Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 0285

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч С.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр  төрсөн, эрэгтэй, 19 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, өвөөгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.Э

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Э нь  2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г.О-ийн гээгдүүлсэн “Хуавей Ү-7” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэж мэдсээр байж, завшиж бага хэмжээнээс дээш буюу 535.200 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн гэжээ.

-Хохирогч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 03 сарын 19-ний орой машинаар найзынхаа аавыг хүргэж өгөхөөр явж байсан. Манай найзынх руугаа явах замд найзын аав нь согтуу бөөлжих гээд байсан ба гэр лүү нь явах замдаа хашааны булан бараадаад хэд, хэдэн удаа бөөлжүүлсэн. Тэгж байгаад миний гар утас унасан байх. Шөнө нэлээн орой болсон байсан болохоор харанхуй, гэрэлтүүлэг муу байсан. Гэртээ ороод гар утсаа хайгаад олоогүй, залгасан чинь дуудаж байсан. Өглөө дахин залгаад үзэхэд холбогдох боломжгүй байсан. Нэхэмжлэх зүйлгүй, гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй” гэх мэдүүлэг /хх 24 хуудас/

Гэрч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би гар утас худалдан авахаар охин Ч-аар утас хайлгасан чинь фейсбүүкээр “Saruul Suhee” гэх хаягтай хүнтэй холбогдож, “Хуавей Ү-7” маркийн гар утас зарна гэж байна гэж хэлсэн. Тэгээд “Баян” худалдааны төвийн 3 давхар гар утас зарна гэсэн хүнийг дуудаж, 250.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /хх 26 хуудас/

            Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх19-22 хуудас/

            “Ашид билгүүн” ХХК-ний Huawei Y7 гар утас 535.200 төгрөг гэх үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 33-34хуудас/

 Шүүгдэгч С.Э-ын яллагдагчаар өгсөн: “....2020 оны 03 дугаар сард өглөө үүр хаяарчихсан, нар арай гараагүй байсан. Найз Г-д хоночихоод гэрээс нь гараад явж байгаад гудамжны үзүүрт бие засаж байсан чинь хашааны хажууд “Хуавей Ү-7” загварын цэнхэр өнгийн гар утас байхаар нь аваад үзэхэд хэвийн ажиллагаатай байсан. Тэр гар утсыг гэртээ 2-3 хонуулсан. Мөнгөний хэрэг болоод гар утсыг фейсбүүкийн зарын групп дээр зарна гэж тавиад нэг эмэгтэйтэй утсаар холбогдоод Баян худалдааны төвд уулзаж, 250.000 төгрөгөөр гар утсыг худалдсан”  гэх мэдүүлэг /хх7-8 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 38 хуудас/

-С.Э-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 05, 7-8 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч  С.Э нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г.О-ийн гээгдүүлсэн “Хуавей Ү-7” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэж мэдсээр байж, завшиж бага хэмжээнээс дээш буюу 535.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч С.Э нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г.О-ийн гээгдүүлсэн “Хуавей Ү-7” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэж мэдсээр байж, завшиж бага хэмжээнээс дээш буюу 535.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөнБи үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн гэх мэдүүлэг, хохирогч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 03 сарын 19-ний орой машинаар найзынхаа аавыг хүргэж өгөхөөр явж байсан. Найзынх руугаа явах замд найзын аав нь согтуу бөөлжих гээд байсан ба гэр лүү нь явах замдаа хашааны булан бараадаад хэд, хэдэн удаа бөөлжүүлсэн. Тэгж байгаад миний гар утас унасан байх. Шөнө нэлээн орой болсон байсан болохоор харанхуй, гэрэлтүүлэг муу байсан. Гэртээ ороод гар утсаа хайгаад олоогүй, залгасан чинь дуудаж байсан. Өглөө дахин залгаад үзэхэд холбогдох боломжгүй байсан” гэх мэдүүлэг /хх 24 хуудас/, гэрч М.О-ийн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ний Huawei Y7 гар утас 535.200 төгрөг гэх үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 33-34хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Прокуророос шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Хохирогч Г.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.                     

            Шүүгдэгч С.Э анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.