Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 706

 

 

 

 

 

 

 

 

 

 

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2016/01286 дугаар шийдвэртэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Түвшин-Ундраа” ХХК-д холбогдох,

 

Татварын төлбөрт 104 057 168 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасансүрэн, Б.Оюунтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч “Түвшин-Ундраа” ХХК нь татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 350017544 тоот актаар 558 972 200 төгрөгийн зөрчилд ногдуулсан 55 897 220 төгрөгийн нөхөн татвар, 11 005 326 төгрөгийн торгууль, 2 869 013 төгрөгийн алданги, 113 760 төгрөгийн хүү, нийт 69 885 319 төгрөг, 2016 оны Нийслэл хотын татварын тайлангийн 479 918 төгрөг, 2016 оны Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 9 932 186 төгрөг, 2015-2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 20 365 663 төгрөг, 2014-2016 оны Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн 3 394 079 төгрөг, нийт 124 057 168 төгрөгийг хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 57 дугаар зүйлийн 57.1.1-д заасныг тус тус зөрчиж байна.

Татварын алба татварын өрийг татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу арга хэмжээ авахаар Чингэлтэй дүүргийн улсын бүртгэл статистикийн хэлтсээс эд хөрөнгийн лавлагаа авахад тус ХХК-ийг үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн лавлагаа ирсэн боловч татвар төлөгч уг хөрөнгө нь банкны барьцаанд байгаа барьцаалах боломж байхгүй гэсэн нь татвар төлөгчийн ярилцлагын тэмдэглэлээр нотлогдож байна. Мөн авто тээврийн үндэсний төв, Үнэт цаас, төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс тус тус лавлагаа авахад тус компани нь тээврийн хэрэгсэл, болон хувьцаа эзэмшдэггүй гэсэн лавлагаа ирсэн тул хуулийн 64 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авах боломжгүй байна.

Иймд Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 татварын өрийг бүрэн гаргуулах зорилгоор энэ хуулийн 62.1-д заасан заасан ажиллагааг давхардуулан явуулж болно гэж заасныг үндэслэн Түвшин-Ундраа ХХК-аас 104 057 168 төгрөгийн татварын өрийг зохих журмын дагуу шийдвэрлэн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь нийслэлийн удирдлагаас гаргасан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Төрийн албан хаагчдын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Чингэлтэй дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг өөрийн эзэмшлийн газар дээр орон сууцны бичил хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламжийн зураг төслийг боловсруулан батлуулж зохих зөвшөөрлийг авч өөрийн хөрөнгөөр болон банк, аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсийн зээл тусламаар орон сууцны барилгыг 2013 онд барьж ашиглалтанд оруулсан.

Дээрх орон сууцны байрыг борлуулах үед Нийслэлийн удирдлагаас 49, 72, сургууль, 83, 102-р цэцэрлэгийн багш, ажилтан нарт зөвхөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Чингэлтэй дүүргийн 13,15-р хорооны гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан Буурал сутай ХХК, Асар өргөө ХХК-дын барьж буй орон сууцны байрыг захиалж, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлж хувийн ипотекийн орон сууцны зээлд хамрагдах үүрэг өгсөн. Үүнээс болж манай компанитай орон сууцны байр худалдан авахаар тохиролцсон багш нар шийдвэрээ өөрчилж дээрх компаниутай гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр хийсэн.

 Мөн Монголын ипотекийн орон сууцны корпораци нь ипотекийн 8 хувийн орон сууцны зээлэнд хамруулахгүй байсны улмаас цаг хугацааг үлэмж хэмжээгээр алдагдуулсан ба улс орны эдийн засаг доройтсон тааламжгүй нөхцөл байдал бидэнд нөлөөлж Татварын улсын байцаагчийн 2015 оны 6-р сарын 26-ны өдрийн 350017544 тоот актаар ноогдуулсан татварыг төлөх боломжгүй болсон тул тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх:

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан 90 069 069 төгрөгийг хариуцагч Түвшин-Ундраа ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 13 988 099 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 608 295 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Манай компани нь Нийслэл хотын албан татварын тайлангийн 479 918 төгрөг, 2016 оны цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 9 932 186 төгрөг, 2015-2016 оны нэмэгдсэн албан татварын тайлангийн 20 365 663 төгрөг, 2014-2016 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн 3 394 079 төгрөг, нийт 34 171 846 төгрөгийн өртэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэх боловч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар татвар төлөгч төлөх үүргээ биелүүлээгүй захиргааны зөрчилд дээрх хуулийн дагуу өршөөлд хамрагдах үндэслэлтэй.

Ингэхдээ гагцхүү тухайн зөрчилд оногдуулсан захиргааны шимтгэлийн хэмжээгээр өршөөгдөнө гэж шүүхээс дүгнэсэн атал 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 11 376 000 төгрөг, дотоодын бараа бүтээгдэхүүнийн нэмэгдсэн өртгийн албан татварт 37 920 000 төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварт 6 601 220 төгрөг, нийт 55 897 220 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой. Учир нь татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн актаар 55 897 220 төгрөгийг зөрчилд ногдуулсан нөхөн татвар байгаа тул дээрх хуульд хамрагдах байсан.

Иймд нэхэмжлэлээс 55 897 220 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамж төлөх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн хариуцагчаас шалтгаалахгүйгээр эдийн засаг, санхүүгийн тааламжгүй нөхцөл байдал үүсэж байгааг харгалзан 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх татварын өрийг өршөөлийн хуульд зааснаар хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Түвшин-Ундраа” ХХК-д холбогдуулан татварын нөхөн төлбөрт 104 057 168 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл шүүх дээрх нэхэмжлэлээр 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 05326 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг “үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай” гэж тодорхойлсон нь нэхэмжлэгчийн гаргасан шаардлага гэж үзэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна.

 

Үүнээс гадна шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудад уг хэрэгт авагдсан нотлох баримтыг танилцуулах ажиллагааг огт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэхгүй.

 

Зохигчид энэ талаар гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах журамд үндэслэх учиртай.

 

Нөгөө талаар шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй бөгөөд нэгэнт хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байна.

 

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2016/01286 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437 436 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА