Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 705

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/00034 дүгээр шийдвэртэй, Ц.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Ёндонсүрэнд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 24 225 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ш.Ёндонсүрэнтэй зээлийн гэрээ хийж, түүнд 17 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлсэн бөгөөд гэрээнд талууд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр дууссан, Ш.Ёндонсүрэн зээлийн хүүг төлсөн боловч үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй. Иймд гэрээнд зааснаар хугацаа хэтэрсэн 105 хоногийн алданги 8 925 000 төгрөгөөс сүүлд төлсөн 1 700 000 төгрөгийг хасч, 7 225 000 төгрөг, үндсэн зээлийн 17 000 000 төгрөг, нийт 24 225 000 төгрөгийг Ш.Ёндонсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Ц.Гэрэлт-Одтой 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ хийж, түүнээс 17 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж аваад Б.Золжаргал, З.Мягмарсүрэн нарт өгсөн, би уг зээлээс нэг ч төгрөг аваагүй, 7 сард зээлийн гэрээний хугацаа дуусахад мөнгийг авсан З.Мягмарсүрэнгээс зээлээ төл гэхэд мөнгө байхгүй гэх болсон, Ц.Гэрэлт-Од надаас мөнгөө нэхэх болсон, 3 сарын зээлийн хүүг түүнд бүрэн төлсөн, сүүлд өгсөн 1 700 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасуулна, уг зээлийг өөрөө аваагүй тул алдангийг төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Ш.Ёндонсүрэнгээс 15 376 500 төгрөгийг гаргуулан Ц.Гэрэлт-Одод олгож, нэхэмжлэлийн шаардагаас 8 848 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Одын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 075 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ёндонсүрэнгээс 234 832 төгрөгийг гаргуулан Ц.Гэрэлт-Одод олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй. Ш.Ёндонсүрэнгийн хариу тайлбарыг авч хэлэлцээгүй. Гэрээгээр ямар ч тохиолдолд зээлсэн мөнгөө 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төлж дуусгана гэсэн боловч үүргээ биелүүлээгүй. Гэрээний 4-т зааснаар хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд 105 хоногийн алданги нэхэмжилсэн боловч шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль бус гэж үзэж байна. Үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасныг биелүүлэх үүрэгтэй.

Мөн шүүхийн шийдвэрээр зөвхөн нэг удаагийн алданги тооцож 76 500 төгрөгийг гаргуулсан нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6, 232.7 дугаар зүйлийг тус тус зөрчсөн. Иргэний хуулийн 19 дүгээр бүлэг нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг заасан учраас анз буюу алданги нь ямар ч тохиолдолд хоёр талын тохирсон хүүнээс их байж үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлэхийг шаардана. Алдангийг зөвхөн нэг удаа тооцсон нь үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйг зөвтгөсөн бөгөөд Иргэний хуулийн үүрэг гүйцэтгэлийг хангах аргыг зохицуулсан хуулийг бүхэлд нь зөрчсөн.

Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн утгыг шууд анхаарна гэж заасан учраас алданги тооцно гэсэн үгийн утгыг шууд авах ёстой гэж үзэж байна. Алданги тооцох үндэслэл болон алданги хэзээнээс тооцох, ямар үүргээс тооцох зэрэг нь тодорхой бус гэж шүүхийн шийдвэрт дурдсан. Гэрээнд энэ бүхэн тодорхой байгаа. Алданги хэдийнээс тооцох нь тодорхой бус байна гэдгийг тайлбарлавал гэрээнд зааснаар үүрэг гүйцэтгэгч ямар ч тохиолдолд 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр зээлийг төлж дуусгасан байна гэж заасан тул энэ өдрөөс алданги тооцно.

Алданги ямар үүргээс, ямар үечлэлээр тооцох нь тодорхой бус гэдгийг тайлбарлавал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцогддог, мөн алданги зөвхөн хоног тутамд л тооцогддог анз гэдэг нь тодорхой байна. Хуулиар ямар нэгэн өөр үечлэл заагаагүй учраас гэрээнд алданги гэж оруулсан бол тэр нь зөвхөн хоног тутамд л тооцогдоно гэж үзэхээр байна.

Миний бие банкнаас их хэмжээний зээл авсан бөгөөд түүнийхээ хүүг цаг тухайд нь төлдөг. Ш.Ёндонсүрэн мөнгө зээлснээр би өөрөө банкны зээлийн хүүгээ ч төлж чадахгүй хүнд байдалд ороод байна. Мөн хувь хүнээс ам.доллар зээлсэн. Ам.долларын өсөлтөөс болж асар их алдагдал хүлээж байна. Банкны зээл төлөх болоогүй байсан учраас бага хэмжээний ашиг харж энэ хүнд мөнгө зээлүүлсэн нь үнэн. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлд дурдсан алдангийг бүхлээр нь гаргаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, хэргийн оролцогчдын эрх зөрчигдөөгүй тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Од нь хариуцагч Ш.Ёндонсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 17 000 000 төгрөг, алданги 7 225 000 төгрөг, нийт 24 225 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ш.Ёндонсүрэн нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Гэрэлт-Одоос 17 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах баталгаа болгож, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 13-67 тоот орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх 4,5 дахь тал/

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ тус бүр нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Шүүх талуудын тайлбараар тогтоогдсон 1 700 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцсон нь зөв боловч зээлийн гэрээний 4 дэх заалтыг үндэслэн алдангид 7 225 000 төгрөгийг шаардах үндэслэлгүй гээд, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан анз тохиролцсон байдлаар гэрээний холбогдох хэсгийн агуулга болон хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч Ш.Ёндонсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 17 376 500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хэргийн 4 дэх талд авагдсан зээлийн гэрээний 4 дэх заалтаар “хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон болно” гэсэн нөхцөл тусгагдсан байгааг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан агуулгаар тайлбарлавал зээлж авсан мөнгийг төлөхөөр тохирсон хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх, энэ нь хэмжээний хувьд 0.5 хувь байхаар тогтоож, ямар үүргээс гэдэг нь зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үнийн дүнгээс байх нь тухайн зээлийн харилцаанд оролцогч талуудын хувьд шууд утгаараа ойлгогдохоор байна.

 

Гэтэл анхан шатны шүүх гэрээний дээрх заалтад ямар үүргээс, ямар үечлэлээр алданги тооцох нь тодорхой бус тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан анз тохиролцсон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймээс зээлийн гэрээний 4 дэх заалтаар талууд алданги тооцох хууль зүйн үндэслэлээ тодорхойлон тохиролцсон гэж дүгнэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Гэхдээ хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд алдангийг багасгаж, гүйцэтгэвэл зохих үүргийн үнийн дүнгийн 25 хувиас хэтрэхгүй хэмжээнд тооцож 3 825 000 төгрөгийг гаргуулж, шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/00034 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232.5” гэснийг “232.6”, “15 376 500” гэснийг “19 125 000”, “8 848 500” гэснийг “5 100 000” гэж,

2 дахь заалтын “234 832” гэснийг “253 575” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                               

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА