| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1729 |
| Огноо | 2020-10-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 1729
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Д д холбогдох эрүүгийн 2006 0000 02331 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн хот тохижилтын газарт шуурхай үйлчилгээний албаны дарга ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Т.Д .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Д нь 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо 24/3-96 тоотод М.Туултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдаж, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн, бугалга баруун алганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй... Хөнгөн ял шийтгэл
оногдуулж өгнө үү” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Туулын өгсөн мэдүүлэг /хх-10-12/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 9990 дугаартай дүгнэлт /хх-20-23/, Т.Д ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-29-32/, Т.Д ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-36/, хохирогч М.Туул, яллагдагч Т.Д нараас гаргасан гомдолгүй, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-49-50/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.Д нь 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо24/3-96 тоотод М.Туултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдаж, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн, бугалга баруун алганд зулгарт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Туулын өгсөн: ”2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай хажуу талын айлын хашаанд хүмүүс ирчихсэн байшандаа засвар хийж байсан. Тэр айлын залуу хашаагаа тат гудамж гаргана гэж хэлээд бид хоёр маргалдаж хоолой боож унагаагаад нүүрэнд өшиглөсөн. Тэгтэл манай хүүхдүүд цагдаад дуудлага өгсөн.” /хх-7-12/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 9990 дугаартай дүгнэлт:
1. М.Туулын биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн бугалга, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
/хх-22-23/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Д ийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгон их ам гэдэг газарт байдаг өөрийнхөө хашаа байшинд очиж байшиндаа засвар хийсэн. Тэгтэл хажуу талын айлын М.Туул гэдэг хүн гарч ирэхээр нь би түүнд одоо машинаа хашаанд машин ирнэ зам чөлөөлж өг гэж хэлэхэд М.Туул миний өөдөөс салаавч гаргаж миний цээжинд толгойгоороо мөргөөд дайраад байсан. Энэ үйлдэл нь олон удаа давтагдсан. Тэгэхээр нь би түүний нүүр хэсэгт гараараа олон удаа түлхсэн. Тэгээд би буцаад гэртэй ороод байж байтал М.Туул араас эхнэр хүүхдүүдээ дагуулж ирээд дахиад над руу дайрч миний нүүрэнд гараараа хэд хэдэн удаа дайрсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд намайг авч явсан.” /хх-29-32/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Д урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-36/,
Хохирогч М.Туул, яллагдагч Т.Д нараас гаргасан гомдолгүй, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-49-50/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Т.Д нь 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дүгээр хороо 24/3-96 тоотод иргэн М.Туултай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг
хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Д д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн
төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС