Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2022/0304

 

 

                         “И С” ХХК-ийн

                                    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.О,

Нэхэмжлэгч: “И С” ХХК,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ё нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 159/2021/0020/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч И С” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдууланСэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.4, 37.2, 37.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 43 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан И С” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. “И С” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/361 дугаартай захирамжийн дагуу олгосон “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын СЭ-*** дугаартай тусгай зөвшөөрлөөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр “Таширын нуруу” гэх газарт хайгуулын хайрга, дайрганы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаартай захирамж гарч манай компанийн дээрх тусгай зөвшөөрлийг цуцалсан. Цуцлах болсон үндэслэл нь хайгуулын талбайд хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, хууль бусаар алт олборлосон, тайлан төлөвлөгөөг цаг хугацаанд нь хүргүүлээгүй гэж үзсэн.

3.2. “И С” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлсэн хугацаа болох 2016-2017 онд санхүү, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагаа явуулаагүй ба тухайн үед энэ талаарх албан бичгийг аймгийн хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлж байсан. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/339 дугаартай захирамжаар манай компаниас гаргасан хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрлийг сунгасан. Аймгийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан “... аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 16.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 15.1.3-т заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасны дагуу зөрчилгүй гэж үзэж хугацааг сунгасан. Өөрөөр хэлбэл, 2020 оны 12 дугаар сараас өмнөх оны мэдээ тайлангууд холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргэгдэж байсан учраас шалгаж үзээд хугацааг сунгасан. Гэтэл хариуцагч нь аль хугацааны тайланг хүргүүлээгүй, мөн тайлан мэдээг хүргүүлээгүй бол яагаад тусгай зөвшөөрлийг сунгасан эсэх асуудалд тайлбар хийж чадаагүй. Иймд мэдээ тайлан хүргүүлж байгаагүй гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй.

3.3. Хууль бусаар алт олборлосон асуудал нь манай “И С” ХХК-тай хамааралгүй ба эрүүгийн журмаар манай компанийг шалгаж хариуцлага хүлээлгэсэн асуудал байхгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглах эрх авсан хуулийн этгээдийг ... ойлгоно” гэсэн байна. Монгол Улсын Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд хариуцлага хүлээлгэх субьектыг хүн, хуулийн этгээд гэж шинээр тусгаж өгсөн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт “... нь тусгай зөвшөөрөл эзэмшигч түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон ...” гэж заасан ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөрчил гаргасан байхыг шаардах ойлголт юм. Одоогоор “И С” ХХК-ийг буруутгасан шүүхийн болон хууль хяналтын байгууллагын шийдвэр хэрэгт байхгүй.

3.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... “И С” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд компанийн гүйцэтгэх захирлаар Ш.Оыг томилсон ба 2016 оноос хойш захирлын мэдээлэлд өөрчлөлт ороогүй байна ...” гэсэн ба мөн “... Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 006764 дугаартай шийтгэлийн хуудсаар “И С” ХХК-ийг 1000 нэгжээр торгосон ...” гэжээ. Гэтэл тухайн зөрчлийн хэрэг нь “И С” ХХК-д үүсээгүй ба Н.Э гэх хүнд зөрчлийн хэрэг үүсгээд шийтгэлийн хуудас ногдуулсан нь манай “И С” ХХК-д хамааралгүй гэж үзэж байна. “И С” ХХК-ийн захирал Ш.О миний хувьд 2019 онд гаргасан үйлдэлдээ хувь хүний үүднээс шийтгэл хариуцлага бол хүлээсэн гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч компанийн хувьд тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар хууль бус зүйл үйлдсэн бол компанид хариуцлага тооцох байсан.

3.5. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагын хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ё давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд: “...

            4.1. Гомдолд дурдсан “мэдээ тайланг хүргүүлж байгаагүй” гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайд тус компаниас 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар албан бичгээр хариу тайлбараа ирүүлсэн бөгөөд “... 2016-2017 онд үйл ажиллагаа явуулаагүй, 2018-2019 оны тайлангаа аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлсэн” гэх тайлбарыг ирүүлсан байдаг. Ирүүлсэн тайлбарын дагуу 2018, 2019 оны тайланг шүүж үзэхэд “2018 онд ирсэн” гэх тайлан нь 2018 оны төлөвлөгөөнийхөө нүүрийг тайлан” гэсэн нүүр хийн төлөвлөгөөгөө ирүүлснийг “тайлан ирүүлсэн” гэж үзэх үндэслэлгүй байна.

4.2. Тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд иргэд дур мэдэн ашиглалт явуулсан зөрчил гаргаад байхад компанийн удирдлагын зүгээс зөрчлийг таслан зогсоох, арилгуулах арга хэмжээ аваагүй, мөн компанийн эрх бүхий албан тушаалтнууд өөрсдөө хууль зөрчсөн үйлдэл гаргаж Зөрчлийн тухай болон эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээсэн нь Баянгол сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020, 2021 оны хэрэг бүртгэлтийн материал, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 65 дугаар тогтоол зэрэг материалуудаар тогтоогдож байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй.

4.3. “И С” ХХК нь 2016, 2017 онд үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, мөн 2016 оноос хойш нэг ч удаа тайлангаа ирүүлсэн байдал нь нотлогдоогүй /2018 онд ирүүлсэн гэх тайлан нь төлөвлөгөөний нүүрэн хэсгийг тайлан болгож зассан төлөвлөгөө байсан/, Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн үйлдлүүдийг мэргэжлийн хяналтын болон байгаль орчны хяналтын улсын байцаагч нар илрүүлж 2020, 2021 онуудад торгуулийн арга хэмжээ тус тус авагдаж хариуцлага тооцсон, мөн хууль бус алт олборлолт явуулж захирал нь шүүхээр ял шийтгүүлсэн зэргээр хууль зөрчсөн үйлдлүүд нь хууль хяналтын байгууллагуудын хяналт шалгалтаар нотлогдсон. Иймд “И С” ХХК-ийн гаргасан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/305 дугаар захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийдвэр нь хуульд нийцсэн, хуулийг зөв тайлбарлаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч И С” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, маргаан бүхий А/305 дугаар захирамжаар И С” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.4, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзээд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

           3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглохоор, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахдаа энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээхээр, 25.2-т зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тайлан, сум, дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө зэрэг баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгахаар, 34 дүгээр зүйлийн 34.1.2-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, хайгуулын үе шатаар нь ангилан гаргаж, тайлан гаргасан хугацаанаас хойш 60 өдрийн дотор гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэхээр тус тус заасан, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээх үүргийг нарийвчлан тодорхойлжээ.

            3.3. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор “... “И С” ХХК-ийн захирал Ш.Оыг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших “Ташир нуруу” гэх нэртэй 79,8 гектар талбайг хамарсан газарт СЭ-*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан боловч тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан”, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 44 дүгээр магадлалаар “... Ш.О нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлж барагдуулсан гэж үзээд хорих ялыг торгох ялаар өөрчилж” шийдвэрлэсэн, мөн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0067646 дугаар шийтгэлийн хуудсаар “...“И С” ХХК-ийг түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий “Бороо-4” гэх нэртэй газарт зохих зөвшөөрөлгүй хууль бусаар олборлолт явуулсан гэж үзээд 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан” бөгөөд нэхэмжлэгчээс эдгээр үйл баримтыг үгүйсгэж маргаагүй.

            3.4. Нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн бүртгэлээс үзвэл Ш.О нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус компанийн захирлаар бүртгэгдсэн, уг бүртгэлд өөрчлөлт ороогүй одоог хүртэл хүчин төгөлдөр бөгөөд шүүхэд тус компанийг төлөөлж Ш.О нэхэмжлэл гаргасан байна. Дээр дурдсанаар анхан болон давж заалдах шатны шүүх Ш.Оыг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших “Ташир нуруу” гэх нэртэй 79,8 гектар талбай бүхий газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан боловч тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, шийтгэлийн хуудсаар зохих зөвшөөрөлгүй хууль бусаар олборлолт явуулсан гэж үзээд шийтгэл оногдуулсан үйл баримтууд, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд энэ тохиолдолд “И С” ХХК-ийн захирал Ш.От холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэснийг тус компаниас тусад нь салгаж ойлгох боломжгүй, гагцхүү тус компанийг /компанийн нэрээр/ буруутгасан шүүхийн шийдвэр гарсан бол тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөрчил гаргасан байхыг шаардах ойлголт, ... одоогоор тус компанийг буруутгасан шүүхийн болон хууль хяналтын байгууллагын шийдвэр хэрэгт байхгүй” гэх гомдол үндэслэлгүй.

            3.5. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/331 дүгээр албан бичгээр “... компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад тус компани нь тухайн үед тусгай зөвшөөрлийн хуулбараас өөр бичиг баримт байхгүй, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тайлан, тухайн сумын Засаг дарга болон мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө байхгүй, тайлан мэдээг ирүүлдэггүй зэрэг зөрчил илэрсэн” гээд “И С” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал гаргасан байх бөгөөд хариуцагч маргаан бүхий А/305 дугаар захирамжаар тус компанийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.4, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсныг буруутгах боломжгүй байна.

3.6. Учир нь нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д зааснаар нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, бусад нотлох баримт цуглуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч “... 2016-2017 онд санхүү, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагаа явуулаагүй ба тухайн үед энэ талаарх албан бичгийг аймгийн хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлсэн байсан, ... 2020 оны 12 дугаар сараас өмнөх оны мэдээ тайлангууд холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргэгдэж байсан учраас шалгаж үзээд хугацааг сунгасан, хариуцагч аль хугацааны тайланг хүргүүлээгүй, тайлан мэдээг хүргүүлээгүй  бол яагаад тусгай зөвшөөрлийг сунгасан эсэх асуудалд тайлбар хийж чадаагүй, ... мэдээ тайлан хүргүүлж байгаагүй гэх асуудлыг зөвшөөрөхгүй” гэснээс өөрөөр хуульд заасан үүргээ биелүүлж хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд зохих журмаар үйл ажиллагаа явуулсан талаарх тайлан, мэдээ, түүнийг хүргүүлж байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мэдээ, тайлан гаргаж өгсөн болохоо нотлоогүй, үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээж авах боломжгүй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй. 

      3.7. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/339 дүгээр захирамжаар нэхэмжлэгч компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн гэх үндэслэлээр дээр зааснаар зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй, хуульд зааснаар тайлан, мэдээг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлээгүй буруутай үйлдлийг зөвтгөх боломжгүй.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “И С” ХХК-ийн төлөөлөгч Ш.Оын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН