Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2017/00084/И |
Дугаар | 88 |
Огноо | 2017-01-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 88
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг Даагат ишгэнт гудамж, 6-4 тоотод оршин суух, 68 настай, эрэгтэй, одоо өндөр насны тэтгэвэрт Сэнжтийнхэн овогт Баадайн Сүхээгийн /МС-49031713/ нэхэмжлэлтэй:
“Ажилласан байдал тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.Сүхээ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Сүхээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би одоо өндөр насны тэтгэвэрт байдаг. Миний тэтгэвэрийг тогтоохдоо 41 жил ажилласан гэсэн боловч хамгийн багаар тогтооосон байгаа юм. Одоо тэтгэвэрээ нэмэгдүүлэх зорилготой ажилласан жил тогтоолгох шаардлагатай болсон. Би 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Намын дээд сургууль төгсөж ирээд аймгийн Хөдөө аж ахуйн газарт 14 хоног ажиллаж байгаад Хушаат сумын намын үүрийн даргаар 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Сэлэнгэ аймагт бугын аж ахуй байгуулагдан “Ар тойлбо” гэдэг компани байгуулан түүний захиралаар ажилласан. Энэ компаний захиралаар ажиллаж байхдаа ч намын үүрийн даргаа давхар хийж байсан. Иймд намайг Хушаат сумын намын үүрийн даргаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Сүхээ нь “...намайг Хушаат сумын намын үүрийн даргаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Б.Сүхээ нь Хушаат сумын намын үүрийн даргаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
Б.Сүхээгийн 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн “Ажлын тухай мэдээ”-ний 12-17 талд авагдсан Хушаат сумын намын үүрийн даргаар ажилд томилогдсон, намын үүрийн даргын сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэсэн талаарх тушаалуудын бичилтүүд, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх “Цалингийн тодорхойлолт”, гэрч Л.Нямдорж, Г.Борхүү, Г.Гантөмөр нарын шүүхэд Б.Сүхээгийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Б.Сүхээг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын намын үүрийн даргаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Сэнжтийнхэн овгийн Баадайн Сүхээг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын намын үүрийн даргаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
АРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА