Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/305

 

 

 

 

 

 

 

 

 

2020        09         23                                              2020/ШЦТ/305                                        

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................... овогт Эд холбогдох 2021001910281 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, .................................. тоотод оршин суух, 2001 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, ................ овогт Э /РД: ........................ /

 

Шүүгдэгч .................... овогт Э нь “Enkhtuwshin Manibazar” гэх фэйсбүүк хаягаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 цаг 00 минутад “...ТЭД сангийн будааг хулгайлж улмаар цаашилж ЖДҮД сангийн мөнгийг хуйвалдаж хулгай хийсэн чиний нэр хүнд их ариун байна гэж юу байдаг юм. УИХ-ын гишүүнээс татгалз...” гэсэн утгатай харилцан яриа бүхий Х.Б-ы зураг бүхий эвлүүлэг, мөн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 20 цаг 58 минутад мөн өөрийн “Бороо шуурга” гэх фэйсбүүк хаягаар “...Дорнодчууд та бүхэн зөвхөн өөрийн хар толгойг бодсон энэ хулгайчийг үнэхээр нутаг орноо гэсэн сэтгэлтэй сайхан амьтан гэж итгэсээр л байна уу хууртаад уураг тархиа хордуулаад яваад байгаа юм биш биз... шуудай үүрсэн хүний зураг бүхий эвлүүлэг”, мөн 2020 оны 03 дугаар сарын 14-ний орой 23 цаг 10 минутад “...тариалан эрхлэгчдийн дэмжих сангийн будааг хулгайлж улсад онц ноцтой хохирол учруулсан хэргээр Улсын мөрдөн байцаах газраас ял авч шалгагдаж нотлогдоод прокурорт очоод замхарч байсан. Дорнодын гурилын үйлдвэр мөнгөөр гачигдаад СМУ-ын урд баячуудад зориулсан хороолол бариа юу, Улаанбаатарт Сөүлийн гудамжинд тэнгэр багандсан шилтгээн бариулаа юу ... гэх утга бүхий Х.Б-ны зурагтай мэдээлэл”-ийг оруулж иргэн Х.Б-ны нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би урьд нь Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. УИХ-ын гишүүн Х.Б-ныг тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас хувьдаа завшсан талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн олон сайтад тавьсан байсан. Шууд.мн, Өглөө.мн зэрэг сайтуудад “Гурилын хулгайч баригддаг” гэх нийтлэл өнөөдрийг хүртэл тавигдсаар байгаа. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа Зиндаа сонины хэвлэлийг нотлох баримтаар өгч хэргээ хаалгуулсан. Би УИХ-ын гишүүн Х.Б-ныг тариалан эрхлэгчдийг дэмжих сан болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн асуудлаар шүүмжилж байсан. 2020 оны 03 дугаар сард Эрдэнэхөлөг байцаагч “УИХ-ын гишүүн Х.Б нь тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас хөрөнгө завшаагүй болох нь шүүхийн шийдвэрээр батлагдсан” гээд шүүхийн шийдвэрийг харуулсан. Тэрнээс хойш би энэ асуудлаар ямар нэгэн шүүмжлэл бичээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э намайг мөнгө нэхсэн мэт мэдүүлэг өгсөн байсан. Гэтэл тухайн үед Эрдэнэбат надтай уулзаад “Таныг сар болон 400.000 төгрөгөөр цалинжуулъя” гэх санал тавьсан. Би мөнгө авахгүй гэдгээ илэрхийлж “Ивээл хороололд хамгийн ядуу хүмүүс суудаг, 18 дугаар байрны дээврийг засуулах санал тавьсан. Сонгуулийн өмнө тийм ажил хийж болохгүй гэсэн. Би цахим орчимд мэдээлэл оруулсан нь үнэн. Х.Б-ныг буруугүй гэх шүүхийн шийдвэрийг харснаас хойш дахин мэдээлэл оруулаагүй. Б гишүүн найз М, Б хоёроороо дамжуулан буяны ажилд хэрэглээрэй гэж 300.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш би жижиг дунд үйлдвэрлэлийн асуудлаар ч шүүмжлэхээ больсон...“ гэв.

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргаж өгсөн 3 хуудас материалууд нь бүгд фэйсбүүкээс татаж авсан бөгөөд Э Маньбазар, Бороо шуурга нэртэй фэйсбүүк хаягуудаас  “Дорнодчуудын нэгдэл” групп дээр тавьж  постолсон мэдээллүүд байсан юм. Ер нь бол Э гэгч нь тухайн хоёр хаягийг эзэмшдэг юм билээ. Тэгээд зураг эвлүүлж УИХ-ын гишүүн Х.Б-ны нэр хүндэд нь халдсан худал мэдээлэл тавьчихаад тэрийгээ байн байн постлоод оруулаад байдаг юм. 1.Бороо шуурга нэртэй “сэтгэлгүй төрсөн эцгээс сэтгэлтэй хойд эцэг дээр” гэсэн гарчигтай УИХ-ын гишүүн Н.Н, Х.Б  нарын зурагтай yesterday at 23:10 гэсэн хуулбар 1 хуудастай хуулбар нь 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 10 минутад тавигдсан байсан. 2.Ширээний ард цагдаа хувцастай хүн суусан хажууд нь УИХ-ын гишүүн Х.Б зогсож үг хэлсэнээр бичсэн харилцан ярилцаж буй тексттэй мэдээлэл нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагт тавигдсан байна. 3.”Дорнодчууд та бүхэн зөвхөн өөрийнхөө хар толгойг бодсон энэ хулгайчийг үнэхээр нутаг орноо гэсэн сэтгэлтэй сайхан амьтан гэж итгэсээр л байна уу, хууртаад уураг тархиа хордуулаад яваад байгаа юм биш биз” гэсэн гарчигтай, шөнийн цагаар байшингуудын наагуур хоёр гартаа шуудай үүрсэн хүний зурагтай мэдээлэл нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 20 цаг 58 минутад тавигдсан мэдээлэл байсан. ...2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагт иргэн Э  гэгч нь өөрийн “Бороо шуурга”, “Э” гэх фэйсбүүк хаягуудаараа  “Дорнодчуудын нэгдэл” групп дээр УИХ-ын гишүүн Х.Б-ныг Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн будааг хулгайлсан, улсад онц ноцтой хохирол учруулсан хэргээр Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж, ял авч байсан гэх мэтээр худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан байна. ... УИХ-ын гишүүн Х.Б-ны нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаар тараасан Эд хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 11-15/

            Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Одоо “Дорнод гурил” ХХК-ын захирлаар Ө гэх хүн ажиллаж байна. Дорнод гурил ХХК болон Тариалан эрхлэгчдийн дэмжих сан хоёрын дундын маргааны үед Б.Э захирлаар ажиллаж байсан. Тус гэрээ болон Дорнод гурил компанийн үйл ажиллагаанд Х.Б огт оролцдоггүй...” гэжээ. /хх-ийн 26-27/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ын Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 09/

“Дорнодчуудын нэгдэл” фэйсбүүк группэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30/

         Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 40-43, 44, 67-88/

         Гомдол мэдээллийн №3631 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолтой материалын хуулбар /хх-ийн 100-127/

         Гомдол мэдээллийн №4616 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолтой материалын хуулбар /хх-ийн 128-156/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 179/

Эгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 185-188/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

           

Шүүгдэгч  ............... овогт Э нь “Enkhtuwshin Manibazar” гэх фэйсбүүк хаягаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 цаг 00 минутад “...Тэд сангийн будааг хулгайлж улмаар цаашилж ЖДҮД сангийн мөнгийг хуйвалдаж хулгай хийсэн чиний нэр хүнд их ариун байна гэж юу байдаг юм. УИХ-ын гишүүнээс татгалз...” гэсэн утгатай харилцан яриа бүхий Х.Б-ны зурагтай эвлүүлэг, мөн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 20 цаг 58 минутад мөн өөрийн “Бороо шуурга” гэх фэйсбүүк хаягаар “..Дорнодчууд та бүхэн зөвхөн өөрийн хар толгойг бодсон энэ хулгайчийг үнэхээр нутаг орноо гэсэн сэтгэлтэй сайхан амьтан гэж итгэсээр л байна уу хууртаад уураг тархиа хордуулаад яваад байгаа юм биш биз ... гэх шуудай үүрсэн хүний зураг бүхий эвлүүлэг”, мөн 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 23 цаг 10 минутад “...тариалан эрхлэгчдийн дэмжих сангийн будааг хулгайлж улсад онц ноцтой хохирол учруулсан хэргээр Улсын мөрдөн байцаах газраас ял авч шалгагдаж нотлогдоод прокурорт очоод замхарч байсан. Дорнодын гурилын үйлдвэр мөнгөөр гачигдаад СМУ-ын урд баячуудад зориулсан хороолол бариа юу, Улаанбаатарт Сөүлийн гудамжинд тэнгэр баганадсан шилтгээн бариулаа юу ... гэх утга бүхий Х.Б-ны зурагтай мэдээлэл”-ийг оруулж иргэн Х.Б-ны нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би цахим орчимд мэдээлэл оруулсан нь үнэн. Х.Б-ныг буруу  гэх шүүхийн шийдвэрийг харснаас хойш дахин мэдээлэл оруулаагүй...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, гэрч Б.Н нарын мэдүүлэг, “Дорнодчуудын нэгдэл” фэйсбүүк группэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Эгийн хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдэл нь хохирогчид материаллаг хохирол учруулаагүй боловч дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын нэр төр, алдар хүндэд хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч Эд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Эгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж  дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б-ны нэр төр, алдар хүндэд хохирол, хор уршиг учирсан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .............. овогт Эг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эгийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА