Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01751

 

С.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Ундрах,  Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн            

         2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 52 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: С.Г

         Хариуцагч: Б.Бт холбогдох

      Үндсэн нэхэмжлэл: Бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцаа чөлөөлүүлэх тухай,

         Сөрөг нэхэмжлэл: Б.Быг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байр 10 тоот орон сууцыг С.Гын өмчлөлөөс Б.Бын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай иргэний хэргийг

         Хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч П.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Т нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: С.Г миний бие Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р баг 10-10 тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. 2007 онд би өөрийн найз Ч.Гантулгыг Сайхан сумын үр тарианы фондын газрын даргаар хотоос томилогдоод ирэхэд нь байр сул байсан тул түлхүүрээ өгсөн юм. Гэтэл Ч.Г 2 жил уг байранд амьдарч байгаад миний байрыг н.Орхон гэдэг хүнд худалдчихсан гэсэн яриа гарсан. Ч.Г миний байрыг зараагүй байж болно. Хэрэв тийм бол одоо миний байранд амьдруулаад байгаа хүмүүсээ гаргах, байрыг чөлөөлүүлэх шаардлага тавьж байна. Одоо миний байранд Б.Б гэр бүлийн хамт амьдарч байгаа. Тиймд нэхэмжлэгч би бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцаа чөлөөлүүлэх, тэнд амьдарч байгаа хүнийг албадан нүүлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

        Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: 2006 онд манай охин сургуульд орсон. Би тэр үед энэ орон сууцыг  манай эхнэрийн ах Бат-Орхон гэдэг хүнээр зуучлуулж Гантулга гэдэг хүнээс 2,5 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үеийн байрны ханш тийм л  байсан. 2008 оны 06 дугаар сард Ганболд гэдэг хүн Орхон сумын Илчин гэдэг газар айлын гадаа морь уяж байсан. Манай аавынх тэр газарт байдаг. Би ирсэн гэж дуулаад Ганболдтой очиж уулзсан. Ганболдтой уулзахдаа би тэр байрыг Бат-Орхон ахаар дамжуулж худалдаж авсан гэж хэлсэн. Манай эхнэр, хүүхэд надтай хамт явж байсан. Тухайн үед Ганболд ногоон өнгийн машинтай  явж байсан. Машины дугаарыг нь  санахгүй байна. Ганболд өөрөө надад энэ  байрны гэрчилгээ асуудалтай байгаа. Манай дүү эхнэрээсээ салсан,эхнэр нь  бичиг баримтыг нь  шатаасан гэсэн. 2013 онд би Бат-Орхон ахтай явж байхдаа  Ганболд, Ганхуяг хоёртой таарч, наадам өнгөрөөгөөд албан ёсоор бичиг баримтыг шийдэж өгнө гэж хэлээд салсан. Намайг 2006-2018 оныг хүртэл энэ 10-р байрны 10 тоот орон сууцанд оршин сууж байсан гэдгийг байрны оршин суугчид нотолж мэдүүлэг өгсөн байгаа. 2006-2018 оны хооронд байрны ашиглалтын зардлыг бүгдийг би төлсөн. Ганболд, Гантулга хоёр багын найзууд юм. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

        Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Худалдагч тал үүргээ гүйцэтгээгүйн улмаас худалдан авагч тал Б.Быг өмчлөгчөөр тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг 10-р байрны 10 тоот 1 өрөө орон сууцыг С.Гоос Б.Бд шилжүүлэх, бүртгэл хийлгэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага гаргаж байна гэжээ.

       Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед би орон сууцаа зарсан бол гурилын үйлдвэрийн бичиг баримттай хамт байрны ордерыг өгөх байсан. Байрны ордер надад бэлэн байсан. Би Гантулгад байрыг өгөөгүй. Байрыг худалдах-худалдан авах яриа огт гараагүй. Надаас байрны түлхүүрийг Гантулга гуйж  авсан. Энэ маргааны гол эзэн бол Гантулга юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

      Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Г төлөөлөгч тайлбартаа: Ч.Г 2002 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлд Тариалан эрхлэх дэмжих сангийн захирлаар ажиллаж байсан. Ирэхдээ Цог, Оюунцэцэг гэдэг хүмүүстэй хамтраад гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж, нэг өрөө байрыг худалдаж авсан байдаг. Гантулга, Ганболд хоёр багын найзууд. 2002 онд нэг өрөө байрны түлхүүрийг хүлээлгэж өгсөн байдаг. Байрны гэрчилгээ шатсан. Дараа байрны гэрчилгээний нэрийг солиулж өгнө гэж тохирсон. Байрны үнэ болох 1 сая төгрөгийг бэлнээр шилжүүлж худалдан авах гэрээ хийсэн. Гантулга нь Тариалан эрхлэх дэмжих сангийн захирлаар ажиллаж байгаад буцах болсон. Байрыг Бат-Орхон гэдэг хүнд авч өгөх саналыг тавьж байсан. Бат-Орхоноос 2,5 сая төгрөгийг авсан. Байрны түлхүүрийг өгсөн. Тухайн үед нэхэмжлэгчээс байрны ордерыг шилжүүлж өгөхийг байнга шаардаж ирсэн. 2007 онд Гантулгын ажлын өрөөнд уулзаж байрны гэрчилгээг шилжүүлж өгөхийг шаардаж байсан.  Ганболд шилжүүлж өгнө гэж байсан. Гэтэл одоог хүртэл орон сууцыг шилжүүлж өгөөгүй. Тухайн үед энэ байрыг 1 сая төгрөгөөр авсан гэдгийг гэрч Оюунцэцэгийн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдож байгаа. Хариуцагч энэ байрны хууль ёсны өмчлөгч нь мөн учир албадан гаргах боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2002 онд байрны түлхүүрийг шилжүүлсэн. Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил, үл хөдлөх хөрөнгийн хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

       Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,243 дугаар зүйлийн 243.1-т  заасан үндэслэлгүй тул  нэхэмжлэл болон  сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар  С.Гын төлсөн 70 200 төгрөг, Б.Бын төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

       Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 52 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан  Б.Бын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байр 10 тоот 1 өрөө орон сууцыг чөлөөлж, С.Год олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  Б.Б  буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо нөхөн гаргуулахыг шаардах эрхтэйг дурдаж, үүнтэй холбоотой  улсын тэмдэгтийн хураамжийн заалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч гомдолдоо:  орон сууцыг Ч.Гас Д.Бат-Орхон зуучлалаар Б.Бт  худалдаж, байрны бичиг баримтыг хожим шилжүүлэхээр тохиролцоо хийсэн нь  тогтоогддог. Гэрч Д.Бат-Орхоны “Би энэ нэг өрөө байрыг Ч.Гас 2 500 000 төгрөгөөр худалдаж авч хүргэн дүү Б.Бт өгсөн.... Байрны ордерийг яах вэ гэсэн чинь хүний нэр дээр байдаг би намрын ажил дуусгаад шийдээд шилжүүлээд өгье гэж тохироод аман гэрээ байгуулсан. 11-р сарын дундуур С.Г гэдэг хүн манайд адуу эрж очсон. Аяга цай уугаад юм ярьж байгаад гарахдаа та Ч.Г гэж хүнээс нэг өрөө байр аваа юу? гэхээр нь тэгсэн би авсан гэхэд ордер нь надад байгаа би танд өгнө гэж хэлээд гараад явсан ... 2007 оны 5 дугаар сарын дундуур Ч.Гантулгын ажлын өрөөнд ажил хөөцөлдөөд ортол Ч.Г, С.Г хоёр юм яриад сууж байсан. Би “Гантулгаа чи байрны ордерийг шийдсэн үү” гэхэд Ч.Г С.Год хандаад “Чи байрны ордер өг би энэ хүнд шилжүүлж өгөх ёстой” гэхэд С.Г нэлээд дуугүй сууж байснаа тэр ордерийг чинь шийдэж өгнө гэхдээ их төвөгтэй болоод байна. Манай дүүгийн нэр дээр байсан авгай нь салахдаа устгасан байх магадлал их өндөр болоод байна гэсэн ...2013 он 06 сарын дундуур Буджав бид хоёрыг явж байхад 42-р точек дээр С.Г, Ч.Г хоёр нэг машинтай хамт явж байсан. Нөгөө хоёр аварга чинь явж байна гээд С.Г, Ч.Г нарт хэлсэн ...Ганболд ойлгож байна. Бид хоёр нэг уяан дээр морь уяж байгаа. Наадмын дараа ордерийг чинь шилжүүлээд өгье гэж байсан... Гантулгын өрөөнд байхдаа би Ганболдод ахин дахин хэлсэн. 2 500 000 төгрөгөөр худалдаад авчихсан шүү гэж хэлсэн... С.Г байр худалдагдсан гэдгийг хангалттай мэдэж байгаа. Энэ байр ийм маргаантай гэдгийг тэр дор нь надад мэдэгдсэн бол би Ч.Гас мөнгөө аваад өөр байр худалдаж авах байсан. Энэ хүнийг өгнө гэсэн болохоор итгээд явсан.” гэх мэдүүлэг, Ч.Гантулгын гэрчээр өгсөн “Би энэ байрыг С.Гоос тухайн байрыг гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамт 17 000 000 төгрөгөөр бэлнээр авсан... 2007 оны хавар манай албан өрөөнд С.Г бид хоёр уулзаад байж байсан.Тухайн үед Д.Бат-Орхон гурил будаа авч таарсан. Тэгээд би энэ хоёрыг албан ёсоор уулзуулсан. Би С.Год Д.Бат-Орхоныг ингэж болохгүй гэж хэлсэн, тухайн байрны ордерийн талаар С.Г түрүүний тайлбарыг хэлдэг, ...Тэгээд би ордерийг нь ямар нэгэн аргаар гаргуулж өгөөч ээ гэхэд миний ширээн дээр за энэ тэр болсон... Хоёр дахь удаагаа 2010 оны 6 дугаар сарын сүүлээр С.Г, Д.Бат-Орхон нартай 42-р гарам дээр таарсан. Д.Бат-Орхон тэгэхэд “Хөөш та хоёр асуудлаа шийдэж өг...гэсэн. Би С.Год энэ юмныхаа учрыг ол, хүнд юм зарчхаад ингэж болохгүй гэж хэлсэн. С.Г морь уяад завгүй байна. Баярын дараа шийдэж өгье гэсэн.” гэх мэдүүлэг, гэрч С.Ганхуягийн “Орон сууцны эрхийн гэрчилгээ С.Гын нэр дээр байсан эхнэрээсээ асуухад баахан бичиг баримт шатаасан тэрэнтэй шатсан байсан. 2004 онд эхнэрээсээ салсан” гэх мэдүүлэг /2-р хх-52/, Гэрч Ч.Очгэрэлийн “2003 оны 9-р сарын намар байхаа манай Гантулга ах Хөтөлийн гурилын үйлдвэрийг авч байгаа чи түүнийг ажиллуул гээд намайг дуудсан. Тэр үед уг объектуудыг Гантулга, Ганболд нар хүлээлцээд гурилын үйлдвэртэй байрных нь түлхүүртэй Гантулгад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-73/, Гэрч В.Оюунцэцэгийн “Энэ орон сууцыг хэзээ авсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Их дээр үеийн буюу 2000 он хавьцаа байх, авсан гэдгийг ам яриагаар мэднэ. Нэг байр байх нь байсан. Би очиж хараагүй Ганболдоос гурилын үйлдвэрийн үнэнд оруулж авч байсан гэж ярьж байсан. Энэ хоёр чинь сайн найзууд” гэсэн мэдүүлэг, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бичигдсэн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-92/, Сэлэнга аймгийн улсын бүртгэлийн газарт С.Гын гаргасан өргөдөл “...үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гээгдүүлсэн тул дахин гаргаж өгнө үү” гэх өргөдөл зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байна. Дээрх нотлох баримтаас харахад “гэрчилгээ шатсан” гэж С.Г нь Д.Бат-Орхон, Ч.Г, Б.Б нарт ярьж байсан нь нотлогдож байх ба хэрвээ С.Г нь байраа зараагүй бол Д.Бат-Орхон, Ч.Г, Б.Б нарт “гэрчилгээ шатсан” гэж ярих шаардлага байхгүй ба Д.Бат-Орхон, Ч.Г, Б.Б нар ч энэ талаар мэдэхгүй байх байсан нь тодорхой байна. Түүнчлэн, хариуцагч Б.Б нь маргаан бүхий байранд 2006 оноос хойш оршин сууж байгаа талаар талууд маргадаггүй ба энэ хугацаанд С.Гын зүгээс байр чөлөөлөх тухай шаардлагыг түүнд нэг ч удаа тавьж байгаагүй болно. Дээрх байдлаас харахад Иргэний хуулийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг нотариатаар батлуулж, 109.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэх үүргээ худалдагч тал болох С.Г нь худалдан авагч тал болох Ч.Гантулгын өмнө биелүүлээгүйн улмаас Ч.Г нь өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэх үүргээ Б.Бын өмнө биелүүлэх боломжгүй болсон нь нотлох баримтаар тус тус тогтоогддог. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь худалдах-худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбогдсон баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг. Гэтэл 2002 онд худалдан авагч Ч.Г нь үнэ төлөх үүргээ гүйцэтгэсэн боловч худалдагч С.Г нь 2013 оныг хүртэл “өмчлөх эрхийг шилжүүлнэ” гэж амлаж байсан боловч “гэрчилгээ байхгүй” гэх шалтгаанаар баримт бичгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй 2015 оныг хүргэсэн ба 2015 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шинээр авснаар, хуульд заасан худалдагчийн эрх үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан нь арилсан байна. Гэтэл нэхэмжлэгч С.Г нь дээрх үүргээ биелүүлэхээс татгалзаж, улмаар орон сууцыг Ч.Гд худалдаагүй гэж марган, улмаар орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, Б.Быг хохироох замаар ашиг олохоор санаархаж байгаа нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. С.Гын хувьд бичиг баримтыг шилжүүлж өгнө гэж Д.Бат-Орхон, Ч.Г, Б.Б нарт удаа дараа амлаж байсан нь Иргэний хуулийн 196.1.5-д “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн” бол гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Б нь Иргэний хуулийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч гэж дүгнэсэн атлаа шүүхийн орон сууцнаас чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 106.1-д заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг зөвхөн эд хөрөнгийн өмчлөгч эдлэхээс гадна уг шаардлагыг зөвхөн хууль бус эзэмшигчид холбогдуулан гаргах боломжтой гэж дүгнэн хэргийг анхан шатны шүүхэд буцаасан дээд шүүхийн тогтоолтой зөрчилдөж байна. Иймд С.Г нь Ч.Гас орон сууцны үнийг хүлээн авч, орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн даруйдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгч, гэрээ хэлцлийг хуульд заасан журмаар хийх, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлээгүйн улмаас энэ байрын өмчлөх эрхийг олж авсан Б.Б өмчлөх эрхээ баталгаажуулж, улсын бүртгэл хийлгэж чадахгүй, өнөөдрийг хүрч байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :

       С.Г 2015-12-07-ны өдөр Б.Б, Ч.Г нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р баг 10-10 тоот 1 өрөө орон сууцыг  Б.Бын  эзэмшлээс чөлөөлөхийг шаардсаныг Ч.Г, Б.Б нар зөвшөөрөөгүй байна. /хх 1-н 1, 17, 18, 23-25, 36-37/    

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл /хх 1-163/ гарган, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг 10-р байрны 10 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, энэ тухай  бүртгэл хийлгэхийг бүртгэлийн байгууллагад даалгахыг хүсчээ. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “... С.Г 2001-02-20-ны өдөр орон сууцны өмчлөгч болж 2015-10-28-ны өдөр дахин гэрчилгээ авсан байна...2006  онд орон сууцыг Ч.Гас Д.Бат-Орхон худалдан авч...Б.Б одоог хүртэл амьдарч байгаа нь нотлогдсон... С.Г, Ч.Г нар  амаар хэлцэл хийсэн ч гэрчилгээ шатсан учир өмчлөх эрх С.Год үлдсэн нь тогтоогдлоо... С.Г, Ч.Г нар хэлцэлд оролцоогүй  Б.Баас хэлцлийн үр дагаврыг шаардах эрхгүй...” гэжээ. 

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...2001 онд С.Г нь хэлцлийн дагуу орон сууцыг Ч.Гд, Ч.Г Бат-Орхоноор дамжуулан Б.Бд шилжүүлжээ... С.Г, Ч.Г хэлцэл хийсэн ч нотариатаар гэрчлүүлээгүй байх тул хүчин төгөлдөр бус байна... хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад гэрээ мөн  хүчин төгөлдөр бус байна... Б.Б орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа ч орон сууц нь хүчин төгөлдөр хэлцлийн үр дүнд шилжээгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй...” гэсэн дүгнэлт хийсэн байв.    

        Хариуцагч хяналтын гомдолдоо ”...байраа худалдсан нь тогтоогдож байгаа... худалдагч худалдсан эд хөрөнгийн бичиг баримтыг шилжүүлэх үүргээ  биелүүлээгүй... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэжээ.    

        Тус шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

       Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байр 10 тоот 1 өрөө орон сууцыг  С.Г 2001 оны 02-р сарын 20-ны өдөр  өөрийн өмчлөлд авсан, үрэгдүүлсэн гэх шалтгаанаар 2015 оны 10-р сарын 28-ны өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авсан үйл баримт тогтоогдсон байна.

        С.Г маргааны зүйлийг 2001 онд Ч.Гд гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамт нийт 17,000,000 төгрөгөөр худалдсан гэх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаантай байна.

        Нэхэмжлэгч нь орон сууцыг Ч.Гд 2001 онд худалдсан боловч гэрчилгээг  үрэгдүүлснээс өмчлөх эрхийг шилжүүлээгүй бөгөөд уг орон сууцыг Ч.Г 2006 онд бусдад худалдсанаас хойш буюу 2015 оны 10-р сарын 28-ны өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг “үрэгдүүлсэн” гэх шалтгаанаар шинээр өөрийн нэр дээр авсан үйл баримт тогтоогджээ.

        2006  онд маргааны зүйлийг Ч.Гас Д.Бат-Орхон 2,500,000 төгрөгөөр  худалдан авч Б.Б уг байранд орж, одоог хүртэл амьдарч амьдарч байгаа бөгөөд энэ талаар Ч.Г, Д.Бат-Орхон, Б.Б нар маргаангүй байна. 

        Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байр 10 тоот 1 өрөө орон сууцыг  С.Г, Ч.Гд худалдсан асуудалд хариуцагч оролцоогүйгээс гадна нэхэмжлэгчээс байрыг худалдан аваагүй буюу Б.Бын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. 

         С.Г нь Ч.Гд холбогдуулан шаардлага гаргаагүй тул тэдгээрийн хоорондын маргааны талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

         Түүнчлэн, шүүх Н.Буджавын сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан нь, мөн үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэсэн нь буруу байна.

         Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байр 10 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, энэ тухай эрхийн улсын бүртгэлийг хийхийг холбогдох байгууллагад даалгах шаардлагыг хариуцагч нь худалдагч бус этгээдэд холбогдуулан гаргасныг шүүх хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн зохицуулалтад нийцээгүй байх тул сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.   

        Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт С.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг оруулав.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 52 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлгүй тул...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийг баримтлан...” гэж, “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ