Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 793

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: С.Н

Хариуцагч: БСШУСЯ ТНБД  

Нэхэмжлэлийн шаардлага: “БСШУСЯ ны ТНБД ын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Н миний бие төрийн байгууллагад тасралтгүй 10 гаруй жил ажиллаж байгаад БСШУСЯ ны ТНБД ын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 тушаалаар Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Энэхүү захиргааны актыг эс зөвшөөрч миний бие хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар, хууль бус актыг хянуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч уг зөвлөлөөс “...төрийн албаны үүрэг гүйцэтгэгчид Төрийн албаны тухай хууль үйлчлэхгүй, шүүхэд хандах боломжтой” гэсэн утга бүхий хариуг надад өгсөн.

Миний бие Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно." гэж заасны дагуу БСШУСЯ ны ТНБД ын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/120 дугаар тушаалаар Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.

Гэтэл 2018 оны 01 дүгээр сард Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдсанаар Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд шинээр томилогдон ирсэн бөгөөд Ц.Ц сайд “миний албан тушаалд Х.Г гэдэг хүнийг томилно” гэдгээ надад мэдэгдээд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны ТНБД ын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар миний албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулж Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

Миний бие боловсролын салбарын энэхүү ажил, албан тушаалд томилогдохдоо төрийн мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай, хэрэгцээ шаардлага зайлшгүй байгаа, төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй хэвийн хэрэгжих ёстой гэсэн нөхцөл байдлуудыг нь ойлгон салбарын сайдын гаргасан ажлын саналыг хүлээн авч, өөрийн удирдлагатай харилцан зөвшилцөж шилжин ажилласан. Энэ ч утгаараа миний гаргасан дээрх шийдвэр нь төрийн жинхэнэ албан хаагч надад сөрөг үр дагавартай, хууль ёсны эрх ашиг маань зөрчигдөнө гэсэн ойлголт, айдас огт байгаагүй юм. Хэдийгээр Засгийн газар шинэчлэгдэх бүрт улс төрийн албан хаагч буюу салбарын сайд нар шууд шинээр томилогддог ч үүнтэй адилаар сайд, ТНБД а нар нь төрийн жинхэнэ албан хаагчийг шууд үүрэгт ажлаас чөлөөлж, томилох хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй гэж үзэж байна.

Гэтэл Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны ТНБД ын 2018 оны 8 дугаар сарын 13- ны өдрийн Б/119 дүгээр тушаалаар намайг Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хуулиар хангасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар миний бие "тэтгэвэр тогтоолгох нас болон төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаагүй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тухай дүгнэлт огт гараагүй, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол огт байхгүй, Монгол Улсын харьяатаас гараагүй" байтал төрийн жинхэнэ албан хаагчийг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас маань чөлөөлсөнд гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар захиргааны акт нь “хуульд нийцсэн байх, шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх" шаардлагуудыг хангасан байх ёстой бөгөөд БСШУСЯ ны ТНБД ын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 тушаал нь Төрийн албаны тухай хуулийн ямар үндэслэлээр чөлөөлөгдсөн тухай хуулийн заалт байхгүй, захиргааны актыг гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг огт заагаагүй атлаа миний ажлын байрны тодорхойлолт, ажил, үүргийн хуваарьт байхгүй төрийн тамга, тэмдэг түшихтэй холбоотой журмын заалтыг үндэслэсэн байна.

Иймд “БСШУСЯ ны ТНБД ын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийг хэрэглээгүй буюу Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг шийдвэрлэх гэж байгаа бол тус хуулийн нөхцөл байдал тогтоогдсон үед хэрэглэх, хуулийн зүйл, заалтыг үндэслэх ёстой байсан боловч хэрэглэх хуулийг хэрэглээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан “...энэ хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх...” хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хууль, журмын дагуу сахилгын шийтгэл болон сануулах арга хэмжээ хүлээж байгаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогддог ба энэ талаар нэг ч тайлбар, нотлох баримт ирүүлээгүй.

Яамны албан хэрэг хөтлөх журмын 4.7 дахь хэсэгт “...тамга тэмдэг түших эрх бүхий албан хаагч тодорхой шалтгаанаар тамга, тэмдэг шилжүүлэх тохиолдолд Төрийн захиргааны удирдлагын нэгжийн даргаас зөвшөөрөл авч, шилжүүлэх бөгөөд шилжүүлсэн талаар бүртгэл хөтөлнө” гэсэн заалт байна. Энэхүү заалт нь байгууллагын тамга тэмдэг түшдэг албан хаагчид хамааралтай бөгөөд ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийн дагуу нэхэмжлэгч нь Төрийн захиргааны удирдлагын газарт хамаардаггүй, тамга, тэмдэг түших этгээд биш болно.

Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод “...Салбарын хөрөнгө оруулалтын хэрэгжилт, худалдан авалт, хяналтыг зохион байгуулах, мөн салбарын барилга, засвар, тоног төхөөрөмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх...” зэрэг үндсэн чиг үүрэгтэй, харьяалан удирдах газар нь Санхүү, хөрөнгө оруулалтын газар болно.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан сайдын туслахын ажлын байрны тодорхойлолтод “...Сайдын туслах нь яамны тамга, тэмдгийг холбогдох журмын дагуу түшиж, хадгалах...” чиг үүрэгтэйг заасан. Тиймээс нэхэмжлэгч нь байгууллагын тамга тэмдэг түшдэггүй учир захиргааны актын үндэслэл болсон дээрх заалт нь нэхэмжлэгчтэй ямар ч хамааралтгүй, үндэслэлгүй байна.

Маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 25-д заасан “...төрийн албанаас халах...”, 26-д заасан “...сахилгын шийтгэл оногдуулах...” 24-т заасан “...төрийн албанаас чөлөөлөх...” гэсэн хуулийн заалтуудыг хэрэглээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сахилгын шийтгэл, нөхцөл байдал нь бүрдээгүй.

Иймд хэдийгээр маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийг хэрэглээгүй ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа сахилгын шийтгэл гаргаагүй, ажлаас халах нөхцөл байдал үүсээгүй, мөн хариуцагчийн хариу тайлбар, нотлох баримтаар ямар нэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа хууль, журам зөрчсөн, ажлаасаа халагдах, чөлөөлөгдөх аливаа үйлдэл гаргаагүй БСШУСЯ ны ТНБД ын маргаан бүхий захиргааны акт нь хууль зөрчсөн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Н нь тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг үндэслэн албан ажлын зайлшгүй шаардлагаар өөртэй нь тохиролцож, шилжүүлэн ажиллуулсан гэх боловч ажилд томилсон тушаалын тэмдэглэх хэсэгт шилжүүлэн ажиллуулах тухай хуулийн үндэслэлийг заагаагүй байна. Мөн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын орон тоо нь удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үр дүнд томилогддог тул С.Нансалмаа нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т зааснаар төрийн жинхэнэ албаны менежерийн төвшин /нэгжийн дарга/-ийн удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтын үр дүнд томилогдоогүй болно.

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 /ТНБД а дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ/, 9.6.9 /хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах/-д зааснаар ажилтныг албан тушаалд томилох эрх нь яамны ТНБД ад байдаг. Иймд “...сайдын саналыг хүлээн авч ажилласан” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Тус яамны үйлдвэрлэлийн хэлтсийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны менежерийн төвшин /нэгжийн дарга/-ийн удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтын үр дүнд томилогддог болно. Нэхэмжлэгч С.Н нь Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад ороогүй, “түр” томилгоотой байсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

   БСШУСЯ ны ТНБД ын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “С.Н-г ажлаас чөлөөлөх тухай” Б/119 дүгээр тушаалаар, тус яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Н-г Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, ТНБД ын 2018 оны А/01 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.13, 2018 оны А/139 дүгээр тушаалаар батлагдсан “БСШУСЯ ны албан хэрэг хөтлөх журам”-ын 5.7-д заасныг тус тус үндэслэсэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч С.Н нь БСШУСЯ ны ТНБД ын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 дүгээр тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 1-д заасан төрийн албан хаагчийн баталгааг алдагдуулсан, хууль бус захиргааны акт хэмээн үзэж, хүчингүй болгуулахаар,

хариуцагч “...С.Н нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтад оролгүйгээр, “түр” томилогдон ажилласан тул маргаан бүхий захиргааны актыг гаргасан” гэж тус тус маргаж байна.

Шүүх хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч С.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

  1. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтаас үзэхэд, анх БСШУСЯ ны ТНБД ын 2017 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн Б/120 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Н-г БСШУСЯ ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

            Улмаар ТНБД ын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар С.Н-г тус яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилон, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Үр дүнгийн гэрээ”-г байгуулсан байна.

            Гэвч ТНБД ын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 дүгээр тушаалаар, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, ТНБД ын 2018 оны А/01 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.13, 2018 оны А/139 дүгээр тушаалаар батлагдсан “БСШУСЯ ны албан хэрэг хөтлөх журам”-ын 5.7-д заасныг тус тус үндэслэсэн нэхэмжлэгч С.Н-г тус яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын /үүрэг гүйцэтгэгчийн/ үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт болох БСШУСЯ ТНБД ас С.Н-тай байгуулсан 2018 оны “Үр дүнгийн гэрээ”-ний 2.2-т “Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих”, 5.2-т “менежер гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн шууд захирагч түүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тус тус зааснаар  хариуцагч БСШУСЯ ТНБД  нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Үйлдвэрлэлийн хэлтсийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлах ёстой.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.4 (төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар чөлөөлөх),  24 дүгээр зүйл (төрийн албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан), 25 дугаар зүйл (төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахдаа удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын харьяатаас гарсан) тохиолдолд төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөөр зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан эдгээр нөхцөлүүдийн аль нэг нь тогтоогдсон тохиолдолд л захиргааны байгууллага, албан тушаалтанд “захиргааны санаачилгаар” төрийн албан хаагчийг төрийн албанаас халах, чөлөөлөх эрх үүснэ.  

Маргаан бүхий акт болох ТНБД ын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 дүгээр тушаалын үндэслэл болсон Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт нь хариуцагчийг Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн албан хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах эрх олгосон заалт бөгөөд энэ нь ч ТНБД ын 2018 оны А/01 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.13-т “Албан хаагчийг албан тушаал бууруулах, түр чөлөөлөх, чөлөөлөх, халахдаа ТНБД а холбогдох хууль, тогтоомжийг баримтлан тушаал гаргаж шийдвэрлэнэ” гэж зааснаас тодорхой харагдаж байна.

Гэвч хариуцагчийн зүгээс маргаан бүхий акт болох ТНБД ын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан Захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” тусгай зарчимд нийцээгүй,

мөн тушаалын үндэслэл болсон ТНБД ын 2018 оны А/139 дүгээр тушаалаар батлагдсан “БСШУСЯ ны албан хэрэг хөтлөх журам”-ын 5.7 дахь заалт нь “тамга, тэмдэг түших эрх бүхий албан хаагч”-д хамааралтай заалт бөгөөд тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заагдсан ажлын байрны үндсэн зорилго, үйл ажиллагаанд хамааралгүй, Сайдын туслахын ажлын байрны үндсэн чиг үүрэгт хамааралтай болох нь ТНБД ын 2018 оны А/01 дүгээр тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам, 2018 оны А/139 дүгээр тушаалаар батлагдсан БСШУСЯ ны албан хэрэг хөтлөх журам болон ТНБД ын 2017 оны Б/91, Б/116 дугаар тушаалаар батлагдсан Сайдын туслахын болон Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын “Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт” зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбар болох нэхэмжлэгч С.Н нь “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтад оролгүйгээр томилогдсон тул маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч С.Н нь анх 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн албан хаагчийн тангараг өргөн төрийн жинхэнэ алба хаагч болж, улмаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад өрсөлдөн тэнцэж, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн болох нь Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тогтоогдож байгаа хэдий ч нэхэмжлэгчийн шалгалт өгч тэнцсэн удирдах ажилтны ажлын байр нь нэхэмжлэгчийн эгүүлэн тогтоолгохыг хүсэж буй /ажиллаж байсан/ ажлын байрны тодорхойлолттой таарахгүй, энэ талаар оролцогч нар маргаагүй. Гэсэн хэдий ч энэхүү нөхцөл байдал нь иргэнийг төрийн албаны удирдах албан тушаалд томилохдоо түүнийг зохих шаардлагыг хангасан эсэхийг шалган тогтоох талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй захиргааны байгуулга, албан тушаалтны зүгээс өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой асуудлаар иргэнийг буруутгах, өөрийн буруутай үйл ажиллагааг төрийн албан хаагчид хамааруулан, түүнийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болгон тайлбарлаж буйг хүлээн авах боломжгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, 11.2-т “Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж заасны дагуу С.Н нь БСШУСЯ ны ТНБД ын тушаалаар тус яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон, “Үр дүнгийн гэрээ” байгуулан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж, зохих цалин хөлс авч байсан тул түүнийг төрийн албан тушаалтан хэмээн үзэх үндэслэлтэй.

4. Мөн түүнчлэн, нэхэмжлэгч С.Н-г 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр БСШУСЯ ны Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тус яамны зүгээс тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаагүй болох нь Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1282 дугаар албан бичиг, БСШУСЯ ны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14/13911 дугаар албан бичиг болон Төрийн албаны зөвлөлийн БСШУСЯ ны дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Үүнээс үүдэн, 2017 оноос хойш БСШУСЯ ны Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын ажлын байранд хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт зарлаагүй өөрийн эс үйлдэхүйн төлөө нэхэмжлэгч С.Н-г “...Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдон ажиллаж байна” хэмээн буруутгаж байгаа нь захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-д заасан “...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” зарчмыг ханаагүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасанчлан хариуцагчийн зүгээс тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд нэхэмжлэгч С.Нансалмаа нь нэр дэвшин, өрсөлдөх бүрэн эрхтэй.

Иймд, хариуцагч БСШУСЯ ны ТНБД ын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан журмыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, БСШУСЯ ны ТНБД ын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 дүгээр тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Нансалмаагийн ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 3.543.028 /гурван сая таван зуун дөчин гурван мянга хорин найм/ төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгч С.Нансалмаад олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг БСШУСЯ ТНБД д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1. 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, БСШУСЯ ны ТНБД ын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Н-г урьд эрхэлж байсан БСШУСЯ ны Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын /үүрэг гүйцэтгэгч/ ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Нансалмаагийн ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 3.543.028 /гурван сая таван зуун дөчин гурван мянга хорин найм/ төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, нэхэмжлэгч С.Н-д олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан  авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МӨНХТУЛГА