Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01753

 

 “C” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

         2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 538 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “С” ХХК

         Хариуцагч: С.Ид холбогдох

         Үндсэн нэхэмжлэл: Барааны үнэ 19,313,760 төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага хуралдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай,

           Сөрөг нэхэмжлэл: Борлуулагчийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн төлөөлөгч А.У, нарийн бичгийн даргад Э.Боролдой  нар оролцов.

           Нэхэмжлэгч нэхэмжлэл болон  тайлбартаа: С.И 01 дугаар гэрээ байгуулан 2014-05-08-ны өдрөөс эхлэн С ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарт борлуулагчаар ажилласан. Гэрээний дагуу борлуулагч нь компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг хийж гүйцэтгэх, компани хөлс төлөхөөр харилцан тохиролцож, борлуулагч уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, 26 дугаар гудамж, 12 А тоотод орших 38,5 м.кв талбайтай хувийн сууц, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, 26 дугаар гудамж, 12Б тоот барьцаалсан. С.И С ХХК-ийн гэрээт борлуулагчаас худалдан борлуулах бараагаа авч, борлуулалт хийдэг. Борлуулагч нь худалдсан барааныхаа үнийг тухай бүр компанийн дансанд шилжүүлж, гэрээт борлуулагч Х.Ганчимэгтэй тооцоо нийлж, ажиллах үүрэгтэй. Тэрээр 2014-03-01-с 2014-10-10-ны хооронд С ХХК-ийн гэрээт борлуулагч Х.Ганчимэгт 21,381,900 төгрөгийн өглөгтэй гарсан байна. Энэ өр төлбөрөө төлөхийг шаардахад 2014-10-23-ны өдөр 10 сая төгрөг, үлдэгдэл 11,381,900 төгрөгийг 2014-12- 01-ний өдөр өгч барагдуулахаар 2014-10-11, 2014-10-14-т баталгаа гаргаж өгсөн ч  төлж барагдуулаагүй. С.И 2016-08-12-ны өдрийн байдлаар С ХХК-д 19,313,760 төгрөгийн өр төлбөртэй байна.  С.Игаас дутагдуулсан барааны үнэ төлбөр буюу 19,313,760 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

        Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Миний бие С ХХК-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Тус компанийн нэхэмжилсэн төлбөр тооцоог хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

       Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: 2014-05-08-ны өдөр 14 дугаартай борлуулагчийн гэрээ гэх баримтыг гарган ирж С.Иг шаардан гарын үсэг зуруулж, гэрээний үүргийн гүйцэтгэл болох 3 сая төгрөгт Б.Сосормаагийн өмчлөлийн 33,5 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, С.Иг оролцуулан гарын үсэг зуруулж, гэрээг баталгаажуулсан байдаг. Тухайн үед С.Ид тайлбарлахдаа хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч болон ажилтны хооронд үндсэн харилцаа нь явагдаж байгаа, энэ борлуулалтын гэрээ, барьцааны гэрээ бол дүр үзүүлсэн хэлцэл гэж ойлгуулан хууран мэхэлж барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг 3 сая төгрөгөөр үнэлж илтэд хохиролтой нөхцөлөөр гэрээ байгуулсан. Үүнээс хойш 5 сарын дотор С.И 21 сая төгрөгийн бараа дутагдуулсан болж, барьцааны хөрөнгийг шаардаж байгаа  нь ойлгомжгүй.  Тооцоо нийлсэн баримтанд Х.Ганчимэг  арга хэмжээгээ авна, цагдаа, шүүхэд өгнө гэх мэтээр айлган сүрдүүлсэн нь  иргэний эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа.  Борлуулагчийн гэрээ, барьцааны гэрээний цаана С ХХК, Х.Ганчимэг нарын хооронд 2013-11-22-ны өдөр байгуулагдсан нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн хамтран ажиллах гэрээг халхавчилж Х.Ганчимэгийг хариуцлагаас чөлөөлөх зорилго байгаа. С.И С ХХК-тай гэрээ байгуулсан, борлуулагч мэт харагдаж байгаа ч С ХХК-с Х.Ганчимэгт өгсөн барааны борлуулалтыг дэмжих зорилгоор ажилладаг ажилтан болох нь харагдана.  Иймд С.И, С ХХК-ийн хооронд 2014-05- 08-ны өдөр байгуулагдсан борлуулагчийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: С ХХК, С.И нарын хооронд 2012-10-26-нд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд байгуулсан 12-3/05 дугаартай хөдөлмөрийн гэрээний 1.6 дахь хэсэгт гэрээний хугацааг ажил олгогч тал гараар бичдэг боловч уг гэрээнд гэрээний хугацааг бичээгүй орхисон байсан. Гэрээний 1.7 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд гэрээг дүгнэн хугацааг харилцан тохиролцож сунгана. Талууд гэрээний үүргээ хэвийн биелүүлж байвал гэрээ нэг жилээр сунгагдсанд тооцно. Мөн гэрээний 5.1.2-т ажил олгогчтой байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж, гэрээг цаашид сунгахгүй болсон гэж тус тус зааснаас үзэхэд талууд хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан нь харагдана. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2014-05-08-нд борлуулалтын болон барьцааны гэрээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байгуулсан бөгөөд сөрөг нэхэмжлэлд дурдсан дүр үзүүлсэн болон хууран мэхэлсэн асуудал байхгүй. 2014-05-08-ны өдөр байгуулсан борлуулалтын болон барьцааны гэрээ нь талуудын хүсэлт зоригийг илэрхийлсэн, хуульд нийцсэн хэлцэл тул сөрөг нэхэмжлэл  үндэслэлгүй  гэжээ.

       Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан  С.Ид холбогдох  С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн  төлсөн 254 519 төгрөг, хариуцагчаас төлсөн 125 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

       Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 538 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Нотариатын тухай хуулийн 49.3-т “Анхны хуулбар урьд нь нотариатчаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарын хуулбарыг гэрчилнэ” гэж, ИХШХШТХ-ийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гарган өгсөн 2014.05.08-ны өдрийн борлуулагчийн гэрээ, барьцааны гэрээ, 2013.11.12-ны өдрийн 13/05 дугаартай нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн хамтран ажиллах гэрээ, мөн С.Игийн "С” ХХК-д гарган өгсөн 21,381,968 төгрөгийг төлөх тухай бичмэл баримт зэрэг баримтуудыг хуулбараас хуулбарлаж нотариатаар гэрчлүүлсэн гэх үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гэж буруу дүгнэлт хийсэн. 2014.05.08-ны өдрийн барьцааны гэрээний 2.2-т барьцаагаар хангагдах шаардлага, хэмжээг тодорхойлсон байхад барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах шаардлагад нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Энэ нь  бие даасан биш, үндсэн нэхэмжлэлээс хамаарах шаардлага тул үүнд улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй. 2013.11.12-ны өдрийн 13/05 дугаартай нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн хамтран ажиллах гэрээний 4.21-р гэрээт борлуулагч /Х.Ганчимэг/ нь худалдааны төлөөлөгч /С.И/-тэй тооцоо нийлэх үүрэгтэй бөгөөд 2014.10.11-нд тооцоо нийлж гарын үсгээ зурж баримт үйлдсэн. Дээрх баримтанд С.И нь Х.Ганчимэгт өглөгтэй гэж бичсэн байдаг ч энэ нь “С" ХХК-ийн С.Ид хүлээлгэн өгсөн барааны үнэ юм. С.И нь “С” ХХК-д барааны үнийг төлөх төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрч төлж барагдуулах тухайгаа удаа дараа бичгээр илэрхийлсэн. Үүнд: 2014.10.11-ний өдөр хэлцэл, 2014.10.14-ний өдөр С ХХК-д гэж нэрлэн, 2016.08.12-нд тодорхойлолт зэргийг тус тус бичсэн байгааг  /хх-ийн 14, 15, 16/ нотлох баримтын хэмжээнд үнэлсэнгүй. Иймд барааны үнэ 19,313,760 төгрөгийг гаргуулж,уг  төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд  барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах замаар гаргуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         С ХХК нь 2016-08-22-ны өдөр шүүхэд хандан, С.Иаас барааны үнэ  19,313,760 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахыг /хх 1-н 1/ шаарджээ.

         Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ...ямар нэг төлбөргүй...” /хх 1-н 24, 42, хх 3-н 168/ гэж марган, 2018-01-31-ний өдөр  сөрөг нэхэмжлэл гаргаж, С.И, С ХХК-ийн хооронд 2014-05-08-ны өдөр байгуулагдсан борлуулагчийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн /хх 1-н 7-9, 10-12, хх 3-н 177-178/ байна.    

        Анхан шатны шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...нэхэмжлэлийн үндэслэлд заасан гэрээний заалтууд нь гэрээт борлуулагч-борлуулагч нарын хооронд үүсэх харилцааг бус, харин гэрээт борлуулагч-худалдааны төлөөлөгч нарын хооронд үүсэх харилцааг зохицуулсан байна... хөдөлмөрийн гэрээний хугацаа тодорхойгүй, мөн борлуулагчийн гэрээнд гэрээт борлуулагчаас борлуулагч нь бараа авах түүнтэй тооцоо нийлэх талаар тусгаагүй байна... Х.Ганчимэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар зохигч хүсэлт гаргаагүй тул 2014-10-11, 2016-08-12-ны өдрийн тодорхойлолт зэргийг үнэлж 19.313.760 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй... 2014-05-08, 2013-11-12-ны гэрээ болон өр төлбөрийг хүлээн зөвшөөрсөн баримтууд нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна...үндсэн нэхэмжлэлийг хангаагүй, мөн улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул барьцаа хөрөнгөөс төлбөрийг барагдуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно... сөрөг нэхэмжлэлийн хувьд  гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэх боломжгүй байна... С.Игийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно...” гэсэн дүгнэлт хийжээ.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ “...борлуулагчийн гэрээнд гэрээт борлуулагчаас борлуулагч бараа авах, түүнтэй тооцоо нийлэх талаар тусгаагүй... Х.Ганчимэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй...нотлох баримтаар ирүүлсэн зарим баримт засвартай, гарын үсэг, тамга тэмдэггүй байна... 21.381.900 төгрөгийг нэхэмжлэгчид бус, харин Х.Ганчимэгт төлөхөөр тусгаснаас гадна Х.Ганчимэг нэхэмжлэгчийг төлөөлж борлуулагчтай тооцоо хийх эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна...борлуулагчид нийт хэдэн төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн, хэдэн төгрөгийн тооцоо хийсэн нь тодорхойгүй, тооцоо нийлсэн баримтаа шүүхэд ирүүлээгүй учир тооцоо хийх боломжгүй байна...” гэжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       С ХХК С.Иаас 19,313,760 төгрөг шаардахдаа зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, борлуулагчийн гэрээ, барьцааны гэрээ болон  С ХХК, Х.Ганчимэг нарын хооронд 2013-11-12-ны өдөр байгуулагдсан 13/05 дугаар гэрээг  үндэслэжээ. 

       Хэрэгт буй баримтаас үзвэл, С.И, С ХХК-д 2011-10-15-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр, 2014-03-01-ний өдрөөс хөлсөөр ажиллах гэрээний дагуу борлуулагчаар ажиллаж байсан нь талуудын тайлбар, 2012-10-26-ны өдрийн 12-3/05 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх 1-н 52/, 2014-05-08-ны өдрийн “Борлуулагчийн гэрээ”, “Барьцааны гэрээ” /хх 1-н 7-12/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 1-н 93/-р  тогтоогдож байна.   

        Хариуцагч нь борлуулагчийн ажил хийж байхдаа ямар хэмжээний барааг ажил олгогчоос  хүлээн авсан,  дутагдуулсан эсэх нь тодорхойгүй байгаагаас гадна талууд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан баримт хэрэгт байхгүй тул 2012-10-26-ны өдрийн 12-3/05 дугаар хөдөлмөрийн гэрээ болон уг гэрээний 1.9, 4 дэх хэсгийн заалт нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй байна. Хэрэгт авагдсан уг баримтын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133, 135 дугаар зүйлийн зохицуулалтад нийцжээ. 

        2014-05-08-ны өдрийн “Борлуулагчийн гэрээ”-р С.И нь “..компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, компанийг төлөөлөн бараа худалдах-худалдан авах гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэх...”, С ХХК нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р баг, 26-р гудамж, 12а,12б тоотод байрлах Б.Сосормаагийн өмчлөлийн хувийн сууц, хашааг нэхэмжлэгчид барьцаалжээ. /хх 1-н 7-12/

       “Борлуулагчийн гэрээ”-р хариуцагч “...компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, компанийг төлөөлөн бараа худалдах-худалдан авах гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэх...”-р , нэхэмжлэгч нь хөлс төлөх талаар тохиролцсоноос үзвэл талууд хөлсөөр ажиллах гэрээ байгуулжээ.

        Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон хөлсөөр ажиллах гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргийг биелүүлэх, үүргийн биелэлтийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй. 

        Гэрээний 2.3-т “...компаний нярав бараа бүтээгдэхүүнийг дагалдах санхүүгийн падаан үйлдэж борлуулагчид хүлээлгэн өгнө...” гэж заасан байх боловч С.И нь С ХХК-ийн нярваас бараа хүлээн авсан, авсан бараагаа дутагдуулсан гэх баримт хэрэгт байхгүй хариуцагч хөлсөөр ажиллах гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

        “Борлуулагчийн гэрээ”-ний дагуу С.И төлбөр төлөх үүрэгтэй нь тогтоогдоогүй тул “Барьцааны гэрээ”-р үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 153 дугаар зүйлийн 153.1-г зөрчөөгүй байна.

         С.И Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р баг, 26-р гудамж, 12а, 12б тоотод байрлах бусдын өмчлөлийн хувийн сууц, хашааг С ХХК-д барьцаалахдаа эд хөрөнгийг нэхэмжлэгчид бус, харин Цахиур ХХК-д барьцаалах итгэмжлэл /хх 3-н 195, 211/-г үндэслэсэн нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 63 дугаар зүйлийн 63.2, 63.3-т нийцээгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй болно. 

        С ХХК, Х.Ганчимэг нарын хооронд 2013-11-12-ны өдөр байгуулагдсан  “Нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн хамтран ажиллах” 13/05 дугаартай гэрээ /хх 1-н 43-45/-д Х.Ганчимэг нь бусад борлуулагч нартай нэхэмжлэгчийг төлөөлөн тооцоо нийлэх,  бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх, авах үүрэг хүлээсэн заалт байхгүй байх тул  Х.Ганчимэг, С.И нарын хооронд хийгдсэн гэх тооцооны баримтууд нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй юм. 

        Нэхэмжлэгч нь шаардлагадаа ямар төрлийн хэдэн төгрөгийн бараа хариуцагч хүлээн авсан, буцааж өгсөн, дутагдуулсан талаар дурдаагүй тул хэрэгт буй тооцооны баримтаар нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

       Хоёр шатны шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 538 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 254.520 төгрөгийг хэвээр үлдээсүгэй.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ