| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0288/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/288 |
| Огноо | 2020-09-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/288
2020 09 07 2020/ШЦТ/288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..................... овогт Гд холбогдох 2021000000297 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялын зарим хэсэг болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 236 дугаар захирамжаар хорих ялыг дүйцүүлэн хасаж 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, .................... овогт Г /РД: ......................../.
Шүүгдэгч Г нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” гэх зочид буудлаас хохирогч Б.Э-ын эзэмшлийн “Samsung Q-7” загварын гар утас, мөн Б.Магнайн “Samsung S-8 plus” загварын гар утсыг тус тус хулгайлж, бусдад нийт 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан бөгөөд найз Магнай мөн Ггийн хамтаар ******* зочид буудалд өрөө авч хамт ууж идэхээр болсон. Унтахдаа би өөрийн өмчлөлийн Samsung Q-7 загварын гар утсаа дэрнийхээ хажууд тавиад унтсан. Харин Г нь орой яваад өгсөн. Өглөө босоход миний гар утас алга болсон байсан. Яагаад алга болсон талаар Магнайгаас асуухад Г хулгайлаад аваад явсан юм шиг байна гэж хэлсэн. Г нь өглөө манай өрөөнд орж ирээд миний утсаар яриад байсан гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 04, 07-88/
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан бөгөөд найз ******* мөн Ггийн хамтаар ******* зочид буудалд өрөө авч хамт ууж идэхээр болсон. Унтахдаа би өөрийн өмчлөлийн Samsung S-8 plus загварын гар утсаа дэрнийхээ хажууд тавиад унтсан. Өглөө босоход миний гар утас байсан. Орой нь Г яваад өгсөн. Харин өглөө Г өрөөнд орж ирээд *******ын гар утсаар яриад байсан. Тухайн үед ******* унтаж байсан. Би 00-ын өрөө орчихоод гараад ирэхэд Г байхгүй байсан. Миний гар утас болон *******ын гар утас байхгүй байсан...” гэжээ. /хх-ийн 06, 09-10/
Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгээд би Э-ын утсыг аваад утсаар ярих гэж байсан чинь М өөрийнхөө гар утсыг орон дээрээ үлдээгээд 00 өрөө рүү орсон. Тэгэхээр нь би М, Э нарын гар утсыг аваад гарч яваад Samsung Q-7 загварын гар утсыг нэг танихгүй хүнд 100,000 төгрөгийн барьцаанд тавиад нөгөө Samsung S-8 plus гар утсыг буудлаас гүйж гарч байгаад хаясан юм шиг байна лээ...” гэжээ. /хх-ийн 18-21/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Ггийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 57/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч .................. овогт Г нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” зочид буудлаас хохирогч Б.Э-ын эзэмшлийн Samsung Q-7, хохирогч Б.М-н эзэмшлийн Samsung S-8 plus загварын гар утсыг тус тус хулгайлж, бусдад нийт 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би М, Э нарын гар утсыг авч гараад Samsung Q-7 загварын гар утсыг нэг танихгүй хүнд 100,000 төгрөгийн барьцаанд тавиад нөгөө Samsung S-8 plus гар утсыг буудлаас гүйж гарахдаа хаясан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.Э-ын “...Яагаад алга болсон талаар М-аас асуухад Г хулгайлаад аваад явсан юм шиг байна гэж хэлсэн. Г нь өглөө манай өрөөнд орж ирээд миний утсаар яриад байсан гэж хэлсэн...” гэх, хохирогч Б.М-н “...Харин өглөө Г өрөөнд орж ирээд Э-ын гар утсаар яриад байсан. Тухайн үед Э унтаж байсан. Би 00-ын өрөө орчихоод гараад ирэхэд Г байхгүй байсан. Миний гар утас болон *******ын гар утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг би болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч Гд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ггийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-т 180.000 төгрөгийн, хохирогч Б.М-д 450.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13-14/, хохирогч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байх боловч шүүгдэгч Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Э, Б.М нарт учирсан хохирлыг нөхөн төлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................... овогт Гг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гд 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гд оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Гд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА