| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0309/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/306 |
| Огноо | 2020-09-25 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/306
2020 09 25 2020/ШЦТ/306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Ганчимэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт Ад холбогдох эрүүгийн 2021000000287 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ...............................гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................. овогт А /РД: ........................./.
Шүүгдэгч А нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Porter маркийн ******* УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 8 сар 22 хоногтой Г.О-ийн амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...А гэрийг маань дайрснаас болж охин минь нас барсан. Түүний хувьд охины маань оршуулга, ажил явдлын зардлыг бүгдийг төлсөн. Мөн манайд гэр, авдар авч өгсөн. Миний зүгээс цаашид гаргах гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр найз Л-гийнх руу эхнэр З-ийн хамт явсан. Явахдаа эгч Т, түүний охин Х, хүү Б, охин Т, О нараа гэртээ үлдээгээд явсан. Очоод 1 цаг орчим болж байхад дүү Хандцэцэг утсаар яриад гэртээ ирэхэд гэрийг маань Портер машин хойд талаас нь дайрсан байдалтай, гэр нурсан, манай бага охин байхгүй байсан. Тэгээд зүүн гэр рүү ороход охин О цус гарсан, амьсгалахгүй байсан. Хэн дайрсан юм бэ гэхэд А дайрсан гэж Х, Т нар хэлсэн...” гэжээ. /хх-ийн 24-26/
Гэрч З.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дүү О-ийг гэрийн хойд хэсэгт газарт унтуулаад өөрөө гэрийн зүүн орон дээр унтаж байсан чинь ээж Т гаднаас чангаар хүүе гэж хашгирахаар нь сэрээд гүйгээд гарсан чинь Портер машиныг А эгч жолоодоод миний унтаж байсан гэрийг мөргөөд зогссон. ...Машиныг холдуулаад гэр рүү орж О-ийг авахад амнаас нь цус гарсан, амьсгалахгүй байх шиг байхаар нь эмнэлэг дуудсан...“ гэжээ. /хх-ийн 28-30/
Гэрч П.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би гэрээс угаасан юмаа дэлгэх гээд гараад зогсож байсан чинь П.Г-ийн баруун талын айлын А гэх хүн 18 цаг орчимд гэрийнхээ урд талд аргал түлээ буулгадаг газар Портер машинтайгаа байсан. Нэг харсан чинь машинаа бариад хөдлөөд гэрийнхээ хойгуур гэр амбаар хоёрын дундуур орж ирээд шууд Г-ийн гэрийг маш хүчтэй мөргөөд зогссон. ******* ирээд машиныг ухрааж холдуулсан. Гэр дотор талийгаач О гэрийн хойд хэсэгт газар унтаж байсан. Мөн манай охин Х зүүн урд орон дээр унтаж байсан. Би сандраад ороод харсан чинь хүүхдийн дээрээс унь, хана зэрэг эд зүйл дараад унасан байхаар нь холдуулаад харахад амнаас нь цус гарсан биеийг нь барихад хөдлөхгүй, амьсгалахгүй байхаар нь хажуу зүүн гэр рүү оруулаад эмнэлэг дуудсан...” гэжээ. /хх-ийн 31-33/
Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...20 цагийн орчимд гэртээ ирсэн чинь Г-ийн гэрийг А ******* УББ Портер машинаар дайраад охин О нас барсан байсан. Тэгээд би Агаас яагаад машин асааж байгаа юм бэ гэхэд ачаан дээр байсан аргалыг буулгаад машинаа гэрийн ард аваачиж байрлуулах гэж байгаад дайрчихлаа гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 34-36/
Гэрч И.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэнэт гадаа юм унах чимээ гарахаар нь бид нар сандраад гэрээс гарахад А нөхрийнхөө Портер машиныг уначихсан өөрийнхөө гэрийн араар яваад нарны зайгаа тогоотойгоо дайраад Гүрсоронзонгийн гэрийг араас нь дайраад зогсчихсон байсан. ...Манай нөхөр Д машиныг нь бариад арагшаа холдуулаад зогсоож гэр рүү очиж бид нар нурсан гэрийн эд хогшлыг холдуулаад хүүхдийг автал хүүхэд амьсгалахгүй байсан...” гэжээ. /хх-ийн 41-42/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн 89 тоот дүгнэлтэд:
1. Г.О-ийн цогцост гавлын яс титэм заадсаар салж зөрсөн, титэм заадсаар гавлын урд хонхорын баруун талаар үнэрийн ялтасны дээд хэсгээр зүүн ухархайн дээд хана хүрсэн хугарал, турк эмээлийн баруун хэсгээс гавлын дунд хонхороор чулуулаг яс доош том нүхний доод талаар зүүн дагз руу үргэлжилж төгссөн хагас цагираг маягийн хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн дээд хэсэг, баруун чамархай хэсэг, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, толгойн хуйхны дух, зулайн, баруун чамархайн булчингийн цус хуралт, дух, зулай, зүүн чамархай, шанаа, баруун чихний зөөлөн эдийн няцрал, доод эрүүний хугарал, мултрал, зүүн, баруун чамархай, шанаа, хацар, эрүү, цээж, баруун бугалга, шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Талийгаач нь гавлын яс титэм заадсаар салж зөрсөн, титэм заадсаар гавлын урд хонхорын баруун талаар үнэрийн ялтасны дээд хэсгээр зүүн ухархайн дээд хана хүрсэн хугарал, турк эмээлийн баруун хэсгээс гавлын дунд хонхороор чулуулаг яс доош том нүхний доод талаар зүүн дагз руу үргэлжилж төгссөн хагас цагираг маягийн хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн дээд хэсэг, баруун чамархай хэсэг, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хатуу хальсны урагдал гэмтлийн улмаас нас баржээ.
4.Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэжээ. /хх-ийн 46-48/
А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэгтээ: “...би машин руу очиж аргалаа буулгасан. Тухайн үед машинд түлхүүр байхаар нь машинаа асаагаад гэрийнхээ гадаа аваачиж тавъя гэж бодоод хөдлөхдөө гэрийн гадаа байсан нарны зайг мөргөөд тэндээсээ сандраад тоормос гишгэх гэж байгаад хаазаа гишгэсэн юм шиг байсан. Тэгээд л санамсаргүйгээр Г-ийн гэрийг мөргөөд зогссон. Тухайн үед гэр дотор хүүхэд байсныг мэдээгүй бөгөөд тэнд байсан хүмүүс бахираад гэр дотроос нэг эмэгтэй хүүхдийг тэврээд ******* ахын гэр рүү орсон...” гэжээ. /хх-ийн 59-61/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16, 22/
Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 17-19/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал /хх-ийн 20-21/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 38 тоот дүгнэлт /хх-ийн 52-54/
Тээврийн хэрэгслийн эзэмшигч, жолоочийн лавлагаа /хх-ийн 78-80/
Г.О-ийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 73/
П.Г-оос гаргаж өгсөн хохирлын талаарх баримт /хх-ийн 82-94/
Агаас гаргаж өгсөн хохирлын талаарх баримт /хх-ийн 96-103/
Гэрч Д.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 39-40/
Цагаан-Овоо сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63/
Агийн иргэний үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 64-65/
Агийн өвчний түүх /хх-ийн 66-70/
М.М, М.М нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 71-72/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/
Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр барагдуулах тухай хэлцэл зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эрүүгийн 2021000000287 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч .............. овогт А нь 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт байх гэрийнхээ гадаа ******* УББ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг жолоодох хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 3.7а-д ”Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 8 сар 22 хоногтой Г.О-ийн амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...сандраад тоормос гишгэх гэж байгаад хаазаа гишгэсэн юм шиг байсан. Тэгээд л санамсаргүйгээр Г-ийн гэрийг мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-ийн “...зүүн гэр рүү ороход охин О цус гарсан, амьсгалахгүй байсан. Хэн дайрсан юм бэ гэхэд А дайрсан гэж хэлсэн...” гэх, гэрч З.Х-ийн “...дүү О-ийг гэрийн хойд хэсэгт газарт унтуулаад өөрөө гэрийн зүүн орон дээр унтаж байсан...” гэх, гэрч П.Т-ын “...машинаа бариад хөдлөөд гэрийнхээ хойгуур гэр амбаар хоёрын дундуур орж ирээд шууд П.Г-ийн гэрийг маш хүчтэй мөргөөд зогссон. ******* ирээд машиныг ухрааж холдуулсан. Гэр дотор талийгаач О гэрийн хойд хэсэгт газар унтаж байсан...” гэх, гэрч И.Б-ын “...А нөхрийнхөө Портер машиныг уначихсан өөрийнхөө гэрийн араар яваад нарны зайгаа тогоотойгоо дайраад П.Г-ийн гэрийг араас нь дайраад зогсчихсон байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 89 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн магадлагаа, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал, шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 38 тоот дүгнэлт, тээврийн хэрэгслийн эзэмшигч, жолоочийн лавлагаа, Г.*******ийн нас барсны гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Г.О-ийн биед гавлын яс титэм заадсаар салж зөрсөн, титэм заадсаар гавлын урд хонхорын баруун талаар үнэрийн ялтасны дээд хэсгээр зүүн ухархайн дээд хана хүрсэн хугарал, турк эмээлийн баруун хэсгээс гавлын дунд хонхороор чулуулаг яс доош том нүхний доод талаар зүүн дагз руу үргэлжилж төгссөн хагас цагираг маягийн хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн дээд хэсэг, баруун чамархай хэсэг, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, толгойн хуйхны дух, зулайн, баруун чамархайн булчингийн цус хуралт, дух, зулай, зүүн чамархай, шанаа, баруун чихний зөөлөн эдийн няцрал, доод эрүүний хугарал, мултрал, зүүн, баруун чамархай, шанаа, хацар, эрүү, цээж, баруун бугалга, шууны зулгаралт гэмтлийг учруулж уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 89 тоот дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Аг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А нь оюун ухааны хөнгөн хомсдол сэтгэцийн өвчтэй боловч өөрийн үйлдэл, эс үйлдлийн учир холбогдлыг ухамсарлан ойлгох, үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 38 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Агийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Шүүгдэгч А тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Агийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Харин шүүгдэгч А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс гадна нэгээс гурван насны хоёр хүүхэдтэй эх болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 64/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 71-72/-аар тус тус нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Агийн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 жилээр тогтоолоо.
Энэ гэмт хэргийн улмаас Г.О-ийн амь нас хохирсон бөгөөд шүүгдэгч А нь гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-д мөрдөн шалгах ажиллагааны шатанд 7,665,045 төгрөг, шүүхийн шатанд 1,340,000 төгрөг, нийт 9,005,045 төгрөг төлсөн, мөн хохиролд хязаалан гүү нэг, тугалтай үнээ нэг, 20 тооны эм ямаа өгөхөөр харилцан тохиролцож хэлцэл байгуулжээ. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г “...А гэрийг маань дайрснаас болж охин минь нас барсан. Түүний хувьд охины маань оршуулга, ажил явдлын зардлыг бүгдийг төлсөн. Мөн манайд гэр, авдар авч өгсөн. Миний зүгээс цаашид гаргах гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж, шүүгдэгч А, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар “...өөрийн буруугаас ийм гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Талийгаачийн буяны ажил болон дайрч эвдсэн эд зүйл болох гэр, ор, авдар зэргийг худалдаж авсан зардал болох нийт 7,665,045 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн ар гэрт төлсөн. Мөн талийгаачийн ар гэрээс оршуулгын зардалд гарсан 1,340,000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн. Цаашид хохирогчийн ар гэрт хязаалан гүү нэг, тугалтай үнээ нэг, 20 эм ямааг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хэлцэл хийсэн...” гэж тус тус мэдүүлж байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-д 9,005,045 төгрөгийг төлсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн төлбөрт 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор хязаалан гүү нэг, тугалтай үнээ нэг, 20 тооны эм ямаа өгөхөөр харилцан тохиролцож хохирол төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .............. овогт Аг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Агийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ад шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 /нэг/ жилийн хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шүүгдэгч Ад хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-д 9,005,045 /есөн сая таван мянга дөчин тав/ төгрөгийг төлсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн төлбөрт 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор хязаалан гүү нэг, тугалтай үнээ нэг, 20 тооны эм ямаа өгөхөөр харилцан тохиролцож хохирол төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулсан болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА