Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 0007

 

 

 

 

 

 

 

 

Г.Энхманлай, Б.Мөнхчулуун нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0370/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Б.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Б.Нямдаваа нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 28 дугаар захирамжтай шүүгдэгч Г.Э, Б.М нарт холбогдох 1738000230005 дугаартай эрүүгийн хэргийг тээврийн прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Х овогт Г-ын Э, 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, урьд Багануур дүүргийн шүүхээс 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Багануур дүүргийн шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, /регистрийн дугаар СЖ/.

Монгол Улсын иргэн, Б овогт Б-ийн М, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар /.

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 30 минутын үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг “Далладаг сарваадгийн ферм” гэх газар Тоёота Ландкруйзер-80 маркийн 67-58 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2, 9.1, 9.2-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ц.Буянжаргал, М.Мишээл нарын амь нас хохирсон,

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг “Далладаг сарваадгийн ферм” гэх газар Тоёота Ландкруйзер-80 маркийн 67-58 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд шилжүүлж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн б-д заасан заасан заалтыг зөрчсөний улмаас зорчигч Ц.Буянжаргал, М.Мишээл нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Э, Б.М нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгч Г.Э, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Д эсэргүүцэлдээ: ... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 1. Шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-17-д заасан аль асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргах тухайгаа тодорхой заагаагүй, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ...” гэснийг зөрчиж урьдчилсан хэлэлцүүлэгийг шууд зарласан. Яллагдагч Б.М-ы өөрийн эзэмшлийн Тоёота Ландкруайзер-80 маркийн 67-58 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд шилжүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.б-д заасан заалтыг зөрчсөн нь яллагдагч Г.Э-ийн “... Надад жолоочийн эрхийн үнэмлэх байхгүй, би жолоочийн курст огт сууж байгаагүй. ... Манай найз Мөнхчулуун нойр хүрээд байна, намайг хэсэг барьчих гэсэн учраас л түүний машиныг барьчихсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-35-36 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Замын Цагдаагийн газрын ослын актыг энэ хэрэгт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан заалтыг хангаж байна гэж үзэх үндэстэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.” гэж тодорхойлсон байдаг.

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Хэрвээ Г.Мөнхгэрэлийн биед учирсан гэмтлийн зэргийг зайлшгүй тогтоох шаардлагатай гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүх шинжээч томилж, шинжилгээ хийлгэх эрхтэй.

... Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх болсон үндэслэлдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 зүйлийн б-д заасныг шүүгдэгч Б.М зөрчсөн эсэх талаар замын цагдаагийн газрын ослын акт гаргаагүй гэж дүгнэжээ.

Шүүгдэгч Г.Э-ийн гаргасан зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон  акт, дүгнэлт хэрэгт авагдсан байх ба шүүгдэгч Б.М Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлийн б-д заасныг зөрчсөн эсэх талаар акт, дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна. Учир нь тусгай мэдлэг шаардсан асуудлыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийлгэж, акт дүгнэлт гаргуулдаг. Шүүгдэгч Б.М-ы хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлийн б-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэхийг  хориглоно” гэсэн заалт зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоо шилжүүлсэн нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, үүнийг тогтооход тусгай мэдлэг шаардсан асуудал байхгүй байна.

Мөн шүүх Г.М биед учирсан гэмтлийн зэргийг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйийн 2.2-т заасныг зөрчсөн гэж үзжээ. Гэтэл Г.М нь гэмтлийн зэрэг тогтоолгохоос татгалзаж, хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаараа мэдүүлсэн, түүнд гэмтлийн зэрэг тогтоолгох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байна.

Иймд Г.Э, Б.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Э, Б.М нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Г.Э, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

                    ШҮҮГЧИД                                                      Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                           Н.БАЯРХҮҮ