Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 820

 

 

 

 

 

 

 

     2020          09          10                                        2020/ШЦТ/820

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

          улсын яллагч Ж.Энх-Амгалан,

          шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бичээч овогт С.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909038520601 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сүхбаатар дүүргийн 33 тоотод оршин суудаг,

          2002 оны 5 дугаар сарын 06-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 79.1, 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2005 оны 4 дүгээр сарын 14-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаа эдлэж байгаад 2005 оны 11 дүгээр сарын 03-нд 05 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Бичээч овогт С.Э /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч С.Э нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүгийн 7 дугаар хороо Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд Герман улс руу явуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, А.Хүнлэгсайханаас 792.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хүнлэгсайханыг Герман улс руу явуулж өгнө визний урилганы мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд Хүнлэгсайханаас 792.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-72/,

Хохирогч А.Хүнлэгсайханы “…2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хүнсний 4-ийн автобусны буудал дээр ээжийнхээ машинд сууж байгаад ээжийнхээ утсаар дансаар мобайлдсан. Ээжийн 59250029 дугаартай данснаас түүний 50112185 дугаарын данс руу шилжүүлсэн. Би виз гаргаж чаддаг гэж хэлж байсан. Өмнө нь манай нагац эгч Ундраа гэх хүний ногоон паспортыг нэлээн олон жилийн өмнө гаргаж өгч байсан гэж ээж ярьж байсан. Би өөрөө огт уулзаж байгаагүй. Манай ээжид найдвартай гаргаж өгнө, охиныхоо гадаад паспортын зураг, иргэний үнэмлэхний зургийг авах шаардлагатай байна. Урилга захиалах гээд байгаа юм аа, та охиныхоо фэйсбүүк хаягийг нь өгчих гэж хэлээд миний хаягийг авсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67/, ХААН банкны депозит дансны хуулга /хх-11/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-77-78/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүгийн 7 дугаар хороо Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд Герман улс руу явуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, А.Хүнлэгсайханаас 792.000 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь хохирогч А.Хүнлэгсайханы мэдүүлэг, “ХААН” банкны депозит дансны хуулга, шүүгдэгч С.Эын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.Эын дээрх хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Эын дээрх үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Хүнлэгсайханд 792.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч шүүхийн шатанд хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч С.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч С.Эын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч С.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний урьдчилан цагдан хоригдсон 45 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдэлсэнд тооцож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бичээч овогт С.Эыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Эыг 360 /гуван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эын цагдан хоригдсон 45 хоногийн нэг хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан ялаа эдэлж дууссанд тооцсугай.

 

4.Шүүгдэгч С.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч С.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

                       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          З.БОЛДБААТАР