| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0815/Э |
| Дугаар | 803 |
| Огноо | 2020-09-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 803
2020 9 04 2020/ШЦТ/803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч Г.Цогтгэрэл,
шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шавьнар овогт Р.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009009820687 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, байцаагч ажилтай, ам бүл-1, Баянзүрх дүүргийн, 15 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шавьнар овогт Р.Б /регистрийн дугаар УК/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Р.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номун хотхоны тоотод хохирогч Б.Тыг “...дүүгийн өрөөнд орлоо...” гэж шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Манай гэрт ороод сууцгааж байсан чинь Т, Ч нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэр үед Ч манай гэрээс гараад яваад өгсөн. Үргэлжлүүлээд Т бид 2 пиво уугаад юм яриад суусан. Тэр үед манай гэрт манай төрсөн дүү Хүслэн жижиг өрөөнд унтаж байсан. Т нэлээн согтоод өөдөөс янз бүрийн зүйл яриад байхаар нь би одоо унтчих гэсэн чинь унтахгүй байсан. Тэгэхээр нь би эсвэл миний найз явчихаа гэсэн чинь нилээн согтчихсон юм ойлгохгүй миний өөдөөс нөхрөө яриад бухимдаад байсан. Т манайд унтаж байсан эрэгтэй дүүгийн хажуугаар ороод хэвтчихсэн. Би очоод бос гэж хэлээд татсан чинь манай дүүгээс барьчхаад босохгүй байсан. Дүү босож ирээд том өрөө рүү яваад орсон. Би Тыг чирээд жижиг өрөөнөөс гаргаад чи яаж байгаа юм бэ гэсэн чинь чи юунаас айж сандраад байгаа юм бэ гэхээр нь би 2 удаа Тыг баруун гараараа алгадчихсан чинь Т цагдаа дуудна гэхээр нь цагдаагаа дууд гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-34/,
Хохирогч Б.Тын "...2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай найз Болормаа намайг манай эгчийн гэрээс ирээд авсан. Бид хоёр уулзаад корпрейт зочид буудал орж 3 давхарт байрлах ресторанд үйлчлүүлсэн. Тэгээд тус газраас 22 цагийн үед гараад Болормаагийн машинд суугаал жолооч дуудаад хүлээгээд байж байтал манай найз Ч над руу залгахаар нь дуудаад машинаа бариулчихсан. Тэгээд Болормаагийн гэрийн гадаа очиод гэр лүү чинь орохгүй машиндаа сууж байгаад явцгаая гэсэн чинь за манай гэрт дүү байгаа манай гэрт орж сууя гэж хэлсэн. Болормаагийн гэрт нь ороод пиво ууж сууж байгаад удалгүй Ч гараад яваад өгсөн. Болормаа бид 2 үлдээд сууж байгаад дүү нь унтаж байсан өрөө рүү ороод дүүгээс нь уучлаарай гэж хэлсэн чинь Болормаа чи яагаад энэ өрөө рүү орж ирсэн юм бэ гээд араас татсан. Тэгээд коридорт гаргаад миний нүүр хэсэг рүү маш олон удаа алгадсан. Би цагдаа дуудчихлаа гэсэн чинь бас алгадаад байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 27/,
Гэрч Н.Хүслэнбаатарын "...миний өрөөнд орж ирээд миний хажуугаар орж хэвтсэн чинь манай эгч араас нь дагаж орж ирээд найзыгаа татаад босгосон. Тэгээд бас намайг бос гээд том өрөөнд оруулчихсан байсан манай эгч найзыгаа жижиг өрөөнөөс чирч гаргаж ирээд намайг өрөөндөө ороод хаалга гэсэн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан манай эгч уурлаад алгадсан байж магадгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 84/,
Гэрч Г.Чийн "...Би 2020 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 21:30 цагийн үед Нархан хорооллын баруун талд байдаг Корпериот ресторан зочид буудлын гадаа зогсоол дээр найзынхаа машиныг авах гээд очсон. Зочид буудлын зогсоол дээр очиход тухайн зогсоол дээр Форд маркийн жийп машин миний танил Т миний танихгүй эмэгтэйтэй хамт сууж байсан. Би Т тэр эмэгтэй хамт дуудлыг жолооч дуудах гээд сууж байна гэчихсэн тортой пиво уугаад сууж байсан. Би Тыг машин дотор нь орж суугаад тамхи татаад сууж байгаад би Тын сууж байсан машиныг нь унаад гэрт нь хүргэж өгөхөөр болоод би машиныг нь унаад циркийн баруун талын Номун хотхоны гадаа очсон. Т хамт явсан эмэгтэйтэйгээ дэлгүүр орж пиво аваад намайг оруулаад өгчих гэхээр нь би хамт орсон юм. Номун хотхонд орсон айл Ттай хамт явж байсан эмэгтэйгийн гэр нь юм шиг байсан. Тэр эмэгтэйгийн дүү гээд залуу надад хаалга тайлж өгсөн юм. Би дүүтэй нь мэндлээд гэрт орсон. Т, тэр эмэгтэй бид гурав хамт том өрөөнд нь сууцгаасан. Би бол пиво уугаагүй. Т тэр эмэгтэйтэй пиво уугаад 2 цаг гаран сууцгаасан. Тэгээд байж байтал Т намайг “чи наашаагаа хараад суу” энэ тэр гээд хамт байсан эмэгтэйгийнхээ хажууд жаахан захирангуй хандаад байхаар нь би тэр айлаас гараад явсан. Т намайг айлын хаалгаар гарах гэхэд гаргахгүй гээд холдуулаад л гарсан...Би тэр өдөр Тд гар хүрээгүй. Намайг зочид буудлын зогсоол дээр Ттай уулзахад Тын биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88/,
Гэрч Ш.Баяртогтохын "...дуудлага мэдээлэл дээр явж очиход 2 эмэгтэй нэг нь алгадуулсан нэг нь алгадсан гэж хэлж байсан. тэр 2 эмэгтэй хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. тэгээд би алгадсан гэж хэлсэн Болормаа гэх эмэгтэйг эмээлт 120-д эрүүлжүүлсэн. ...би найзыгаа алгадчихсан гэж хэлж байсан яг хэдэн удаа гэдгээ хэлэхгүй байсан. ...зүүн гар талын нүд хэсэгт бага зэрэгхавдсан байсан...гэхдээ Болормаа гэх эмэгтэй манай найз дүүгийн хажуугаар унтах гээд байсан гэж ярьж байсан...гэрийн эд хогшлууд бүрэн бүтэн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 86/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №3676 тоот актын “…Б.Тын биед зүүн зовхи, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-34-35/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-64/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-93-94/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Р.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номун хотхоны 39-168 тоотод хохирогч Б.Тыг “...дүүгийн өрөөнд орж, дүүгийн хажуугаар орж хэвтлээ...” гэж хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Т, гэрч Г.Ч, Ш.Баяртогтох, Н.Хүслэнбаатар нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №3676 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Р.Бгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Р.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч Р.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирогч нарын зүгээс гомдол саналгүй гэсэн, мөн тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.
Хохирогч нь Б.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Р.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шавьнар овогт Р.Бг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4.Шүүгдэгч Р.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР