Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01752

 

П.Өгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

     Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/01442 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1438 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: П.Ө

         Хариуцагч: Ц.Бд холбогдох

         Нийт 31,289,718 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч У.Т, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  тайлбартаа: Ц.Бд 5000 еврог 2014-08-01-c 2014-10-01-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, 1 сарын 1.200.000 төгрөгийн хүүтэйгээр зээлүүлсэн. 2014-09-01-ний өдрөөс 2015-04-15-ны өдөр хүртэл нийт 5.750.000 төгрөг төлсөн. Хүүд оногдох мөнгөн дүн 150 евро, нийт хүүгийн төлбөр бодогдох сар нь 2015-02-01-с 2018-03-01-ний өдөр хүртэлх хугацааны хүү 37 сар, нийт төлөх хүүгийн төлбөрийн дүн 5550 евро, нийт нэхэмжлэлийн шаардлагын дүн 10.550 евро буюу 2018-03-23-ны өдрийн Монголбанкны албан ханш 1 евро нь 2.965,84 төгрөгөөр тооцсон. Өөрийн хадгаламжинд байсан 5000 еврог аваад Ц.Бд өгөх гэтэл валютын дансгүй байсан  учир монгол төгрөгт шилжүүлэн өгсөн. Иймд Ц.Бгээс үндсэн зээлийн төлбөр 5000 евро, 37 сарын хэтэрсэн хугацааны хүү 5 550 евро, нийт 10,550 евро буюу 31,289,718 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

   Хариуцагч хариу тайлбартаа: 2014-07-31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж П.Өгаас 12,550,000 төгрөгийг дансаар авсан. Дансаар шилжүүлэхдээ машины төлбөр П.Өгаас гэж хийсэн байсан. Сарын 10 хувийн хүү гэдэг бол хэтэрхий өндөр хүүтэй гэж бодож байгаа  тул шүүхээс зээлийн хүүг багасгаж өгөхийг хүсч байна. П.Өд зээлийн төлбөрт 2014-09-01-ний өдөр 1,250,000 төгрөг, 2014-10-01-ний өдөр 1,250,000 төгрөг, 2014-11-01-ний өдөр 1,250,000 төгрөг, 2014-12-15-ны өдөр 1 сая төгрөг, 2015-04-15-ны өдөр 1 сая төгрөг, нийт 5,750,000 төгрөг төлсөн. Иймд П.Өгийн 31,289,718 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээс 7,804,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул үлдэх 23,485,418 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/01442 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Ц.Бгээс 9,300,000 төгрөг гаргуулан П.Өд олгож, нэхэмжлэлээс 21,989,718 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ц.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 163,750 төгрөг гаргуулан П.Өд олгож, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1438 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/01442 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “9,300,000” гэснийг “14,829,200” гэж, “21,989,718” гэснийг “16,460,518” гэж, 2 дахь заалтын “163,750” гэснийг “232,096” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Иргэний хуулийн 189.1-р гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. П.Ө, Ц.Б нарын хооронд 2014-07-31-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан. Бичгээр хийсэн зээлийн гэрээгээр П.Ө нь 5000 еврог Ц.Бд зээлүүлэхээр тохиролцсон боловч нэхэмжлэгчийн зүгээс 5000 еврог шилжүүлэн өгөөгүй 2014-08-01-ний өдөр 12,550,000 төгрөгийг шилжүүлсэн. Давж заалдах шатны шүүх “....5000 еврог бус 12,550,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэснийг зөвшөөрөхгүй байна.Иргэний хуулийн 281.1-д зааснаар “зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”  282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Хэргийн материалын 19 дэх талд байрлах Ц.Бгийн Хаан банкны төгрөгийн дансны хуулгаас харвал нэхэмжлэгч нь хариуцагчид 12,550,000 төгрөгийг шилжүүлсэн байхад  5000 евро өгсөн мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтээгүүр талуудын хооронд 2014-07-31-ний өдөр 5000 еврог 2 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр тохиролцсон гэрээг бичгээр хийсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс 12,550,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн тул талуудын хооронд 12,550,000 төгрөгийн талаар тохиролцсон гэж үзнэ. Иймээс хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг нь зээлийн гэрээний үндсэн төлбөр болон түүнд ногдох хүүг л төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Талууд 2014-07-31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд 2014 -08-01-ний өдрөөс 2014-10-01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар зээлийн гэрээг байгуулсан байна. 2014-10-01-ний өдрөөс хойш талууд зээлийн гэрээг сунгаж байгаагүй, бичгээр тохиролцож байгаагүй. Иймээс хариуцагч нь 2 сарын хүүг төлөх үүрэгтэй. Талуудын хооронд 2014-10-01-ний өдрөөс хойш зээлийн гэрээг сунгасан талаарх бичгээр тохиролцсон тохиролцоог хийж байгаагүй тул түүнээс хойших хугацаанд хүү шаардах эрхээ Иргэний хуулийн 282.3-т зааснаар алдаж байгаа. Хуулиар алдсан эрхийг гэрээг байгуулах, нөхөж хийх аргаар сэргээх боломжгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нь хариуцагчаас төлсөн 5,750,000 төгрөгийг бүхэлд нь хүүнд төлсөн гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Б нь 12,550,000 төгрөгийг зээлж 5,750,000 төгрөгийг төлсөн байхад төлсөн бүх мөнгийг нь хүүнд тооцож, 14 829 300 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 199.3-т заасан зохицуулалт нь хүчин төгөлдөр гэрээ, хэлцлийн үндсэн дээр хуульд заасан журмын дагуу өр төлбөр үүссэн тохиолдолд гэрээг хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаарддаггүй. Гэтэл нэхэмжлэгчийн хүү шаардах эрх нь хуульд зааснаар алдагдсан тохиолдолд уг зохицуулалтад хамаарахгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          П.Ө 2018-03-23-ны өдөр Ц.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүрэгт  үндсэн зээлийн төлбөр 5,000 евро, хүү 5,550 евро, нийт 10,550 евро буюу 31,289,718 төгрөг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

        Анхан шатны шүүх “...хариуцагч 5,000 евро бус 12,550,000 төгрөгийг зээлж нийт  5.750.000 төгрөг буцааж төлсөн байна... зээлийн гэрээний хүүг  багасгах үндэслэлгүй байна...” гэж дүгнэн 9,300,000 төгрөг гаргуулан, 21,989,718 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна. 

         Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...талууд 5,000 евро зээлүүлэх үүргээ биелүүлж тухайн үеийн ханшаар хөрвүүлэн өгсөн байна...зээлийн төлбөрт нийт 5,750,000 төгрөг төлөгдсөн байна....хариуцагч нь хүүнд төлсөн мөнгийг  буцаан шаардах эрхгүй...” гэжээ. 

     Хариуцагч хяналтын гомдолдоо “...зээлийг еврогоор  бус, харин  төгрөгөөр авсан ...гэрээ сунгаж байгаагүй тул 2 сарын хүү л төлнө...еврог төгрөг болгож шилжүүлсэн гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй...” гэжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Талууд  2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, П.Ө 5,000 еврог 2014-08-01-ний өдрөөс 2014-10-01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн  хүүтэй зээлүүлэх, Ц.Б мөнгийг хүлээн авч сар бүр хүүд 1,200,000 төгрөг төлж гэрээний хугацаа дуусахад үндсэн мөнгийг төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэг тус тус хүлээжээ. 

      Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

       Шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцжээ. Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн тул зээлдүүлэгч үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

        2. Хариуцагч зээлийн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

        Ц.Б зээлийн гэрээний дагуу 12,550,000 төгрөг хүлээн авч, 2014-09-01-ний өдөр 1,250,000 төгрөг, 2014-10-01-ний өдөр 1,250,000 төгрөг, 2014-11-01-ний өдөр 1,250,000 төгрөг, 2014-12-15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015-04-15-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 5,750,000 төгрөг буцааж  төлжээ.

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээний хугацаа  2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан бөгөөд хариуцагч 5,750,000 төгрөгийн зарим хэсгийг үндсэн зээлд тооцон төлж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул хяналтын гомдолд дурдсан үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна.

        3. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 5,000 евро зээлүүлэх үүрэг хүлээж, гэрээний зүйлийг тухайн үеийн ханшаар төгрөгт тооцон шилжүүлсэн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

         Хариуцагч “...П.Өгаас 5,000 евро буюу 12,550,000 төгрөг зээлсэн...” талаар шүүхэд гаргасан тайлбартаа /хх 17/ дурдсан байх бөгөөд тухайн үед ханш хэд байсан талаар зохигч маргаагүй тул “...5,000 евро нь тухайн үеийн ханшаар 12,550,000 төгрөг болж буй нь тогтоогдоогүй...” гэх гомдлоор магадлалд өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцэхгүй юм.   

        Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1438 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 232.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                               

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЧИМЭГ

                              ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ