| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0814/Э |
| Дугаар | 801 |
| Огноо | 2020-09-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 801
2020 09 04 2020/ШЦТ/801
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч М.Отгонбаатар,
хохирогч Г.М,
шүүгдэгч М.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хатиган овогт М.Шийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009015400969 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 07-нд Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хот төлөвлөгч мэргэжилтэй, архитектороор ажилладаг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 147 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хатиган овогт М.Ш /регистрийн дугаар ТБ /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр
Яллагдагч М.Ш нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Централ таурын орчим Г.Мтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний цээжин тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 4 дүгээр хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Ш шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн өдөр төв замаас Сансар тал руугаа явах гэрлэн дохио өнгөрөөд явж байтал энэ хүн гэнэт миний урдуур гүйгээд гарсан. Би машинаасаа буугаад машинаа харчихаад хохирогчтой маргалдсан. Би хохирогчийг цааш нь түлхнээс биш цохисон зодсон зүйл байхгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би тэр өдөр... Централь таурын баруун хойд талын уулзвар өнгөрөөд явж байтал бор өнгийн приүс явган хүний гарцны наана зогсож байсан бөгөөд хүн явган хүний замаар гарж байна гэж мэдээгүй. Тэгээд явж байтал урдуур хүн гарч ирэхлээр нь огцом тооромслоод явган хүний гарцныхаа наана зогссон бөгөөд нөгөө хүн явган хүний гарцаараа гараад яваад өгсөн бөгөөд тэгээд би хөдлөөд явах гэтэл дайрлаа шүү дээ пизда минь гээд уурлаад миний машины хамар руу гараараа цохиод миний машины баруун талын толыг гараараа алагдаж хумисан. Тэгэхээр би бууж ирээд зайлалдаа пизда минь зогсож байгаад л гаргалаа шүү дээ гээд тэгээд улмаар бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тэгээд би тэр ах намайг цохичихож магадгүй гэж бодоод 2 гарнаас бариад цаашаа зайл гээд түлхсэн. Тэгээд буцаад машин руугаа явж байтал ардаас баахан юм яриад хүрээд ирсэн. Тухайн үед нөгөө ахын 2 гар нь доош унжсан байсан бөгөөд би 2 гарын нарийн бугалганаас нь бариад түлхэх үед газарт бөгсөөрөө 1 удаа унасан. Тэгээд л би яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 51-52/,
Хохирогч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн өдөр “Централ Тавер”-ийн гарцаар гарч байтал шүүгдэгч маш хурдтай ирсэн. Хурдтай явж байгааг нь хараад цочсондоо харайгаад боржур дээр гарсан. Тэгээд эргээд харахдаа баруун гараа толийг нь цохисон. Тэгээд толь нь эвхэгдсэнд ууралсандаа бууж ирээд намайг 2 удаа өшиглөсөн. Шүүгдэгч худал мэдүүлэг өгч байгаад гайхаж байна. Одоо 288.000 төгрөгийг нэхэмжилж байна...”гэв.
мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…Би 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатарын талбайн урд байдаг төлбөртэй автомашины зогсоол дээр машинаа тавиад ганцаараа Централ таурын 1 давхарт байрлах кофе шопоор үйлчлүүлэх гээд явган хүний гарцаар зам гарах гээд явж байхад асар хурдтай машин замаар ирсэн. Тэгээд би тэр машины хараад зугтаад боржур руу гүйх үед миний баруун гарын тохой нөгөө машины баруун талын толинд хүрсэн. Тэгээд би жолоочид хандаж гарцаараа гарч байхад хүн дайрлаа шүү дээ гэж хэлэхэд тэр залуугийн машины толь нь эвхэгдсэн болохоор над руу уурлаад бууж ирээд миний хувцаснаас зуурч татаад намайг хоёр удаа газарт унагаж хөлөөрөө өшиглөөд цохиж зодсон. Тэгээд тэр үл таних залуу шууд Хар өнгийн харрьер маркийн 44-94 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ суугаад яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №5895 тоот актын “…Г.Мийн биед цээжний зүүн талын 4 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-18-19/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41-45/, “Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-25-26/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-71-72/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.Ш нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Централ таурын орчим Г.Мтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний цээжин тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 4 дүгээр хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Г.Мийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №5895 тоот актын дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч М.Шийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Шийн хохирогч Г.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад савхин куртик 130.000 төгрөг, цээжний хөндийн компьютер томографийн мөнгө 158.000 төгрөг, шатахууны мөнгө 41.000 төгрөг нийт 329.000 төгрөг нэхэмжилснээс шүүх шатахууны мөнгө гэж нэхэмжилсэн 41.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээ болон савхин куртикны мөнгө болох 288.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэсэн боловч шүүгдэгч М.Ш нь уг хохирлыг шүүх хуралдааны үед хохирогчид төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Шийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч М.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч М.Шд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч М.Ш нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хатиган овогт М.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Шийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.Ш нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Шүүгдэгч М.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР