| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0297/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/296 |
| Огноо | 2020-09-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/296
2020 09 14 2020/ШЦТ/296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. овогт Э-д холбогдох 2021004300328 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймагт байрлах “Антакор” ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл 3, эцэг, ах нарын хамт ..................................................................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дугаар зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, ................... овогт Э /РД: ........................./
Шүүгдэгч Э нь иргэн Г.Т-ийн 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн орой гээгдүүлсэн Төрийн банкны виза картыг олж улмаар 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* худалдааны төвд байрлах АТМ-аас уг төрийн банкны картыг уншуулж нийт 654.300 төгрөг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 07 дугаар сарын дундуур найзуудын хамт Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах ******* караоке орж 2 цаг орчим дуулж, пиво ууж байгаад гарч 7-р байрны хойд талын сандал дээр сууж байгаад харих гээд таксины зогсоол руу явсан. Ингээд таксины зогсоол дээр очоод цүнхээ орхисноо санаж буцаад сууж байсан сандал дээрээ очиход миний цүнх байхгүй байхаар нь ойролцоо газруудаар нь хайж байгаад олдохгүй болохоор нь гэр рүүгээ харьсан. Хүрэн улаан өнгийн түрийвч, миний жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, төрийн банкны карт, хаан банкны карт, frov брендийн хэрэглэж байсан үнэртэй ус, нүүрний крем, сормуусны будаг, уруулын будаг зэрэг эд зүйл байсан...” гэжээ. /хх-ийн 14/
Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би Хэрлэн сумын 6-р баг Хаан банктай 6 давхар байрны ойролцоох модон дундуур алхаж байгаад цэнхэр өнгийн төрийн банкны виза карт, эмэгтэй хүний иргэний үнэмлэх газарт байхаар нь тэдгээрийг авсан. Ингээд түүнээс хойш 3-4 хоногийн дараа Хэрлэн сумын 11-р багт үйл ажиллагаа явуулдаг ******* дэлгүүр ороод тухайн картыг ашиглан ундаа авахдаа уншуулан пин кодыг нь эхлээд тухайн эмэгтэйн паспорт дээр байсан төрсөн оноор нь уншуулсан боловч болоогүй, харин төрсөн сар, өдрөөр нь уншуулахад гүйлгээ амжилттай хийгдсэн. Ингээд түүний дараа дахин тамхи уншуулан авсан. Ингээд гэр рүү орчихоод Хэрлэн сумын 6-р багт байрлах ******* супермаркет руу очоод тус супермаркетад байрлах АТМ-д тухайн картыг 3-4 удаа уншуулан 650.000 төгрөг авсан. Ингээд тухайн карт болон иргэний үнэмлэхийг түүнээс хойш 3-4 хоногийн дараа Улаанбаатар хот руу явж байх замдаа хаячихсан. Одоо тухайн үнэмлэх, карт зэрэг надад байхгүй...” гэжээ. /хх-ийн 22-23/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 07/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-09/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10/
Телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/
Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 15/
Гэрч Т.Л-ын мэдүүлэг /хх-ийн 17/
Хохирогч Г.Т-ийн депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-ийн 28/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 29/
Хохирол барагдуулсан талаарх хохирогчийн бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 37, 50/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч .................. овогт Э нь хохирогч Г.Т-ийн гээгдүүлсэн Төрийн банкны виза картыг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр олж улмаар 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” худалдааны төвд байрлах АТМ-аас уг төрийн банкны картыг уншуулж нийт 654.300 төгрөг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн “...дахин тамхи уншуулан авсан. Ингээд гэр рүү орчихоод Хэрлэн сумын 6-р багт байрлах ******* супермаркет руу очоод тус супермаркетад байрлах АТМ-д тухайн картыг 3-4 удаа уншуулан нийт 650.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Г.Т, гэрч Т.Л нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хохирогч Г.Т-ийн депозит дансны харилцагчийн монгол хуулга, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 654.300 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч Эод холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 654.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Эыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т-т учирсан 654.300 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...надад 650.000 төгрөгийг бэлэн төлсөн тул миний зүгээс гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 /нэг/ ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................. овогт Эыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 654.300 /зургаан зуун тавин дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эод 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 /нэг/ ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Т-т 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА