Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 749

 

 

 

 

 

 

 

 

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/06982 дугаар шийдвэртэй, Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Урангуад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 75 047 247 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч С.Урангуа нь 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/2205104024 тоот зээлийн гэрээ, ЗБ/2205104024 тоот ипотекийн гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээсэн хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлдэгч үндсэн зээлд 8 480 000 төгрөг, үндсэн хүү болон торгуулийн хүүд 14 057 527 төгрөг, нийт 23 537 527 төгрөг төлсөн боловч гэрээгээр хүлээсэн зээл, хүүг хуваарийн дагуу сар бүр төлөх үүргээ удаа дараа зөрчин зээлийн төлбөр төлөхөөс зайлсхийн банкыг хохироож байгаа тул зээлдэгчтэй байгуулсан гэрээг хугацаанаас өмнө цуцлан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 61 520 000 төгрөг, үндсэн хүү болон торгуулийн 13 527 246 төгрөг, нийт 75 047 246 төгрөгийг үүргийн гүйцэтгэлийн барьцааны хөрөнгө болох орон сууцаар хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн дагуу зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү төлөхийг зөвшөөрч байгаа хэдий ч торгуулийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ээж маань нас барсан учир зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөд 1 жилийн хугацаа гаргаж энэ хугацаанд зээлийн төлбөрийг сар бүр графикаар төлөх хүсэлттэй байна. Зээлийн гэрээний хүү өндөр тогтоогдсон, зээлдэгч төлбөрөө төлж чадаагүйд эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн тул хуульд зааснаар хүүгийн хэмжээг багасгаж тогтоолгох хүсэлтийг гаргаж байна. Түүнчлэн гэрээний 2.1.6-д зааснаар шимтгэлд төлсөн 700 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулна, нэмэгдүүлсэн хүүд шаардаж байгаа 500 000 төгрөг үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Урангуагаас зээлийн гэрээний төлбөрт 74 347 247 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, хариуцагч үүргээ сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаанд тавьсан хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2201028893, гэрчилгээний ГД-000343444 дугаар бүхий, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Барилгачин гудамж, 40 дүгээр байрны ү-2 тоот хаягт байршилтай, 115 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулан, нэхэмжлэлийн шаардлагаас 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533 187 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.Урангуагаас 529 686 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Голомт банкнаас авсан зээлийн гэрээний онцлог нь бизнесийн зориулалттай бөгөөд С.Урангуа уг зээлийн хөрөнгөөр Англи улсаас гоо сайханы тоног төхөөрөмж худалдан авч Монголд авчирсан боловч улс орны эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний эргэн төлөлтийг хожимдуулсан. Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхэд нотлох шаардлагагүй нөхцөл юм. Голомт банкнаас олгосон зээлийн гэрээний хүү жилийн 27.6 буюу өндөр байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хүүгийн хэмжээг багасгаагүйд гомдолтой байна.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 549 дүгээр тушаалаар баталсан Нягтлан бодох бүртгэлийн багц материалын Дансны заавар бүлгийн 1-3.2 зээлийн хүүгийн бүртгэл гэх хэсэгт: зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийн аль нэг нь зээлийн гэрээнд заагдсан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос эхлэн хүүг хуримтлуулан бүртгэхийг зогсоож, өмнө нь хуримтлагдсан хүүг буцаана гэж заасныг харгалзан үзээгүй болно.

Түүнчлэн Голомт банкнаас 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №07/1634 тоот албан бичгээр зээлдэгч Б.Урангуад мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд үүнд “тантай байгуулсан гэрээг хугацаанаас өмнө цуцлаж байна. Иймд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээлийн төлбөрийн үлдэгдэл 61 520 000 төгрөг, зээлийн хүү 12 487 514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу торгуулийн хүүнд 539 272 төгрөг, нийт 74 546 787 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах” гэж дурдсан.

Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд 75 047 246 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500 459 төгрөгийг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тооцоогоор 74 546 787 төгрөг байсан бол 10 дугаар сарын 06-ны өдрийн тооцоогоор 75 047 246 төгрөг болгож, улсын тэмдэгтийн хураамж 529 686 төгрөг нэмж нэхэмжилснийг гаргуулж, шүүх гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой.

Мөн шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч тал маргаагүй гэх үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийг хангаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байна.

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч С.Урангуад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 75 047 247 төгрөг гаргуулах, барьцаалсан үл хөдлөх эд  хөрөнгөөс уг үүргийг хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

С.Урангуа нь 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Голомт банктай ЗГ/2205104024 тоот зээлийн гэрээ байгуулж, 70 000 000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Барилгачин гудамжны 40 дүгээр байрны Ү-2 тоот орон сууцыг барьцаалж ЗБ/22051004024 тоот ипотекийн гэрээ байгуулсан, гэрээ тус бүрийг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Талууд дээрх гэрээг байгуулсан эсэх, тэдгээрийн хүчин төгөлдөр байдал зэрэгт маргаагүй бөгөөд шүүх зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болохыг дүгнэж, эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

Зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж, үндсэн зээл, хүү төлөх хугацааг хэтрүүлсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн график, зээлийн дансны хуулга, зээл төлөх талаар зээлдэгчид хүргүүлсэн мэдэгдэл гэх баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь зээлдүүлэгчийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөрийг зээлдэгчээс шаардах үндэслэлд хамаарах юм.

Түүнчлэн анхан шатны шүүх зээлдэгч С.Урангуа зээлийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн хариуцлагыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэгчийн томъёолж буй торгуулийн хүү гэх төлбөрийг зээлийн гэрээний 3.1.3-т заасан нэмэгдүүлсэн хүү болохыг зөв тайлбарлан тодорхойлсноор нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч зээлийн хүүг хэт өндөр тогтоосон гэх үндэслэл заан маргах боловч талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох талаар зохицуулсан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан, хүүг жилийн 27,6 хувь байхаар тогтоосныг зээлдэгчийн эрхийг хохироосон буюу хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг бууруулах зохицуулалт нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцаанд хамаарахгүй талаар шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг барьцааны зүйлээр хангах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан боловч анхан шатны шүүх зээлийн төлбөрийн үүргээ хариуцагч сайн дураар эс биелүүлвэл үүргийн гүйцэтгэлийг барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/06982 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 529 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА