Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Р.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн *******, ******* дарга М.У-д холбогдох *******, барилга хот байгуулалтын газартай байгуулсан гэрээний 4.2-ын 2 дахь заалтын дагуу газрыг Р.Б надад захирамж гаргуулж, эзэмшүүлэх эрх олгуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Р.Б би 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн *******, барилга хот байгуулалтын газартай гэрээ байгуулсан юм. Миний зүгээс тус гэрээний 4.1-ийн 1 дэх хэсэгт заасан агуулах, зоорь зэргийг буулгаж, хугацаанд нь *******, барилга хот байгуулалтын газарт хүлээлгэн өгсөн. ******* барилга хот байгуулалтын газраас гэрээний 4.2-ын 2-т заасан газрын гэрчилгээг эзэмшүүлэхээр гарган өгч, мөн 4.2-ын 2-т заасан газрыг та түр хүлээж бай. Алтай хотын ерөнхий төлөвлөгөө гарахаар танд гэрчилгээг чинь гаргаж өгнө. Та бид хоёр гэрээ байгуулсан юм чинь гэж тухайн үед гэрээг батлаж байсан ******* ******* дарга Мөнхтөр хэлсний дагуу би хүлээсэн. Дараа нь *******, ******* дарга А гэдэг даргад учир байдлаа танилцуулж гэрээгээ үзүүлж, гэрчилгээгээ гаргуулж авья гэхэд мөн л Алтай хотын ерөнхий төлөвлөгөө хийгдсэн, одоо батлах хүртэл газар олгохгүй байгаа. Та гэрээтэй юм чинь яараад яахав. Таны эзэмшлийн гэрчилгээ гарна гээд намайг явуулсан. 2016 онд 4.2-ын 2-т заасан газартаа гүний худаг гаргуулахаар Байгаль орчны газарт хүсэлт гаргахад та газрынхаа гэрчилгээг авч ирж байж зөвшөөрөл ав гэсэн. Тэгээд *******, ******* хэлтсийн дарга Ж.М-д худаг гаргуулах гэсэн юм. Гэрчилгээгээ гаргуулж авья гэхэд би таньд гэрчилгээг тань удаахгүй гаргаж өгнө. Одоо би танд гэрээний 4.2-ын 2-т заасны дагуу эзэмшигдэх газрыг чинь тодорхойлолт бичээд өгье. Харин танд 2018 онд багтааж эзэмших гэрчилгээг чинь олгоно гээд тодорхойлолт бичиж өгсөн. 2018 оны 07 дугаар сарын 18-нд очоод одоо гэрчилгээгээ гаргуулж авья гэхэд таньд олгох боломжгүй гэсэн шийдвэр гарсан гэж *******, ******* Газрын асуудал эрхэлсэн мэргэжилтэн А.П мэдэгдэл өгсөн. *******, барилга хот байгуулалтын газар нь иргэн миний өмчлөлийн агуулах, зоорь зэргийг буулгуулж, газрыг нь чөлөөлүүлж авч дараагийн хүнд өгч газар дээр маань одоо орон сууц баригдсан. Тэгээд иргэн намайг байгуулсан гэрээтэй юм чинь болно, бүтнэ, та санаа зоволтгүй гэж тайвшруулчихаад эцэс сүүлд нь боломжгүй гэж байгаа нь иргэн намайг хохироож байна. Газрын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Б таны Очир төвийн зүүн хойд талын газар чинь хотын ерөнхий төлөвлөгөөнд харшлахааргүй байгаа тул гэрчилгээ чинь саадгүй гарах юм байна гэж байсан. Манай хойгуур өндөр хүчдэлийн шугам явагддаг. Тухайн өндөр хүчдэлийн шугамын хүчин чадал нэмэгдэж магадгүй гэсэн. Би түүн дээр эс зөвшөөрөөд гэрээгээр авсан. Хэрэв урагшилхаар бол улс нөхөн олговор олгох байх гэж хэлэхэд тэгвэл шүүхээр шийдвэрлүүлье гэж хэлсэн. Иймд *******, барилга хот байгуулалтын газартай байгуулсан гэрээний 4.2-ын 2-т заасан газрыг иргэн Р.Б надад эзэмших эрх олгуулахаар хянан үзэж, шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч М.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Р.Б нь хуучнаар Бараа баазын зарим обьектыг хувьчилж аваад ашиглаж байхдаа хэд хэдэн обьектоо буулгаж газар чөлөөлөх, мөн зарим хэсэгт шинээр барилга барихаар *******, барилга хот байгуулалтын газартай тохиролцон 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан байна. Гэрээний заалтын дагуу иргэн Р.Бт Харзат багийн нутаг дэвсгэрт байрлах Очир төвийн газрыг эзэмшүүлэхээр байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас уг заалт хэрэгжээгүй байна. Мөн гэрээнд зааснаар ашиглаж байгаад буулгасан агуулахын газар дээрээ орон сууцны барилга барих зөвшөөрөл авч барьж ашиглалтанд оруулсан байгаа нь гэрээг бүхэлд нь зөрчөөгүй болохыг нотолж байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар уг асуудлыг дээд шатны байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх боломжтой байсан ба нэхэмжлэлд дурдсанаар 2012 оноос хойшхи хугацаанд хэд хэдэн удаа албан тушаалтнуудад өргөдөл хүсэлт гаргасан ч шийдвэрлээгүй гэх шалтгааныг тодруулах шаардлагатай тул иргэний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрээнд ерөнхий байдлаар орсон байгаа. Хэзээ яаж газар олгох талаар гэрээнд заасан. Гэрээний үүргийг биелүүлэх талаар тухайн үеийн газрын асуудал хариуцаж байсан мэргэжилтнүүд, газрын алба болон газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт яаж хандаж байсан нь тодорхойгүй. Амаар яриад яваад байсан. Би гэрээг дүгнэх хүртэл ажлыг хариуцдаг үүнээс хойшихыг би хариуцахгүй гэж хэлж байсан. Тухайн үед өргөдлүүд өгсөн байсан боловч өргөдлүүд олдохгүй байгаа. Надад 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн өргөдөл байна. Үүн дээр 25х37 метр квадрат газрыг өгсөн байгаа. Тэгэхээр нилээд удаан хугацаанд энэ асуудлыг шийдүүлэхгүй явж байсан. 2016 оноос хойш энэ асуудлыг ярьж байсан. Үүнээс бусад хугацаанд хэнд хандаж байсан нь тодорхойгүй. Өндөр хүчдэлийн шугам хэзээ баригдсан гэдэг нь асуудалтай. Очир төвийн хойд талын газрыг эзэмших эрхтэй гэж байгаа боловч шууд эрхийг нь өгсөн асуудал байхгүй. Үүн дээр тодорхой хариулт өгөх боломжгүй байна. Бид нар эзэмших эрх олгохоор мэргэжлийн хяналтын газраас эргээд хүчингүй болгоно. Газрын тухай хууль болон Эрчим хүчиний тухай хууль, бусад хууль тогтоомжид хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлэхийг хатуу хориглосон байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх нь маш том зөрчил болно. Тэгэхээр энэ нь зөрчлийг гаргахгүйн тулд энэ хэсгийн газрыг тохиролцож олгохоор байгаа. Олгохгүй гэсэн зүйл байхгүй. 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд энэ хүний газрыг дахин олгохоор төлөвлөгөөний төсөл дээр орж ирсэн боловч хасагдсан. Ямар нэгэн байдлаар энэ хүний эрх байгаа гэдгийг нотолсон баримт гаргуулах гээд шүүхэд хандсан гэж ойлгож байна.

Өндөр хүчдэлийн шугам гэдэг нь хамгаалалтын бүстэй байх ёстой. 35-ын шугам нь 5 метрийн хамгаалалтын бүстэй, дараа жил 110-ын шугам болно. Тэгэхээр хамгаалалтын шугамын өргөн нь 15 метр байгаа. Тэгэхээр 15 метрийг хамгаалалтын бүсэд оруулаад үлдсэнийг гаргаж өгөх боломжтой. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Газар чөлөөлөх нь газар зохион байгуулалтын нэг хэлбэр. Тухайн үед ерөнхий төлөвлөгөө байсан боловч шаардлагад нийцэхгүй болсон байсан. Энэ төлөвлөгөөний дараа төв дотор эвдэрсэн, нурсан зүйл байлгаж болохгүй гэдэг шаардлага тавьж байсан. Тэгээд тухайн газрыг эзэмшигч нартай Мөнхтөр дарга ярилцаж тохиролцож байсан. Тохиролцсоны үндсэн дээр энэ ажлууд явагдсан. Гэрээний үүргээ биелүүлэхтэй холбоотой газрын харилцааны хүмүүс ямар шалтгаанаар яагаад хойшлуулаад байсан талаар би мэдэхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн *******, ******* мэргэжилтэн Ж.М, газар эзэмшигч иргэн Р.Б нарын хооронд эзэмшиж ашиглаж байгаа газар болон түүн дээрх барилга байгууламжийг чөлөөлөгчийн өөрийн хөрөнгөөр чөлөөлөхөөр, мөн хүсэлт гаргасан 2 нэгж талбарын газрыг захирамж гаргуулж, эзэмших эрх өгөхөөр Газар эзэмшигч болон ашиглагчаас эзэмшиж, ашиглаж байгаа газрыг чөлөөлөх тухай гэрээ байгуулж, Говь-Алтай аймгийн *******, ******* дарга Б.Мөнхтөр баталсан байна.

Гэрээний нөхцөл нь нэхэмжлэгч Р.Б гэрээний 1 дүгээр хавсралтад тусгагдсан агуулах 1, агуулах 2, зоорь 3 гэх 3 нэгж талбар бүхий барилгыг буулгаж бүрэн чөлөөлөх, ингэж чөлөөлсөний үндсэн дээр гэрээний 3.1-т бүлэг 4-т заасан харилцан зөвшөөрөлцсөн тусгай нөхцлийн дагуу үлдэх 2 нэгж талбар газартаа эзэмших эрх авах эрхтэй, *******, барилга хот байгуулалтын газар гэрээний 2.1-т Энэхүү гэрээнд заасан өдөр ашиглаж байгаа газрыг чөлөөлүүлж авах эрхтэй, 2.2-т ...ашиглаж байгаа 3 нэгж талбар газраас агуулах, зоорины зориулалтаар ашиглаж байгаа газрыг чөлөөлөх ажлыг хугацаандаа дуусгасныг баталгажуулан үлдэж байгаа буюу 2 нэгж талбарыг эзэмших зөвшөөрлийг олгоно гэж харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно, хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т Захиргааны гэрээ байгуулахад бусад захиргааны байгууллагын зөвшөөрөл, баталгааг авах, эсхүл тухайн захиргааны байгууллагыг оролцуулах талаар хуульд заасан бол энэ шаардлагыг биелүүлсний үндсэн дээр захиргааны гэрээг байгуулна гэж зааснаар *******, барилга хот байгуулалтын газар Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-т нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах гэж заасны дагуу өөрийн үйл ажиллагаа чиг үүрэгтэй холбоотой газар зохион байгуулалтын ажлын хүрээнд иргэн Р.Бийн 3 нэгж талбар бүхий газрыг чөлөөлүүлэх, газрыг чөлөөлсөн тохиолдолд Р.Бт харилцан тохиролцсоны дагуу 2 нэгж талбарын газрыг захирамж гаргуулж, эзэмших эрх олгохоор гэрээ байгуулсан байгаа нь төрийн захиргааны байгууллага нийтийн эрх зүйн хүрээнд тухайн иргэний барилга байгууламжийг буулгуулах, газрыг чөлөөлүүлэх гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгохоор баталгаа гаргаж гэрээ байгуулсанаар захиргааны гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгчийн тухайд гэрээний 3.2-т заасан үүргийн дагуу зоорь, агуулахыг өөрийн хүч хөрөнгөөр 2011 оны 09 дүгээр сарын 10-нд бүрэн буулгаж гэрээний үүргээ бүрэн биелүүлж, газрыг чөлөөлсөн талаар *******, барилга хот байгуулалтын газарт гэрээ дүгнэх тухай бичгээр илэрхийлсэн бөгөөд *******, барилга хот байгуулалтын газар гэрээний 4.2-ийн 1 дэх хэсэгт заасан Харзат баг Гаалийн хорооны урд иргэн Рэнцэнсамбуугийн барилгын дээд талын газрыг 2014 оны 05 дугаар сарын 07-ны А/219 дүгээр аймгийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч Р.Бт үйлчилгээний зориулалтай 288.0 м2 газрыг эзэмшүүлсэн байна. Харин гэрээний 4.2-ийн 2 дахь хэсэгт заасан Харзат баг Очир төвийн баруун, зүүн хойд хэсгийг газрыг эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Захиргааны байгууллага захиргааны гэрээний биелэлтийг хангах үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн Наймдугаар бүлэгт заасан зохицуулалтыг хэрэглэнэ, хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-т захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага шийдвэрийг гүйцэтгэхээр зааснаар тухайн гэрээг байгуулж, баталсан *******, барилга хот байгуулалтын газар гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Р.Б-т Очир төвийн төвийн баруун, зүүн хойд хэсгийг газрыг эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлэхийг *******, барилга хот байгуулалтын газарт даалгаж шийдвэрлэлээ.

Мөн хавтаст хэргийн материалд авагдсан аймгийн *******, барилга хот байгуулалтын газраас 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ...Р.Б нь Очир төвийн хойд талын газрыг эзэмшихээр 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа өгсөн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүлээгдэж байна. Цаашид уг газрыг эзэмших нь үнэн болно гэсэн 339 дугаар албан бичгээр тодорхойлолт гаргаж байсаныг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5, Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 52.1, 57 дугаар зүйийн 57.1, 84 дүгээр зүйлийн 84.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Р.Б-т Очир төвийн төвийн баруун, зүүн хойд хэсгийг газрыг захирамж гаргуулж, эзэмшүүлэх гэрээний 4.2-ын 2-т заасан үүргээ биелүүлэхийг Говь-Алтай аймгийн *******, барилга хот байгуулалтын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛБАДРАХ