Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 750

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01725 дугаар шийдвэртэй, С.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Шаравт холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 456 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Мөнхжаргал,

Хариуцагч Т.Шарав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр н.Нацагдорж гэгч дэлгүүр түрээслэсэн бөгөөд ажиллуулж чадахгүй байна гээд намайг худалдагчаар ажилла гэсэн, цалин мөнгөний асуудлаас болж бид үл ойлголцож, намайг түрээсийг нь төлөөд 2016 оны 9 дүгээр сар хүртэл өөрөө ажиллуулаад ашигаа ав гэсэн. Ингээд би 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл дэлгүүрийг түрээслэгч Т.Шарав гэж хүнд 3 сарын түрээсийн төлбөр 1 125 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр н.Нацагдоржийн данс руу дэлгүүрийн барааны төлбөрийн хамт нийт 2 625 000 төгрөгийг шилжүүлж Т.Шаравт өгсөн.

Гэтэл Т.Шарав өөр хүнд түрээслэсэн байна гээд 1 сар суу, эсвэл надтай 450 000 төгрөгөөр гэрээгээ хий гэхээр нь би н.Нацагдоржид хэлээд 6 сарын 12-ны өдөр гарсан.  Бид сүүлийн 2 сарын хугацаанд дэлгүүрийг ажиллуулаагүй учир 2 сарын түрээсийн төлбөр болох 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Одоо түрээсийн төлбөрт өгсөн 1 125 000 төгрөгөөс 1 сарын түрээсийн мөнгө 375 000 төгрөг болон цахилгааны төлбөр 294 000 төгрөгийг хасч, үлдэх 456 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дэлгүүрийг түрээслэхээр 2015 оны 11 дүгээр сарын 10-нд н.Нацагдоржийн нөхөр Б.Санжаатай хамт ноотариатад очиж, гэрээ байгуулж н.Нацагдорж ажиллуулахаар тохиролцож 2 жилийн хугацаатай, сарын 375 000 төгрөгөөр түрээслэх болсон. Түрээсийн хугацаанд ашигласан цахилгааны мөнгө, газрын, хогны, худалдааны татварын мөнгийг түрээслэгч төлөхөөр тохирч, дамжуулан түрээслэхийг хориглосон. Ингээд н.Нацагдорж нь дэлгүүрийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс дэлгүүрийн эзэн надад мэдэгдэлгүй, түрээсийн хугацаа дуусаагүй байхад өөр хүмүүст давхар түрээслэснийг мэдсэн ба 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дэлгүүрээс гаргасан.

Б.Санжаа, н.Нацагдорж нар С.Мөнхжаргалд дэлгүүрийг давхар түрээслэхээс өмнө 2016 оны 5 дугаар сарын сүүлээр 3 сарын түрээсийн мөнгө 1 125 000 төгрөгийг надад өгсөн. С.Мөнхжаргалын өгсөн гээд байгаа 1 125 000 төгрөг бол н.Нацагдоржтой гэрээ хийсэн түрээсийн мөнгө болохоос нэхэмжлэгчээс авсан мөнгө биш. Би нэхэмжлэгчээс түрээсийн мөнгө огт аваагүй. Нэхэмжлэгч нь дэлгүүрийн эзэн н.Нацагдорж биш гэдгийг мэдсээр байж түрээслэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 750 000 төгрөг бол н.Нацагдоржоос авсан дэлгүүрийн түрээсийн 1 125 000 төгрөгийн үлдэгдэл юм. Энэ мөнгийг н.Нацагдоржоос 2016 оны 5 дугаар сарын 3, 4-ний үед авсан. н.Нацагдорж давхар түрээслээгүй дүүгээ суулгаж байгаа гэдэг байсан.

Иймд 2016 оны 5 дугаар сараас 6 дугаар сарын 12-ныг хүртэл танихгүй хүнд дэлгүүрийг дамжуулан түрээслэн ажиллуусны мөнгө 375 000 төгрөгийг 1 125 000 төгрөгөөс суутгаад дээр нь 7 сарын цахилгааны төлбөр 294 446 төгрөг, газрын төлбөр 46 620 төгрөг, бүргэд хаалганы 150 000 төгрөг, эвдэлсэн 2 шилэн лангууны үнэ 180 000 төгрөг, асахгүй болсон гэрэлний үнэ 10 000 төгрөг, сүүлийн хагас сарын худалдааны татвар 5 000 төгрөг, хогны мөнгө 4 000 төгрөг, лангууны шилний 4 500  төгрөг, нийт 694 566 төгрөгийг суутгаад үлдэгдэл 55 434 төгрөгийг түрээслэгч н.Нацагдорж, түүний нөхөрт буцаан өгнө. С.Мөнхжаргалтай гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй, зөвшөөрөл авч дэлгүүрт суулгаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Шараваас 456 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мөнхжаргалд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Шараваас улсын тэмдэгтийн хураамжид 14 330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мөнхжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Түрээслэгч н.Нацагдорж нь манай дэлгүүрийг түрээслэх хугацаандаа надад мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр С.Мөнхжаргалд дамжуулан түрээслэсэн. Үүнийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр мэдээд, дамжуулан түрээслэх талаар мэдэгдэж зөвшөөрөл аваагүй учир надтай шинээр гэрээ байгуулж цаашид түрээслэх боломжтой гэсэн юм. Харин нэхэмжлэгч нь давхар түрээслээгүй түр эгчийнхээ оронд сууж байгаа гэсэн учир 1 сар суугаад дэлгүүрийг чөллөөлж өгөөрэй гэж хэлсэн. н.Нацагдорж надад 3 сарын түрээсийн төлбөр гэж 1 125 000 төгрөг бэлнээр өгсөн.

С.Мөнхжаргал 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр манай дэлгүүрээс гарсан бөгөөд гарахдаа надаас 1 сарын түрээсийн төлбөрийг хасч, 2 сарын түрээсийн төлбөрт төлсөн 750 000 төгрөгийг буцааж авъя гэхэд нь би чамтай гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй учраас буцааж мөнгө өгөх үндэслэл байхгүй гэсэн. Бидний дунд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, С.Мөнхжаргал, н.Нацагдоржоос мөнгөө шаардах ёстой гэдэг нь тогтоогдсоор байхад шүүх надаас 456 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

н.Нацагдорж нь өөрийн болон С.Мөнхжаргалын түрээсийн мөнгө гэж надад 5 сард хоёр удаа мөнгө өгөөгүй, нэг л удаа 1 125 000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг тэрээр надад С.Мөнхжаргалын мөнгө гэж хэлээгүй. С.Мөнхжаргал нь дэлгүүрт байх хугацаандаа хаалгаа уяахгүй, хоёр талд нь чулуу тавихгүй салхинд савуулсаар байгаад эвдсэн, хаалга эвдэрвэл та нар өөрсдөө хаалга авчирч тавина шүү гэдгийг удаа дараа сануулж хэлж байсан. Ингээд бүргэд хаалгыг эвдсэн учир би өөрийн зардлаар 150 000 төгрөгөөр сольж хийлгэсэн. Энэ мөнгийг С.Мөнхжаргал хариуцах ёстой тул 456 000 төгрөгөөс хасуулах хүсэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч С.Мөнхжаргал нь хариуцагч Т.Шаравт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 456 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч С.Мөнхжаргалтай түрээсийн гэрээ байгуулаагүй, түүнээс мөнгө аваагүй гэх үндэслэлээр маргажээ.

 

Хариуцагч Т.Шарав нь 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны ард байрлах 20 м.кв талбай бүхий хүнсний дэлгүүрийг иргэн Б.Санжаад 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2 жилийн хугацаанд сарын 375 000 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Мөнхжаргал нь дээрх хүнсний дэлгүүрийг 2016 оны 5 дугаар сараас эхлэн 3 сарын хугацаагаар түрээслэхдээ хариуцагч буюу түрээслүүлэгч Т.Шараваас зөвшөөрөл аваагүй, түрээслэгч Б.Санжаагийн эхнэр Ж.Нацагдоржтой тохиролцож, түрээсийн төлбөрт 1 125 000 төгрөгийг түүнээр дамжуулан хариуцагчид төлсөн үйл баримт тогтоогдсон талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Нэхэмжлэгч С.Мөнхжаргал нь дээрх төлбөрөөс дэлгүүр ажиллуулсан хугацааны төлбөр 375 000 төгрөг, цахилгааны төлбөр 294 000 төгрөг, нийт 669 000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн үнийг 456 000 төгрөгөөр тогтоосон байна.

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг гэрээний бус харилцаа буюу хариуцагч Т.Шарав нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Өөрөөр хэлбэл, бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхийг зохицуулсан хуулийн заалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагч Т.Шаравын хувьд нэхэмжлэлийн үнээс бүргэд хаалганд зарцуулсан 150 000 төгрөгийг хасч тооцоогүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх тайлбар татгалзлаа нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Шаравын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01725 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Шаравын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 14 330 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА