Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01769

 

Ч.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

         2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/0687 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1512 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ч.А

         Хариуцагч: Д.Мд холбогдох   

        Үндсэн нэхэмжлэл: 245,380,000 төгрөг гаргуулах тухай,

        Сөрөг нэхэмжлэл: 265,000,587 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

        Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн төлөөлөгч Ж.Д, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

        Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 2014-05-09-ний өдөр Д.Мтэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туулын 48б-1 тоот хаягт байрлах, 174 м.кв талбай бүхий, 1 давхар үл хөдлөх хөрөнгийг 426,300,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Тус гэрээнд Д.М 226 сая төгрөгийг 2014-05-30-ны өдрийн дотор, 100 сая төгрөгийг 2014-07- 01-ний өдрийн дотор, 100сая төгрөгийг 2014-09- 01-ний өдрийн дотор төлөхөөр, гэрээний дагуу сүүлийн төлбөр хийгдэхэд  эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Мд шилжүүлэхээр тохирсон. Төлбөр төлж дуусгаагүй тохиолдолд  хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.05 хувиар хүү тооцож төлөхөөр тохиролцсон. Хариуцагч төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлөөгүй тул 2014-09- 22-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Д.М тухайн өдрийн байдлаар 170,500,000 төгрөгийг төлж, 255,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулсан. 255,800,000 төгрөгөөс 70 сая төгрөгийг 2014-09-26-ны өдөр, 185,800,000 төгрөгийг 2014-10-15-ны өдөр бүрэн төлж барагдуулах нөхцөлтэй өөрчлөлт оруулсан. Гэвч одоогийн байдлаар 162,460,186 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдрөөс эхлэн Д.Мд  объектыг эзэмшиж, ашиглаж байгаа. Иймд Д.Мэс гэрээний үлдэгдэл төлбөр 162,460,186 төгрөг, алданги 101,175,995 төгрөг нийт 263,636,181 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан тул шаардлагаа өөрчилж, 2014-05-09-ний өдрөөс 2018-04-09-ний өдөр хүртэлх 47 сарын хугацаанд үл хөдлөх хөрөнгө  ашигласны төлбөрт 1 м.кв-ын 30,000 төгрөгөөр 174 м.кв талбайгаар тооцож 245,340,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь  хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 11 дүгээр зүйлд гэрээг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж зааснаар гэрээг бүртгүүлээгүй. Ч.А гэрээ байгуулснаас  2014-06-12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг Капитрон банкны барьцаанд тавиад алга болсон. Гэрээний 8-т байр нь худалдагдаагүй, битүүмжлэгдээгүй, бусдад хөлслүүлээгүй болно гэж заасан нь үл хөдлөх хөрөнгийг цаашид худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй гэсэн утгыг илэрхийлж байгаа. Иргэний хуулийн 56, 182 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн бүртгэлийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нотариатаар батлагдаад үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан тул гэрээ хүчин төгөлдөр бус юм. Д.М 2000 тн багтаамжтай зоорь барьж байсан ба түүнийхээ 80 хувийн ажлыг гүйцэтгэсэн байсан. Ч.Аын байрыг ногооны үйлдвэрлэл явуулахаар худалдаж аваад Хүнс, хөдөө, аж ахуйн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахаар гэрээ хийгээд барьцаанд Ч.Ааас худалдаж авсан байраа барьцаалан үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх гэтэл  Ч.А уг байрыг  80сая төгрөгийн барьцаанд тавьсан.Иймд өөрийн байрыг 75 сая төгрөгийн барьцаанд тавьж зээл аваад үл хөдлөх хөрөнгөө чөлөөлөөд 7 хоногийн дараа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд очсон ч  зээл авч чадаагүй.  Хэрвээ Ч.А үл хөдлөх хөрөнгийн барьцаалаагүй байсан бол Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл аваад үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх боломж байсан. Энэ үл хөдлөх хөрөнгийг Ч.А Л.Мөнхтулгад, Л.Мөнхтулга нь О.Баттөмөрт худалдсан. Д.Мөнх-Эрдэнийг байрнаас гаргуулах тухай Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр гарсан. Одоо маргаан бүхий байр шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлөгдөөд Д.Мөнх-Эрдэнийн эзэмшил биш болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

        Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56.1.1-р  хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагавар өгсөн авснаа буцааж төлнө гэж заасан. Маргаан бүхий байрыг чөлөөлөх шүүхийн шийдвэр гарсан, талууд 263,839,814 төгрөг төлсөн талаар маргаагүй, Ч.Ад 2016-03-14-нд 672,000 төгрөг, 2016-03-16-нд 1,078,000 төгрөгийн хүнсний ногоо өгсөн. Иймд нийт 265,000,587 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол Туул голын 48б байрны 1 давхарт тоот 174 м.кв орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2014-05-08-ны өдөр гаргуулан авч түлхүүрийг Д.Мд өгсөн ба Д.М уг байранд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа.Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний хувьд уг гэрээг байгуулахдаа нотариатаар батлуулсан нь талууд хүсэл зоригийн илэрхийллээ нэгтгэж хэлцэл хийсэн болохыг нотолж байгаа бөгөөд энэ нь гэрээг дүр үзүүлж хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ болно. Мөн гэрээний 3 дахь заалт нь худалдан авагчид төлбөр тооцоо хийж дууссан өдрөөс эхлэн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх үүснэ гэж тодорхой заасан. Энэ нь төлбөр тооцоо дууссаны дараа өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх буюу улсын бүртгэлд бүртгүүлнэ гэдгийг талууд харилцан тохиролцсон заалт юм. Гэрээний дагуу Д.М 2014-05- 30-ны өдөр  226,3сая төгрөг төлөхөөр заасан ч 2014-06- 17-нд 50сая төгрөг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эхэлсэн. Д.М төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлсөн бол Капитрон банкинд зээлийн барьцаанд тавих шаардлага гарахгүй байсан. Мөн Д.Мд байрыг шилжүүлж өгөөд байрыг барьцаалан банкнаас зээл аваад гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусгах саналыг  удаа дараа гаргаж  хөөцөлдөж байсан хэдий ч Д.Мөнх-Эрдэнийн орлого хүрэхгүй байсан. Гэрээний төлбөр тооцооны хувьд Д.М бид хоёр 2014-09-22-ны өдөр нэмэлт гэрээ байгуулахдаа зээлийн төлөлт 170,500,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 255,800,000 төгрөг байгаа гэж тооцоо нийлсэн,  Миний бие болон нөхөр Л.Мөнхтулга бид нар орон сууцны хотхоны барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд уг ажлыг хийж дуусахад мөнгөний хэрэг гарсан тул О.Баттөмөр, "Эко капитал ББСБ" ХХК-иас 150 сая төгрөгийн зээл авч, барьцаанд эд хөрөнгө О.Баттөмөрт шилжүүлсэн байгаа. Зээлээ бүрэн төлж дуусгасан тохиолдолд байраа буцаж шилжүүлэн авах боломжтой. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/0687 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Мэс 245,380,000 төгрөг гаргуулах Ч.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. 56.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2014-05-09-ний өдөр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Ч.Ааас 265,000,587 төгрөг гаргуулан Д.Мд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,476,140 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,591,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 1,482,953 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1512 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/0687 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй Д.Мэс 245,380,000 төгрөг гаргуулах Ч.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар  Ч.Ааас 265,000,587 төгрөг гаргуулж Д.М олгосугай” гэж өөрчлөн найруулж, 3 гэж дугаарласныг 2 гэж, 4 гэж дугаарласныг 3 гэж дугаарлан тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Нямдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо:   1/.хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан. Хэргийг түдгэлзүүлэх үндэслэл нь уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь одоо О.Баттөмөр гэдэг хүн байгаа бөгөөд О.Баттөмөртэй байгуулсан  худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэрэг Баянзүрх дүүргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаатай холбоотой юм. О.Баттөмөртэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдож, өмчлөх эрх буцаж Ч.Аын нэр дээр шилжсэнээр эрхийн доголдол бүрэн арилж хэрэг нэг мөр шийдэгдэх бүрэн боломжтой болох байсан. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнээд, доголдолтой холбоотойгорр эд хөрөнгийг өмчлөлдөө авах боломжгүй болсон тул хариуцагч гэрээгээр шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзсэн. Нэхэмжлэгч талын зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийг тодруулан  гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа эсхүл гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан шаардсан эсэхийг  асуусан. Хариуцагч нь гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж шаардлагаа  тодорхойлсон гэж хэлсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх  сөрөг нэхэмжлэлд тодорхойлсоноос өөр  үндэслэлээр хэргийг шийдвэрлэж диспозитив зарчмыг зөрчсөн. 2/.  Анхан шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус  гэж дүгнэсэн. Гэтэл  үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэх гэрээний ямар ч зүйл, заалт, агуулга байхгүй бөгөөд гагцхүү уг гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байдаг. Гэрээ хэлцлээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүйг хууль зөрчсөн, зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэхгүй. Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь дан ганц худалдагчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24.3, Иргэний хуулийн 109.1-р гэрээг худалдан авагч тал ч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжтой. Өөрөө бүртгүүлэх боломжтой байсан   хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан, үүнийг шүүх харгалзаж үзэлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.  Давж заалдах шатны шүүх  энэхүү дүгнэлтийг буруутгаан ч сөрөг нэхэмжлэлд тодорхойлсоноос өөр зүйл заалтыг  үндэслэсэн ба сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч 2014-05- 09-ний өдрийн  гэрээнд заасан хугацаандаа үүргээ биелүүлээгүй. Д.М нь 2014.05.09-ний өдрийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Д.Мөнх-Эрдэнийн санаачлагаар 2014.09.22-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар тухайн өдрийн байдлаар нийт төлбөрөөс 170,500,000 төгрөгийг төлж, 255,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулсан. Гэрээний нэмэлт өөрчлөлт нь дан ганц хариуцагчийн хүлээх үүрэг тусгагдсан, мөн гэрээний үүргээ 2014.10.15-ны өдөр бүрэн биелүүлж дуусахаар заасан байна.Хариуцагч үүргээ биелүүлээгүй нь  нотлогдсоор байтал  нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа байсан мэтээр  дүгнэж,  нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх үүнд огт дүгнэлт өгөөгүй. Зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь төлбөр төлснөөр өмчлөх эрх шилжих зохицуулалттай гэрээ ба Иргэний хуулийн 112.1-т нийцэж байгаа. Хариуцагч нь тохирсон хугацаанд төлбөрөө  өгөөгүйгээс Иргэний хуулийн 112.2-г үндэслэн  олох ёстой байсан орлогоо хохиролд тооцож нэхэмжлэх бүрэн үндэслэлтэй юм. Анхан шатны шүүх  гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож байгаа бол  үндсэн нэхэмжлэлийг хангах бүрэн үндэслэлтэй юм.  Иргэний хуулийн  56.5 дахь хэсэг болон 2014.05.09 өдрийн гэрээгээр худалдагч буюу нэхэмжлэгч тал нь хариуцагч талд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн, худалдан авагч буюу хариуцагч тал нь нэхэмжлэгчид 265,000,587 төгрөг төлсөн баримтуудаас үзвэл нэхэмжлэгч эзэмших, ашиглах эрхээ биет байдлаар буцааж авах боломжгүй тул үнийг нь төлүүлэхээр шаардах эрхтэй. Нэхэмжлэгч талын зүгээс гаргасан үндсэн нэхэмжлэл болох 47 сар үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөр 245,380,000 төгрөгийг 1 м.кв талбайн үнэлгээг зах зээлийн ханшаар буюу 30,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Хариуцагчийн зүгээс энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаар огт дурдаагүйгээс гадна 47 сар эзэмшиж ашиглаж байгаагаа зөвшөөрсөн.  Иргэний хуулийн 4.1-д “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” гэж заасан. Хөрөнгө үнэлэхтэй холбоотой зохицуулалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд тусгагдсан байдаг бөгөөд уг хуулийн 55.1, 55.2, 55.2.6-р нэхэмжлэгч талын үнэлсэн үнэлгээ, үнэлгээний саналыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа, үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаагүй зэргээс үзэхэд хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зүйлийн хэсгүүдийг анхан шатны шүүх төсөөтэй хэрэглэж үндсэн нэхэмжлэлийг хангах бүрэн үндэслэлтэй юм. Иймд  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг   буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ч.А 2017-08-31-ний өдөр Д.Мд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “..2014-05-09-ний өдрөөс 2018-04-09-ний өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр хороолол, Туул 48б, 1 тоот хаягт байрлах 174 кв.м үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн...” гэж 245,380,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ “...174 м2 талбайтай байрыг 1 м2 талбайг сарын 30,000 төгрөгөөр тооцож, нэг сарын 5,228,000 төгрөгийг 47 сараар тооцсон...” гэж тайлбарласан байна.  

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа /хх 33-36/ сөрөг нэхэмжлэл гаргаж, 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу төлсөн  265,000,587 төгрөгийг гаргуулахыг  шаарджээ.   

        Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492.1.1-г баримтлан Ч.Аын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2014-05-09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Ч.Ааас 265,000,587 төгрөг гаргуулан Д.Мд олгож шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... зохигчдын байгуулсан 2014-05-09-ний өдрийн  хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.1-р хүчин төгөлдөр бус хэлцэл байна...иймд сөрөг нэхэмжлэлийг хангана... нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг өөр өмчлөгчид шилжүүлсэн нь тогтоогдож байна... Д.Мөнх-Эрдэнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй...” гэжээ.

       Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, Иргэний хуулийн 243.1-д заасан үндэслэлгүй гэж үзэн, Ч.Аын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  Ч.Ааас 265,000,587 төгрөг гаргуулж Д.М олгох өөрчлөлтийг шийдвэрт оруулахдаа “...нэхэмжлэгч эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас хариуцагч Иргэний хуулийн 209.1-р эд хөрөнгийн үнийг төлөхөөс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно... эрхийн доголдолтой эд хөрөнгийг өмчлөлдөө авах боломжгүй тул хариуцагч Иргэний хуулийн  225.1, 205.1-р шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй...” гэжээ.

       Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо “...үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь одоо О.Баттөмөр бөгөөд О.Баттөмөртэй гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэрэг Баянзүрх дүүргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаатай холбоотой бөгөөд уг асуудал шийдэгдсэнээр эрхийн доголдол бүрэн арилах байсан үүнтэй холбоотой түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан... давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлд тодорхойлсноос өөр үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн... хариуцагч үүргээ биелүүлээгүй нь нотлогдсоор байтал нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа байсан мэтээр дүгнэж, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх үүнд огт дүгнэлт өгөөгүй... хариуцагч  47 сар эзэмшиж ашиглаж байгаагаа зөвшөөрсөн... Иргэний хуулийн 4.1-д “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” гэж заасан. Хөрөнгө үнэлэхтэй холбоотой зохицуулалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд тусгагдсан байдаг бөгөөд уг хуулийн 55.1, 55.2, 55.2.6-р нэхэмжлэгч талын үнэлсэн үнэлгээ, үнэлгээний саналыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа, үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаагүй зэргээс үзэхэд хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зүйлийн хэсгүүдийг анхан шатны шүүх төсөөтэй хэрэглэж үндсэн нэхэмжлэлийг хангах бүрэн үндэслэлтэй...” гэжээ. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       1. X.Ариунжаргал нь 2014-05-09-ний өдөр Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр хороолол, Туул 48б, 1 тоот хаягт байрлах 174 кв.м үл хөдлөх эд хөрөнгийг 426,300,000 төгрөгөөр худалдах, хариуцагч худалдаж авахаар тохирч 265,000,587 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. 

       Зохигчийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй юм.

       Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

       Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр хороолол, Туул 48б, 1 тоот хаягт байрлах 174 кв.м үл хөдлөх эд хөрөнгийг 426,300,000 төгрөгөөр нэхэмжлэгч худалдах, хариуцагч худалдан авах тухай гэрээг талууд нотариатаар гэрчлүүлээгүй, эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байх тул 2014-05-09-ний өдрийн ...гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байна.

       Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс 265,000,587 төгрөг гаргуулж хариуцагчид олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцнэ. 

       2. Ч.А нь Д.Мэс Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр хороолол, Туул 48б, 1 тоот хаягт байрлах 174 кв.м үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төлбөрийг 174 м2 талбайтай байрыг 1 м2 талбайг сарын 30,000 төгрөгөөр бодож, нэг сарын 5,228,000 төгрөгийг 47 сараар тооцон 245,340,000 төгрөг шаардсаныг хангах боломжгүй гэж шүүх үзсэн нь зөв болжээ. 

         Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө. Хэрэгт авагдсан баримтаар, худалдах худалдан авах гэрээний зүйл эрхийн зөрчилтэй байсан, гэрээний зүйл төлбөрт хураагдсан буюу өмчлөх эрх хариуцагчид шилжих боломжгүй нөхцөл байдал үүссэнээс гадна хариуцагчаас нэхэмжилсэн төлбөрийн  аргачлалын үндэслэл тогтоогдоогүй байна.   

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж болно. 

         Х.Ариунжаргал нь хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан бөгөөд Д.М үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх талаар шийдвэр гаргахад  Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр хороолол, Туул 48б, 1 тоот хаягт байрлах 174 кв.м үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар нэхэмжлэгч бусадтай маргаантай байгаа нь ач холбогдолгүй байна.  

     Өөрөөр хэлбэл, Д.М үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх тухай нэхэмжлэлийг шийдвэрлэхэд эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой маргаан саад болохгүй. 

       Иймд “...өөр шүүхэд байгаа иргэний хэрэг шийдвэрлэгдсэний дараа энэ хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт тавьсан байхад шүүх хангаагүй нь буруу...” гэсэн нэхэмжлэгчийн гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөлд хамаарахгүй юм.  

        4. Үндсэн нэхэмжлэлийн талаар шүүх дүгнэлт хийхдээ “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх байсан...” гэх гомдол үндэслэлгүй байна.

        Нэхэмжлэгч нь маргааны зүйл болсон эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шаардлага гаргаагүйгээс гадна эд хөрөнгийг ашиглаж байсныг үгүйсгээгүй нь түүнийг  үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үзэх нөхцөл болохгүй.    

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1512 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/0687 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг, хоёр дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014-05-09-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Ч.Ааас 265,000,587 төгрөг гаргуулж Д.Мд олгож, Д.Мэс 245,380,000 төгрөг гаргуулах тухай Ч.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 1.384.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ