| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00704/И |
| Дугаар | 75 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 75
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р баг, 2-25 тоотод оршин суух Э.Ууганцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багт оршин суух Д.Мөнгөнтуяа /ХК-87122600/-д холбогдох “400.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Э.Ууганцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Мөнгөнтуяа нь надтай уурхайд хамт найз байсан надаас Д.Мөнгөнтуяа найз нь машинаа янзлуулна гэж 2016 оны 02 дугаар сард 200.000 төгрөг авахуулсан. Дараа нь “найз нь зээл хийх гээд мөнгө олдохгүй байна найздаа туслаач” гээд гуйж байгаад 2016 оны 02 дугаар сард дахиад 200.000 төгрөг хүнээс авахуулсан. Хүү нь гэж надад 200.000 төгрөг 6 сард өгсөн. Э.Ууганцэцэг би хүнээс Д.Мөнгөнтуяад авч өгөөд өөрөө өрөнд ороод хүнээс мөнгөө нэхүүлээд хэцүү байна. Иймд Д.Мөнгөнтуяагаас 400.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Ууганцэцэг нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э.Ууганцэцэг би Д.Мөнгөнтуяад холбогдуулан шүүхэд 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Мөнгөнтуяагийн 400.000 төгрөг төлсөн гэх тайлбар болон баримттай танилцлаа. Өгсөн 400.000 төгрөг нь хүү нь байсан юм. Үндсэн мөнгөө өгөхдөө бичгээр үйлдсэн зүйл байхгүй, хажууд гэрчлэх хүн ч байгаагүй. Тиймээс надад ямар ч нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээ болилоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ууганцэцэг нь Д.Мөнхтуяад холбогдуулан “400.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан “надад ямар ч нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээ болилоо” гэх тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12.650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Ууганцэцэгийн нэхэмжлэлтэй Д.Мөнгөнтуяад холбогдох “400.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Э.Ууганцэцэг нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12.650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА