| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0795/Э |
| Дугаар | 804 |
| Огноо | 2020-09-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 804
2020 09 07 2020/ШЦТ/804
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч О.Амарсайхан,
нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч С.Болорзул,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт Баач Овогт Б.Ог холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009012330591 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 20-нд Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй,
2012 оны 7 дугаар сарын 06-нд 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2013 оны 7 дугаар сарын 09-нд 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 2014 оны 12 дугаар сарын 18-нд хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
2016 оны 9 дүгээр сарын 27-нд 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Баач Овогт Б.О /регистрийн дугаар ТА /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.О нь үргэлжилсэн үйлдлээр нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүрэг 569 тоотод оршин суух иргэн Т.Наранцогтын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нууцаар нэвтрэн орж 1 ширхэг үүлэн мана хөөрөг хулгайлж 120.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүрэг 163Г тоотод оршин суух иргэн О.Пүрэвдоржийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхоор нэвтэрч жижиг гарын халтар манан хөөрөг, Делл загварын Ай 5 маркийн хар өнгийн зөөврийн компьютер, нокио 2600 маркийн гар утас, интернэтийн төхөөрөмж, бэлэн 150.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 644.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүрэг 39а тоотод оршин суух иргэн Н.Мартын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрийн цоожыг эвдэж хууль бусаар нэвтэрч мөнгөн ээмэг 1 хос, цагаан өнгийн циркон шигтгээтэй мөнгөн бөгж, цагаан өнгийн циркон шигтгээтэй мөнгөн кулон, гинж, цагирган хэлбэртэй цагаан өнгийн циркон шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, могой дүрстэй мөнгөн бугуйвч, цулгүй мөнгөн аяга, нацагдорж хээтэй мөнгөн аяга, шүрэн шигтгээтэй мөнгөн даруулга зэрэг эд зүйл хулгайлж 630.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 13-аас 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Сүхбаатар 4 тоотод оршин суух иргэн Д.Чимэдрагзэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нууцаар нэвтрэн орж хөөрөг, гинж, бугуйн цаг зэрэг эд зүйлж хулгайлж 130.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүрэг 127 тоотод оршин суух иргэн А.Бат-Эрдэнийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нууцаар нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга, даралтын аппарат зэрэг эд зүйлж хулгайлж 460.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 6 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нууцаар нэвтрэн орж унадаг дугуй ширхэг, Чингис архи 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 52-б тоотод оршин суух иргэн А.Ганболдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нууцаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг 1хос, Улиастай нэртэй дарс 2 шил зэрэг эд зүйл хулгайлж 210.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 2-б тоотод оршин суух иргэн Н.Батчулууны эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт хууль бусаар нууцаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйл хулгайлж 180.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 4 тоотод оршин суух иргэн Д.Отгонбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт хууль бусаар нууцаар нэвтрэн орж манан хөөрөг 1 ширхэг, сувдан зүүлт, номин шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж зэрэг эд зүйл хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг 20 тоотод оршин суух иргэн Д.Ариунгэрэлийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрийн цоожыг эвдэж хууль бусаар нууцаар нэвтрэн орж дунд гарын шинэ цагийн Чунт манан хөөрөг хулгайлж 350,000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 91 тоотод оршин суух иргэн М.Ням-Очрын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт хууль бусаар нууцаар нэвтрэн орж 1 ширхэг зэс аяга хулгайлж 15.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэг 69б тоотод оршин суух иргэн К.Патимаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн вакум цонхоор хууль бусаар нууцаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн ээмэг /өрөөсөн/ зэрэг эд зүйлж хулгайлж 20.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүрэг 109 тоотод оршин суух иргэн Н.Төмөрхүүгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нууцаар нэвтрэн орж халтар манан, шүрэн толгойтой ясан халбагатай хөөрөг, цэнхэр шитгээтнй ээмэг, бөгж, улаан шигтгээтэй ээмэг, бөгж, монетон бөгж, самсунг эс-6, нокио маркийн гар утас 2 ширхэг зэрэг эд зүйлж хулгайлж 2,277,400 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэг 35 тоотод оршин суух иргэн Н.Уранчимэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нууцаар нэвтрэн орж мөнгөн гинж, дунд гарын дуураймал мөнгөн аяг 1 ширхэг, өрөөсөн монетон ээмэг 3 ширхэг, шинэ цагийн манан хөөрөг зэрэг эд зүйлж хулгайлж 663.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 6.859.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт “…Хийсэн бүх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…би гэрийн хойморт байсан авдарнаас саарал өнгийн жижиг хөөргийг авсан. Уг хөөргөө цагдаад баригдсаны дараа хураалгасан байгаа. Би мөнгөтэй болох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн. ...би хашааны хаалгаар ороод гэрийн хаалганы цоожийг эвдэж орсон, би өөртэй байсан бахиар цоожийг нь эвдэж орсон. Би тахилын ширээн дээрээс нь 2 ширхэг мөнгө аяга, дөрвөлжин модон саван дотор нь могойн дүрстэй бугуйвч, гинж, ээмэг, бөгжийг бүгдийг нь авсан. ...би зурагтны хажуу талын сервантнаас бор өнгийн хөөргийг авсан, тэр хавьд байсан инергийн хүзүүний зүүлт, 21,000 төгрөг, баригдахдаа үүрч явсан саарал цүнхийг хулгайлан авсан. Хөөрөг энергийн зүүлт нь байх ёстой би 21.000 төгрөгийг үрсэн. ...би тахилын ширээн дээр байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, түүнээс бага хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, бүүр жижигхэн мөнгөн аяга 1 ширхэгийг хулгайлан авсан байгаа. Би өөр эд зүйл аваагүй. ...Би 2020 оны 3 дугаар сарын эхээр 12 цагийн үед Ард кинотеатрын автобусны буудлаас Нисэх чиглэлийн автобусанд буугаад Нисэхийн эцэсийн буудал дээр буугаад Буянт-Ухаагийн гудамжаар ороод уул тал руу явж байгаад Хьюндай портер, старекс маркийн 1 тээврийн хэрэгсэлтэй 1 монгол гэртэй саарал өнгийн хэдэн хашааг давж ороод монгол гэрийн хаалганы цоожийг хийдэг хөндийг нь тахийлгаж нугалж байгаад эвдэж дотогш орсон юм. Тухайн гэрээс мөнгө болгочихоор зүйл хайгаад хойморь хэсэгт байсан шургуулгыг онгойлгоод дотор нь дунд гарын бор алаг өнгийн хөөрөг байсныг аваад буцаад нисэхийн эцсээс автобусны буудлаас хөдөлж байсан автобусанд суугаад Ард кинотеатр руу явсан. уг айлаас хулгайлсан хөөргийг 3, 4 хоног хадгалж байгаад Хар хорин зах дээр очоод явуулын 38-40 орчим насны 170 см орчим өндөртэй эрэгтэй хүнд 300.000 төгрөгөөр бэлнээр зарсан. ...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, санал хүсэлт байхгүй, өөрийн нүдээр уншиж танилцлаа, ямар нэгэн маргах зүйл байхгүй. Би он сараа санахгүй байна тухайн өдөр Сансраас автобусанд суугаад тоосгоны үйлдвэр орсон тэгээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Бэлхийн 33 гэсэн гудамжинд байсан нэг давхар байшинтай айлын цонхоор нь орж мөнгөн ээмэг бөгж зэрэг эд зүйл авсан, урт цагаан дээр явж байгаад ченжид өгсөн, одоо өгсөн хүнээ санахгүй байна. ...би гэрийн хойморт байсан шүүгээнээс бордуу өнгэтэй хөөрөг, хар өнгийн Нокио маркийн гар утас /маркийг нь мэдэхгүй байна/, тэгээд мөнгөн бөгж зэргийг авсан байгаа. Хөөргийг нь зараагүй, хуураалгасан хөөрөгнүүд дунд байх ёстой, Нокио маркийн гар утсыг нь явуулын хүнд 2500 төгрөгөөр зарсан, мөнгөн ээмэг бөгжийг нь явуулын хүнд 35.000 төгрөгөөр зарсан, би мөнгөөрөө идэж уугаад л дуусгасан байх” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 3-5, 152-153, 203-204, 2хх-214-215, 3хх-20-23, 45-46/,
Хохирогч Т.Наранцогтын “...гэртээ эд зүйлсээ үзэхэд Үүлэн мана гэх чулуугаар хийсэн чулуун хөөрөг алга болсон байна. Хөөрөгний гаднаас харахад нэг талдаа ялимгүй цуурхайтай, харагдах байдал нь жоохон үүлэрхүү маягтай харагддаг. Толгой хэсэг нь шүрэн толгойтой хөөрөг байсан. би алдсан гэх хөөргөө олж авсан учраас гомдол санал байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 23-25-р хуудас/,
Хохиоргч О.Пүрэвдоржийн “…тэгээд өнөөдөр үдээс хойш ирэхэд байшингийн цонх онгорхой хашаа онгорхой, байшинд ороод үзтэл хулгай орчихсон байсан. манай гэрээс авдарын дотор байсан жижиг гарын халтар манан хөөрөг, Делл загварын ай-5 хар өнгийн нөөтбүүк, нокио 2600 загварын гар утас, бурханы зурагны жаазан дотроос бэлнээр 5 ширхэг 20,000 төгрөг, хөөрөгний даалин дотор 500,000 төгрөг мөн алдагдсан байна.эдгээр зүйлээс гадна авдар дотор байсан чоко пие печень, орос шокладтай чихэр байсан. Миний хөөрөг мөн байна, би бөөрөн дээрх алаг судлал, судлын цууралт зэргээр таньж байна. миний хувьд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 71-74-р хуудас/,
Хохиоргч Н.Мартын “...тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө манай ээж манай гэрт очсон чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт хулгайч орчихсон байна гэж ээж над руу утсаар хэлсэн. Тэгээд би гэртээ ирж шалгахад манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрээс эд зүйлс алдагдсан байсан. гомдолтой байна, шүүх хуралд сууна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 125-130-р хуудас/,
Хохирогч Д.Чимэдрэгзэнгийн “...2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ ирэхэд манай байшингийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай гэр доторх эд зүйл эмх замбараагүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Дүгэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, миний хөөрөг мөн байна, би хөөрөгний аман дээрх жижигхэн сэтрэл, мөн хөөрөгний толгой нь сул байгаа байдал, халбага ьн сул унаад байгаа зэргээр таньж байна. энергийн гинж нь бас манайхаас алдагдсан гинж мөн байна. би алдсан эд зүйлээ олж авсан учраас гомдол санал байхгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй, би алдсан гэх цагийн гэртээ дахиж үзээд эргээд хариу хэлье... ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 181-184-р хуудас/,
Хохирогч А.Бат-Эрдэнийн “…2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн оройажлаа тараад 22 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын цоожийг эвдээд гэр лүү ороод гэр байсанэд зүйл эмх замбараагүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Өөр эд зүйл алдагдаагүй байлээ, харин өмнөх мэдүүлэг дээрээ даралтын аппарат алдагдсан гэж мэдүүлсэн байсан, сүүлд даралтын аппарат нь гараад ирсэн. Алдагдсан аягануудаа олж авах, хохиролоо барагдуулах хүсэлтэй байна. хэргийн материалтай танилцахгүй шүүх хуралд сууна …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 227-р хуудас/,
Хохирогч Д.Болд-Эрдэнийн “…2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр миний хадам аав миний гар утас руу залгаад гэрт хулгай ороод Нарансолонгийн унадаг дугуй алга болсон байна гэж хэлсэн. надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй …” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 25-26-р хуудас/,
Хохирогч А.Ганболдын “…орой 20 цагийн үед ирэхэд манай гэрийн цоож эвдэрчманай гэрээс ширээн дээр байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шкафанд байсан мөнгөн ээмэг ижил буруу , Завхан аймгаас худалдаж авч байсан Улиастай нэртэйдарс 2 ширхэр, мөн 500 гр орчим чихэр алга болсон болохоор цагдаагийн байгууллагад хандсан…” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 68-70-р хуудас/,
Хохирогч Н.Батчулууны “…2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн орчим гэрээсээ гараад 15 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож нь эвдэрсэн байдалтай гэрт ороход гэрийн эд зүйл эмх замбараагүй болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг гинж алдагдсан…” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 113-р хуудас/,
Хохирогч Д.Отгонбаярын “...2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим гэрээсээ гараад байрандаа очиж хоноод маргааш буюу 22-ны өдөр 18 цагийн орчим Баянтуурын гэртээ очиход манай байшингийн урагшаа харсан том цонх онгорхой байхаар нь байшин дотроо ороод хартал хамаг эд зүйл эмх замбараагүй болсон хулгай орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Манай гэрээс саарал цоохор өнгийн, даваа толгойтой, мөнгөн нуух халбагатай орчин цагийн манан хөөрөг алдагдсан ба тухайн хөөргийг манай нөхөр хийж байсан болохоор 800.000 төгрөгөөр, сувдан зүүлтийг 100,000 төгрөгөөр, номин шигтгээтэй мөнгөн ээмэг бөгжийн хослол 100,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. би бэлэн байсан 300.000 төгрөгөө хулгайд алдчихлаа гэж бодож байгаад цагдаа нарыг явсаны дараа гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд бэлэн мөнгө хувцасны шүүгээний араар унасан байсан…” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 154-155-р хуудас/,
Хохирогч Н.Ням-Очирын “...2020 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө би ажилдаа яваад эхнэр хүүхдүүд маань манай дүүгийн гэрч оччихоод өдөр 15 цагийн орчим гэртээ очиход нь гэрийн хаалганы цоож эвдэрсэн гэрт хулгай орсон байдалтай байхаар нь манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан, манай гэрээс дунд гарын нэг ширхэг зэс аяга алдагдсан ба тус аягыг 15.000 төгрөгөөр үнэлж байна…” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 195-р хуудас/,
Хохирогч Д.Ариунгэрэлийн “... 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн орой 22 цагийн үед гэртээ ирэхэд хаалганы цоож өлгөөтай байсан ба дотогш ороод гэрэл асаахад хувцасны шкаф, бурханы шкаф, зурагтны тавиур дотор байсан эд зүйлсийг гаргаж шалан дээр хаясан байсан. тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бурханы шкаф дотор байсан дунд гарын чунт мана хөөрөг хулгайд алдагдсан байсан. Алдагдсан хөөрөг даваа толгойтой оюу хавчуургатай, нуухтай, замагтай хөөрөг байсан. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй. Би хөөргөө 1,200,000 төгрөгөөр үнэлж байхад 350,000 төгрөгөөр үнэлж байгаатай санал нийлэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 232-235-р хуудас/,
Хохирогч К.Патимаагийн “...2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 10 цагт ирээд байшингийнхаа хаалгаар ортол гэрийн цонх онгорхой, гэр эмх замбараагүй болсон, бичиг баримтуудыг тараагаад хаячихсан, ээмэгний савнуудыг тарааж хаясан байдалтай байсан. би хулгай орсон байна гэж бодоод алга болсон эд зүйлээ бүртгэхэд мөнгөн өрөөсөн ээмэг 2 ширхэг алга болсон байсан. эс-7 загварын гар утас нь алга болоогүй, тэр нь өмнө нь алга болсон утас юм, үнэлгээтэй холбоотой санал хүсэлт алга, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй.надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 31-33-р хуудас/,
Хохирогч Н.Төмөрхүүгийн “...2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 16 цаг өнгөрч байхад гэртээ эхнэр зээ нарын хамтаар буцаад иртэл манай 5 ханатай монгол гэрийн амбаарын хаалганы цоожийг эвдлээд дотогш хулгай орсон байдалтай байхаар нь гэртээ ортол шүүгээний шургуулага онгорхой дотор байсан хөөрөг, хөлдөөгч дээр байсан манай эхнэрийн бөгжний хайрцагнаас ээмэг бөгжний хослол алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн..” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 64-66-р хуудас/,
Хохирогч Н.Уранчимэгийн “...Манай гэрээс гинж, өрөөсөн ээмэг 3 ширхэг, монет ээмэг 1 хос, өрөөсөн 1 ширхэг монетон ээмэг, дуураймал дунд гарын мөнгөн аяга, бөөгийн том жижиг мөнгөн толь, орчин үеийн манан хөөрөг алдагдсан байна. Өмнөх мэдүүлэг дээрээ бөөгийн мөнгөн тольнууд алга болсон талаар мэдүүлсэн тэр нь алга болоогүй гэрт байсан байн лээ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 109-111-р хуудас/,
Гэрч Б.Пүрэвийн “...16 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн хаалганы даруулага хөшиж хаалга онгойлгосон байдалтай байхаар нь гэрт ороод харахад авдрын 2 хаалга онгорхой дотор нь байсан эд зүйл гаргаж эмх замбараагүй болгосон байсан. мөн гэрт байсан 2 ширхэг унадаг дугуйны нэг дугуй авдар дээр байсан 0,5 литрийн Шар Чингис нэртэй бүтэн архи алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 29-р хуудас/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-142/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-149/, хохирлын тооцоо /3хх-186-187/, хувийн байдалтай холбоотой баримт /3хх-145-166/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /3хх-188-201/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 14 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 6.859.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан Хохирогч Т.Наранцогт, О.Пүрэвдорж, Н.Март, Д.Чимэдрэгзэн, А.Бат-Эрдэнэ, Д.Болд-Эрдэнэ, А.Ганболд, Н.Батчулуун, Д.Отгонбаяр, Н.Ням-Очир, Д.Ариунгэрэл, К.Патимаа, Н.Төмөрхүү, Н.Уранчимэг, гэрч Б.Пүрэв нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, шүүгдэгч Б.Огийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судалсан бичгийн бусад баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Огийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Огийн дээрх үйлдлийн улмаас нэр бүхий 14 хохирогчид нийт 6.859.400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Т.Наранцогт, Д.Чимэдрэгзэн, А.Бат-Эрдэнэ, Б.Пүрэв, Н.Батчулуун, М.Ням-Очир нар нь хулгайд алдсан эд зүйлээ биет байдлаар нь буцаан авсан, тэдгээр нь гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Огээс дээрх хохирогч нарт гаргуулан олгох хохирол төлбөргүй байна.
Харин хохирогч О.Пүрэвдорж, Н.Март, А.Ганболд, Д.Отгонбаяр, Д.Ариунгэрэл, К.Патимаад, Н.Төмөрхүү, Н.Уранчимэг нарт учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Б.Огээс нийт 5.594.400 /таван сая таван зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Пүрэвдоржид 644.000 төгрөг, Н.Мартад 630.000 төгрөг, А.Ганболд 210.000 төгрөг, Д.Отгонбаярт 800.000 төгрөг, Д.Ариунгэрэлд 350.000 төгрөг, К.Патимаад 20.000 төгрөг, Н.Төмөрхүүд 2.277.400 төгрөг, Н.Уранчимэгт 663.000 төгрөгийг тус тус гаргуулан олгох нь зүйтэй.
Шүүгдэгчийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт нийт 138 /нэг зуун гучин найм/ хоног цагдан хоригдсон байх тул уг цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн рамтай төмрийн хөрөө 1 ширхэг, хөх өнгийн бариултай хазагч бахь 1 ширхэг, цэнхэр өнгийн олон тооны цэгүүдтэй ажлын бээлий 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй байна.
Хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Баач Овогт Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.Ог 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч
Б.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Огийн цагдан хоригдсон 138 /нэг зуун гучин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Огээс нийт 5.594.400 /таван сая таван зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Пүрэвдоржид 644.000 төгрөг, Н.Мартад 630.000 төгрөг, А.Ганболд 210.000 төгрөг, Д.Отгонбаярт 800.000 төгрөг, Д.Ариунгэрэлд 350.000 төгрөг, К.Патимаад 20.000 төгрөг, Н.Төмөрхүүд 2.277.400 төгрөг, Н.Уранчимэгт 663.000 төгрөгийг тус тус олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн рамтай төмрийн хөрөө 1 ширхэг, хөх өнгийн бариултай хазагч бахь 1 ширхэг, цэнхэр өнгийн олон тооны цэгүүдтэй ажлын бээлий 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР
ШҮҮГЧИД Б.ДУЛАМСҮРЭН
Д.ДАРЬСҮРЭН