Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2022/0303

 

 

 

 

                                               “М Б М” ХХК-ийн

                                      нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, Л.Г нар,

Нэхэмжлэгч: “М Б М” ХХК,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дэд дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын дэд даргын Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3140, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3139 дугаартай албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2022/0007/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М Б М” ХХК нь Гаалийн ерөнхий газрын дэд даргад холбогдууланГаалийн ерөнхий газрын дэд даргын Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3140, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3139 дугаартай албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр шийдвэрээр: “Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.2, дүгээр зүйлийн 2951.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М Б М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын дэд даргын “Хаан” банк болон “Худалдаа хөгжлийн банк”-д хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3140, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3139 дугаартай албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, Л.Г нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “

            3.1. Гаалийн тухай хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д “Гаалийн байгууллага нь Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага мөн”, 2671 дугаар зүйлийн 2671.1-д “Гаалийн байгууллагын тогтолцоо нь гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа гаалийн газар, хорооноос бүрдэх бөгөөд гаалийн газар нь алба, салбартай байж болно”, 2671.2-т “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн”, 2671.3-д “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дарга, дэд даргатай байна”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын сайд батална”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг 6-д “Сангийн сайд: гаалийн бодлого эрхлэхээр” тус тус заасан.

            3.2. Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай” 25 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалтыг “Дарга”, “Дэд дарга” гэж, харин маргаан бүхий “Гаалийн ерөнхий газрын дэд даргын Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3140 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3139 дугаартай албан бичгүүдийг хүргүүлсэн гэх Дэд даргын эрхлэх асуудлын хүрээнд “Татварын орлогын газар”, “Статистикийн хэлтэс”, “Боомтын хөгжлийн хэлтэс”-ийг хамааруулах эрх зүйн зохицуулалттай.

3.3. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалын тодорхойлолтыг батлахдаа Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг бодлого, чиглэлээр хангах, улсын төсвийн гаалийн орлогыг бүрдүүлэх, холбогдох дүн шинжилгээ хийх, чиг хандлагыг тодорхойлох боломжийг бүрдүүлэх, гүйцэтгэх чиг үүрэгтэй гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1-д “Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 290.1, 290.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 2931.1, 2931.2 , 29411 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ” гэж зааснаас үзэхэд өнөөдрийг хүртэл гаалийн болон бусад татвараа хугацаанд нь төлөөгүй “М Б М” ХХК-ийн арилжааны банкин дахь харилцах дансыг хаалгах хүртэл арга хэмжээ авах бүрэн эрхтэй.

3.4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт шинжийг утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй бол илт хууль бус болохыг заасан. Гэтэл анхан шатны шүүх “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “Өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан...” гэхээс өөрөөр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх дүгнэлтийг хийгээгүй.

            3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна,  захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана, захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох, захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох, мөн зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус зохицуулсан. Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1-д “... татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ” гэж заасан эрхийг Гаалийн ерөнхий газрын дэд дарга хэрэгжүүлэх бүрэн эрхийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актаар эрхийг нь олгосон атал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан “Өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэл тогтоогдохгүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу шүүхээс уг актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй.

3.6 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд: “

            4.1. Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгчид гомдлын үндэслэлийг тайлбарлахдаа Гаалийн тухай хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д зааснаар “Гаалийн байгууллага нь Монгол Улсын гаалийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага мөн”, 267 дугаар зүйлийн 267¹.1-д “Гаалийн байгууллагын тогтолцоо нь гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа гаалийн газар, хорооноос бүрдэх бөгөөд гаалийн газар нь алба, салбартай байна” гэж заасан. Хариуцагчийн зүгээс дээрх заалт болон Гаалийн тухай хуулийн 2671.2, 26723, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-ын 6 дахь хэсэг, Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 25 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор батлагдсан Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалын тодорхойлолтоор олгогдсон эрхийн дагуу Гаалийн ерөнхий газрын дэд дарга нь Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1-д заасан заасан эрхийг хэрэгжүүлэх эрхтэй гэж үзжээ.

4.2. Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1-д “Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 290.1, 290.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 2931.1, 2931.2, 2941.1 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ” гэж зааснаас үзэхэд төрийн захиргааны байгууллага болох Гаалийн ерөнхий газар нь өөрийн харьяа гаалийн газар, хороонд үйл ажиллагааны чиг үүргээр хангаж ажиллуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах, тус харьяа гаалийн газар, хорооны дарга нь Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1-д заасан эрхийг өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлэх эрхтэй байна. Энэхүү зохицуулалт нь Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.7-д “Гаалийн газар, хороо болон энэ зүйлийн 2671.5-д заасан байгууллагын дүрмийг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэх заалт, мөн хуулийн 2681 дугаар зүйлийн 2681.1.1-д “Гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангуулах”, 2681.1.2-т “Гаалийн асуудлаар санал боловсруулж хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх” гэх заалт, Гаалийн байгууллагын гүйцэтгэх үндсэн үүргийн 2691.1 дүгээр зүйлийн 2691.1.1-д “Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих” гэх заалтуудаас тодорхой харагдана. Иймээс Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1-д заасан эрхийг Гаалийн ерөнхий газрын дэд даргад биечлэн хэрэгжүүлэх эрхийг тус хуулиар олгоогүй, Гаалийн ерөнхий газрын дэд дарга нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3139, 03/3140 дугаар бүхий албан бичгээр Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкинд хандсан захиргааны акт гаргах эрхгүй байна.

4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, тушаал, тодорхойлолтоор Гаалийн тухай хуулийн 2951.1-д заасан эрхийг дэд дарга эдлэх эрхтэй гэж маргааны зүйлийг тайлбарлаж байгаа боловч Гаалийн тухай хууль нь Гаалийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрх хэмжээг нарийвчлан зохицуулсан тухайлсан хууль, тус харилцааг бусад хууль тогтоомжоор зохицуулаагүй учир Гаалийн ерөнхий газрын дэд дарга нь Гаалийн тухай хуулийн 2951.1-д заасан эрхийг хэрэгжүүлэх эрхгүй, эрх мэдлээ хэтрүүлэн, хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргаж банкны харилцах данс битүүмжлэх, гүйлгээг зогсоох, данс дахь хөрөнгийг хураан авсан гэж үзэхээр байна.

4.4. Анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “Өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх заалтыг баримтлан “Гаалийн ерөнхий газрын дэд дарга нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж дүгнэсэн нь дээрх заалтуудаар нотлогдож байгаа бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэх заалттай нийцэж байгаа болно. Өөрөөр хэлбэл Гаалийн тухай хууль нь тухайлан зохицуулсан хууль учир тус хуулийг баримталсан нь үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр Гаалийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага болох Гаалийн ерөнхий газар нь Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.2-т “Гаалийн хууль тогтоомжоор эрх олгосон бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам, заавар батлах” гэх заалтын дагуу хуулиар олгосон эрхийн хүрээнд нь дагаж мөрдөх дүрэм, журмыг баталж мөрдүүлэх үүрэгтэй. Гаалийн тухай хуулиар олгогдсон тухайлан зохицуулсан хэм хэмжээг хэтрүүлэн хэм хэмжээ тогтоон батлан мөрдөж буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Гаалийн ерөнхий газрын дэд даргад эрх нь олгогдсон гэж гомдолд дурдсан Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-ын 6 дахь хэсэг, Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 25 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор батлагдсан Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалын тодорхойлолтууд нь Гаалийн тухай хуультай зөрчилдөж байгаа учир дэд даргад хэрэгжүүлэх бүрэн эрхийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актаар эрх нь олгогдсон гэх үзэх хангалттай үндэслэл болж чадахгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэх заалттай нийцэж байгаа.

4.5. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 2 дугаар бүлэгт манай компанийн татварын орчинг тодорхойлсон бөгөөд гэрээ байгуулагдсан өдрөөс хойш тус гэрээний 2.1-д зааснаар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ, түүнийг ногдуулах, төлөх журам, аргачлал нь 24 жилийн хугацаанд тогтворжсон. Харин Гаалийн ерөнхий газрын дэд даргын баримталж буй Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1, 2951 дугаар зүйлийн 2951.1 дэх заалт нь Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн орчин тогтворжсоноос хойших 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар гаалийн тухай хуульд нэмэлт оруулсан хуулийн заалт байх тул тус заалтыг баримтлан гаалийн татвар, хүү шаардах эрхгүй.

4.6. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Гаалийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч М Б М” ХХК нь Гаалийн ерөнхий газрын дэд даргын Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3140, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3139 дугаартай албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

           3.2. Гаалийн ерөнхий газрын дэд даргаас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3139 дүгээр албан бичгээр Худалдаа хөгжлийн банкинд, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3140 дүгээр албан бичгээр Хаан банкинд тус тус “М Б М” ХХК нь гаалийн татварыг төлөөгүй гэх үндэслэлээр Гаалийн тухай хуулийн 295 дугаар зүйлийн 2951.1-д заасны дагуу татвар болон хүүгийн дүн 34,350,541,870.17 төгрөгийг үл маргах журмаар Гаалийн ерөнхий газрын дансанд шилжүүлэхийг мэдэгдсэн байна.

            3.3. Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1-д “Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 290.1, 290.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 2931.1, 2931.2, 2941.1 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ” гэж зааснаас үзвэл гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр гаалийн татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авах, дансны гүйлгээг нь хаах боломжтой байна.

3.4. Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.1-д “Гаалийн байгууллагын тогтолцоо нь гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа гаалийн газар, хорооноос бүрдэх бөгөөд гаалийн газар нь алба, салбартай байж болно” гэж гаалийн байгууллагын тогтолцоог заагаад мөн хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.2-т гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын эзгүйд түүнийг дэд дарга орлохоор хуульчилсан боловч Гаалийн ерөнхий газрын дэд дарга нь Гаалийн ерөнхий газрын даргын эзгүйд түүнийг орлохдоо иргэн, аж ахуйн этгээдийн гаалийн татварыг үл маргах журмаар гаргуулахаар шийдвэр гаргах эрх хууль болон журмаар тусгайлан олгогдоогүй, дэд даргыг гаалийн газар, хорооны дарга гэж үзэхгүй.  

            3.5. Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 674 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “М Б М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр “М Б М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгасан үүрэг, даалгавар, “М Б М” ХХК-ийн уг асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, “М Б М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагч Барилга, хот байгуулалтын сайд болон Сангийн сайдад даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх, уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй байхад дээрх албан бичгүүдийг хүргүүлсэн нь ойлгомжгүй байна.

3.6. Дээрхээс үзвэл Гаалийн ерөнхий газрын дэд дарга 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3139, 03/3140 дүгээр албан бичгүүдийг Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, Л.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН