Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын /РД: 2556375, УБД: 9016001017/ нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, 155 дугаар байрны 27 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Бодь овогт Энхтунгалагийн Анхбаяр /РД: ЧЖ 82042471/

Зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 14.575.046 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагч Э.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:     

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк нь иргэн Энхтунгалагийн Анхбаяртай 2014 оны 01 сарын 10-ны өдрийн ЗГ-41 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар, сарын 1.2 хувийн, жилийн 14.40 хувийн хүүтэйгээр олгосон. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 3.568.141 төгрөг төлсөн бөгөөд 2017 оны 01 сарын 19-ний өдрөөр зээлийн үлдэгдэл 11.431.859 төгрөг, зээлийн хүү 2.918.281 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224.906 төгрөг нийт 14.575.046 төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Иймээс хариуцагчаас 14.575.046 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.                       

Хариуцагч Э.Анхбаяр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэв.     

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Капитал банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Э.Анхбаярт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 14.575.046 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Э.Анхбаяр нь нэмэгдүүлсэн хүү болох 224.906 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй учир нь Капитал банкнаас бусад банк нэхдэггүй гэж төлөхөөс татгалзаж маргасан

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Отгонцэцэг нь хариуцагчтай байгуулсан гэрээн дээр нэмэгдүүлсэн хүү авахаар заасан тул гэрээний дагуу бид нэхэмжилсэн гэж мэтгэлзсэн болно.

Хариуцагч Э.Анхбаяр нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Капитал банктай 41 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийн зээлийг жилийн 14.40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан байх ба зохигч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгууллагдсан байх тул нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Зохигчдын хооронд 2014 оны 01 сарын 10-ны өдөр байгуулагдсан цалингийн барьцаат зээлийн гэрээний 2.8-д “зээлдэгч энэхүү гэрээний хавсралт-1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэг хангагдах хүртэлх хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлнө” гэж заасныг хариуцагч нь хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан нь зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон зээлийн гэрээгээр батлагдаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа нотлох баримтаар нотлох эрх, үүрэгтэй боловч энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүй болно.  

Иймд нэхэмжлэлийн шаардлага зээлийн үлдэгдэл 11.431.859 төгрөг, зээлийн хүү 2.918.281 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224.906 төгрөг нийт 14.575.046 төгрөгийг бүхэлд нь хангаж хариуцагч Э.Анхбаяраас гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Анхбаяраас 14.575.046 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк Замын-Үүд салбарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 230.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Анхбаяраас 230.825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА