээр авч байсан талаар шүүхээс бичиг баримтын үзлэгийг хийсэн боловч нотлох баримт байхгүй байсан. гэв.

Бие даасан шаардлагатай холбогдуулан гуравдагч этгээд Ё.Д болон түүний өмгөөлөгч М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ё.Д миний бие 2009 оноос хойш Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ж*******ы 29 гудамжны 6******* тоотод амьдарч байгаа бөгөөд 2015 онд хууль ёсны дагуу газар эзэмших эрхтэй болсон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Н, Б.З, Б.З нар 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр миний өмчлөлийн газарт байршилтай 24 м.кв байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулан улсын бүртгэл хийлгэсэн байна. Уг бүртгэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн бөгөөд өөрөөр хэлбэл тухайн этгээдүүдийн өмчийг нотлох зүйл байхгүй байсан тул газрын гэрчилгээ болон кадастрын зургийг 4 талаас нь авч өөрийн өмч гэж бүртгүүлсэн байна. Энэ нь шүүхэд нотолж чадахгүй байгаа зүйлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн өмч гэж нотлох гэж оролдсон хууль бус үйлдэл байна. Л.Н уг үл хөдлөх хөрөнгөтэй холбогдуулан маргах байсан бол Иргэний хэргийн шүүхэд хандаж өөрийн өмч эсэхийг тогтоолгох бүрэн боломжтой байхад одоог хүртэл тийм агуулгатай нэхэмжлэл гаргаагүй. Амьдарч байсан гэж маргаж байгаа нь байшин нь өөрийн үл хөдлөх хөрөнгө гэх агуулгаар бус зөвхөн газартай холбогдуулж маргаж тул 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ү22040******* улсын бүртгэлийн гэрчилгээ болон бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлагатай холбогдуулан хариуцагч ОӨУБЕГ ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ОӨУБЕГ аас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ё.Д нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хариу тайлбар өгсөн. Нэхэмжлэгч Л.Н, Б.З нарын гаргасан мэдүүлэг нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй. Мэдүүлэг, өргөдөл зэрэг нь 6******* тоот, газар эзэмших гэрчилгээ, кадастрын зураг зэрэг нь 6******* в тоот хаягаар нотлох баримтууд гаргаж өгснийг зөрүүтэй гэж үзэн тус хэлтсээс улсын бүртгэлийн 84818 дугаартай бүртгэлийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар албан ёсны шийдвэр гараагүй байна. Тодорхой хэлбэл гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжиж байгаа ч албан ёсны шийдвэр гараагүй байгаа тул 84818 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

Бие даасан шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч Л.Н болон нэхэмжлэгч Б.З, Б.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ншүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий 6******* тоот хашааг нэхэмжлэгч Б.З, Б.З, Н.Б нарын нэхэмжлэгч 1991 онд барьсан хувийн сууцыг 2010 онд шилжиж ирсэн этгээдүүд өөрийнх гэж маргаж байгаад гайхаж байна. 2005, 2006 онуудад анх Газрын тухай хууль мөрдөгдөж, агаарын зураг нь архивд орсон бөгөөд тэр зургаас Н.Б гэр, хувийн сууц, гарааш, үхрийн сараалж, шувууны байр харагддаг. Баянхонгор аймагт мал маллаж байсан хүн миний хувийнх гэж байгаагаа юугаар нотлох вэ? Нэхэмжлэгч нараас худалдаж авсан эсэх, ямар хэлбэрээр хүний өмчийг авсныг ойлгохгүй байна. 2010 онд Ч.Б нүүж ирж хашааг түлж дуусгасан байсан. Уг байшинг Ё.Д хэдэн онд, ямар хөрөнгөөр барьсан нь тодорхойгүй. Иргэн өөрийн өмчийг хууль ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авч яагаад болдоггүй юм бэ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Н, Б.З, Б.З нар нь анх тус шүүхэд хандан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/104 дүгээр захирамжийн иргэн Ё.Д, Б.Ц, Д.О, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч нарт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ж*******ы 27 гудамж 6*******, 6*******а, 6*******б, 6*******в тоот хаяг бүхий газруудыг хуульд заасан хэмжээгээр хуваан эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа:

иргэн Ё.Д, Б.Ц, Д.О нарт газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/104 дүгээр захирамж, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Т.Өд хууль бусаар газар олгосон А/172 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Т.Өд олгосон 500 м.кв талбай бүхий газрыг Л.Нд, харин Ё.Д, Д.О нарт олгосон 500 м.кв, 700 м.кв бүхий газрыг Б.З, Б.З нарт олгуулах шийдвэр гаргахыг БЗД ЗД д даалгуулах хэмээн эцэслэн тодорхойлсон тул шүүх нэхэмжлэгчийн хариуцагч Б.Б холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаж,

энэхүү эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 32 дугаар зүйлийн 32.1-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.2-д Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана, 32.2.1-д овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 32.2.2-д эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, 32.2.3-д газар эзэмших зориулалт, хугацаа, 32.4-д энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх иргэдэд олгосон газарт 1991 оноос хойш олон жил амьдарч, өөрийн хөрөнгөөр байшин болон хашаа барьсан, ... 2005, 2006 онуудад дүүргийн газрын албанд хандаж газрыг эзэмших тухай хүсэлтийг удаа дараа гаргасаар байтал тухайн газрыг гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийг зөрчсөн гэж,

хариуцагчийн зүгээс ...гуравдагч этгээд нар Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гаргасныг хуулийн дагуу шийдвэрлэсэн..., нэхэмжлэгч Л.Н тухайд дүүргийн Засаг даргын шийдвэрээр 387 м.кв газар олгогдсон тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, нэхэмжлэгч Б.З, Б.З нарын хувьд маргаан бүхий газар дээрээ амьдарч байсан эсэх нь тодорхойгүй, албан ёсны гэрээ гэрчилгээ олгогдоогүй, газар эзэмших хүсэлтээ гуравдагч этгээд нараас хойш гаргасан тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж,

гуравдагч этгээд Ё.Д хувьд ...хууль ёсны дагуу өргөдлөө өгч газар эзэмших эрхээ баталгаажуулсан, ...анх тухайн газраа амьдарч эхлэх үед нэхэмжлэгч нараас хэн нь ч миний газар гэж маргаж байгаагүй, өөрийн хүч хөрөнгөөр хашаа, байшингаа янзалан амьдарч байсан гэж,

гуравдагч этгээд Т.Ө, Д.О нараас ... хүсэлтээ хууль журмын дагуу гарган эрх бүхий байгууллагын шийдвэрээр эзэмших эрх маань үүссэн учир хууль бус гэж үзэх боломжгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Нэхэмжлэгч Л.Н, Б.З, Б.З  нар нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, тухайн газарт 1991 оноос хойш амьдарч байсан, Б.З, Б.З  нар 2005, 2006 онд тухай газраа эзэмшихээр хүсэлт гаргаж байсан боловч бидний хүсэлтийг шийдвэрлэлгүй татгалзсан хариуг өгсөн хэмээн дурдаж, хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр огноолсон газар эзэмших тухай хүсэлт, 2006 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн огноо бүхий кадастрын зураг зэргийг хавсаргажээ.

Шүүхээс, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсан огноогоор Баянзүрх дүүргийн Газрын албаны архивын бичиг баримт болох 2005, 2006 оны өргөдөл хүсэлтийг хүлээн авах дэвтэр, ирсэн бичиг, өргөдөл бүртгэлийн программд үзлэг хийхэд дурдсан огноонуудад нэхэмжлэгч Б.З, Б.З нарын нэрээр маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргасан тухай бүртгэл байхгүй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд нэхэмжлэгч Л.Н, Б.З нар нь бүртгэлгүй, нэхэмжлэгч Б.З Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ж*******ы 27-6******* тоотод бүртгэлтэй болох боловч тухайн хаяг дээр амьдардаггүй, нэгж талбарын 18649309052722 дугаар бүхий газар нь 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд 27*******.95 м.кв талбайтайгаар газар эзэмшиж буй аж ахуйн нэгж нь худаг гэсэн бүртгэлтэй байсан болох нь болох нь хэрэгт авагдсан

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны газрын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 812 дугаар албан бичиг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10/2137 дугаар албан бичгээр, 

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 26/48 дугаар албан бичиг, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 26/145 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар,

Баянзүрх дүүргийн Газрын албаны архивын бичиг баримт болон маргаан бүхий газарт шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болон 2018 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл,

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/2201 тоот албан бичиг болон холбогдох бусад баримтуудаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр огноолсон, хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий Б.Золбаяр, Б.Золзаяа  нарын газар эзэмших тухай хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана, 32.2.2-д эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, 32.2.3-д газар эзэмших зориулалт, хугацаа, 32.4-д энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө гэж заасан шаардлагыг хангаагүй, 2006 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн огноо бүхий, 18649309052722 нэгж талбарын кадастрын зургийн газар эзэмшиж буй аж ахуйн нэгж гэх хэсэгт худаг гэсэн бичилт хийгдсэн, хэний захиалгаар, ямар байгуулага үйлдсэн болох нь тодорхойгүй, зургийг үйлдсэн, хянасан эрх бүхий албан тушаалтаны гарын үсэг, баталгаажилт хийгдээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. гэх шаардлагыг хангаагүй баримт байх тул мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. гэж заасанчлан шүүхээс үнэлэх боломжгүй байна.

Харин, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/1334 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Б.Б, Д.О, Ё.Д, Б.Цогзолцэрмаа, Л.Н, Б.З нараас дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газрын албанд хандан гаргасан хүсэлт, холбогдох бусад баримт бичиг, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны газраас 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 812 тоот албан бичгээр болон Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10/2137 тоот албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд болон тус шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд хийсэн үзлэгээр,

Нэхэмжлэгч Л.Н нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр БЗД ЗД д хандан .. миний бие 12 дугаар хороонд 1996 онд хашаа барьж, гэр бүлээрээ амьдарч эхэлсэн. ...гэтэл 2015 онд 104 дугаартай захирамжаар бусдын нэр дээр гэрчилгээ гарсан байна. Иймд энд амьдардаггүй хүний нэр дээр гарсан захирамжийг хүчингүй болгож, миний нэр дээр гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг тус дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/438 дугаар захирамжийн хавсралтын 234-т: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ж*******ы 26-6*******а тоот, гэр бүлийн хэрэгцээний, 387 м.кв, 15 жил, эзэмших гэсэн байдлаар шийдвэрлэсэн байх бөгөөд газар дээр нь иргэн Л.Н хашаа барьсан гэх тайлбартайгаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/442 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг үндэслэн, иргэн Б.Б газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, дүүргийн Газрын албанаас 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 000592228 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ-г нэхэмжлэгч Л.Н Баянзүрх дүүрэг, Ж*******ы 26-6*******в тоот / 12-р хороо гэсэн байдлаар бичиж олгосон болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Л.Н нь энэхүү захирамжид заасан үйл баримттай холбоотойгоор маргаагүй,

Нэхэмжлэгч Б.З нь ...миний бие гэр бүлийн хамт уг хашаандаа байшин барьж, өрх тусгаарлан амьдрах хүсэлттэй байгаа тул газар эзэмших гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр БЗД ЗД д хандсан гаргасан болох нь,

Нэхэмжлэгч Б.З нь ...миний бие 1996 оноос эхлэн эцэг эх, ах дүү нарын хамт 12-р хороонд амьдарч байгаа. ...гэтэл 2015 оны 104 дүгээр захирамжаар бусдад эзэмшүүлсэн байна. тиймээс энэхүү асуудлыг судалж, миний нэр дээр олгож өгнө үү гэсэн хүсэлтийг 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр БЗД ЗД д хандсан гаргасан болох нь,

Гуравдагч этгээд Д.О нь ...миний бие Баянзүрх дүүргийн 12-р хороо Ж*******ы 26-6*******б тоотод 2010 оноос хойш амьдарч байна. Уг газраа өөрийн нэр дээр эзэмших хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч туслана уу гэсэн хүсэлтийг 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр БЗД ЗД д хандан гаргасан болох нь,

Гуравдагч этгээд Ё.Д нь ...миний бие Баянзүрх дүүргийн 12-р хороо Ж*******ы 26-6******* тоотод 2010 оноос хойш амьдарч байна. Уг газраа эзэмших хүсэлтэй байгаа тул газар дээр минь цохолт хийж өгч туслана уу гэсэн хүсэлтийг 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр БЗД ЗД д хандан гаргасан болох нь,

Гуравдагч этгээд Б.Ц нь ...миний бие Баянзүрх дүүргийн 12-р хороо, Ж*******ы 26 гудамжны 6*******а тоотод амьдардаг. Уг газар дээр 7-8 жил амьдарч байгаа бөгөөд өөрийн нэр дээр эзэмших хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр БЗД ЗД д хандсан гаргасан, улмаар 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн огноо бүхий Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр гуравдагч этгээд Т.Өлзийсайхан уг газраа шилжүүлсэнтэй холбоотойгоор гуравдагч этгээд Т.Ө-с ...Ц нь уул хашааг надад шилжүүлж өгсөн тул хууль ёсны дагуу миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэх хүсэлтийг 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр БЗД ЗД д хандан гаргасан болох нь тус тус тогтоогдож байна.

Нэгэнт эрх бүхий байгууллагаас гаргасан тайлбар, холбогдох бусад нотлох баримт болон шүүхээс Баянзүрх дүүргийн Газрын албаны бичиг хэрэг болон өргөдөл, ирсэн бичгийн системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Л.Н, Б.З, Б.З нар нь тухайн маргаж буй газартай холбоотойгоор цаг хугацааны хувьд гуравдагч этгээдүүдээс өмнө хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдохгүй,

нэхэмжлэгч нарын зүгээс өргөдөл гаргаж байсан гэх боловч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргагч этгээдэд гаргаж өгнө заасан дагуу Газрын албанаас өргөдлийг хүлээн авсан тохиолдолд өгөх ёстой тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгөхгүй байхад / Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. гэж заасан./

 

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заасанчлан иргэдийн хүсэлтийг хүлээн авсан огнооны дарааллаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.О-т Жанжны 26-6*******б тоотод 500 м2 газрыг, гуравдагч этгээд Ё.Д-д Жанжны 26-6******* тоотод 700 м2 газрыг, гуравдагч этгээд Б.Ц-д Жанжны 26-6*******а тоотод 500 м2 газрыг тус тус 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж,

улмаар гуравдагч этгээд Б.Ц болон гуравдагч этгээд Т.Ө нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр, гуравдагч этгээд Т.Ө-с 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр БЗД ЗД д хандан гаргасан нэр шилжүүлэх хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/172 дугаар захирамжаар Т.Ө-д газар эзэмшүүлэх эрх олгосон хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан зарчимд нийцсэн байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасанчлан тухайн газарт өмнө нь амьдарч байсан гэх тайлбар нь нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг эзэмших эрхийг шууд бий болгохгүй бөгөөд харин хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж, тэргүүн ээлжинд шийдвэрлүүлэх субъектив эрхийг бий болгож буй явдал юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Гуравдагч этгээд Ё.Д-с гаргасан бие даасан шаардлагатай холбогдуулан хариуцагч ОӨУБЕГ ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-с ОӨУБЕГ аас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ё.Д-н нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хариу тайлбар өгсөн. Нэхэмжлэгч Л.Н, Б.З нарын гаргасан мэдүүлэг нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй. Мэдүүлэг, өргөдөл зэрэг нь 6******* тоот, газар эзэмших гэрчилгээ, кадастрын зураг зэрэг нь 6******* в тоот хаягаар нотлох баримтууд гаргаж өгснийг зөрүүтэй гэж үзэн тус хэлтсээс улсын бүртгэлийн 84818 дугаартай бүртгэлийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар албан ёсны шийдвэр гараагүй байна гэсэн тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасан тул гуравдагч этгээд Ё.Д-н Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан журмын дагуу гаргасан гомдлыг захиргааны байгууллага урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэж, хариу өгөөгүй байхад тус шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д заасан журмын дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан гуравдагч этгээд Ё.Д-н бие даасан шаардлагыг тусгаарласан болохыг,

шүүх хуралдааны товийг иргэдийн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн оролцогчид түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжүүлэн явуулахыг зөвшөөрөөсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч болон тэдгээрийн итгэмжлэдсэн төлөөлөгч нь НБЗД ЗД д холбогдох Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн Б.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг батлаж, түүнд холбодох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Л.Н, Б.З, Б.З нарын нэхэмжлэлтэй НБЗД ЗД д холбогдох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн иргэн Ё.Д, Б.Ц, Д.О нарын газар эзэмшүүлэх А/104 дүгээр захирамж, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн иргэнд хууль бусаар газар олгосон Т.Ө-ны А/172 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Т.Ө-д олгосон 500 м.кв талбай бүхий газрыг Л.Н-д, харин Ё.Д, Д.О нарт олгосон 500 м.кв, 700 м.кв бүхий газрыг Б.З, Б.З нарт олгуулах шийдвэрийг БЗД ЗД д даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХТУЛГА

                                      ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР

                                               ШҮҮГЧ                                  О.ОЮУНГЭРЭЛ