| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0310/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/309 |
| Огноо | 2020-09-28 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/309
2020 09 28 2020/ШЦТ/309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт Бод холбогдох 2021004130321 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............. овогт Б /РД: ................../.
Шүүгдэгч Б нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 00 цагийн орчимд Тоёота эстима маркийн ******* УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг сумын төвөөс 16 км зайд төв замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4б дэх “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэх, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.А, Г.Х, Х.А, Б.Б нарын биед хөнгөн, зорчигч А.Б-ын биед хүндэвтэр хохирол учруулж, зорчигч Б.Г-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байхад манай ээж сумаас хүн явуулаад танай хүү *******машинтай явж байгаад онхолдсон байна, бие нь гайгүй юм шиг байна гэж хэлсэн. ...Тэгээд би Дорнод аймаг руу явж байхад цэргийн ангийн ажилтан юм уу, эмч нь юм уу мэдэхгүй, та яаралтай ир, биеийн байдал нь маш хүнд байна гэж сандаргасан. Ингээд би 17 цагийн орчим Дорнод аймагт ирээд шууд эмнэлэгт очсон ба ороод хүүгээ харахад толгой нь битүү боолттой, нүүр ам нь хавдчихсан ямар ч хөдөлгөөнгүй, ухаангүй байсан. Түүнээс хойш Дорнод аймгийн сэхээн амьдруулах тасагт 4 хоног сахиад 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүү маань өнгөрсөн. ...Хүү маань 2018 онд Дорнод аймагт 0132 дугаар ангид цэргийн алба хаагаад гэрээт цэргээр ангидаа үлдэж ажиллаж байгаад 2020 оны 06 дугаар сард ангиасаа шагнал аваад шагналын чөлөөгөөр гэртээ ирж 7 хоноод буцаж анги руугаа явж байхдаа замдаа осолд орсон. Оршуулгын зардалд зарцуулсан мөнгийг гаргуулж авмаар байна...” гэжээ. /хх-ийн 21-22/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хамт ажилладаг Ишийн хамт 23 цаг болох гэж байх үед Түмэнцогт сумын колонк дээр зогсож байгаад замын унаанд гараа өргөж суусан. Тэгээд би машинд суугаад унтчихсан. Тэгсэн хүмүүс бахиралдаад байх чимээ сонсогдоход нь сэрэхэд би газарт хэвтэж байсан. Мөн манай ажлын залуу Иш миний хажууд ирээд утас хамаг юм чинь тарчихсан байна гэж хэлсэн. Тухайн үед яасан, яагаад осол болсон талаар огт асуугаагүй...” гэжээ. /хх-ийн 26/
Гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэнтий аймгийн цагдаагийн постны зогсоол дээрээс Г-ыг аваад хамгийн арын суудал дээр суулгаад хөдөлсөн. Хэнтий аймгаас хөдлөөд жолооч хөгжим тавиад эхнэртэйгээ юм яриад явж байсан. Бусад нь унтаад явж байсан. ...Тэгээд сэрсэн чинь машины кабины гэрэл харагдаад улаан шороо харагдаад өөр зүйл харагдаагүй. Тэгээд машин өнхрөөд дугуйн дээрээ зогссон. ...унтаж байхад тоормос гишгээд, тоормос гишгэж байгаа дуу нь сонсогдоод машин найгаж байгаа нь мэдэгдээд сэрсэн, сэрсэн чинь машин шууд өнхөрчихсөн...” гэжээ. /хх-ийн 27-28/
Гэрч Г.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б-ын хамт 23 цаг болох гэж байхад замын унаанд гар өргөөд суусан юм. Тэгээд машинд суугаад шууд унтчихсан. Нэг мэдэхэд машин өнхөрч байгаа нь мэдэгдсэн, тэгээд сэрсэн чинь би арын суудал дээр миний хажууд бас нэг залуу байсан, надтай хамт ажилладаг Б машинаас шидэгдчихсэн байсан, бусад хүмүүсийг яасныг сайн мэдэхгүй байна. Би машинаас цонхоор гараад буусан чинь гадаа хүмүүс орилолдоод байсан. ...удалгүй эмнэлэг ирээд бид нарыг аваад явсан...” гэжээ. /хх-ийн 29/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хөлөнбуйр сум өнгөрөөд явж байсан чинь замын хажуунаас буюу урд талаас гэнэт цайвар зүсмийн адуу гарч ирсэн. Манай нөхөр рулээ зүүн гар тал руугаа дараад нөгөө адууг өнгөрөөгөөд гарсан. Тэгэхэд рулээ огцом дарсан юм уу яасан юм машин зам дээр найгаад бөгсөө хаяад яваад байхаар нь рулээ дарсан боловч машин тэр чигээрээ замын урд тал руу гараад өнхөрчихсөн...” гэжээ. /хх-ийн 30-31/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 527 тоот дүгнэлтэд:
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн 87 тоот дүгнэлтэд:
1. Б.Г-ын цогцост гавлын орой болон суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн хатуу хальсны доорхи цусан хураа, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн оройн зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн суурийн дух хэсгийн тархины эдийн няцрал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, хуйхны дотор гадаргын баруун болон зүүн зулай хэсгийн цус хуралт, баруун зүүн уушгины гялтан доорх цус хуралт, дух, зүүн чамархай, зүүн шанааны зулгаралт, баруун, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэн, эрүүний зүүн булан, баруун шуу, баруун сарвууны зулгаралт бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гавал тархины гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач Б.Г нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. гэжээ. /хх-ийн 60-63/
Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Хөлөнбуйр сум өнгөрөөд 10 гаруй км газарт 70-80 км цагийн хурдтай явж байсан. Тэгтэл замын хажуунаас баруун гар талаас нэг адуу гарч ирээд мөргөчих гээд байхад нь рулээ зүүн гар тийш дараад нөгөө адууг тойрч гараад явж байтал машины ард юм мөргөж байгаа юм шиг түс хийх чимээ гарахаар нь нөгөө адуугаа мөргөчихсөн юм болов уу гэж бодсон чинь рул булаагаад машин хоёр тийш савлаад байсан. Тэгэхээр нь би машин дотор байгаа хүмүүсийг сандаргаад яахав гэж бодоод рулээ тэгшлээд явж байсан. Тэгээд цааш юу болсныг санахгүй байна...” гэжээ. /хх-ийн 89-90/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-11/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 13/
Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 14/
Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 15-16/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-70/
Б.Г-ын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 110/
Оршуулгын зардлын тооцооны баримт /хх-ийн 111-112/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 523, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 504, 525, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 526, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 06, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 527, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 87 тоот дүгнэлтүүд /хх-ийн 34-36, 38-40, 42-43, 45-46, 51-52, 57-58, 60-63/
“Энхлэг кредит” ББСБ ХХК-ийн 2020.09.04-ний өдрийн албан бичиг /хх-ийн 101/
Бын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 95/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 102/
Бын эмчид үзүүлсэн тэмдэглэлүүд /хх-ийн 103-106/
Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-ийн 107/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эрүүгийн 2021004130321 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч ................. овогт Б нь 2020 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг сумын төвөөс 16 км зайд төв замаар ******* УНГ улсын дугаартай Toyota Estima маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 3.4 б дэх “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэж, 12.3-д “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч С.А, Г.Х, Х.А, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч А.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, зорчигч Б.Г-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э-ийн “...Г машинтай явж байгаад онхолдсон байна, бие нь гайгүй юм шиг байна гэж хэлсэн. ... хүүгээ харахад толгой нь битүү боолттой, нүүр ам нь хавдчихсан ямар ч хөдөлгөөнгүй, ухаангүй байсан. Түүнээс хойш Дорнод аймгийн сэхээн амьдруулах тасагт 4 хоног сахиад 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүү маань өнгөрсөн...” гэх, гэрч А.Б-ын “...би машинд суугаад унтчихсан. Тэгсэн хүмүүс бахиралдаад байх чимээ сонсогдоход нь сэрэхэд би газарт хэвтэж байсан...” гэх, гэрч Г.Х-ын “...унтаж байхад тоормос гишгээд, тоормос гишгэж байгаа дуу нь сонсогдоод машин найгаж байгаа нь мэдэгдээд сэрсэн, сэрсэн чинь машин шууд өнхөрчихсөн...” гэх, гэрч Б.Б-ийн “...замын хажуунаас буюу урд талаас гэнэт цайвар зүсмийн адуу гарч ирсэн. Манай нөхөр рулээ зүүн гар тал руугаа дараад нөгөө адууг өнгөрөөгөөд гарсан. Тэгэхэд рулээ огцом дарсан юм уу яасан юм машин зам дээр найгаад бөгсөө хаяад яваад байхаар нь рулээ дарсан боловч машин тэр чигээрээ замын урд тал руу гараад өнхөрчихсөн...” гэх, гэрч Г.И-ийн “...машинд суугаад шууд унтчихсан. Нэг мэдэхэд машин өнхөрч байгаа нь мэдэгдсэн, тэгээд сэрсэн чинь би арын суудал дээр миний хажууд бас нэг залуу байсан, надтай хамт ажилладаг Б машинаас шидэгдчихсэн байсан, бусад хүмүүсийг яасныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 527 тоот, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн 87 тоот дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын схем зураглал, мөрдөгчийн магадлагаа, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Б.Г-ын нас барсны гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашигл алтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулж, бусдын амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, дөрвөн хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, нэг хүний амь насыг хохироосон болох нь Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 523, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 504, 525, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 526, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 06, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 527, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 87 тоот дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Бод холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас дөрвөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах саналыг шүүх хуралдаанд гаргасан боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас таван хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирч, нэг хүний амь насыг хохирсон нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Бын тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг гурван жилээр тогтоож, уг нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас зорчигч С.А, Г.Х, Х.А, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч А.Базарсадын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирч, зорчигч Б.Г-ын амь нас хохирсон бөгөөд зорчигч С.А, Г.Х, Х.А, Б.Б, А.Б нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Амь хохирогч Б.Г-ын хууль ёсны төлөөлөгч Т.Э-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Миний хувьд эмчийн хяналтад байгаа учраас шүүх хуралдаанд оролцохгүй. Ажил явдлын үеэр хүүгийн байгууллага нь 3,000,000 төгрөг, Бын гэр бүлээс 1,500,000 төгрөг өгснийг хасаад 10 сая төгрөг нэхэмжилнэ гэж өмнө нь байцаагчид хэлсэн боловч одоо миний хувьд Боос хүүгийнхээ оршуулгын зардалд гарсан нийт 18 сая төгрөгийг нэхэмжилнэ” гэж мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан иргэний нэхэмжлэлээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч Б шүүх хуралдаанд “...Миний хувьд шүүхээс хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэвэл төлнө. Баримтаар тогтоогдсон хохирлыг төлнө...” гэж мэдүүлжээ. Хохирогч Б.Г-ын хууль ёсны төлөөлөгч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд оршуулгын зардалтай холбоотой баримт байхгүй талаар мэдүүлэг өгч хавтаст хэргийн 111-112 дугаар хуудсанд байгаа оршуулгын ажлын тооцоо бодсон баримтын хуулбарыг гаргаж өгчээ. Хэрэгт цугларсан баримтаар хохирлын тооцоог гаргах боломжгүй, тэр талаарх нотлох баримт хангалтгүй байх тул Б.Г-ын оршуулгын зардалд 18,628,200 төгрөгийг нэхэмжилсэн Т.Э-ийн нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э-д 1,500,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................... овогт Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас дөрвөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бод оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бод оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э нь оршуулгын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Боос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э-д 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн, С.А, Г.Х, Х.А, Б.Б, А.Б нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА