| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0800/Э |
| Дугаар | 789 |
| Огноо | 2020-09-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 789
2020 09 02 2020/ШЦТ/789
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч Г.Сундуй,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914005610974 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, худалдааны зөвлөх ажилтай, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 28 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Арцбогд овогт Г.Б /регистрийн дугаар ЧЕ /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Б нь “Солонгос улс руу явах виза гаргаж өгнө’’ гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 3 дугаар сард хохирогч Д.Уранчимэг, Р.Доржравдан нараас тус бүр 6.500.000 төгрөг, нийт 13.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Метро молл” худалдааны төвд байх Хаан банкны АТМ машинаас гаргуулан залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би тухайн үед Солонгос явах гээд хөөцөлдөж байсан юм. Тэр үедээ Алтанзаяа гэдэг хүнтэй танилцаж байсан. Алтанзаяа Солонгос улсын виз гаргадаг гэж хэлсэн. Ингээд хэрхэн яаж авах вэ гэдэг талаар асууж байсан юм. Энэ яриа нь яригдаж яваад тэгээд Уранчимэгийн нөхөр баатартай Солонгос улсын визний талаар ярьсан. Баатар чи нөгөө хүнээсээ асуугаад өгөөч гэ хэлсэн. Ингээд чи хөөцөлдөөд өгөөч гэж хэлээд над руу мөнгө шилжүүлэх болсон юм. Солонгос улсын виз гаргуулах гэж өөрөө хөөцөлдөж яваад л энэ хүнтэй танилцсан юм. Алтанзаяа сураггүй алга болсон. Энэ хүний талаар надад ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Тухайн үед миний дансаар орсон мөнгийг бэлнээр аваад, Алтанзаяа гэдэг хүнд 13.000.000 төгрөгийг бүгдийг нь өгсөн. Би тэр хүнтэй нэг л удаа уулзаж, мөнгөө өгсөн. Дансаар өгөх гэсэн чинь байрны зээлтэй байгаа, та бэлнээр өгчих гэж хэлсэн. Тэгээд тэр мөнгийг бүгдийг нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 170-171/,
Хохирогч Д.Уранчимэгийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…2019 оны 3 дугаар сард манай нөхрийн найз Баяраагаар дамжуулан Солонгос улсын виз гаргадаг гэх Г.Бтай холбогдсон чинь тэрээр “Хоёрын улсын хоорондын гэрээний ажпаар виз гаргадаг 7.000.000 төгрөгөөр гаргана, урьдчилаад 6.500.000 төгрөгийг нь шилжүүлээд, виз гарахаар үлдсэн 500.000 төгрөгөө шилжүүлчихэж болно, виз 60-90 хоногийн дотор гарна” гэж хэлсэн. Би түүнд “Би 2 ахыгаа явуулмаар байна гэж хэлсэн чинь тэрээрболно” гэж хэлсэн. Тэгж ярьсны дараахан нөгөө Г.Б нь надруу утасдаад “Яаралтай мөнгөө явуулах хэрэгтэй байна, тэгэхгүй бол эхний ээлжийн явах хүмүүсээс хоцорчих гээд байна” гээд байхаар нь би түүнийг өөрөө виз гаргадаг юм байна гэж бодоод 2019 оны 3 дугаар 11-ний өдөр 3.000.000, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 3.500.000 төгрөг нийт 6.500.000 төгрөгийг би өөрийн Хаан банкны 5225232577 дугаарын данснаас Г.Б гэх нэртэй хаан банкны 5166034241 гэсэн дансруу шилжүүлсэн. Тэгээд түүний дараа 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай ах А.Доржравдан өөрийнхөө данснаас мөн миний мөнгө шилжүүлсэн дансруу 6.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш холбогдоогүй 90 хоногийг нь дуусгаад би Г.Бруу утасдаад “90 хоног болчихлоо виз юу болж байна” гэхэд тэрээр “Цаад газраас нь хариу ирэх байх” гэхээр нь би “Юун цаад газар гэж чи өөрөө гаргадаггүй юм уу, юу болоод байна” гэхэд тэрээр “Би виз гаргадаггүй, би найздаа өгсөн гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш хэд хэдэн удаа залгахад “Манай найз утсаа авахгүй” гэж хэлдэг байснаа сүүлдээ намайг залгахаар утсаа авахгүй, миний утсыг блоклчихсон байсан. Тэгээд би 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод явж байгаад Их дэлгүүр дотор Г.Бтай таараад Визний талаар хэлсэн чинь тэрээр “Манай найз утсаа авахгүй байна, би найзыгаа олоод мөнгийг чинь гаргуулж өгнө, одоо надад мөнгө байхгүй” гэсэн. Тэгээд дахиад 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод очиж Г.Бтай очиж уулзахад “Тэрээр би мөнгийг чинь авсан нь үнэн, тиймээс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5 000 000 төгрөгийг нь өгөөд үлдсэн мөнгийг нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүүтэй нь өгөөд дуусгана гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.700.000 төгрөг гээд нийт 4.700.00 төгрөгийг өгчихөөд байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 48-50/,
Хохирогч Р.Доржравдангийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…Манай төрсөн эгчийн хүүхэд болох Д.Уранчрмэг нь 2019 оны 3 дугаар сард надад “Хүн Солонгос улсруу найдвартай хүн виз гаргаж өгнө гээд байна. Та мөнгөө яаралтай өгөх хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд би тэр хүн нь найдвартай хүн байх гэж бодоод хадам эгчийнхээ халуун усны газрыг Баянхонгор аймгийн Бэрс финанс гэх банк бус санхүүгийн байгууллагад барьцаалаад 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 7.000.000 төгрөгийн зээл авч маргааш буюу 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Ч.Уранчимэгийн хэлсэн Г.Б гэх хүний 5166034241 дугаарын дансруу эхнэр Ч.Удвалын 5247017836 дугаарын данснаас 6.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Виз нь 90 хоногийн дараа гарна гэсэн бөгөөд 90 хоног нь өнгөрөөд чимээгүй байхаар нь би виз гаргаж өгнө гэсэн Г.Б гэх эмэгтэйрүү утасдаж асуухад тэрээр “Одоо удахгүй 5 хоног хүлээчих гэсэн. Тэгээд түүнээс хойш чимээгүй болсон. Тэгээд би Д.Уранчимэгээс асуусан чинь тэрээр “Би Г.Бтай утсаар ярьсан чинь тэрээр бас өөр хүнд уг мөнгийг өгчихсөн чинь сураггүй болчихлоо” гэж хэлсэн. Миний хувьд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авчихсан болохоор 2019 оны 03 дугаар сарын 20-ноос хойш сарын 450.000 төгрөг төлөөд явж байна. Тэгтэл бид нарыг Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөний дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын эхээр манай эхнэр Ч.Удвал нь Г.Бын утасруу залгасан чинь утсаа авахгүй болохоор нь “Ядахдаа гадаад паспортуудаа авчихмаар байна” гэж мессеж бичсэн чинь тэрээр “Би паспортыг чинь мөнгөтэй нь хамт виз гаргаж өгнө гэсэн хүнд өгчихсөн” гэж хариу мессеж бичсэн байсан. Тэгтэл тухайн өдрийнхөө үдээс хойш нь Г.Б нь утаснаасаа “Паспортнуудыг чинь Баянхонгор аймаг явах автобусанд тавьчихсан” гэж мессеж бичсэн байсан бөгөөд автобуснаас паспортуудаа авсан. ...Би тэр хүний талаар огт мэдэхгүй. Ч.Уранчимэгийг хэлэхээр нь мөнгө шилжүүлсэн. Тэд нар тухайн хүний талаар сайн мэдэх байх. Надад бол үнэндээ мэдэх зүйл байхгүй. Би нэг удаа Г.Бтай нь утсаар ярьсан чинь “Удахгүй виз гарна” гэж хэлж байсан. Түүнээс хойш сураггүй болчихсон. Миний хувьд Г.Б гэх хүний дансруу эхнэр Ч.Удвалын данснаас мөнгө шилжүүлсэн. Тухайн үед Г.Б нь Улаанбаатар хотод байсан гэсэн тиймээс уг мөнгийг Улаанбаатар хотод банкны аль салбар юм уу, бэлэн мөнгөний машинаас авсан байх..." гэсэн мэдүүлэг /хх-н 52-54/,
| 3 |
Гэрч Б.Баатарын "... 2019 оны 02 дугаар сарын дундуур Цагаан сарын баярын дараа би Солонгос улсад ажиллаж байсан бөгөөд тэр үед мөн тэнд ажиллаж байсан Д.Баярсайхан гэх найз маань “Солонгос улсын виз гаргадаг” гээд Г.Б гэх хүн байдаг гэсэн, чи хүний виз гаргуулмаар байгаа бол холбогдоод үзэхгүй юу гээд утасны дугаарыг нь өгч байсан. Манай найз Баярсайханыг Баяраа гэж дууддаг. Тэгээд би энэ талаар эхнэр Д.Уранчимэгт хэлээд манай эхнэр тэр Г.Б хүнтэй утсаар холбогдсон чинь болно гэж байна гээд 6.500.000 төгрөг, хадам ээжийн дүү болох Р.Доржравдан мөн 6.500.000 төгрөгийг шилжүүлсэн юм билээ. Тэгээд виз нь гарахгүй удаад, бүр сүүлдээ сураг чимээгүй болчихсон. Тэгээд саяхнаас Г.Бтай уулзаж ярилцаад тэрээр 4.500.000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн. Миний хувьд энэ талаар сайн мэдэхгүй манай эхнэр Д.Уранчимэг сайн мэдэж байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-н 60-61/,
Гэрч Д.Баярсайханы “... 2017 оны өвөл байсан шиг санагдаж байна тухайн үед манай найз Алтансүхийн найз нь Солонгос улсруу явах гээд баяр тэмдэглэж байсан ба тэр үед намайг Алтансүх дуудсан юм. Тэгээд би Аптансүхийн байгаа газар очоод уулзсан чинь нилээн хэдэн хүн байсан ба тухайн үед тэр хүмүүстэй танилцсан ба тэр хүмүүсийн нэг нь Г.Б гэх эмэгтэй байгаа юм. Түүнээс хойш Г.Быг зүс мэдэх төдий байгаа юм. Тэгээд 2018 оны зун сар өдрийг нь санахгүй нутгийн багын найз Баатартай хамт Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо Саппоро дээр явж байтал Г.Б гэх эмэгтэй таарсан. Тэр үед Баатар Буянжаргалтай танилцаад бид нар салж явцгаасан юм. Түүнээс хойш 2018 оны 09 дүгээр сард Баатар Солонгос яваад тэгээд 2018 оны 12 дугаар сард буцаад ирсэн байсан би 2019 оны 01 дүгээр сард ирэхэд Баатар Г.Буяжаргалтай уулзаад хоёр дүүгээ Солонгос явуулахаар мөнгө төгрөгөө өгчихсөн байсан ба тэр үед Баатар Г.Б Солонгос гаргахгүй удаад байна гэж хэлж байсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сараас эхэлж Баатар Г.Баас мөнгө нэхээд байсан шиг байна лээ өөр мэдэх юм надад байхгүй байна. Улсын их дэлгүүрт худалдагч ажилтай гэж Г.Б өөрөө надад хэлж байсан Солонгос улсруу гаргаж чадах эрх бүхий ажилтан биш байхаа Ер нь Г.Б нь өөрийгөө виз хөөцөлдөж Солонгос гаргадаг гэж хэлж байсан ба тэр үед би өөрийн дүүг явуулах гэж байсан бодолтой байсан хаширлаад больсон юм. Намайг Солонгос улсаас ирэхэд Баатар надад хэлэхдээ нөгөө Г.Б гэх эмэгтэйдээ уулзаад Солонгос улсруу хоёр дүүгээ гаргах гээд мөнгө төгрөгөө өгчихсөн гэж хэлсэн тэр үед нь би яах гэж мөнгө төгрөгөө өгсөн юм бэ сайн судалж өгөхгүй байсан юм гэсэн чинь Баатар болох байлгүйдээ гээд хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 82-83/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-176/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-183-184/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.Б нь “Солонгос улс руу явах виза гаргаж өгнө’’ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 3 дугаар сард хохирогч Д.Уранчимэг, Р.Доржравдан нараас тус бүр 6.500.000 төгрөг, нийт 13.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Метро молл” худалдааны төвд байх Хаан банкны АТМ машинаас гаргуулан авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Уранчимэг, Р.Доржравдан, гэрч Б.Баатар, Д.Баярсайхан нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Г.Бын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Бын дээрх хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Бын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Уранчимэг, Р.Доржравдан нарт тус бүр 6.500.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны шатанд хохирлыг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Бын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 600 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Г.Бд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Г.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Арцбогд овогт Г.Быг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд нь энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР