| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0294/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/293 |
| Огноо | 2020-09-10 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/293
2020 09 10 2020/ШЦТ/293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..................... овогт Год холбогдох эрүүгийн 2021003920299 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............. овогт Г /РД: ................./.
Шүүгдэгч .................... овгийн Г 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Hyundai Porter маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг “*******” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 7 ширхэг нойтон бөөрөнхий нарс мод бэлтгэж ойн санд нийт 477.608 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Р.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Гын байгаль экологид учруулсан 477.608 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна” гэжээ. /хх-ийн 25-26/
Гэрч Р.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Экологийн асуудал хариуцсан байцаагч Ж.Б-ын хамт суманд үйл ажиллагаа явуулдаг модны хөрөө раммтай иргэдээр явж хяналт шалгалт хийж ажилласан. Тэгсэн чинь М.З гэх хөрөө раммтай иргэн нь 7 ширхэг ойролцоогоор 4 метрийн урттай бөөрөнхий нарс мод хөрөө раманд оруулах гэж байхад нь уг модны эзэн болон мод бэлтгэх эрхийн бичгийн талаар асууж тодруулахад Баян-Уул сумын 4 дүгээр багийн иргэн Г гэх хүн авчраад хөрөөдүүлэх гэж байгаа юм. Мод бэлтгэх эрхийн бичиг нь өөрт нь байгаа гэж хэлсэн. Уг 7 ширхэг нарс модыг үзэж шалгахад модны аль нэг үзүүрт шалгасан гэсэн тэмдэг бүхий “Ш” үсэг байгаагүй. ....ойн инженер Б.Э, байгаль хамгаалагч Б.Г нар мод бэлтгэсэн бүх иргэдийн модон дээр шалгасан гэх утга бүхий “Ш” үсэг дарж тэмдэг тавьж явуулж байсан юм. ...Г нь ДОА ******* дугаартай эрхийн бичиг авчирч үзүүлсэн боловч уг нарс модны аль нэг үзүүр хэсэг дээр нь шалгасан гэсэн утга бүхий “Ш”үсэг байхгүй байсан...” гэжээ. /хх-ийн 29-30/
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Г ах 5 метр куб мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Г ах тэр олон мод бэлтгэж байсан хүмүүсийн нэг мөн бөгөөд тэнд мод бэлтгэж байсан ихэнх хүмүүс эрхийн бичигт заагдсан модоо бүрэн бэлтгэж дууссан. Дууссан гэсэн тэмдэглэгээг байгаль хамгаалагч Б.Г ах мод бэлтгэх эрхийн бичгийн ард тэмдэглэж бичсэн байгаа. Би тухайн үед модоо машиндаа ачаад явах гэж байгаа иргэдийн бүх модон дээр шалгасан гэсэн утга бүхий төмрөөр хийсэн “Ш” үсэг алхаар цохиж тэмдэглэсэн юм. ...” гэжээ. /хх-ийн 31-32/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г нь ******* ДОА гэсэн улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслээр ганцаараа 2 удаа явж 5 метр куб модоо татаж дуусгасан. Энэ үед би Гын машин дээрээ ачсан бүх модыг шалгаж үзэхэд шалгасан гэх утга бүхий “Ш” үсэг бүх модон дээр дарагдсан байсан. Гын мод бэлтгэх эрхийн бичгийн ард талд би өөрөө 2019 оны 12 дугаар сарын 26-нд дуусгав гэсэн тэмдэглэгээ хийж гарын үсгээ зурсан байгаа” гэжээ. /хх-ийн 33-34/
Дорнод аймгийн Баян-Уул сумын Сум дундын Ойн ангийн инженер шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот дүгнэлтэд:
1. Баян-Уул сумын 4 дүгээр багийн иргэн ................... овогтой Гын хууль бусаар бэлтгэгдсэн модны нэг бүрийн урт, нарийн үзүүрийн голч: 7 ширхэг бөөрөнхий мод, 1,315 м3 хэмжээтэй байна.
2. Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Батбаярын хэргийн газрын үзлэг дээр ажилласан тэмдэглэл, хэргийн газрын фото зураг зэргийг харж үнэлгээ гаргахад тухайн моднууд нь 2019 онд тайрагдан бэлтгэгдэхээс өмнө ургах чадвартай байсан моднууд байна. Хууль бусаар бэлтгэгдэж хураагдсан 7 ширхэг мод нь 2019-2020 он шилжих өвлийн цас, 2020 оны хаврын салхи, 2020 оны зуны бороо зэрэгт орж цаг хугацаа, цаг уурын байдлаас шалтгаалж яг одоогийн байгаа нь өмхрөл явагдаж эхлэх үеийн нойтон байна.
3. 2019 оны уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар *******ын араас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэгдсэн зохион байгуулалт хийгдэж Сум дундын ойн анги, Баян-Уул сумын байгаль хамгаалагч нартай хамтарсан хяналтанд олгогдсон. Тус бэлтгэгдсэн моднууд нь “Шалгав” тамгатай болно.
4. Ойгоос мод бэлтгэх эхлэл, төгсгөлийн актыг сумын байгаль хамгаалагч үйлдэнэ. Мод бэлтгэлийн технологийн картыг мэргэжлийн аж ахуйн нэгжүүдээр үйлдүүлж Сум дундын ойн анги хянадаг. *******ын ар гэх газраас мод бэлтгэхдээ эхлэл, төгсгөлийн акт үйлдэгдсэн. Харин мод бэлтгэлийн технологийн картыг үйлдэхгүй ойн анги, байгаль хамгаалагч тэмдэглэн өгч хяналт тавина гэсний дагуу ажилласан. Энэхүү заалт нь байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт 3.6 дахь заалт болно.
5. ******* гэх газар нь 2-р муж, ашиглалтын бүсэд хамаарна.
6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор: Бэлтгэсэн мод нь хэрэглээний бөөрөнхий мод гуалин учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1.8, шууд үр ашгийн 2-р мужийн нарсны модны нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 201.778 төгрөг байна. 1,315 м3 модны ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ нь 7 ширхэг мод 1,315м3х1,8х201778=477608.526 төгрөг болно гэжээ. /хх-ийн 37-39/
Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би №******* дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр 2019 оны 12 дугаар сарын 23-аас 25-ны өдрийн хооронд өөрийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр нийт 3 удаа бэлтгэсэн модоо тээвэрлэж авчирсан. Харин сүүлийн мод ачилтан дээр буюу 3 дахь удаагаа явахдаа 3-4 метр урттай 7 ширхэг нойтон нарс мод илүү бэлтгэчихсэн юм. ...би мод бэлтгэхдээ ганцаараа явсан. Тэгэхэд ойд байсан хөлсний ажилчдаар үнэ хөлсийг нь өгөөд модоо бэлтгүүлээд зөөлгүүлсэн юм...” гэжээ. /хх-ийн 47-48/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11/
Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 8/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-21/
Баян-Уул сумын эд зүйлийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 64/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 49/
Г иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 57/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ................... овогт Г нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Hyundai Porter маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг “*******” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 7 ширхэг нойтон бөөрөнхий нарс мод бэлтгэж ойн санд нийт 477.608 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Гын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Р.М, гэрч Р.Б, Б.Э, Б.Г нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Баян-Уул сумын Сум дундын Ойн ангийн инженер шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Баян-Уул сумын эд зүйлийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр тогтоосон төлбөр хураамжийг төлөхгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж зөөсөн өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг “*******” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 7 ширхэг нойтон бөөрөнхий нарс мод бэлтгэж, тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд нийт 477.608 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан байгаль экологид хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч Год холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Гын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсний улмаас ойн санд 1432.824 төгрөгийн /экологи эдийн засгийн үнэлгээ болох 477.608 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Дорнод аймгийн Баян-Уул сумын Сум дундын Ойн ангийн инженер шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот “...Бэлтгэсэн мод нь хэрэглээний бөөрөнхий мод, гуалин учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1.8, шууд үр ашгийн 2-р мужийн нарсны модны нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь: 7 ширхэг мод 1.315х1.8х201778=477608.526 төгрөг болно...” гэх дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Гын ойн санд учруулсан хохирол нөхөн сэргэгдээгүй, төлбөр төлөгдөөгүй тул шүүгдэгч Гоос ойн санд учруулсан 1432.824 төгрөгийн /экологи эдийн засгийн үнэлгээ болох 477.608 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ хохирлыг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө... 7.2.3. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого, 7.2.4. хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого … эх үүсвэрээс бүрдэнэ” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* ДОА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нь Г.Т-ийн өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Гоос тээврийн хэрэгслийн үнэ 2000.000 төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4 метрийн урттай бөөрөнхий нойтон 7 ширхэг нарс модыг хураах албадлагын арга хэмжээ авч, түүний ойн санд учруулсан 1432.824 төгрөгийн /экологи эдийн засгийн үнэлгээ болох 477608 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Г.Тө-ийн өмчлөлийн 2 сая төгрөгийн үнэлгээтэй, ******* ДОА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 4/68 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, харин гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4 метрийн урттай бөөрөнхий нойтон 7 ширхэг нарс модыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 4/69 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .................. овогт Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Год 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай ангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 хэсгийн 4.1-д тус тус зааснаар шүүгдэгч Гоос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2000.000 /хоёр сая/ төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл 4 метрийн урттай бөөрөнхий нойтон 7 ширхэг нарс модыг хураах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Гын ойн санд учруулсан 1432.824 /нэг сая дөрвөн зуун гучин хоёр мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* ДОА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 4/68 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 4 метрийн урттай бөөрөнхий нойтон 7 ширхэг нарс модыг битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 4/69 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА