Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 0282

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                              

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б, С.Б

Шүүгдэгч Б.А, С.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Х нарт холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, 1961 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, 59 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, , урьд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 01 сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар 7.350.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж байсан, Б.А

 Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 50 настай, мэргэжилгүй, боловсролгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.Х

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 17-18 цагийн орчимд С.Х-тэй маргалдаж, хашааны банз модоор түүний баруун сүүж орчимд цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч  С.Х нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 17-18 цагийн орчимд Б.А-тай маргалдаж, хашааны банз модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Х намайг модоор цохихоор нь би эргүүлээд Х-ийг тэр модоор нь цохисон нь үнэн гэв.

-Шүүгдэгч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: А бид 2 мөнгөө нийлүүлж, Стандарт архи авч хувааж уусан. А-ыг би модоор цохиогүй гомдолтой. Эмчилгээний зардал 350.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

-Хохирогч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, намайг гадаа унтаж байхад Х модоор цохихоор нь би эргүүлээд түүнийг цохисон гэсэн мэдүүлэг,

-Хохирогч С.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гомдолтой байна. Б.А-аас эм тарианы 350.000 төгрөгийг нэхэмжилнэ, хөлийн зураг авхуулсан. Тэр мөнгөө авмаар байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч С.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2020 оны 05 дугаар сарын 02-ны өглөө ах нарын хамт манай гэрийн харалдаа байх гудамжинд 0.33 литрийн тал шил архийг хувааж уусан. Архи ууж дууссаны дараа ах нар явсан. Би гэртээ ороод ээждээ цай чанаж өгсөн. Гэрээсээ 14-15 цагийн үед гараад манай гэрийн зүүн талд байрлах дэлгүүрийн гадаа очиход А-тай таарсан. Бид хоёр мөнгө нийлүүлж нэг шил архи авсан. Уг архины талыг А бид хоёр уусан ба үлдсэн архийг А аваад Д-ийн гэр лүү явсан. Би гэртээ орж ээжийгээ эргэчхээд үлдсэн архиа уух гээд Д-ийн гэрийн гадаа очсон. Миний хувьд Д-ийн гэрт ороогүй. А, Д-ийн гэрийн гадаа байсан ба над руу уурлаад Д-ийн урд хашааны зүүн талд байх банзыг гараараа татаад баруун талын өгзөг хэсэг рүү цохисон. Би А-т цохиулаад газарт суусан. Агаар намайг цохичихоод Д-ийн гэр лүү орсон...” гэх мэдүүлэг. /хх7хуудас/

-Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед Д-ийн гэрт ганцаараа очиход Д, Г ах хоёр хамт архи уугаад сууж байсан. Би тэр хоёрын ууж байсан архинаас уусны дараа Д дэлгүүрээс архи авчирсан. Яг 3 шил архи уусан эсэхийг хэлж мэдэхгүй байна, эхний архинаас ууж байгаад согтчихсон. Архи ууж байхад гаднаас Х орж ирээд архинаас ууж байх шиг байсан. Ямар ч байсан Д-ийн хашааны дотор унтаж байхад Х миний баруун гуя болон баруун далны доод хэсэгт хашааны банзаар тус тус нэг удаа цохисон. Тэр үед би газраас босоод Х-ийн барьчихсан байсан хашааны банзыг булаан аваад Х-ийн баруун талын хөл, сүүж хэсэг рүү нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг. /хх 10 хуудас/

        - Гэрч Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 17-18 цагийн хооронд Х-ийн гэрийн ойролцоо явж байтал Х мөлхчихсөн, эхнэр  нь хажууд нь өргөх гээд даахгүй байхаар би очоод өргөх гэтэл хөл өвдлөө гээд Х орилсон. Тэгэхээр нь би шууд тэврээд гэрт нь оруулж өгөөд газар хэвтүүлээд гараад явсан. Д, Х нар нэг гудамжинд амьдардаг. Хаалганых нь дугаарыг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хоорондоо ойрхон байдаг...” гэх мэдүүлэг. /хх16хуудас/

        - Гэрч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....Намайг Д гэдэг, хүмүүс миний нэрийг буруу сонсоод байдаг юм. Уг маргаан 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр болсон гэж бодож байна. Хэдэн цагийн үед зодолдсон, хаана зодолдсон эсэхийг санахгүй байна. Маргааш нь А-с юу болсон талаар асуухад өчигдөр Х танай хашааны банзаар намайг эхлээд цохьсон. Би тэр банзыг нь булааж аваад Х-ийг цохьсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх15 хуудас/

-Гэрч Л.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Х гэрийнхээ ойролцоо бөгсөн биеэ чирээд явж байсан. Х босож чадахгүй байна, хөл өвдөөд гэсэн. Удалгүй Д нарийн гудамжнаас гарч ирэхээр нь би дуудсан. Д ирээд тэврээд гэр лүү нь хүргэж өгсөн. Гэртээ орж ирээд Х, А гэдэг намайг хашааны банзаар миний хөл рүү цохичихсон гэсэн. Би гарч Д-ийн гэрийн гадаа очиход хашааны банз газар хэвтэж байсан. А, Д-гийн хашааны дотор хэвтэж байсан ба би очоод та яаж байгаа юм бэ, хүний хөл хугалчихлаа гэхэд миний хөлийг Х хугалсан гээд хэвтэж байхаар нь би гараад явсан...” гэх мэдүүг /хх17хуудас/

-Гэрч П.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...А гэртээ ирэхдээ баруун нурууны ар хэсэг, зүүн гуяны доод хэсэгт хөхөрчихсөн байсан ба Х банзаар цохьсон, би Х-ийн банзыг нь булааж аваад эргүүлээд цохьсон...” гэх мэдүүлэг. /хх 18 хуудас/

                2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 412 дугаартай шинжээчийн: 1.Б.А-ын биед нуруунд баруун далан доор, зүүн гуяны гадна доод хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт үүсчээ.

         2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна.

         3. Уг цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

          4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Нуруунд баруун далны доор, зүүн гуяны гадна доод хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 25-26 хуудас/

           2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 405 дугаартай шинжээчийн: 1.С.Х-ийн биед баруун дунд чөмөгний ясны их төвгөрийн далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Гэмтэл нь 2020 оны 05 сарын 02-ны өдөр үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх 20-21 хуудас/

             Шүүгдэгч  Б.А-ын  яллагдагчаар өгсөн: “...архи ууж байхад гаднаас Х орж ирээд архинаас ууж байх шиг байсан. Бүдэг, бадаг санаж байна. Ямар ч байсан Д-ийн хашаан дотор унтаж байхад Х миний баруун гуя болон баруун доод далны хэсэгт хашааны банзаар нэг удаа цохисон. Тэр үед би газраас босоод Х-ийн барьчихсан байсан банзыг булааж аваад Х-ийн баруун сүүж, хөл хэсэг рүү нь нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх 36-37 хуудас/

          Шүүгдэгч С.Х-ийн яллагдагчаар өгсөн:  “...Агаар Д-гийн гэрийн гадаа байсан ба над руу уурлаад Д-ийн урд хашааны хаалганы зүүн талд байх хашааны банзыг гараараа татаад баруун талын өгзөг хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх 14 хуудас/

        Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 67-70 хуудас/

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 43, 55 хуудас/

        Б.А, С.Х нарыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 34, 35-37, 38, 39-41 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Б.А нь С.Х-ийг банзаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан. С.Х нь согтуурсан үедээ Б.А-ыг банзаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь бүрэн нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. С.Х цохиж зодоогүй гэж мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Хэрэг гарсан болсон байдлыг нүдээр үзээгүй боловч дамжмал давхар нотолгооны хэрэгсэл болж байна. П.У хэрэг гарсан даруйдаа С.Х-ийг биеэ даахгүй газар мөлхөөд явж байхад нь гэртээ оруулаад Б.А-ыг та хүн гэмтээчихлээ гэж хэлэхэд миний хөлийг бас С.Х гэмтээсэн гэж хэлсэн. С.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Б.Агаар нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч Б.Аг-с 37.500 төгрөг гаргуулан С.Х-д олгож, шүүгдэгч С.Х бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэв.

Шүүгдэгч С.Х-ийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гэмт хэргийн сэдэл зоригийг тогтоох ёстой. Энэ хоёрын хооронд маргаан гэх зүйл харагдахгүй байна. Б.А-ын мэдүүлэг, дам мэдүүлгээр нотлогдож байна гэж хэлж байна. Зодоон болсон газар хашаанд дотор байгаа. Гэтэл яллах дүгнэлтэд хашааны гадаа үйл явдал болсон гэж бичсэн байна. Хаана болсон талаар эргэлзээтэй байна. С.Х унтаж байгаа хүнийг ямар учраас цохих болсон талаар тодорхойгүй байна. Харин хувааж уусан архийг уух гээд ирэхэд архи өгөхгүй гэх байдлаар маргаад банз аваад С.Х-ийг цохиод унагаасан. Харилцан зодолдох боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Хэргийн бодит үнэнийг хөтөлбөргүйгээр нотолж яллагдагчаар татах ёстой. П.У энэ үйл явдлыг сүүлд мэдсэн гэж мэдүүлдэг. Б.А-ыг эрэн сурвалжилж хэргийн хугацааг сунгасан баримт байгаа. Байнга архи уугаад тэнээд явдаг гэдэг нь өөр хүнд зодуулсан байх магадлалтай байна. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гэм буруугийн хувьд Б.А хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Гаргах дүгнэлтгүй байна. Б.А-т учирсан хохирол нь тухайн үед гарсан байх магадлалтай гэдэг нь тогтоогдсон. Маргааны улмаас Б.А гэмтсэн гэдгээ хэлсэн. Хэн гэмтээсэн асуудлаа ойр орчмын хүмүүст хэлсэн. Б.А газар хэвтэж байсан гэдэг. Гэмтлийнхээ талаар Б.А ямар нэгэн байдлаар худлаа хэлээгүй. Хэдийгээр гэмтсэн боловч С.Х-д гомдол саналгүй гэсэн байдаг. П.У ирэхдээ гэмтэл авчхаад ирсэн гэж мэдүүлдэг. Мөн архи уугаад явчихдаг хүн гэж хэлсэн. Гэхдээ архи уусан үедээ хүнтэй маргалддаггүй гэж хэлсэн байдаг. Ял хариуцлагын хувьд Б.А гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Оногдуулах ял хариуцлагыг хөнгөрүүлэх боломж байгаа. С.Х унтаж байхад нь хоёр удаа цохисон гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ нь хохирогчийн зүй бус үйлдлээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хохирол төлбөрийн хувьд төлж барагдуулахаа илэрхийлж байна. 37.500 төгрөгийн баримт өнөөдөр орж ирсэн учраас төлж барагдуулах боломж байгаагүй. Үүнийг мөн төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Торгуулийн ялын доод хэмжээгээр ял оногдуулж өнгө үү гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 17-18 цагийн орчимд С.Х-тэй маргалдаж, хашааны банз модоор түүний баруун сүүж орчимд цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Х нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 17-18 цагийн орчимд Б.А-тай маргалдаж, хашааны банз модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-ын хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.А-ын өгсөн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн” гэх мэдүүлэг, хохирогч С.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гомдолтой байна. 350.000 төгрөгийн хөлийн зураг авхуулсан. Тэр мөнгөө авмаар байна” гэсэн мэдүүлэг,  хохирогч Б.А-ын биед нуруунд баруун далны доор, зүүн гуяны гадна доод хэсэг, зүүн өвдөгний гандна хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсаныг тогтоосон 412 дугаартай, хохирогч С.Х-ийн биед баруун дунд чөмөгний ясны их төвгөрийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсаныг тогтоосон шинжээчийн 405 дугаартай дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Х  нь шүүхийн хэлэлцүүлэгт  Б.А-ыг би модоор цохиогүй гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

            Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Б.Агаарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч С.Хүрэлсүхийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            прокуророос шүүгдэгч Б.А-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Хохирогч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч С.Х-ээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч Б.А-аас 37.300 төгрөг гаргуулан хохирогч С.Х-д олгохоор шийдвэрллээ.

           Хохирогч С.Х нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ 350.000 төгрөгийн хөлийн зураг авхуулсан мөнгөө гаргуулж авмаар байна гэж байх боловч энэ талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас 312.700 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.   

            Шүүгдэгч С.Х нь  бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялыг шүүх сонгон хэрэглэсэн болно.

          Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч С.Х-ээс гаргуулах төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.