Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 89

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг Жаргалант, 2 дугаар хэсэг 023 тоотод оршин суух, одоо “Гэгээлэг трейд” ХХК-нд аж ахуйн ажилтан, 50 настай, эмэгтэй Урианхайд овогт Санжмятавын Үүрийнтуяагийн /МЮ-67010163/ нэхэмжлэлтэй

“Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох  тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Үүрийнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Үүрийнтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-т бичигдсэн миний аавын нэрийг Мятав гэж бичсэн байна. Манай нутгийнхан аавыг маань Мятав гэж дууддаг байсан. Манай аав биднийг 16 насанд хүрээд иргэний улаан үнэмлэх авахад миний нэрийг Санжмятав гэдэг шүү гэхээр нь бид бүгд Санжмятаваар бичиг баримтаа авсан. Харин миний Төрсний гэрчилгээ дээр Мятав гэж бичсэн учраас хөдөлмөрийн дэвтэрт Мятав гэдгээр бичигдсэн байна. Одоо Хөдөлмөрийн дэвтрээс бусад бичиг баримтанд Санжмятавын гэдэг нэрээр овоглож явдаг. Одоо би тэтгэвэрт гарах болсон учраас бичиг баримтаа зөвтгөж яваа юм. Иймд миний 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-т бичигдсэн Мятавын Үүрийнтуяагийн жинхэнэ эзэмшигч Санжмятавын Үүрийнтуяа болохыг тогтоож өгнө үү гэх.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч С.Үүрийнтуяа  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа       “...Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Мятавын Үүрийнтуяагийн жинхэнэ эзэмшигч нь Санжмятавын Үүрийнтуяа болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

  Мятавын Үүрийнтуяагийн 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч нь Санжмятавын Үүрийнтуяа болох нь хэрэгт авагдсан 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр олгогдсон МЮ-67010163 регистрийн дугаартай цахим үнэмлэхний хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн  230  дугаартай “Иргэний үнэмлэхний лавлагаа”, 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  №А 000090544 дугаартай “Нийгмийн даатгалын дэвтэр”-ийн хуулбар, гэрч С.Байгалмаа, С.Дэлгэрмаа, Л.Гэрэлмаа нарын шүүхэд гаргасан тодорхойлолт болон шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Мятавын Үүрийнтуяагийн 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч нь Санжмятавын Үүрийнтуяа  болохыг тогтоох нь үндэслэлтэй  гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 133 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Мятавын Үүрийнтуяагийн 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч нь Санжмятавын Үүрийнтуяа  болохыг тогтоосугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4 дэх хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3 дахь хэсэгт заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА