Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2017/00031/И |
Дугаар | 99 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 99
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би
Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2-р баг, Баянцагаан булагтайн 4 гудамж, 3 тоотод оршин суух хаягтай Дашдондовын Насанжаргалд /ЖЭ-84011501/ холбогдох
“68.677 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Насанжаргал нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 01-р сарын 10-ны өдөр дараа төлбөрт Postpaid NICE үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган байгуулж 91050212 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Д.Насанжаргал нь гэрээний үүргийг үл биелүүлж 91050212 дугаарын 2016 оны 01-р сарын байдлаарх төлбөр 65177 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Д.Насанжаргалд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д.Насанжаргалаас төлбөрийн үлдэгдэл болох 65177 төгрөг үүнээс гэрээний -д заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасч үлдэгдэл 65177 төгрөг, нотариатын зардалд 3500 төгрөг нийт 68677 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Насанжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Скайтел ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч миний зүгээс нийт 68.677 төгрөгийг барагдуулахад татгалзах зүйл байхгүй. Төлбөрийг 2017 оны 01-р сарын цалин буухаар буюу 01-р сарын 28-нд төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Д.Насанжаргалд холбогдуулан гаргасан “төлбөр 65.177 төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг, нийт 68.677 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...68.677 төгрөгийг барагдуулахад татгалзах зүйл байхгүй. Төлбөрийг 2017 оны 01-р сарын цалин буухаар буюу 01-р сарын 28-нд төлж барагдуулах хүсэлтэй байна...” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2.275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Скайтел” ХХК нь хариуцагч Д.Насанжаргалд холбогдуулан гаргасан “68.677 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2.275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА